Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01699

 

“ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02975 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1466 дугаар магадлалтай,

            “ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             З т холбогдох

         Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 117,087,336.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З  нь 2013 оны 06 сарын 20-ны өдөр ЗГ-475 тоот Зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үйлчилгээний зориулалттай объект худалдан авах зориулалтаар зээлсэн. 2015 оны 12 сарын 31-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 30 сараар сунгаж төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Уг зээлээс үндсэн зээлд 88,335,340 төгрөг, хүү 53,995,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333,821 төгрөг, нийт 142,665,061 төгрөгийг төлсөн. Сүүлд 2016 оны 03 сарын 22-нд хүүг төлснөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. Мөн 2014 оны 10 сарын 31-ний өдөр ЗГ14-1281 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлсэн. 2015 оны 12 сарын 31-ний өдөр мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 24 сараар сунгаж хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ гэрээний дагуу үндсэн зээлд 11,891,773 төгрөг, хүү 8,268,526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,786 төгрөг, нийт 20,216,086 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд Ү-0713000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, төв зам дагуу орон сууц үйлчилгээний зориулалтын 1901 м.кв талбай бүхий объект, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 м.кв газар эзэмших эрх зэргийг барьцаалсан. Хамтран зээлдэгчээр З.Цэрмаа гэрээнд оролцсон ч эрхийнхээ дагуу З аас зээлийг нэхэмжилж байгаа. Зээлдэгчид хамгийн сүүлд 2016 оны 3 сард төлөлт хийснээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Банкны зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж, бичгээр мэдэгдэл хүртэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө 2017 оны 08 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ЗГ-475 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 61,664,659 төгрөг, хүү 27,619,872 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,335,046 төгрөг, нийт 90,619,577 төгрөг, 2014 оны 10 сарын 31-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 18,108,226 төгрөг, хүү 7,570,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 789,119 төгрөг, нийт 26,467,759 төгрөг, нийтдээ 117,087,336 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч зээлийн төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, төв зам дагуу орон сууц үйлчилгээний зориулалтын 1901 м.кв талбай бүхий объект Ү-0713000859, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 м.кв газар эзэмших эрх зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарийг нэмэлт гэрээгээр өөрчилсөн, банк хүүг тооцохдоо гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр тооцсон тул нэг зээлд 61.1 хувийн, нөгөө зээлд 41.5 хувийн хүү төлсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2013 оны 06 сарын 20-ны өдөр ЗГ-475 тоот зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг зээлж 142,665,061 төгрөгийн төлөлт, 2014 оны 10 сарын 31-ний өдөр 14-1281 тоот барьцаат зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг зээлж 20,216,086 төгрөгийн төлөлт нийтдээ хоёр зээлийн эргэн төлөлтөд 162,881,147 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн төлөлтийг хангалттай сайн төлж байсан гэж үзэж байна. Энэ хугацаанд авсан үндсэн зээл, төлсөн хүү, гэрээгээр тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээг харьцуулан үзвэл 150,000,000 төгрөгийн зээлд 61.1 хувийн хүүг төлсөн байх ба гэрээгээр жилийн 22.8 хувь байхаар тохиролцсон тул мөн хэмжээгээр зөрүүг хасч тооцвол үндсэн зээлээс 13,713,085 төгрөг, хүү 14,059,542 төгрөг хасагдахаар байна. Иймд нэхэмжилж байгаа 90,619,577 төгрөгөөс дээрх мөнгийг хасч үлдэх 62,010,116 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Дараагийн 30,000,000 төгрөгийн зээлд хүүг 69.5 хувиар тооцсон байх ба дээрх аргаар хасч тооцвол үндсэн зээлд 4,997,870 төгрөг, хүү 3,333,441 төгрөг хасагдахаар байна. Иймд нэхэмжилж байгаа 26,467,759 төгрөгөөс хасч үлдэх 18,136,448 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нийтдээ дээрх хоёр зээлд 80,146,564 төгрөг төлнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Анх байгуулсан зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг 208,000,000 төгрөг болгон төлж дуусгахаар, 30,000,000 төгрөгийг 38,000,000 төгрөг болгон төлж барагдуулахаар тохиролцсон, энэ хугацаанд би 162,000,000 төгрөг төлсөн зэргээс үзвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дахь хэсэгт зааснаар үндсэн зээлээс төлсөн мөнгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний барьцаанд байгаа орон сууц үйлчилгээний зориулалттай 1901 м.кв талбай бүхий объектийг чөлөөлж өгвөл уг обьектийг барьцаалж 80 м.кв орон сууцыг зарж зээлээ төлөх боломжтой. Манай барьцаа хөрөнгө одоогийн зах зээлийн үнэлгээний 10 хувь хүрэхгүй үнэлгээгээр үнэлэгдэн барьцаалагдсан, дахин зээл авах бололцоог хааж эдийн засгийн хямралтай үед зогсонги байдалд орсон. Банк өөрийн нэг талын гэрээний нөхцөлийг харж зээлийн харилцааг сунгах буюу нэмэлт эргэлтийн зээл гаргаж зээл төлөх бололцоог хангах боломжтой. Иймд үндсэн зээлийг төлсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                                     

Сүхбаатар дүүргийн иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн 181/ШШ2017/02975 дугаар шийдвэрээр:  Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан З аас 117,087,336 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-07130000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 101005384 дугаар бүхий, Дорноговь аймаг, Сайншанд суманд байрлах 1740 м.кв газраас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 813,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 813,587 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                                             

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1466 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.22-ны өдрийн 1466 тоот магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017.11.22-ны өдрийн 181/ШШ2017/02975 тоот шийдвэрийг хэвээр баталсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх үндэслэлийг хангаж чадаагүй гэж үзэж гомдолтой байна. Би ХААН Банкнаас 1740 м.кв газар, 1901 м.кв орон сууц үйлчилгээний объектоо барьцаалж 150,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийн зээл авч 162,000,000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт төлсөн. Монгол Улсын иргэн хэзээ ч банктай харилцан тохиролцож гэрээ хийдэггүй банкны тулгасан нөхцөлөөр гэрээ хийдэг. Нийт 62 хувиар зээл, зээлийн хүү төлөгдсөн байгаа. ХААН банк Монгол банктай жилийн 22,3 хувийн хүү хүүлэх гэрээтэй үнийг мэдсээр хүүгийн үнээс нэмж нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Улсын тэмдэгтийн хураамжид З  нь 117,000,000 төгрөгөөс бодож 800,000 гаруй төгрөгийг төлсөн байтал зөрүү 36,940,772 төгрөгийн илүү нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой байтал буруу төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийн зөрүүг буцаан олгохгүйгээр ХААН банкнаас төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг төл гээд миний төлсөн Улсын тэмдэгтийг хураамжийг бүхэлд нь улсын орлого болгосон байна. Банкууд Монгол орны хөдөө аймаг, орон нутаг, бүсчлэлээр ялгаварлаж үздэг учраас барьцааны зээлийн хөрөнгийн үнэлгээг 10 хувиас хэтрүүлэхгүй зээл олгодог. Зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрвэл ахиад өөр банк санхүүгийн байгууллагаас зээл авах эрхийг зогсоож хууль ёсны биш гэрээний шатлалаар хохироож Монгол Улсын Үндсэн хуулиас илүү давуу эрх эдэлдэг. Иймд З  нийт 180,000,000 төгрөгөөс 162,000,000 төгрөгийн төлж 60 хувийн хүү бодсон дүнгээр ХААН банкнаас гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч 80,146,564 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй харин 36,940,772 төгрөг илүү нэхэмжилсэн байх тул хяналтын шатны шүүх шийдвэрийг өөрчилж миний эрх ашгийг шударгаар хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1466 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2975 тоот шийдвэрийг хэвээр баталсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж, оролцогчийн эрхийг дордуулсан гэж үзэн гомдолтой байна. Хаан банкинд иргэн З  нь 1902 м.кв талбай бүхий объект, 1740 м.кв эзэмшлийн газар, 1901 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий обьект барьцаалан, нийт 180,000,000 төгрөгийн зээл авч, 162 сая гаруй төгрөг төлсөн бөгөөд хариуцагч 80,146,564 төгрөг төлөхөө үндэслэлтэй тайлбарласан. Банк зээлийн гэрээний хугацааг сунгахдаа зээлийн хүүг өөрчлөх тал дээр хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй, зээлдэгчийн эрх ашигт тэгш бус хандсан байдал нь цаашид төлбөрөө төлж чадахгүйд хүргэсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцолгүй, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг суутган авч, зээлдэгчийн эрх ашгийг дордуулсан гэж үзэж байгаа бөгөөд шүүх хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг зөв шударгаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэн З  нь 150,000,000 төгрөгийн зээлээс 142,665,061 төгрөг, 30,000,000 төгрөгийн зээлээс 20,216,086 төгрөг төлсөн, одоо 80,146,564 төгрөг төлөх нь үндэслэлтэй гэж үзэж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                          

                                                            ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-аас хариуцагч З т холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 117,087,336 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан ба хариуцагч нь  80,146,564 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч З  нь З.Цэрмаагийн хамт “ХААН банк” ХХК-аас 150,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 13-475 тоот, мөн 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-1281 тоот зээлийн гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-07130000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, орон сууц, үйлчилгээний зориулалттай 1901 м.кв талбайтай өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, мөн Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 м.кв газар эзэмших эрх, түүнчлэн зурагт, хөлдөөгч, хөргөгч зэрэг 9 төрлийн хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьжээ.

Түүнчлэн талууд 13-475 тоот зээлийн гэрээний хугацааг 30 сараар, 14-1281 тоот зээлийн гэрээний хугацааг 14 сараар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. /хх-11,19, 22-23/ Хариуцагч З  нь 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 142,665,061 төгрөгийг, 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 20.216.086 төгрөгийг тус тус төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр төлөх зээл, хүү, түүний хугацаа хэтрүүлсэн төлбөрт тооцон хариуцагчийн төлсөн дээрх мөнгийг суутгасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасныг мөн зөрчөөгүй байна.

Хариуцагч З  нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчих болсноор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид зээлийн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон болох нь “ХААН банк” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181 тоот албан бичгээр тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ. /хх-46 /

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээг цуцлах хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас шаардах эрхтэй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх  шаардлагыг хангасан байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр З.Цэрмаа оролцсон байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч  үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан байх тул  З аас үүргийг бүхэлд нь шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буруутгах үндэслэлгүй юм.

“...нэхэмжлэгчийг зээлийн төлбөрийг буруу тооцсон гэсэн татгалзлаа хариуцагч   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02975 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1466 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 342,654.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН