Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0663

 

 

 

              “Т-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгч: “Т-А” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Т нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Т нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 220006174 дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 468 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Ж.Э, Ц.Т, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Ц.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0185/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т-А” ХХК нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Т нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Т нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 220006174 дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 468 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4.1, 14.4.2, 14.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийн “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Т нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 220006174 дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 50,001,647 төгрөгийн нөхөн татвараас 25,330,069.60 төгрөгийг нөхөн татварыг хүчингүй болгож, үлдэх “24,671,577.40 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,

3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардалд гарсан 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гардаж аваад дараах үндэслэлээр давж гомдол гаргаж байна.

            3.2. Шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардалд гарсан 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлсүгэй” гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэжээ. Манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу маргаан бухий захиргааны актын 25,330,069.30 төгрөгийн нөхөн татварын хүчингүй болгож, 24,671,577.40 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн зардлыг маргаан бүхий захиргааны актын хүчингүй болсон хэсэгт оногдох хувийг хариуцагч, хэвээр үлдсэн хэсэгт оногдох хэсгийг манай компани төлөхөөр зохицуулжээ. Иймд шүүхийн зардал буюу шинжээчийн зардалд зарцуулсан 800,000 төгрөгийн 49.4 хувь буюу 395,200 /гурван зуун ерэн тав хоёр зуу/ төгрөгийг манай компани хариуцаж, үлдсэн 50,6 хувь буюу 404,800 /дөрвөн зуун дөчин мөнгө найман зуу/ төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар байна. Шүүх шүүхийн зардлыг үндэслэл болгосон хуулийн заалтаасаа өөрөөр хувиарлаж, манай компаниар бухэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй. Энэ нь хариуцагч захиргааны байгууллага гаргасан шийдвэртэй хайнга хандах, шүүхийн зардлыг үндэслэлгүйгээр буруу хувиарладаг жишиг тогтох сөрөг үр дагавартай.

3.2.  . Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, шинжээчийн зардлыг зөв хувиарлан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нараас гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын үндэслэлийг хянан үзээд холбогдох хуулийн заалтад нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

3. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангалаа. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “Т-А” ХХК нь “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Т нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 220006174 дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон, 220006174 дугаартай актаар “ “Т-А” ХХК-д 62,412,334.1 төгрөгийн нөхөн татвар, 23,379,565.2 төгрөгийн торгууль, 20,717,828.5 төгрөгийн алданги, 55,226.5 төгрөгийн хүү, нийт 106,564,954.3 төгрөгийн төлбөр ногдуулсан, Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор уг актаар ногдуулсан үнийн дүнгээс нийт 40,251,439.80 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, 56,491,205.20 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр өөрчилсөн байна.

           3.2. Анхан шатны шүүх шийдвэрийн 1 дэх заалтаар “... “Т-А” ХХК-ийн “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Т нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 220006174 дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 50,001,647 төгрөгийн нөхөн татвараас 25,330,069.60 төгрөгийг нөхөн татварыг хүчингүй болгож, үлдэх “24,671,577.40 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,  3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардалд гарсан 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч шийдвэрийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч “шинжээчийн зардалд зарцуулсан 800,000 төгрөгийн 49.4 хувь буюу 395,200 /гурван зуун ерэн тав хоёр зуу/ төгрөгийг манай компани хариуцаж, үлдсэн 50,6 хувь буюу 404,800 /дөрвөн зуун дөчин мөнгө найман зуу/ төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар” гомдол гаргасан.

            3.3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах шатны шүүх шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах тул шүүх шинжээчийн зардалд гарсан 800,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсэн.

            3.4.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/2808 дугаар албан бичгийн хавсралтаар тус хэрэгт хийсэн шинжээчийн ажлын хөлс болох 800,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

            3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлэхээр тодорхой заасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлс болох шинжээчийн зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваан хуваарилан төлүүлэхээр байжээ.

            3.6. Гэтэл шүүх нэхэмжлэгчээр бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтад зөвтгөсөн өөрчлөлт орууллаа.

            3.7. Хариуцагчаас “... шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг зөвшөөрөхгүй байгаа, давж заалдах гомдол гаргах гэсэн боловч хугацаа дууссан тул гаргаагүй, 1 дэх заалтыг мөн хянаж өгнө үү, мөн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлах боловч давж заалдах шатны шүүх гагцхүү хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан гомдлыг хянах эрхтэй, энэ тохиолдолд хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ илэрхийлээгүй, шүүх аливаа байдлаар давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

4. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 468 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...зардлыг” гэсний дараа “нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилан нөхөн төлүүлсүгэй.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийн төлөөлөгч Б.А-гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН