| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 182/2017/02565/И |
| Дугаар | 001/ХТ2018/01372 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/01372
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1055 дугаар магадлалтай
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“С” ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 104 285 801 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “В” XXК нь “С” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Их Британи Улсад 2014 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй, Дисковери 4 маркийн автомашиныг 128 865 000 төгрөгөөр худалдах, “С” ХХК нь автомашины төлбөрийн урьдчилгаа төлбөрт 43 хувь буюу 55 000 000 төгрөгийг төлж автомашиныг хүлээн авч, үлдэгдэл 57 хувийн төлбөр буюу 73 865 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээсэн.
“С” ХХК нь төлбөрийн үлдэгдлийг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах байтал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, автомашиныг унаж ашигласаар байсан учир компанийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл хүргүүлэхэд төлбөрийг төлөхгүй байсан учир 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр автомашины үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртэлх хугацаанд автомашиныг түр хугацаагаар буцаан авч хадгалсан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01235 дугаар шийдвэрээр ...манай компаниас 55 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Иймээс Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хохирлоо нэхэмжилж байна.
“В” ХХК нь мөн автомашин түрээслэх үйл ажиллагааг эрхэлдэг. “С” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компанийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг буцаан авсан. Хариуцагч “С” XXК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан болон худалдан авах боломжгүй байсан бол бид тус автомашиныг түрээслэн, өөрөөр хэлбэл автомашиныг ашиглан орлого олох боломжтой байсан. Иймд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түрээсийн орлого нь 87 200 000 төгрөг олох боломжтой байсан.
Түүнчлэн “С” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “В” ХХК-иас шинэ автомашиныг шилжүүлэн өгсөн бөгөөд буцаан авах үед урд 2 шаврын хаалт байхгүй, хойд гупер хагарсан, запас дугуй байхгүй, запас дугуй өргөгч байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан. Иймээс 17 185 801 төгрөгийн засвар хийлгэсэн.
Иймд “С” ХХК-иас автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохиролд 104 285 801 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “В” ХХК-ийн автомашинаа эргүүлэн татаж буцаан авсан үйлдлийг автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж автомашиныг буцаан авсан байна гэж 3 шатны шүүхээр дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо нэхэмжилж байгаа асуудал нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01235 дугаар шийдвэрээр “В” ХХК-ийн автомашинаа буцаан авсан үйлдлийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнээд урьдчилгаанд төлсөн 55 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байхад 104 285 801 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж заасан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас 4 629 243 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 99 656 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар “В” XXК-иас төлсөн 679 880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “С” XXК-иас 89 018 төгрөг гаргуулж “В” XXК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1055 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “4 629 243 төгрөг” гэснийг “17 185 801 төгрөг” гэж, “99 656 558 төгрөг” гэснийг “87 100 000 төгрөг” гэж,
2 дахь заалтын “89 018 төгрөг” гэснийг “243 879 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч В ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656 235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1055 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч “С” ХХК-ийн үүргээ зөрчсөн үйл ажиллагаанаас болж гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлоо арилгуулахаар шаардсан. Энэхүү “учирсан хохирол” гэдэгт юуг хамааруулахыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэсэн заалтаар тодорхойлж өгсөн. Тиймээс автомашинд учирсан эвдрэл гэмтэл, автомашиныг 1 жил 3 сарын хугацаанд 35759 км унаж ашигласнаас энэ хэмжээгээр элэгдэл үүсч шинэ автомашины үнэлгээ 1.3 дахин буурсан, уг хугацаанд бусдад түрээслүүлснээс олох байсан орлого зэргээр хохирлоо тооцон нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хуулийн уг зохицуулалтыг хэрэглэлгүйгээр зөвхөн автомашинд учирсан эвдрэлийг хохиролд тооцон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Бусдын шинэ автомашиныг жил гаруй унаж ашиглачихаад байхад “зөвхөн автомашинд учирсан эвдрэлээр хохирлыг тооцно” гэж шийдэж байгаа нь шударга, хууль ёсны шийдэл мөн үү? Хуулийн уг зохицуулалт ёсоор бол автомашины үнэлгээ 76 865 000 төгрөгөөр буурсан нь “эд хөрөнгийн алдагдал” гэсэн ойлголтод, 1 жил 3 сар эзэмшүүлж, 35 759 км унаж ашиглуулсныг түрээсээр тооцсон нь “зайлшгүй орох байсан орлого” гэсэн ойлголтод шууд хамаарах юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа мэтгэлцэх зарчимд үндэслэх болон нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн зарчим тогтоож өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн гарган тавьж буй дээрх үндэслэл, шаардлагыг хариуцагч няцааж чадаагүй, няцаасан баримт, нотолгоо гаргаж мэтгэлцээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн: “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалт, 40.2 дахь хэсгийн: “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь уг автомашины алдагдал буюу шинэ автомашин хуучин болж үнэлгээ нь 76.865.000 төгрөгөөр буурсан хохирлыг нэхэмжлэгч нотлох баримтаар хангалттай нотлож мэтгэлцсэн бөгөөд хариуцагч талаас энэ үндэслэлийн талаар нэг ч баримт гаргаж няцаагаагүй, тайлбар ч хийгээгүй байхад шүүх “хариуцагч автомашиныг эзэмшил, ашиглалтандаа байлгаснаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэдгийг шүүх үгүйсгээгүй тул хохирол учирсан гэх үндэслэлийг өөр бусад баримтаар давхар нотлох шаардлагагүй” гэсэн дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг үнэлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үйлдэл болно. Харин автомашин анх худалдагдсанаас хойш 3 жил 1 сарын дараа үнэлгээ нь 76 865 000 төгрөгөөр буурсан байгааг хариуцагчийн эзэмшил, ашиглалтдаа байлгасан 1 жил 3 сарын хугацаатай харьцуулах/76.865.000x1.3:3.1=32.233,709/ байдлаар дүгнэлт хийх эсэх асуудал байж болох уу гэхээс бус уг хохирлыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчид 1 жил 3 сарын хугацаанд зайлшгүй орох байсан орлого буюу шинэ автомашины түрээсийн орлого нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.
Үйл баримтын тухайд: Хариуцагч тал 1 жил 3 сар автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгаж, 35759 км унаж ашигласан гэдэгтээ огт маргадаггүй.
Энэхүү түрээсийн орлого бодитой бус, орох ёсгүй орлого байсан гэж үгүйсгэж мэтгэлцээгүй, энэ талаар ямар ч баримт нотолгоо гаргаж няцаагаагүй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын тухайд:
“В” ХХК-ийн автомашины түрээсийн үнийн жагсаалт /хэргийн 71 дэх тал/-аар Рэнж ровер Дисковери 4 маркийн автомашиныг бусдад түрээслүүлэхэд баримтлах үнэлгээг албан ёсоор баталж мөрдүүлсэн байдаг.
Уг автомашиныг хариуцагч “С” ХХК-ийн ашиглаж байх цаг хугацаанд буюу 2014 оны 10 сарын 24-нд автомашин түрээслүүлж байсан гэрээ /хэргийн 89-92 дахь тал/ нь нэхэмжлэгч компани автомашины худалдаанаас гадна түрээслүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн маркийн автомашиныг бусдад бодитоор түрээслүүлж байсан, түрээсийн орлого олох боломжтой байсныг нотлох хангалттай нотолгоо болно Гэтэл шүүх эдгээр баримт, нотолгоог үл хэрэгсэн: "... нэг талын баримт байна ... түрээсийн хугацаанаас хамаарч түрээсийн үнэ өөрөөр тогтоогдох боломжтой ...” гэх зэргээр хийсвэр дүгнэлт хийсэн байна. Зүй нь нотлох баримтыг үнэлэхдээ эдгээр нотлох баримтыг бусад баримттай, хариуцагчийн татгалзал тайлбартай, хэргийн үйл баримттай харьцуулж үнэлэх ёстой.
Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 1055 дугаар магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 1055 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Зохигчдын маргаантай асуудлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний 181/ШШ2016/01235 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00427 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дээрх шүүхүүдээс маргааны үйл баримтуудыг дүгнэж, хуулийг хэрэглэн тайлбарлахдаа иргэний хуулийн 243 дугаар зүйл заалтаар худалдах-худалдан авах гэрээ гэж үзсээр байтал тус маргааныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйл заалтаар өмнө нь шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримтыг дахин хэрэг үүсгэж, шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчиж, улмаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь бодит байдлыг буруу ойлгож, хоёр дахь хэрэг буюу өөр асуудлыг шийдвэрлэж байгаа мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. 2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн зохицуулалтыг алдагдуулсан байгаа юм. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд удаа дараалан ....2017 оны 4-р сарын 13-ны өдрийн тогтоол гарах хүртэл хугацаанд хадгалсан бөгөөд шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа засварт оруулан худалдан борлуулсан гэж бичиж тайлбарласан, нэхэмжлэгч талын дээрх тайлбар нь завсар үйлчилгээ хийгдээгүй гэснээ нотолж байхад 2016 оны 6-р сарын 27-ны өдрийн ямарч нотлох баримтын шаардлага хангаагүй сэлбэг хүлээлгэн өгсөн хүлээн авсан хүний гарын үсэг болон тамга тэмдэг байхгүй жагсаалтыг /хэргийн 91-92,142-145 тал/ үндэслэн 17 185 801 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
Зохигчид хоорондоо байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний 2014 оны 05-р сарын 15-ны WF-1269 гэрээний 5.5-д .... эвдрэл үүссэн нь гэрээний зүйлийг буцаах үндэслэл болохгүй гэснийг судлан үзэлгүйгээр гэрээнд байхгүй зүйлийг үндэслэн хэргийг тайлбарлан шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсгүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчдын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулж, “С” ХХК нь “В” ХХК-иас Их Британи улсад үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, Дисковери-4 маркийн автомашиныг 128 865 000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, худалдан авагч урьдчилгаа төлбөрийг төлж, автомашиныг хүлээн авсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр автомашинаа эзэмшилдээ буцаан авсан тул худалдан авагч буюу “С” ХХК автомашины урьдчилгаанд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх худалдагч гэрээнээс татгалзсан үндэслэлээр татгалзлын үр дагаврыг шийдвэрлэж, худалдан авагч “С” ХХК-д автомашины урьдчилгаанд өгсөн 55 000 000 төгрөгийг худалдагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Худалдагч “В” ХХК нь худалдан авагч “С” ХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд олох байсан орлого, эд хөрөнгийн гэмтэлд өөрөөс гарсан зардлаа нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг урьд шүүхээр шийдвэрлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй үйл баримтыг дахин нотлохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан нь үндэслэлгүй байх бөгөөд өмнө шийдвэрлэгдсэн маргаан нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэл болж байгааг анхаарсангүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий тодорхойлж, автомашинд учруулсан эвдрэл гэмтлийг засан сайжруулахад гарсан зардлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас 4 629 243 төгрөг гаргуулахаар, энэ шаардлагын үлдэх хэсэг болон нэхэмжлэгчийн тус автомашинаа хариуцагчийн эзэмшилд байсан нэг жил гурван сарын хугацаанд бусдад түрээслэсэн бол олох байсан орлогод нэхэмжилсэн 87 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин хариуцагчаас гаргасан хохирлын хэмжээг тодорхойлохдоо нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчсөн, 42 дугаар зүйлийн 42.4. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрт өөрчлөлт оруулж, автомашины эвдрэл, гэмтлийг засуулахад гарсан зардлыг бүрэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.3., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 42 дугаар зүйлийн 42.4., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, магадлал мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 116 дугаар зүйлийн 116.2., 116.3.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь олох байсан орлогод нэхэмжилсэн 87 200 000 төгрөгийн шаардлагыг үндэслэл бүхий баримтаар, эргэлзээгүй нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Түүнчлэн “...128 865 000 төгрөгийн үнэ бүхий автомашины үнэ 76 865 000 төгрөг болж буурсан нь эд хөрөнгийг хариуцагчид ашиглуулснаас учирсан хохиролд тооцогдохоор байхад нэхэмжлэгчид учирсан хохирлыг үндэслэл бүхий тогтоосонгүй...” гэж тайлбарлах боловч тухайн үнэлгээ нь нэхэмжлэгчээс автомашиныг бусдад худалдсан үнийн дүн байх ба энэ хэмжээгээр автомашинд хохирол учирсныг нотлосон баримт гэж үзэхгүй тул дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “зохигч ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж, 42 дугаар зүйлийн 42.4.-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, ...бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж, 116 дугаар зүйлийн 116.3.-т “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс хохиролд нэхэмжилсэн үнийн дүнг эсэргүүцээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, автомашиныг засан сайжруулахад гарсан зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр дурдсан хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Мөн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, талуудын мэтгэлцээгүй үйл баримтын талаарх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон Тогтоох нь :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1055 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 593 950 төгрөг, хариуцагчаас 243 879 төгрөг урьдчилан төлснийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД