Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01818

 

Я.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00757 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1555 дугаар магадлалтай,

Я.С-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК, “К” ХХК-д холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Я.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М ХХК-тай 156 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48А байр 2 тоот 384.23 м.кв орон сууцыг нийт 130.000 ам.доллараар худалдан авахаар тохиролцон, гэрээний төлбөрийг гэрээний 3.1-д заасан хуваарьт хугацаанд буюу 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Гэрээний дагуу төлсөн мөнгөөр бүтсэн орон сууцыг М ХХК болон К нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр Параскай ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна. М ХХК, К нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 2 тоот орон сууцыг барьцаалахдаа хууль ёсны өмчлөгч болох Я.С-ээс зөвшөөрөл аваагүй тул хүчин төгөлдөр бус юм. Иймд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байрны 2 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.                      Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч нь тус компанитай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан маргаан бүхий орон сууцыг захиалсан. Тэрээр төлбөрийг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж биелүүлсэн. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны М ХХК нь Параскай ХХК-ийн зээлийн барьцаанд уг орон сууцыг тавьж Кнаас зээл авсан. М ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэх шийдвэрийг  Захиргааны хэргийн шүүх гаргасан. М ХХК-ийн буруутай үйлдлээс болоод Я.С- эд хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй, гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж аваагүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч К ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр М ХХК-тай барьцааны гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2010 оны 5 сард маргаан бүхий эд хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ албан ёсоор М ХХК-ийн нэр дээр гарсан. 2010 оны 5 дугаар сарын 13-наас хойш 4 сарын дараа барьцааны гэрээ байгуулж М ХХК нь Параскай ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бүртгэгдсэн бүртгэлээр өмчлөх эрхийг үүсгэдэг. М ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө М ХХК-ийн нэр дээр байсан. Нэхэмжлэгч 2007 онд гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчид хамааралтай гэх ямар нэгэн баримт байхгүй байсан. 2015 онд хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон захирамж гарсан боловч барьцааны гэрээнээс хойш 5 жилийн дараах үйл баримт байгаа анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00757 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтыг баримтлан М ХХК болон К ХХК нарын хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1.-д заасан, хавсралт 48А дугаар байр хуудасны, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 2 тоот хаягт байрлах орон сууц барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Я.С-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ бүхий, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу гудамж, 48а байрны 2 тоот хаягт байрлах орон сууц үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Я.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 1.195.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 1.195.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.С-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1555 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул К ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48а 2 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг орон сууцыг  барьцаанаас чөлөөлөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч К ХХК-ийн төлсөн 1.195.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 4-ны өдрийн 1555 дугаар магадлалыг гардан авч танилцаад түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Банк өөрийн хэрэгцээнд зээлийн хувийн хэргийн материал бүрдүүлэхдээ буюу барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг хуульд заасны дагуу үйлдэхдээ зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг бусдын өмчлөлийн орон сууц болохыг мэдэх боломжтой байтал уг хуулийн заалтыг хангалттай хэрэгжүүлэлгүй маргаан бүхий орон сууцыг барьцаалсан байхад давж заалдах шатны шүүхээс барьцааны эрх үүсгэх үедээ улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. К болон Мфикс капитал ХХК нь хууль зөрчиж Зээлийн барьцааны гэрээ байгуулсан болохыг дурдсаар байхад давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэсэнд гомдолтой байна. Я.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг.зөрчсөн хэлцэл байгуулсан байх бөгөөд энэ нь Монгол улсын иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарсаар байтал давж заалдах шатны шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Дээрхээс гадна М ХХК болон К нарын хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээнд зааснаар 90 хувийн гүйцэтгэлтэйгээр М ХХК-ийн нэр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэгдэж, 000106169 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон Хан-Уул дүүргийн 141-р хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 2 тоот орон сууцыг зээлийн гэрээний үүргийг биелэлтийг хангуулахаар барьцаалсан байдаг. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр “Улсын бүртгэл, статикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014161 дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр хотхон 48а байрны 2 тоот 384,23 м.кв талбай бүхий орон сууцыг “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 тоот бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Я.С-ийн өмчлөлд бүртгэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж” шийдвэрлэсний дагуу маргаан бүхий орон сууцыг Я.С-ийн өмчлөлд бүртгэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 000577415 дугаартай гэрчилгээг олгосон. Уг улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Нэгэнтээ хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний барьцааны зүйлийн өмчлөх эрхийг М ХХК нь хууль зөрчин, бүдүүлгээр өөрийн нэр дээр бүртгүүлсэн болохыг шүүхээс тогтоосноор М ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн маргаан бүхий орон сууцны эд хөрөнгийн эрхийн бүртгэл болон улсын бүртгэлийн гэрчилгээ нь тус тус хүчингүй болсон тул барьцааны гэрээний холбогдох заалтыг хүчингүй болгох нь хуулийн үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой- хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байхаас гадна ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач, холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийн 116-р зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Я.С- нь зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 2 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй гэж тодорхойлжээ. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийг зөвшөөрсөн, харин Капитал банк ХХК нэхэмжлэлээс татгалзахдаа “...барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан тул зөвшөөрөл авах шаардлагагүй” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бол  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...барьцааны гэрээг хууль зөрчиж хийсэн...гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзжээ.

Я.С- нь “М” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 3-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй 48А байрны 2 тоотын 384.23 м.кв талбай бүхий  орон сууцыг 130.000 ам доллараар захиалан бариулах, хариуцагч орон сууцыг 2010 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 8-9 дүгээр тал/.

Нэхэмжлэгч орон сууцны үнийг 2009 оны 12 дугаар сарын 10-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, энэ талаар маргаагүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл  “Параскай” ХХК нь Ктай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 600.000 ам долларыг жилийн 7.71 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаагаар зээлэхээр тохирчээ.

“М” ХХК нь К ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр 08/150 дугаар барьцааны гэрээ байгуулж, “Параскай” ХХК-ийн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргааны зүйл болсон орон сууцыг барьцаалжээ.

“М” ХХК болон К ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ  байгуулагдаж, Параскай ХХК-ийн үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс 65.112 ам долларыг хасч тооцохоор шийдвэрлэсэн байна /хэргийн 43-44 дүгээр тал/.

Энэхүү гэрээгээр хасч тооцсон төлбөрийн дүнд нэхэмжлэгчийн  захиалсан дээрх орон сууц хамаарсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т нийцээгүй гэж үзнэ.

“Параскай” ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хариуцагч Кны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1599 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлд дурдсан орон сууцыг “Параскай” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, энэ тохиолдолд шүүхээс гарах шийдвэр тухайн этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байхад шүүх  хүсэлтийг хангахаас татгалзсан  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т нийцээгүй байна.

Хариуцагч К шүүхэд “...орон сууцыг барьцаалах үед Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1-4 тоот орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ “М” ХХК-ийн нэр дээр байсан...” талаар тайлбар гаргасан боловч уг баримт хэрэгт авагдаагүй байгааг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн барьцааны хөрөнгөөр хангагдах үүрэг буюу Параскай ХХК-ийн зээлийн төлбөрийн маргаан, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөр хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй эсэх нь мөн тодорхой бус байна.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00757 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1555 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1.195.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ