Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2018/0739

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: Ж.Д

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга 

Хаяг: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Иргэдэд үйлчлэх төв байр.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн Ж.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Дав миний ТҮЦ-ийг Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломж олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э  нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ж.Д Сүхбаатар дүүрэгт байрлах Монгол Улсын Их сургуулийн шинээр баригдсан номын сангийн барилгын өмнөх автобусны зогсоол дээр зохих зөвшөөрлийн дагуу түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулдаг байсан. 

Анх Улаанбаатар хотын Засаг даргын 1997 оны А/150 тоот захирамжаар нийтийн тээврээр зорчигчдод үйлчлэх, үйл ажиллагааг сайжруулах, автобусны буудлуудын тохижилтыг хийх ажиллагаа явагдаж байх үед миний бие уг ажиллагааны тендерт оролцон шалгарч, тендерийн зураг төслийг нь тухайн үеийн 

 

150.000 төгрөгөөр худалдан авсан.

Үүний дагуу тэг тэнхлэгийг эрх бүхий байгууллагаар газар дээр нь тэмдэглүүлэн, 2 ширхэг ТҮЦ, дунд нь байрлах сүүдрэвч, сандал, тухайн орчны доорх газрын талбайг шинэ хавтангаар хучиж, автобусны зогсоолын тохижилтын барилгын ажлыг иж бүрэн байдлаар барьж тохижуулсан байдаг. 

Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг тэр үед үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 8.600.000 төгрөг болсон. 

2012 онд Залуучуудын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа гээд энэ ажлын хүрээнд гудамжны өнгө үзэмжийг нэмэгдүүлж, өөрчлөх шаардлагыг дүүргийн удирдлагаас тавьсан. 

Үүнийг хүлээн авч, миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч н.Ганхуяг, Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга н.Б нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр өмнө хийгдсэн байсан байгууламж, ТҮЦ-ийг бүрэн нурааж, шинэ зураг төсөл хийлгээд дүүргийн удирдлагад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр дахин өөрийн хөрөнгөөр шинэ ТҮЦ хийлгэн ажиллуулж ирсэн. 

Ингэхдээ миний бие тэтгэврийнхээ зээлийг авч, үлдсэн мөнгийг нь хувь хүнээс зээлж, нийт 8.000.000 төгрөгийн өртгөөр ТҮЦ хийлгэсэн бөгөөд одоо ч зээлээ бүрэн төлж чадаагүй байна.

2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө гэнэт Сүхбаатар дүүргийн Тамгын газрын ажилчид гэх хүмүүс цагдаа нарын хамт ирж, хүчээр ТҮЦ-ийг маань  нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энэ талаарх ямар нэгэн шийдвэрийг өнөөдрийг болтол надад огт үзүүлээгүй, танилцуулаагүй. 

Миний би энэ талаарх гомдлоо Нийслэлийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан. 

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн хариуг эс зөвшөөрч тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан. 

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дахин хандаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/2426 тоот албан бичгийг гаргуулан авсан бөгөөд ингэхдээ тамга тэмдэггүй уг бичгийг надад өгсөн. 

Миний бие зохих зөвшөөрөлтэйгөөр ТҮЦ ажиллуулж байсан бөгөөд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэргүйгээр, урьдчилан надад мэдэгдэлгүйгээр, миний өмч ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэснийг зөрчсөн, илт хууль бус акт гэж үзэж байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу ТҮЦ нүүлгэн шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дээрх үйлдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, миний биеийг ТҮЦ-ээ дээрх байрлалтай газарт үргэлжлүүлэн ажиллуулах боломжоор хангахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

Мөн тус шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрчилж, нэмэгдүүлэн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, тус захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Д миний ТҮЦ-ийг Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг надад олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус захиргааны актаас үүссэн үр дагаврыг арилгуулж, Ж.Д миний ТҮЦ-ийг Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг надад олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Маргаан бүхий захиргааны акт нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан байдаг. Гэвч тухайн актын үндэслэл нь Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга, байцаагч нарын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн акт, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол байсан бөгөөд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн. Тухайн актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй гэж үзэж байна. Маргаан бүхий акт хавсралтгүйгээр хавтаст хэргийн материалд байсан бөгөөд миний бие өнөөдөр анх удаа тухайн актын хавсралтыг харж байна. Үүнд нэр бүхий олон түргэн үйлчилгээний цэгийг дурдаж, нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шарлуулан, тодруулсан байна. Жилийн өмнө тус захиргааны акт гарсан байхад би өнөөдөр анх харж байгаа нь тухайн үед сонсох ажиллагаа хийгдээгүй гэдгийг баталж байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол гэж маргаан бүхий акт дээр дурдсан байдаг. Мөн адил өнөөдөр анх удаа Монгол Улсын Их сургуулийн шинэ номын сангийн байрны ажлын албаны дарга н.А-ийн бичгийг харж байна. Тус бичигт “...шинэ номын сангийн урд байрлах 3 түргэн үйлчилгээний цэг эрүүл мэндийн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн зардаг, шинээр баригдах номын сангийн гадна тохижилт өнгө үзэмжид нийцэхгүй байна” гэсэн 2 зүйлийг дурдсан байдаг. 10 дугаар сарын 02-ны өдөр тус номын сангийн удирдлагаас ирүүлсэн албан бичиг, захирагчийн ажлын албанаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт байдаг. Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн албан бичиг нь “...хууль журмын дагуу шийдвэрлэ” гэсэн утгатай албан бичиг байдаг. Эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэхийг Монгол Улсын Их сургуулийн номын сангийн удирдах албан тушаалтан тодорхойлсон мэт харагддаг. Нийслэлийн өнгө үзэмжид буюу өөрийнх нь байшингийн өнгө үзэмжид нийцэхгүй байгаа нь тус хүний өөрийн үзэл бодол юм. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд ямар түргэн үйлчилгээний цэг, ямар нэг зүйл байрлах нь тухайн номын сангийн удирдах албан тушаалтанд хамаагүй байх гэж бодож байна. Гэтэл тус албан бичгийг үндэслэсэн гэдгээ нэхэмжлэгчид танилцуулан, сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуульд “тухайн захиргааны актыг гаргахад эрх, ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг өөрийн биеэр эсхүл тухайн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулна” гэж тодорхой заасан байдаг. Энэ байдлыг хангаагүй гэж үзэж байна. Гэтэл хариуцагч нар түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар сууж байсан н.М-т мэдэгдэл хүргүүлсэн гэж ярьдаг. Тэр хүн өөрөө түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигч биш, худалдагчаар ажиллаж байсан этгээд. Миний ойлгосноор н.М-йг өрөөндөө түгжиж байгаад “...гарын үсгээ зур” гэж тулган зуруулсан. Харин ч н.М- тухайн баримт дээр “...би энэ үйл ажиллагаанд оролцохгүй, өмчлөгч нь оролцох ёстой, надад төлөөлөх эрх байхгүй” гэж өөрийн үгээ бичсэн байсан.

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч нарын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 тоот захирамж гарсан нь эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, тайлбар авах боломжийг үүсгээгүй байна. Мөн тухайн актад гомдол гаргах эрхийн тухай дурдсан боловч тухайн эрхийг яаж хангасан нь ойлгомжгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн сонсох ажиллагаа нь ч маргаан бүхий актын дагуу явагдаагүй. Сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй учир захиргааны акт гарах процесс өөрөө хууль бус байна. Гаргасан акт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрхийг хангаагүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн баримтад түргэн үйлчилгээний цэг байрлуулах боломжтой тодорхой байршлуудыг мэдэгдсэн, санал болгосон гэдэг. Гэтэл түргэн үйлчилгээний цэгийг яагаад нүүлгэх болсон шалтгаан нь тодорхойгүй. Ямар шалтгаанаар нүүлгэж байгаа, тухайн шалтгаан нь өөрөө хуульд нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Өөр газарт байлгаж болдог боловч хуучин байршилд нь яагаад байлгаж болохгүй гэдэг нь тодорхойгүй.

Захиргааны актын үндэслэл болсон мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд өмнө нь хэлж байсан түргэн үйлчилгээний цэгийг бүгдийг нь дурдсан байна. Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгийг мөн адил “буулга” гэсэн байгаа боловч яагаад одоог хүртэл нураагаагүй байгаа нь тодорхойгүй байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэдэд адил тэгш хандахгүй байна. Мөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгчийг зохих зөвшөөрлийн дагуу гэрээ гэрчилгээгүй байсан гэдэг. Гэтэл түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад баримтлах ямар ч шаардлага, журам байхгүй гэдэг нь харагдаж байна. 2014 он, 2016 онд батлагдсан журмууд нь хэрэгжих боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт “...ажиллуулах боломжоор хангаж өгөхийг даалгах” гэж байдаг. Энэ нь “...дараагийн журам гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрх ашгийг хангаж өгнө үү” гэсэн утгатай. Хэрэг маргаан үргэлжилж байх хугацаанд нэхэмжлэгчийн түргэн үйлчилгээний цэг байрлаж байсан газарт өөр түргэн үйлчилгээний цэг байрлуулсан. Түргэн үйлчилгээний цэгийг байлгаж болохгүй гэж шийдсэн байж өөр түргэн үйлчилгээний цэг байршуулсан нь иргэдийн эрх тэгш байдлыг зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу тус захиргааны актыг хүчингүйд тооцож, түүнээс гарсан үр дагавруудыг арилгуулж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Монгол Улсын Их сургуулийн урд автобусны буудал дээр 2017 оны байдлаар зохих зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж, тус түргэний үйлчилгээний цэгийг иргэн Э.Бт түрээсэлж байсан. 

Дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоож, нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх тухай” А/324 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг албадан нүүлгэсэн. Ингэхдээ нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын орлогчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2/1737 тоот, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/2012 тоот “Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх тухай” хугацаатай албан мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй. 

Дээрх А/324 дүгээр захирамжтай холбогдуулан иргэн Ж.Д-т сонсох ажиллагаанд оролцохыг утсаар болон түрээслэгч нарт удаа дараа мэдэгдсэн бөгөөд ирж уулзаагүй, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус түргэн үйлчилгээний цэгийн түрээслэгч Э.Б ирж уулзсан ба тухайн үед өөр 12 байршлаас нэгийг сонгож байршуулах боломжтой болохыг тус тус мэдэгдсэн. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 тоот захирамжийг хууль бус, хүчин төгөлдөр акт биш гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актын шаардлагыг хангасан, захирамжийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээд хуулийн дагуу гаргасан бөгөөд тухайн актыг гаргах үндэслэл хангалттай байсан. Иймд тус акт Захиргааны ерөнхий хуульд заасан 6 шаардлагыг хангаж байгаа нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тодорхой болно. Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч н.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий акт гарсан. Тухайн дүгнэлтийг үл зөвшөөрөх юм бол гомдол гаргах эрхтэй гэдэг нь манай байгууллагад хандаж дурдсан зүйл юм. Манай байгууллага тус актыг хүлээн зөвшөөрч байгаа учир заавал хуулийн хугацааг хүлээх шаардлагагүй. Иргэдээс ирсэн гомдол, дээд шатны байгууллагаас ирсэн мэдэгдэл байдаг. Иргэн н.А-ээс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус ирүүлсэн. Мөн үүрэг гүйцэтгэгч н.Т-аас Нийслэлийн Захирагчийн ажлын албанд ирүүлсэн, Улаанбаатар хотын Захирагчийн албанаас Сүхбаатар дүүргийн засаг даргад удаа дараа ирүүлсэн баримт бичгүүд байдаг. Мэргэжлийн хяналт нь тухайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль, холбогдох дүрэм, журам, стандартад хэр нийцэж байгааг шалгадаг байгууллага юм. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч байгаа нь тухайн үйл ажиллагааг ямар нэгэн чанарын шаардлага хангахгүй байгааг илэрхийлж байгаа юм. Өргөдөл, гомдол ирсний хүрээнд манайх холбогдох байгууллагад хандан, шалгалт шинжилгээ хийлгэсэн. Сонсох ажиллагааг хийж байсан гэдгийг нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Бид удаа дараа холбогдох хүмүүст нь мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зуруулж мэдэгдэж байсан. Худалдагч мэдсэн гэдэг бөгөөд түүнийг Ж.Д мэдээгүй байх боломжгүй. Ямар нэгэн байдлаар худалдагч нэхэмжлэгчид мэдэгдсэн байх ёстой. Мөн сонсох ажиллагааны дагуу Ж.Д-д утсаар холбогдож мэдэгдсэн тэмдэглэл байгаа. 

Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг тухайн өдөрт нь үндэслэж, акт гаргаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мэргэжлийн хяналтын дүгнэлтэд гомдол гаргах хугацааг тодорхойлон заасан нь манай байгууллагад хамааралтай юм. Нийслэлийн Засаг даргаас манай байгууллагад тодорхой байршлуудыг чөлөөлөх тухай чиглэл ирүүлсэн. Мөн Монгол Улсын Их сургууль болон номын сангаас Улаанбаатар хотын Захирагчийн албанд гомдол, санал хүргүүлж байсан. Үр дагаврыг арилган, буцаан хуучин байршилд байрлуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох байгууллагуудын ирүүлсэн дүгнэлт, иргэдийн өргөдөл, гомдлыг үндэслэж гаргасан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ж.Д нь анх тус шүүхэд хандан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу ТҮЦ нүүлгэн шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, миний биеийг ТҮЦ-ээ дээрх байрлалтай газарт үргэлжлүүлэн ажиллуулах боломжоор хангахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: 

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн иргэн Ж.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус захиргааны актаас үүссэн үр дагаврыг арилгуулж, Ж.Д миний ТҮЦ-ийг Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг надад олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг гаргуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон. 

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 5 дугаар сарын 03 болон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 14/950, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 04/142, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2329 дүгээр албан бичгүүд болон шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивд хийсэн бичиг баримтын үзлэгээр 1998-2017 оны хооронд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ж.Д-т тус дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 1 дүгээр байрны урд талын автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/ эрхлэх зөвшөөрөл олгож байсан тухай, дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчтэй газар ашиглуулах гэрээ байгуулсан талаарх  болон нэхэмжлэгч нь 1998-2007 онд газрын төлбөр төлсөн тухай ямар нэгэн баримт байхгүй, архивд хадгалагдаагүй байна. 

2. Энэхүү нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн шаардах эрх үндэстэй эсэхийг шүүхийн журмаар /формаль байдлаар/ тогтоох боломжгүй болох нь тодорхой болсон тул шүүх тухайн маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж маргаж буй нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах материаллаг үүргийнхээ хүрээнд шүүхэд гаргаж өгсөн 1999 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 18742 дугаартай гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Ж.Д-тай байгуулсан 2001 оны 01 дүгээр сарын 10-ны болон 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”, 2006 оны 10 дугаар сарын 18, 2009 оны 5 дугаар сарын 22, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Газрын төлбөр тодорхойлох тухай акт”, түүнд хийсэн “2017 оны 12-ны өдрийн 31-ний өдөр хүртэл сунгав” гэх бичилтэд дүгнэлт хийн, нэхэмжлэгч нь 2004 он хүртэлх хугацаанд газар ашиглах гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 1 дүгээр байрны урд талын автобусны буудал дээр ТҮЦ эрхлэн, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2017 оныг хүртэл хугацаанд тодорхой зөвшөөрөл болон газар ашиглах гэрээгүй ч дүүргийн Газрын албатай байгуулсан “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-ын үндсэн дээр тухайн газар дээр үйл ажиллагаагаа явуулж, газрын төлбөрийг төлж байсан (Ж.Д нь СБДГА-ны газрын төлбөрийн УБ банк 2611038062 тоот дансанд 2007 оны 6 сарын 28-наас 2017 оны 6 дугаар сарын 15-ны хооронд 280,600 төгрөгийн төлбөрийг газрын төлбөрт төлсөн)   гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв. 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч болон дүүргийн Газрын албанаас шүүхэд гаргаж өгсөн баримт мэдээлэлтэй холбогдуулан үгүйсгэсэн ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг.

3. Нэхэмжлэгч Ж.Д болон түүний өмгөөлөгчөөс хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, газрын төлбөрийг төлж байсан нь нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг үүсгэсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлон маргаж байна. 

Маргаан бүхий үйл баримтын тухайд:

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг” баталсан байх бөгөөд уг журмын 1.3-д “Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг 1 жилээр сунгаж болно” хэмээн заажээ. Журам батлагдсантай холбогдуулан Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Журмын хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгээр “6 дүүргийн Засаг дарга нарт” журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж, ...хагас жил тутам тайланг ирүүлж байхыг даалгажээ.  

5. Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 14/950  дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 2018 оны  5 дугаар сарын 03, 6 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 22-ний өдөр тус тус шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг шинэчлэн баталсантай холбоотойгоор хариуцагчийн зүгээс 2017, 2018 онуудад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ байршуулах байршлын жагсаалтыг гаргаагүй, ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах, хуучин гэрээг сунгах ажиллагааг хийгээгүй байна. 

Гэтэл нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар ашиглах эрх олгосон шийдвэр, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан газар ашиглах гэрээгүйгээр, дан ганц газрын төлбөрийг тодорхойлох тухай актын үндсэн дээр газрын төлбөрийг төлж, тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ-ийн зориулалтаар газар ашиглаж байсныгаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон хэрэг гэж марган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг нийтийн эзэмшлийн талбайд газар ашиглах эрх олгосон зөвшөөрөл гэж үзэх боломжгүй юм.

6. Мөн нэг талаас, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/4172 тоот албан бичгээр “...“Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул ... харьяа дүүргийнхээ нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ ... нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх ажлыг холбогдох хуульд заасан журмын дагуу ... зохион байгуулах” албан үүрэг өгснийг хэрэгжүүлэх, 

нөгөө талаас, нэхэмжлэгч Ж.Д-ын эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 1 дүгээр байрны урд талын автобусны буудал дээр байрлалтай ТҮЦ болон бусад ТҮЦ-ийг нүүлгэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/2396 дугаар хүсэлт, Хангамж, үйлчилгээний албаны даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 4б/2004 дүгээр өргөдөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/1745 дугаар албан бичиг зэрэг өргөдөл, гомдол Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн Хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст удаа дараа ирсэнтэй холбоотойгоор  дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн  2/1737, 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/2012 дугаар албан бичгүүдээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ-ийн үйл ажиллагаа явуулж буй хүн, хуулийн этгээдэд хандан “нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн” мэдэгдлийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

7. Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчаас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-01-06-157 дугаар “Үйл ажиллагааг зогсоож, нийтийн зам талбайг чөлөөлөх тухай” актыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлсэнтэй холбоотойгоор хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Үйл ажиллагааг зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай” А/324 дүгээр маргаан бүхий захирамжийг гаргасан ба энэ захирамжийн хавсралт /нүүлгэх ТҮЦ-ийн жагсаалт/-ын 6-д нэхэмжлэгч Ж.Д-ын түргэн үйлчилгээний цэг багтсан байна.

8. Хариуцагчийн энэхүү захирамж нь Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгжийн  өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх арга хэмжээ авахыг холбогдох газар, хэлтэст үүрэг болгосон агуулгатай байх бөгөөд  нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/324 дүгээр захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-01-06-157 дугаар акттай маргаагүй.

9. Хэдийгээр хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахтай холбоотой Захиргааны ерөнхий хуульд заагдсан сонсох ажиллагааг явуулахдаа тухайлан нэхэмжлэгч Ж.Д-т биечлэн танилцуулаагүй, нэхэмжлэгчийн ТҮЦ-ийг ажиллуулж байсан иргэн н.Батцэцэгт танилцуулсан байх боловч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15.26 минутад нэхэмжлэгч Ж.Д-тай 99127797 дугаарын утсаар холбогдон мэдэгдэх ажиллагааг хийн, түүнд тус дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 байрлалд ТҮЦ-ийг шилжүүлэн байрлуулах боломжтой болохыг танилцуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг, сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд, нэгэнт эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай дээр үйл ажиллагаа явуулж буй этгээд нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар мэдэгдэл өгсөн даруйд мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч газрыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан хариуцагчийн зүгээс мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасан газрыг чөлөөлөх арга хэмжээг авч, ТҮЦ-ийг албадан нүүлгэснийг буруутгах боломжгүй.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна биелэх боломжтой байх ёстой. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ТҮЦ-ийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол /“Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”/ нь Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор хүчингүй болох нь тогтоогдсон, Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 14/950  дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 2018 оны  5 дугаар сарын 03, 6 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгүүдээр хариуцагчийн зүгээс 2017, 2018 онуудад тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ байршуулах байршлын жагсаалтыг батлаагүй, ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах, хуучин гэрээг сунгах ажиллагаа хийхгүй, зогсоосон болох нь тогтоогдож байгаа нөхцөлд шүүхээс нэхэмжлэгч Ж.Д-ын ТҮЦ-ийг Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн урд талын автобусны буудал дээр буцаан байршуулах, үргэлжлүүлэн ажиллуулах боломж олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр “ эрүүл мэндийн шалтгааны улмаас ...шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг эзгүйд ...өмгөөлөгчийг байлцуулан ...хурлыг явуулахад татгалзахгүй” гэх хүсэлтээ бичгээр гаргасан болохоо шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “н”, 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг тус тус Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.6, 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА