Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0658

 

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0658

Улаанбаатар хот

 

 

БНХАУ-ын иргэн ЯЧС-ы

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

           Илтгэгч шүүгч Т.Энхмаа    

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн ЯЧС

Хариуцагч: УБЕГ

Гуравдагч этгээд: “Ж-О” ХХК

Гуравдагч этгээд: “ПИЛ” ХХК

 

 

     Нэхэмжлэлийн шаардлага: “УБЕГ-ын 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж-О” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “ПИЛ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0447 дугаартай;

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Н, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Т нар;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

 

Хэргийн индекс: 128/2020/0092/З

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ЯЧС нь УБЕГ-т холбогдуулан “УБЕГ-ын  2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж-О” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “ПИЛ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0447 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах гомдолдоо:

3.1. ...Шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Улсын бүртгэгч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаж бүртгэх үүрэгтэй болохоос биш нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж буй дээрх баримтуудыг хавсаргах талаар хуульд тусгайлан заагаагүй, энэ талаар хянан шалгах чиг үүргийг хуулиар олгоогүй тул баримтын бүрдэл дутуу гэж үзэж бүртгэлийг бүртгэсэн татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна" гэж тайлбарласан хэдий ч энэ бүртгэлийн үндсэн зарчимтай зөрчилдөх буюу улсын бүртгэлийн байгууллага зөвхөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн баримтыг бүртгэх бус түүнийг холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, үнэн бодит эсэхийг хянан шалгаж, бүртгэх үүрэгтэй байгууллага юм. 

3.2. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлд Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг заасан бөгөөд тус зүйлийн 3.1.4-т "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", мөн зүйлийн 3.1.5-д "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх", 3.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах" гэж гэж тус тус заасан. Товчхондоо бүртгэлийн байгууллага, бүртгэгчийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагатай.

3.3. Гэтэл нэхэмжлэгч нарын маргаж буй "Ж-О" ХХК-ийн хувьцааг толгой компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэргүйгээр өөрчлөлт оруулах байдлаар материал бүрдүүлсэн буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 22.1.2-т заасан "үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр"-ийг хуулийн дагуу бүрдүүлээгүй буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон "Л" ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримт бичигт үүсгэн байгуулагч захирал Gai Keqin гарын үсэг зурсан. Гэтэл "Л" ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай болох нь өргөдөлд хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээнээс илт харагдаж байна.

3.4. "Л" ХХК-ийн дүрэмд гүйцэтгэх захиралд эрх олгосон зохицуулалт байхгүй байгааг мэдсээр байж бүртгэл хийсэн бүртгэгчийн үйлдлийг шүүх зөвтгөсөн нь шүүх хуулийн эсрэг дүгнэлт хийсэн буюу бичгийн бодит байдал, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хянаагүй хууль бус бүртгэл хийгдсэн нөхцөл байдлыг шүүх бодитоор үнэлж дүгнээгүй болохыг илтгэж байна.

3.5. Шүүх сонирхлын зөрчилтэй хэлцлийн талаар дүгнэлт өгөөгүй тухайд:  Компанийн тухай хууль /1999/-ийн 84 дүгээр зүйлд их хэмжээний хэлцлийн асуудлыг зохицуулсан бөгөөд 84.1.1-д "Хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл", мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана" гэж заасан байдаг. "Ж-О" ХХК-ийн 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2011 оны 03 сарын 31-ний өдрийн балансад "эзэмшигчдийн өмчийн дүн 2,227,207,809,21 төгрөг"-ийн үлдэгдэлтэй байсан бөгөөд өмнө дурдсаны дагуу энэхүү мөнгөн дүн нь активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүн бүхий хэлцэл болох юм.

3.6. Тодруулбал, "Л" ХХК-ийн Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн гэрчилгээнд компанийг 100,000 ам.долларын өөрийн хөрөнгөтэй болохыг тодорхойлсон бөгөөд толгой компанийн өөрийн хөрөнгөөс (2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хаалтын ханш 1 ам.доллар=1208.94 төгрөг буюу 120,894,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан) даруй 18 дахин их хэмжээний мөнгөн хөрөнгөтэй охин компанийг бусдад шилжүүлж буй хэлцэлд толгой компанийн хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч заавал оролцох ёстой бөгөөд энэхүү үйл баримтын талаарх баримт бичиг бүртгэлийн бүрдэлд байгаа эсэхийг хариуцагч хянаагүйгээр хууль бус бүртгэл үйлдсэн байхад шүүх энэхүү үйлдэл, хэрэгт авагдсан холбогдох баримтуудыг үнэлж дүгнээгүйг илтгэж байгаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

3.7. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн /1999/ 86 дугаар зүйлийн 86.1-д "Компанийн эрх бүхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийн дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийг энэ хуулийн 86.2-т заасан нөхцөлд компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх сонирхол бүхий этгээдэд тооцно", 86.2-т "Энэ хуулийн 86.1-д заасан этгээд болон түүний эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь:" гээд 86.2.2-т "Хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл уг хэлцэлд төлөвлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн албан тушаалтан, эсхүл энгийн хувьцааных нь 20-оос дээш хувийн дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа" гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар "Ж-О" ХХК-ийг шилжүүлэн авч буй "PEL” ХХК-ийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч нь Гай Кэй Чин байсан болох нь нотлогддог бөгөөд дээр дурдсан сонирхлын зөрчилтэй хэлцэл байхад улсын бүртгэгч хуулиар хүлээсэн үнэн зөв, бодитой, холбогдох хууль тогтоомжид нийцсэн бүртгэл хийх үүргээ зөрчсөн байдаг. Гэвч шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.8. Мөн нэхэмжлэгчийн зүгээс БНХАУ-ын иргэн Гай Кэй Чин хохирол нэхэмжлэх байдлаар Монгол Улсын шүүхэд хандах эсхүл Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөнөөс үүдэн хохирлоо БНХАУ-ын шүүхэд хандах боломжгүй бөгөөд шүүх маргааныг бүхэлд нь шийдвэрлэсэн шинжтэй бус өөрөөсөө түлхсэн шинжтэй болохыг илтгэж буй. Иймд хэргийн бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 447 шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

     1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн үндсэн шаардлага хангаагүй байна.

      2. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЯЧС-аас УБЕГ-т холбогдуулан “2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж-О” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “ПИЛ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

      3. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

        Эрх зүйн үндэслэл нь;

 

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн 128/ШШ2021/0649 дугаартай шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 690 дүгээр магадлалаар “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

3.2. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөлгүйгээр “...“Ж-О” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “ПИЛ” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн гэж үзэхээр байна. ... “Ж-О ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “ПИЛ” компанийг бүртгэхдээ хуульд тухайлан заасан УБ-05 маягт, “Ж-О ” ХХК-ийн хөрөнгө оруулагчаар Маршалын Арлуудын “ПИЛ” компанийг бүртгүүлэх тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, “Ж-О ” ХХК-ийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргасан байх бөгөөд эдгээр баримтууд нь хуулийн дээрх шаардлагад нийцэж байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй байна.

3.3. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 690 дүгээр магадлалын Хянавал хэсэгт энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн дараах байдлыг тодорхойлон дурьдсан байдаг. Үүнд;

3.3.1. “Л” ХХК болон “Ж-О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гай Кэй Чиний гарын үсэгтэй 011 дүгээр шийдвэрийг компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах шийдвэр гэж үзэх боломжгүй талаар дүгнэлт өгөөгүй”;

3.3.2. “... маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, бүртгэлийн улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай”;

 3.3.3. “...“Ж-О ” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд 2 удаа өөрчлөгдсөн байхад бүртгэлийг хүчингүй болгосны улмаас тухайн хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхэд дүгнэлт өгөх” ;

3.3.4. “...нэхэмжлэгч  ЯЧС  нь маргаан бүхий бүртгэл хийгдсэнээс хойш 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... компанийн үйл ажиллагаанд оролцож байсан ...атлаа 10 жилийн дараа ийнхүү бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй нь  ойлгомжгүй” гэсэн байхад эдгээр үндэслэл, нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэртээ огт тусгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  4. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцээгүй байна.

          5. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        

         6. Нэхэмжлэгч ЯЧС  нь төлөөлөх эрхийг Ү.А-д 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон /1-р хх 14 дэх тал/, тэрээр өмгөөлөгч Ж.Ч-тэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр байгуулсан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-ын итгэмжлэлийн хугацаа 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болжээ.

 

        7. Мөн дээрх итгэмжлэлийн хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-ын өмгөөлөгч Ж.Ч-ээс давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6-д заасны дагуу хэргийн бусад оролцогчдын саналыг харгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч-г шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3. дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН 

 ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН 

 ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА