Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1088

 

 

Т.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00550 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Алтанхуягийг ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан ажлаас халсан тушаал гаргасан. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад орон тоо цөөрсөн зүйл байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг хэрэглэх боломжгүй. Аж ахуй, нийтлэг үйлчилгээний албанд байсан хангамжийн мэргэжилтэн гэсэн албан тушаалын орон тоог хасаагүй байгаа, шинэ бүтцээр худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтэст хангамжийн ахлах мэргэжилтэн гэсэн 3 орон тоо батлагдсан. Энэ 2 ажлын байрны тодорхойлолтоос харахад урьд нь Т.Алтанхуягийн ажиллаж байсан хангамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан нийлүүлэгчийн арга хэмжээг зохион байгуулах гэх мэт өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил нь адилхан байна. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг халаад шинээр өөр хүн ажилд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч тал өөрийн давуу байдлыг тогтоосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013 оноос тус байгууллагад ажиллаж эхэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/170 тушаалаар Аж ахуй, үйлчилгээний албанд хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Хамгийн сүүлийн орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр Аж ахуй, үйлчилгээний алба байхгүй болж, улмаар хангамжийн мэргэжилтний орон тоо хасагдсан. Орон тоо хасагдсан гэдэг нь ажилтны орон тоог цөөрүүлсэн явдал биш Компанийн ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолоор компанийн төв удирдлагын бүтцийг шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 1 албыг татан буулгаж, энэ хүний ажиллаж байсан орон тоо хасагдсан байна. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар тухайн ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Энэ хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халаагүй, хуулийн зохицуулалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, 1 сарын тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр ажлаас халагдсан талаар тодорхойлоогүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн Т.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг гаргуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Хариуцагч "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" компанийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/181 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар компанийн төв удирдлагын орон тоог нийт 123 байхаар баталж, Аж ахуй үйлчилгээний албыг татан буулгаж Нийтлэг үйлчилгээ, тээвэр механизмын хэлтэс байгуулсан. Гэвч гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/328 тоот тушаалаар ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал гаргаж нэгдүгээр хавсралтаар бүх ажилчид буюу 119 хүнийг халж, хоёрдугаар хавсралтаар 103 хүнийг томилсон. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" компанид нийт худалдан авах ажиллагааны болон хангамжийн 1 ахлах, 3 мэргэжилтэн байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/328 тоот тушаалаар бүгдийг нь ажлаас халаад томилсон тушаал дээр эдгээр 4 хүний хэн нь ч ажилд томилогдоогүй ба одоогоор өөр хүн авсан талаар мэдээлэл нэхэмжлэгчид байдаг. Анхан шатны шүүхэд дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн худалдан авалт, хангамжийн ахлах мэргэжилтэн-1, худалдан авалт, хангамжийн мэргэжилтэн-2 орон тоо нийт 3 орон тоонд ямар хүн ажилд томилон авсан тухай тушаалыг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Уг захирамжид гомдол гаргах гэтэл шүүгч гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч эдгээр албан тушаалд өөр хүн авч ажиллуулж байхын оронд хуучин ажиллаж байсан Т.Алтанхуягийг ажилд томилсон бол шударга ёсонд нийцэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Т.Алтанхуяг нь хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Алтанхуяг нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшхи ажилд томилсон тушаалд үзлэг хийлгэж, нотлох баримт гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй тул шүүхээс “гэнэтийн үзлэг” хийлгэн, уг үйлдлийг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт ойлгомжгүй, хүсэлтэд дурдсан үндэслэл түүний нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, ямар нотлох баримт гаргуулах нь тодорхойгүй, шүүхээс “гэнэтийн үзлэг” хийж үйлдэл тогтоох хуулийн зохицуулалт байхгүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгчийн өөрийнх нь ажиллаж байсан орон тоог худалдах худалдан авах ажиллагааны хэлтэст нийлүүлж, хэлтсийн дарга 1, хангамжийн 3 ажилтантай болж ажлын байр нэмэгдсэн байтал өөрт нь уг ажлыг санал болгоогүй атлаа шинээр хүмүүс авч, цомхотгол ёс төдий болсон гэж үзсэнтэй холбоотойгоор дээрх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Энэхүү хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой шинээр бий болгосон гэх ажлын байр нь цомхотгогдсон ажлын байртай ажил үүргийн хувьд ижил эсэхийг тодруулж байж маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх байжээ.

 

Хэргийн оролцогчийн үзлэг хийлгэж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ