Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01847

 

   М.Э-ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01571 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1625 дугаар магадлалтай,

М.Э-ын нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

3.278.808 төгрөг гаргуулах тухай үндсэн,

1.540.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Э-, өмгөөлөгч П.Батбүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч М.Э-, түүний өмгөөлөгч П.Батбүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Санни Апрель ХХК-тай харилцан тохиролцож элсэлтийн зөвлөх үйлчилгээ нэртэй, Австрали улс руу суралцуулахаар зуучлуулах гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, гэрээний хөлсөнд бэлнээр 300.000 төгрөгийг төлж баталгаажуулж, дансанд нийт 10.757.190 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч тал зөвлөх үйлчилгээгээ дутуу үзүүлснээс болж надад 3.278.808 төгрөгийн хохирол учирсан.

Би сургалтын төлбөрт 7.976.000 төгрөг, үйлчилгээний хөлсний урьдчилгаанд 300.000 төгрөг, визний хураамж болон эрүүл мэндийн даатгалын төлбөрт 2.218.190 төгрөг, визтэй холбогдох орчуулгад 174.000 төгрөг, нотариатын зардалд 89.000 төгрөг, нийт 10.757.190 төгрөгийг төлснөөс надад сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалын 7.478.382 төгрөгийг буцааж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 3.278.808 төгрөгийг өгөөгүй тул Санни Апрель ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: М.Э- 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөрт 300.000 төгрөг төлсөн. Энэ төлбөрт сургуулиас урилга авч, виз мэдүүлэх хүртэл бүх үйл ажиллагааны зардал орсон тул буцаан олгогдохгүй болно. М.Э-ын төлсөн 10.194.190 төгрөг төлснөөс манай байгууллагаас 10.183.752 төгрөгийг холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн. Иймд манай байгууллагаас гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, Австрали улсад суралцуулахтай холбоотой бүхий л төлбөр тооцоог суралцагчийн өмнөөс хийж гүйцэтгэсэн. М.Э- нь гэрээний 4.3-т заасан үүргээ ноцтойгоор зөрчиж, Австрали улсын оюутны визний үндсэн шаардлага болох нэг жилийн амьдрах зардал, сургалтын төлбөрөө бүрэн хариуцах чадамжтай гэдгийг нотолсон бэлэн мөнгөний баталгааг хуурамчаар гаргаснаас болж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Австралийн элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгч Т.Одгалд төлсөн төлбөр 800.000 төгрөг, зөвлөх үйлчилгээний төлбөр 740.000 төгрөг, нийт 1.540.000 төгрөгийг М.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Э- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба өмгөөлөгчид төлөх хөлсийг өөрөө төлөх үүрэгтэй учир уг төлбөрийг би төлөх хууль зүйн үндэслэлгүй. Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаа 300.000 төгрөгийг би төлж, үлдэгдэл 740.000 төгрөгийг виз гарсан тохиолдолд төлөхөөр заасан. Миний виз гараагүй учир үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01571 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 3.278.808 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 67.420 төгрөг, хариуцагчаас төлсөн 39.590 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 67.420 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1625 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ын хариуцагч Санни апрель ХХК-аас 3.278.808 төгрөг гаргуулах нэхэмжлэл, М.Э-аас 1.540.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Санни апрель ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Э-, түүний өмгөөлөгч П.Батбүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1625 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

“Санни Апрель” ХХК нь Гэрээнд зааснаар шаардлагатай зөвлөгөө үзүүлэх, бичиг баримтын бүрдлийг бүрэн хангуулж, шаардлага хангаагүй бичиг баримтуудыг сануулж, буцаах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс виз олгогдоогүй. Австрали улсын Засгийн газрын “Виз олгохоос татгалзсан шийдвэрт”: XX-/37-41/ Австрали улсад суралцах нь өөрийн зорилгоо биелүүлэхэд туслана гэдгийг тайлбарласан хангалттай шалтгааныг бичээгүй гэж дүгнэсэн. М.Э-ын суралцах зорилгоо илэрхийлсэн захидлыг С ХХК хянаж, орчуулж тус улсын Элчин сайдын яам руу явуулсан. Хэрэв зөвлөгөөг чанартай үзүүлж үүргээ биелүүлсэн бол энэ шалтгаанаар татгалзах үндэслэл болохгүй байсан. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хаан банкны дансанд орсон 73,021,597 төгрөгийг виз мэдүүлэхийнхээ өмнөхөн байршуулсан ба уг мөнгийг хэрхэн хуримтлуулсан, эсвэл хэрхэн эзэмших болсон талаарх ямар нэгэн баримт, нотолгоо өгөөгүй энэ хэмжээний хуримтлал үүсгэхүйц өөрийн орлогын түвшинг тодорхойлсон баримт өгөөгүй гэж татгалзах шалтгаан бичжээ. ХХ-/40/ Санни Апрель” ХХК наас зөвлөсний дагуу М.Э- нь өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болох 2 өрөө байраа худалдан борлуулж, 73,021,597 төгрөгийг дансандаа оруулсан. Гэтэл энэхүү бөөн мөнгө дансанд орсон санхүүгийн эх үүсвэрийг нотлох гол баримт болох үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан “Худалдах худалдан авах гэрээ”-г Австралийн элчин сайдын яам руу явуулаагүй нь үзлэгээр тогтоогдсон. ХХ-/67-69/ М.Э-ын болон ээж Сарантуяа, дүү Ариунзул нарын дансны хуулгуудаар цалин, орлого нь нь гэр бүлийн гишүүдийн жилийн орлого 60,000 австрали доллараас дээш байх шаардлагыг хангахгүйг нотолж байхад шаардлага хангаагүй дансны хуулга, цалингийн тодорхойлолт болох баримтуудыг Австралийн элчин сайдын яам руу явуулсан нь виз татгалзах шалтгаан тус тус болсон байна. ХХ-/67-69/

Анхан шатны шүүхээс нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргасан байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Хариуцагч байгууллагыг виз гаргуулахад баталгаа гаргаагүй, түүнтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1625 дугаар бүхий магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч “Санни апрель” ХХК-с 3.278.808 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл, хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар хөлсний үлдэгдэл болон өмгөөлөгчийн зардалд нийт 1.540.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдөр байгуулагдсан Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээгээр “Санни апрель” ХХК нь М.Э-ыг Австрали улсад суралцахад нь зөвлөх үйлчилгээ тодруулбал, сонгосон сургуульд суралцуулах талаар тухайн сургуультай харилцах, холбоо тогтоох, тухайн их сургуулийн орших элчин сайдын яаманд тус улсад зорчих эрх олгох виз мэдүүлэг, анкет бөглөх, дагалдах бичиг баримтыг бүрдүүлэх, шаардлагатай зөвлөгөө өгөх, нэхэмжлэгч нь зөвлөх үйлчилгээний болон бусад төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний агуулгаас үзвэл талууд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-т заасан зуучлалын гэрээ байгуулсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч зуучлалын хөлс, сургалтын төлбөр, визний хураамж, даатгалд нийт 10.494.190 төгрөг төлснийг хариуцагч үгүйсгээгүй болно.

Австралийн Засгийн газрын Оюутны визний мэдүүлэг шийдвэрлэх төв М.Э-д виз олгохоос татгалзахдаа “...улсад суралцах нь өөрийн зорилгоо биелүүлэхэд тусална гэдгийг тайлбарласан хангалттай шалтгааныг бичээгүй, ...Хаан банкны 73.021.597 төгрөг бүхий дансны хуулгад байгаа мөнгийг виз мэдүүлэхийнхээ өмнө байршуулсан ба уг мөнгийг хэрхэн хуримтлуулсан, эсвэл хэрхэн эзэмших болсон талаарх ямар нэгэн баримт нотолгоо өгөөгүй, ...энэ хэмжээний хуримтлал үүсгэхүйц өөрийн орлогын түвшинг тодорхойлсон баримт өгөөгүй ...санхүүгийн чадвараа хангалттай батлаагүй...” гэх үндэслэл дурджээ /хэргийн37-48 дугаар тал/.

Дээрх үндэслэлээр М.Э-ын төлсөн төлбөрөөс 7.478.382 төгрөг буцаан олгогдсон байх ба нэхэмжлэгч үлдэх төлбөр болон виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт орчуулсан, нотариатаар гэрчлүүлсний зардлыг хохиролд тооцон шаарджээ.

Гэрээний 3.2-т зааснаар “Санни апрель” ХХК нь сургуулийн урилга болон визний асуудалтай холбогдох бүрдүүлбэл зохих бичиг баримтын жагсаалт гарган зөвлөлгөө өгөх, бичиг баримтын бүрдэлд анхаарал тавих, шаардлага хангаагүй баримтыг сануулж буцаан өгөх, шаардлага хангасан баримтыг тухайн сургуульд мэдээлж, бүртгүүлэх шаардлагатай бусад жагсаалтыг өгөх үүргийг хүлээсэн ба энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээ нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “....суралцагчийн зорилгыг тодорхойлоход шаардлагатай зөвлөгөө өгөөгүй, ...дансанд орсон санхүүгийн эх үүсвэрийг нотлох худалдах-худалдан авах гэрээг Австралийн элчин сайдын яам руу явуулаагүй байсан, ...шаардлага хангахгүй баримтуудыг явуулсан нь” талаар дурдаж өөрийн и-мэйлд үзлэг хийлгэжээ.

Хариуцагч уг тайлбар, баримтыг үгүйсгэж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэрээний 3.5-т “суралцагч тухайн улсад зорчих виз авч чадаагүй бол санхүүгийн баримт үйлдэн хурааж авсан бусад шаардлагатай зардлуудыг 100 хувь буцаан олгох”-оор зохицуулжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-т нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...виз олгогдоогүй талаарх эрх бүхий байгууллагын шийдвэрт дурдсан нөхцөл байдлуудад хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй шууд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй гэж үзнэ.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1625 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 67.420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ