Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 857

 

МАГАДЛАЛ

 

2017.04.05                                               Дугаар 857                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

“МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/00307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Их мандах үйлст” ХХК-д холбогдох,

48 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхжавхлан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баттөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Их мандах үйлст” ХХК-тай 37/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг холбогдох барьцааны гэрээний хамт байгуулсан. Уг гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нийлүүлсэн шатахууны төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагчаас төлбөр 32 400 000 төгрөг, алданги 16 200 000 төгрөг, нийт 48 600 00 төгрөг нэхэмжилж байгаагаас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр           2 000 000 төгрөг төлөгдсөн тул үндсэн төлбөрийг 2 000 000 төгрөг, алдангийг 1 000 000 төгрөгөөр тус тус багасгаж байна. Иймд хариуцагчаас төлбөр 30 400 000 төгрөг, алданги 15 200 000 төгрөг, нийт 45 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Их мандах үйлст” ХХК-иас 45 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Их мандах үйлст ХХК-иас 385 950 төгрөг гаргуулан “МТ Петролиум” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэргийн материалын 27 дахь талд байрлах 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн "МТ Петролиум" ХХК-иас "Их мандах үйлст" ХХК-ийн худалдан авсан шатахууны тооцоо нийлсэн акт" гэх баримт байдаг. Дээрх баримтад "Их мандах үйлст" ХХК-ийн захирал М.Цогтоо гарын үсэг зураагүй. Тиймээс хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоолгохын тул шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлтийг анхан шатны шүүхэд удаа дараа гаргаж байсан ч хүлээж авалгүй хэргийг шийдсэн. Уг нь хүсэлтийг хангаад тухайн нөхцөл байдал нь унэи эсэхийг тогтооход буруу зүйл байхгүй л баймаар юм. Хэргийн материалд байгаа одоогийн нөхцөл байдал нь анхан шатны шүүгчид хэрэг шийдвэрлэхэд амархан байсан эсхүл хариуцагчийн зүгээс гаргаад байгаа нөхцөл байдлыг тогтоохгуй байх хувийн сэдэл анхан шатны шүүгчид байсан гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах нь хариуцагч талаас гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалздаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би уг шүүгчээс татгалзаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин би 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт хүргүүлсэн. "Их мандах үйлст" ХХК-ийн өмгөөлөгчөөр Б.Баттөмөр оролцож байсан ч шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагаа огт хийгдээгүйн улмаас шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэгийг биечлэн оролцох боломжоор хангаагүй ба "хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжинэ" гэсэн зарчим зөрчигдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК нь хариуцагч “Их мандах үйлст” ХХК-д холбогдуулан 48 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь “...тооцоо нийлсэн актад захирал М.Цогтоо гарын үсэг зураагүй, нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 37/16 тоот гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан, хариуцагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг бараа авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж, төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон талаар талууд маргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “...тооцоо нийлсэн акт”-ыг шийдвэрийн үндэслэл болгосон байх ба энэ актад хариуцагч компанийн захирал М.Цогтоо гарын үсэг зураагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан, түүний гарын үсэг мөн эсэх талаар шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг  шүүхэд удаа дараа гаргаж байжээ.

Шүүх шинжээч томилуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа тодорхой үндэслэл заагаагүй, хэргийн оролцогч өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн заалтад нийцээгүй тул маргааны үйл баримт, хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.7 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/00307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 386 000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                          С.ЭНХТӨР

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ