Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0746/З |
Дугаар | 221/МА2022/0681 |
Огноо | 2022-10-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2022/0681
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Нэхэмжлэгч: “Х” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Т.М,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/561 дүгээр захирамжийн иргэн Т.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 545 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0746/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/561 дүгээр захирамжийн иргэн Т.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 545 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргаас “Х” ХХК-ийн зээмших газар руу орц, гарц гаргах асуудлыг шийдвэрлэсэн шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/561 дүгээр захирамжийн иргэн Т.Мд холбогдох хэсгээс стандартын дагуу орц, гарцыг гаргахад шаардлагатай газрын хэмжээгээр 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 545 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн өмнөөс өөрчлөх, багасгах, ихэсгэх эрх хэмжээтэй эсэх үйл баримтын тухайд. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн гаргах, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх, багасгах эрх гагцхүү нэхэмжлэгчид олгогдсон, шүүх энэ эрх хэмжээг нэхэмжлэгчийн өмнөөс эдлэх эсхүл нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх байхгүй. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх байсан боловч шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргаан нь Т.Мд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох байсан болохоос орц, гарц гаргуулах тухай маргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд тулгуурлан явагдах ба нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэнэ. Тийм ч учраас бид нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газар олгосон захирамжийн Т.Мд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагын хүрээнд тайлбар гаргаж мэтгэлцсэн. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь орц, гарц гаргуулах эсхүл орц гарцтай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах байсан бол бид тус шаардлагын хүрээнд өөрөөр мэтгэлцэх байсан байх атал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гажиж өөрт олгогдоогүй эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж нэхэмжлэгчийн хүсэл зориг буюу нэхэмжлэлийн шаардлагыг тэдний гаргаснаас өөрөөр тодорхойлж хэргийг буруу шийдвэрлэсэн.
3.3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагч өөрийнхөө эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болохыг хэдэн оны хэдэн сарын хэдэнд мэдэж хаана, хэзээ гомдол гаргаж улмаар шүүхэд хандсан талаар дүгнэхгүй орхигдуулсан. Шүүх ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх эхний алхам нь урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн байлаа гэхэд хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан эсэх асуудал нь 1 дүгээр асуудал гэвч шүүх энэ процесс ажиллагааг алгасаж талуудын хооронд үүссэн харилцаанд дүгнэлт хийсэн нь алдаа. Учир нь нэхэмжлэгч хамгийн эхэнд эрх зөрчигдлөө гэж Мэргэжлийн хяналтын газарт хандсан байдаг боловч хэзээ хандсан болох нь тодорхойгүй, энэ тухай хэрэгт нотлох баримт авагдаагүй. Гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлтийг газрын албанд шилжүүлсэн баримт л байгаа боловч тэр албан бичгээс хэзээ хандсан нь тодорхойгүй байдаг. Гэвч анхан шатны шүүх энэ талаар гаргасан атал дүгнэлт өгөхгүй орхигдуулж буй нь санаатай мэт үйлдэл болсон. Гэвч хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллага урьдчилан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дээд шатны байгууллага албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Гаргасан гомдлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга 30 хоног буюу 2021 оны 09 дугаар сарын 02-ны өдөр гэхэд хариу өгөх ёстой, хэрэв хариу өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэхэд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ёстой. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хугацааг 13 хоног хэтрүүлсэн байх атал анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1 болон 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөх юм.
3.4. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй үндэслэл болох манай эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримт нөхцөл байдал хэзээ үүссэн тухайд өнөөдөр маргаж буй нөхцөл байдал тэртээ 2012 онд үүссэн байсан. Тодруулбал, 2012 онд Т.М-ын зүгээс захирамжаар эзэмшүүлсэн 4 талт газраа хашаалж өнөөдрийн байгаа байдлаар тохижуулсан. Энэ үед нэхэмжлэгч орц, гарцгүй боллоо эсхүл орц, гарц хааж газар олголоо гэх үйл баримтыг мэдээгүй байх ямар ч боломжгүй. Учир нь энэ үед “Х” ХХК нь мөн зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байсан ба өнөөдрийг хүртэл явуулж байгаа тухайн үед баруун талаасаа Т.М-ын газар зүүн талаасаа бас л байгууллага урд талаасаа бас л байгууллагатай байсан болохыг мэдэж байсан. Яагаад энэ үед эрх нь зөрчигдөж болзошгүй болохыг мэдэх боломжгүй гэж хэн ч мэдэх боломжтой үйл баримт байх атал шүүх мөн л 2012 оноос хойш 10 жилийн дараа миний эрх зөрчигдлөө гэж хүний эзэмшлийн газрыг хүчингүй болгуулахаар хандсан үйл баримтыг тийм байна эрх нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэдгийг түүний аман тайлбараар зөвтгөсөн нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалтыг зөрчсөн.
3.5. Түүнчлэн “2012 онд тухайн газарт хашаа барьсан манаачаар ажиллаж байсан” гэх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, мөн үнэлэхгүй байх үндэслэл шалтгаанаа дурдаагүй. Гэвч гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үед үнэхээр маргаж буй газар нь орц гарцтай холбоотой байсан бол үүнийг мэдэх боломжтой тухайн үед ийм асуудал гаргаж байгаагүй болохыг илэрхийлсэн.
3.6. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “шүүх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж мөн нэхэмжлэгч байгууллагыг хойд талаараа орц, гарц гаргах боломжгүй дулааны шугамтай” хэмээн худал дүгнэлт хийсэн. Энэ талаар тодруулах холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт шаардах бодит байдлыг лавлах боломж байсан атал тэгээгүй атлаа хойд талаараа орц, гарцгүй гэсэн нь далан худалч шиг авирласан. Учир нь гуравдагч этгээдийг зүгээс шүүх үзлэг хийсэн үеэс эхэлж өөрийн зардлаар хойд тал руу нь орц, гарц гаргах боломжтой эсэх үйл баримтыг судалж холбогдох байгууллагаас бүх зөвшөөрлийг авч зураг төсөл нь батлагдаж одоо гүйцэтгэх буюу хийх шатандаа явж байх атал ийм шийдвэр гаргасан хүнийг хорлож хооронд нь муудалцуулж буй мэт. Иймд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нараас гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/561 дүгээр захирамжийн иргэн Т.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар “Х” ХХК-д 2000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/393 дугаар захирамжаар гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
3.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 421 дүгээр захирамжаар иргэн М.А, “Х.Ү” ХХК-д 0,5 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 305 дугаар захирамжаар уг газрыг М.Аөөс Т.Мд шилжүүлсэн, мөн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 150 дугаар захирамжаар Т.М-ын аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэлийн зориулалттай болгож, *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар Т.Мд 5000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
3.4. Захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжит байдлаар олгох үүрэгтэй бөгөөд маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс “... өөрийн эзэмшил газар руу орох орц, гарцгүй болсон” гэж тайлбарлан гуравдагч этгээд Т.Мд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгааг шууд үгүйсгэх боломжгүй байна.
3.5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшил газар руу нэвтрэхэд гуравдагч этгээдийн газраар дайрах шаардлага бий болсон, өөр орц, гарц гаргах боломжгүй гэж үзэхээр байна.
3.6. Гэвч энэ нь маргаан бүхий А/561 дүгээр захирамжаар Т.Мд олгосон газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй, ингэснээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул хариуцагч өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бодит нөхцөл байдлыг судалж, хэргийн оролцогчдын тайлбарыг сонсож, хэн алинд нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “... орц, гарц байхгүйн улмаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэсэн үндэслэлээр Т.М-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа тул нэн түрүүнд уг асуудлыг харгалзаж үзэх нь зөв, шүүх энэ асуудлыг тодруулж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар Т.Мд газар эзэмших эрх олгосон захирамжийн орц, гарцыг гаргахад шаардлагатай газрын хэмжээгээр 2 сарын хугацаатай түдгэлзүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, “...талуудын хооронд үүссэн маргаан нь иргэн Т.Мд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох байсан болохоос орц, гарц гаргуулах тухай маргаагүй, ... шүүх эрх мэдлээ хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсноос өөрөөр тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д зааснаар гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөхөөр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан. Нэхэмжлэгч орц, гарцыг чөлөөлүүлэхээр 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан үйл баримттай талууд маргаагүй, үүнээс үзвэл Засаг дарга 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уг гомдлыг шийдвэрлэх ёстой, энэ хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй бол үүнээс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... 2012 онд хашаа баригдахад хэний газар, хаагуур хамаарагдаж байгааг мэдэхгүй байсан, гэнэт хүн ирээд энэ газраар дахиж гаргахгүй гэсэн тул гомдол гаргасан” гэж мэдүүлж байх ба анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр түүний газар дээгүүр орж, гарц байсан, энэ хугацаанд эд хөрөнгөө өмчлөх эрх хязгаарлагдаагүй, орц, гарцын асуудал нь иргэн хоорондын тохиролцооны журмаар шийдвэрлэгдэж байсан, нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн үеэс эхлэн нэхэмжлэл гаргасныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн туйлын зорилго нь газар руу орж гарах орц, гарцын асуудал байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрээ гаргана, харин ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэхийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хянах тул “... гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, мөн үнэлэхгүй байх үндэслэл шалтгаанаа дурдаагүй” гэх гомдлыг хүлээн авахгүй.
3.9. Мөн давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч байгууллагыг хойд талаараа орц, гарц гаргах боломжгүй дулааны шугамтай эсэх талаар тодруулах, холбогдох байгууллагаас лавлагаа тодорхойлолт шаардах, бодит байдлыг лавлах боломж байсан атал тэгээгүй атлаа хойд талаараа орц, гарцгүй гэсэн, гуравдагч этгээдийн зүгээс шүүх үзлэг хийсэн үеэс эхэлж өөрийн зардлаар хойд тал руу нь орц, гарц гаргах боломжтой эсэх үйл баримтыг судалж холбогдох байгууллагаас бүх зөвшөөрлийг авч зураг төсөл нь батлагдаж одоо гүйцэтгэх буюу хийх шатандаа явж байгаа, орц, гарцын асуудал шийдэгдсэн” гэх боловч, нэхэмжлэгчээс “одоогоор орц, гарцын асуудал шийдвэрлэгдээгүй, дулааны шугамд хүнд даацын машин явуулахгүй тул одоо гаргасан байгаа гарцыг ашиглах боломжгүй, дулааны шугам дээгүүр орц, гарц гаргах зөвшөөрөл гараагүй” гэж тайлбарласан. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд хэргийн оролцогч өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн анхан шатны шүүх “... маргаан бүхий орц, гарцад шаардлагатай газрын хэмжээ, байрлал, орон зайг шүүхээс шинжээч томилж тогтоолгох боломжгүй, өөрөөр хэлбэл, шүүх болон шинжээч нар нь орц, гарцын хэмжээ, байрлалыг тогтоох эрх хэмжээгүй, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас орц, гарцын хэмжээ ямар байхыг урьдчилан тогтоох боломжгүй тул газар зохион байгуулалт хийх эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргыг энэ нөхцөлийг тодруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэж тодорхой дүгнэжээ. Харин гуравдагч этгээдээс дээрх байдлаар хойд тал руу нь орц, гарц гаргах боломжтой эсэх үйл баримтыг судалж байгаа бол хариуцагч дахин шийдвэр гаргах хугацаанд энэ талаарх тайлбар, баримтаа гаргаж өгөх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Т.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН