Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 326

 

“Вояжерголд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, Б.Минжүүрдорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0417 дугаар магадлалтай, “Вояжерголд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Вояжер голд ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийдвэрийн Вояжер голд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Вояжер голд ХХК-ийн Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён сумын нутагт орших “Хойд цахир” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-009348 дугаартай тусгай зөвшөөрлийг  сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0417 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тусгай зөвшөөрлийг төлөх ёстой тухайн үед ТЭЗҮ хийсэн “Ай Эм Кэй” компани нь манай компаниас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 157 сая төгрөгийг нэхэмжилсний дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1016 дугаар захирамж гарснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас манай компанийг төлбөрөө төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж, мөн албадах арга хэмжээ авах талаар сануулж, улмаар банкны харилцах дансуудыг хаасан талаарх нотлох баримтыг хэрэгт авсан. Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ талаарх хангалттай бүх нотлох баримтыг гаргуулж аваагүй, зөвхөн харилцах данс хаасан банкууд руу явуулсан албан бичгийг гаргуулан авч, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 тоот шийдвэр гарах үед аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой хязгаарлалт хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн тухайн үед “Вояжерголд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж нь Сингапур улсад элчин сайдаар томилогдсон тухай анхан шатны шүүхэд тайлбарлаж, энэ талаар нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Т.Лхагвадорж захирал 2014 оны намраас элчин сайдаар томилогдохоор судлагдаж, 2014 оны 12 сараас ажлаа хийхээ больсон ба 2015 оны 03 сард элчин сайдаар томилогдсон. Нэхэмжлэгч компани нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани учир гүйцэтгэх захирал нь маш их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гадаад хөрөнгө оруулагчид, захирлуудтай тэрээр өөрөө  холбогддог, захиран зарцуулах эрх зөвхөн түүнд байдаг. Гэтэл энэ тухай анхан шатны шүүх Улсын бүртгэлийн алба болон Хил хамгаалах газраас холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, шаардаж аваагүй.

“Вояжерголд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 06 сард томилогдсон Т.Батаагийн хувьд Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэдгийг сүүлд мэдсэн. Ашиглалтын өмнөх гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2017 онд дуусах учир төлбөрөө төлөөгүй гэж хориг тавьж түдгэлзүүлсэн гэж бодож байсан учир 2015 оны 12 сард төлбөрөө төлье гэсэн хүсэлтийг Ашигт малтмалын газарт тавьсан. Гэтэл анхан шатны шүүхээс “н.Анхзаяа, н.Жамцханд нар нь цуцалсан албан мэдэгдлийг хүлээн авч, гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Монгол шуудан ХК-аас шүүхэд ирүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07/199 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна” гэжээ. Гэтэл эдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг авч, “тухайн үед ажиллаж байсан, мөн компанийн гүйцэтгэх захиралдаа мэдэгдлийг өгсөн эсэх талаар” тодруулалгүйгээр дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд миний бие оролцох боломжгүй “ар гэрийн гачигдал гарч, хөдөө орон нутагт явах болсон тухай” бичгээр хүсэлт гаргасан боловч 7 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, дахин хурал товлож хийсний улмаас шүүх хуралдаанд оролцоогүй юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй нотлох баримтад үндэслэн гарсан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ.

Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын нутагт орших Хойд цахир нэртэй талбайн 10597.84 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-9348Х тусгай зөвшөөрөл эзэмшигч “Вояжерголд” ХХК нь тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.   

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй шалтгааныг “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас банкууд дахь нэхэмжлэгч компанийн харилцах дансуудыг хаасан, компанийн захирлын өөр ажилд томилогдсон, ашиглалтын өмнөх гэрээ байгуулагдсан байсан” гэх үйл баримтуудтай холбон тайлбарлажээ.

Дээрх нөхцлүүд нь нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тодорхой, зөв дүгнэсэн байна.

“Вояжерголд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-9348Х тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д  заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасантай нийцсэн, хууль ёсны шийдвэр байна. 

Иймээс дээрх шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах тухай “Вояжерголд” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал зөв, “...шүүх нэхэмжлэлийн тайлбарт дурдсан шалтгаанд хамааралтай нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй,...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0417 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ