Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 73

 

Газрын харилцаа барилга, хот

 байгуулалтын  газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/000268/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-д холбогдох,

          “Газрын төлбөр 78.487.298 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намсрайжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-ийн захирал Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас:

“Дархангурил тэжээл” ХК нь сумын засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаартай захирамжаар 8 га газрыг гурилын үйлдвэрийн зориулалттай ашиглахаар газрын албатай гэрээ байгуулж газар эзэмших гэрчилгээ авсан. “Дархан гурил тэжээл” ХК-аас 1997-2015 оныг дуустал газрын төлбөрийн үлдэгдэл 17.820.868 төгрөг гаргуулахаар “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар” 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 78,478,298 төгрөгийг газрын төлбөрт нэхэмжилсэн. “Дархан гурил тэжээл” ХК нь 2015 оны 3 дугаар сард тооцоо нийлсэн актаар 17.820.868 төгрөгийг  2015 оны 10 дугаар 10-ны өдөр төлж барагдуулна гэсэн.

Гэтэл “Дархангурил тэжээл” ХК нь тооцоо нийлсэн актаар төлөх ёстой төлбөрийг төлөөгүй учир газрын төлбөрийг нэмэгдүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэг шүүхэд гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос:

“Дархангурил тэжээл” ХК-ийн захирал С.Намсрайжав анх газрын төлбөрийн актыг манай газартай нийлэхдээ тухайн үеийн иргэдийн хурлын тогтоолоор баталсан газрын төлбөрийн хамгийн бага нэгжээр газрын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Газрын төлбөрийн хэмжээ 1997 онд 80.000 мкв буюу 8 га газар байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 1м кв газрын төлбөрийг 100 төгрөгөөр бодож 8.000.000 төгрөг төлөхөөр тусгасан. “Дархангурил тэжээл” ХК-ийн эзэмшиж байгаа 1 м кв газрын төлбөрийн үнэ 75 төгрөг өөрчлөгдөөгүй одоог хүртэл мөрдөгдөж байх тул  Иргэдийн хурлын тогтоолын дагуу газрын төлбөрийг 75 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. 2011 оны 70 дугаар тогтоооор 1 мкв газрын үнийг 75 төгрөгөөр тооцож, багасгасан газрын төлбөрийн жилд төлөх төлбөр нь 4.963.050 төгрөг болж өөрчлөгдсөн. “Дархангурил тэжээл” ХК газрын төлбөр төлөөгүй нь манай “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-аас Татварын хэлтэс руу явуулсан 2016.3.14-ний өдрийн 102 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа. Иймд “Дархангурил тэжээл” ХК-аас гэрээнд заасан хугацааны газрын төлөгдөөгүй төлбөр 78.478.298 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-аас:

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь “Дархангурил тэжээл” ХК-ийг 1997-2015 оныг дуустал хугацааны газрын төлбөрийг төлөөгүй, газрын төлбөрийг 1997 оны 222 дугаар Засаг даргын захирамжийг үндэслэн газрын төлбөрт жилдээ 2.400.000 төгрөг төлөхөөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн жилд 6.000.000 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасангаас:

1998-2015 оныг дуустал хугацааны газрын төлбөрийг 6.000.000 төгрөгөөр бодож гаргасан нь үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад газрын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2008 он хүртэлх хугацаанд төлөгдөх газрын төлбөр нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас нөхөн төлөх шаардлагагүй юм. Иймд 2008-2012 оны хоорондох газрын төлбөрийг 6.000.000 төгрөгөөр тооцоход 16.800.000 төгрөг төлөх ёстой учир манай компаний зүгээс 2014 онд 20.000.000 төгрөг төлж барагдуулан гэрээгээ шинэчлэн байгуулсан учраас газрын төлбөрт төлөх өр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаар шийдвэрээр:

            Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-аас газрын төлбөр 78.478.298 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-аас 550.341 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Намсрайжав давж заалдсан гомдолдоо:

“Дархангурил тэжээл” ХК-аас газар эзэмшиж, ашигласны төлбөр гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “Газар эзэмших гэрээ”-г нэхэмжлэгч тал хууль бусаар бүрдүүлж өгсөн тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж эхлэхээс өмнө болон нотлох баримтыг шинжлэн судалсны дараа нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх хууль бусаар бүрдүүлсэн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрээр үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй байгаа нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй шийдвэр гаргасан. Мөн түүнчлэн хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-нд холбогдуулж газрын төлбөр 78.478.298 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.  

            Хариуцагч “Дархангурил тэжээл” ХК анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн,  мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг  зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн” гэж давж заалдах гомдол гаргажээ.  

            Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 78.478.298 төгрөгийг багасгаж 17.820.868 төгрөг  болгож, уг  төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан 1997-2014 он хүртлэх хугацааны газрын төлбөр тооцоотой асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй байх, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар өмгөөлөгч авсантай холбогдох тодорхой зардлыг хариуцагч “Дархангурил тэжээл” ХК нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцан төлөхөөр тус тус эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 78.478.298 төгрөгийг хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-тай харилцан тохиролцож  17.820.868 төгрөг болгож, төлбөрийг  2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.342 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ 

                                               ШҮҮГЧИД                                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               Л.АМАРСАНАА