Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2018/00127/И |
Дугаар | 001/ХТ2018/01731 |
Огноо | 2018-11-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2018/01731
“Т Ө К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00664 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1401 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч “Т Ө К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “С И ББСБ” ХХК, НШШГГ-т холбогдох,
“Т Ө К” ХХК болон “С И ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны газрын 1/,16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот 97,28 мкв талбайтай, Ү-22010338622 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “С И ББСБ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот 97,28 мкв талбайтай, Ү-22010338622 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг “Т Ө К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар “Т Ө К” ХХК-иас 126 359 431 төгрөг гаргуулж, “С И ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж “Т Ө К” ХХК нь төлбөрөөс 39 100 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийн талаар талууд тохиролцоод хоёр үл хөдлөх хөрөнгийн нэгийг чөлөөлж, нэгийг төлбөрт тооцон шилжүүлэх яриа хийгдэж байсан. Гэтэл 2017 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр “С И ББСБ” ХХК нь “Т Ө К” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээг байгуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх тохиролцоог үндэслэн 2017 оны 09 дугаар сарын 09-ний өдөр 17/790 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгээр “Т Ө К” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн. “Т Ө К” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь П.Гангэрэл биш П.Ганбат гэдэг хүн байдаг. Эвлэрлийн гэрээг хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх ёстой.
Иймд “Т Ө К” ХХК болон “С И ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч “С И ББСБ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
Төлбөр төлөгч “Т Ө К” ХХК нь 126 359 431 төгрөгийг манай байгууллагад төлөх байсан бөгөөд барьцаа хөрөнгүүд 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй учраас тухайн эд хөрөнгийг “С ИББСБ” ХХК-д шилжүүлэх санал болгох шийдвэр гүйцэтгэх албаны хурал зарлагдсан. Талууд харилцан тохиролцож Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх тохиролцоог хийж эхэлсэн бөгөөд төлбөр төлөгч байгууллагын захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20170606/02 тоот Хэлцэл байгуулах тухай хүсэлт, манай байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтүүдийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг манайх өмчлөлдөө шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан “Т Ө К” ХХК гомдол гаргах эрхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа “Т Ө К” ХХК-иас төлөх төлбөр дээр эвлэрэх хүсэлт гаргасныг манай байгууллага хүлээн авч, үлдэгдэл 87 833 320 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлсөн нөхцөлд улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр төлөгчид буцаан шилжүүлэх, төлбөрөө төлөөгүй нөхцөлд буцаан шилжүүлэн авахаар талууд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төлбөр барагдуулах тохиролцоо гэрээг байгуулсан.
“Т Ө К” ХХК нь П.Гангэрэлийг төлөөлөх эрхгүй этгээд гэжээ. Гэтэл шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг бүрэн төлөөлж байсан. Тухайн компанийн санхүүгийн албаны дарга ажилтай гээд тамга тэмдгээ аваад явж байсан. Зээл авах, гэрээ байгуулахдаа ч төлөөлөх эрхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх шаардлага гаргаж байгаад хуульчаас зөвлөгөө авсны дараа дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дүгээр шийдвэрээр “Т Ө К” ХХК-иас 126 359 431 төгрөгийг гаргуулж “С И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас манай байгууллагад ирсэн учраас 2016 оны 08 дугаар сарын 19-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч 39 100 000 төгрөгийг төлж, 87 833 320 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон учраас “Т Ө К” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2201038618, Ү-2201038622 тоот барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулсан.
Дээрх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд хоорондоо тохиролцож улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 87 833 320 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэх тухай “Т Ө К” ХХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2010606/02 тоот, “С И ББСБ” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн. Дээрх хүсэлтүүдийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгээр улсын бүртгэлийн Ү-2201038618 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “С И” ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуул /2002/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо “Т Ө К” ХХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2010606/02 тоот, “С И ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтийг үндэслэсэн болохоос 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тохиролцоог үндэслээгүй. Гэрээ нь манайд ирээгүй. Төлбөр төлөгч нь тухайн үед ажиллагаанд гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “С И ББСБ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр манай байгууллагын өмчлөлд шилжин ирсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд “Т Ө К” ХХК нь дээрх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэн, одоо ч өмчлөгч мэтээр аашилж, хаалганы цоожны голыг сольж манай өмчлөлийн эд хөрөнгөнд хууль бусаар халдаж байна.
Иймд “Т Ө К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот, улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тохиролцоо гэрээний 4.1-д “гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн хангагдсанаар буюу цуцалснаар дуусгавар болно” гэж заасан байхад гэрээнд төлбөр төлөгчийг төлөөлөх эрхтэй захирал П.Ганбат биш П.Гангэрэл гарын үсэг зурсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. НШШГГ хууль бус тохиролцооны гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/0664 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар “С И ББСБ” ХХК болон НШШГГт тус тус холбогдох “Т Ө К” ХХК, “С ИББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай “Т Ө К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “С И ББСБ” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97,28 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Т Ө К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т Ө К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372 617 төгрөг, хариуцагч “С И” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, “Т Ө К” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан “С И ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1401 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот 97,28 мкв талбайтай, Ү-22010338622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч “Т Ө К” ХХК-ийг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Т Ө К” ХХК болон “С И ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсэг болон хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад хуульд заасны дагуу явагдан шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/790 дугаар тогтоолоор дуусгавар болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр байхад тогтоолд үндэслэн гарсан “Өмчлөх эрх сэргээж, шилжүүлэх” тухай албан бичгийг хүчингүй болгон маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг буцаан тогтоосон нь хариуцагч ББСБ-ын эрхийг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 09-нд дуусгавар болгон барьцаанд байсан нэг үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээн нэхэмжлэгчид олгон, хуулийн дагуу нэгийг нь төлбөр авагчид шилжүүлсэн байхад, нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоосноор хариуцагч ББСБ-д хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд алдагдалд оруулсан болон цаашид шийдвэр гүйцэтгэлээр төлөгдөөгүй төлбөрийг хэрхэн шийдвэрлэх ойлгомжгүй нөхцөл байдалд шүүх шийдвэрээрээ хүргэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана, мөн зүйлийн 16.3-т “энэ хуулийн 16.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн, төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ үндэслэлээр гомдол гаргах эрхгүй” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Т Ө К” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосонтой холбоотойгоор гомдол гаргах эрхгүй гэсэн хуулийн зохицуулалтыг огт анхааралгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонтой холбоотойгоор улсын бүртгэлд холбогдох өөрчлөлт оруулах албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч /төлбөр төлөгч/-ийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.
“Т Ө К” ХХК-ийг төлөөлөн П.Гангэрэлийн байгуулсан “Төлбөр барагдуулах тухай тохиролцоо” гэрээг давж заалдах шатны шүүхээс хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь агуулгын алдаатай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна. Учир нь гэрээнд заасан 2 сарын хугацаа бол нэхэмжлэгч байгууллагын санаачлагаар гэрээнд туссан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3900 дүгээр шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дуусгавар болсон байтал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд үндэслэн хийгдсэн бүртгэлийн өөрчлөлт хийх албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр биелэлтийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгтээ хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гэж өөрчилсөн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч “С И” ББСБ-ын хувьд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг шаардлага гаргасан байхад өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болголоо гэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Нэхэмжлэгч “Т Ө К” ХХК нь хариуцагч “С И ББСБ” ХХК-д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан төлбөр барагдуулах тухай тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10а дугаар байрны 02 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Т Ө К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа өөрчилж, хамтран хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг татаж, “Т Ө И” ХХК болон “С И ББСБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10а дугаар байрны 02 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлээ тодорхойлжээ.
Хариуцагч “С И ББСБ” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10а дугаар байрны 02 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Т Ө К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч НШШГГ шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулж, дуусгавар болгосон гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:
1. Нэхэмжлэгч “Т Ө К” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч “С ИББСБ” ХХК-тай ЗГ1401\11 тоот зээлийн гэрээ, БГ1401\11 барьцааны гэрээ байгуулж, 45 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлж, зээлийн үүргийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм\18103\ 10а байр, 2 тоот үйлчилгээний зориулалттай 97,82 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө \Ү-2201038618\, мөн хаягийн 2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг \Ү-2201038622\ тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2. Хариуцагч “С ИББСБ” ХХК нь нэхэмжлэгч “Т Ө К” ХХК-иас зээлийн гэрээний үлдэгдэлд 125 965 542 төгрөг нэхэмжилж, зохигч нь “2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 35 965 542 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны дотор 45 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 45 000 000 төгрөгийг хувааж төлөх”-өөр тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03900 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
3. Нэхэмжлэгч “Т Ө К” ХХК сайн дураар төлбөрөө барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй ажээ.
4. Нэхэмжлэгч “Т Ө К” ХХК нь эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээсээ 39 100 000 төгрөг төлж, үлдэх 87 833 320 төгрөгийн төлбөрийг төлөөгүй учир зохигч нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17\01 дугаартай “төлбөр барагдуулах тохиролцоо” нэртэй гэрээ байгуулж, барьцааны зүйл болох эд хөрөнгөөс Ү-2201038622 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлэх, төлбөр авагчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн, гэрчилгээ гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болохоор талууд тохиролцжээ.
Мөн хэлцэлд төлбөр төлөгч нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний дотор “С ИББСБ” ХХК-д 87 833 320 төгрөгийг бүрэн төлснөөр улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авах эрхтэй гэж заажээ.
Энэ хугацаанд төлбөрөө барагдуулахгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх эрхээ алдах, улмаар төлбөр авагч тухайн талбайг саадгүй худалдан борлуулах эрхтэйг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн, уг хэлцэлд өмчлөх эрх шилжүүлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх журмаар явагдахыг зааснаас гадна улсын бүртгэлийн Ү-2201038618 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй байна.
5. Талууд дээрх байдлаар тохиролцсон тухайгаа НШШГГт “Т Ө К” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20170606\02 дугаартай албан бичиг, “С ИББСБ” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17\33 дугаартай албан бичгээр тус тус мэдэгджээ.
Нэхэмжлэгч “Т Ө К” ХХК нь албан бичигтээ 87 833 320 төгрөгийг төлж үүргээ биелүүлэх хүртэл буюу түр 2 сарын хугацаанд Ү-2201038622 дугаартай үйлчилгээний зориулалттай талбайг “С ИББСБ” ХХК-ийн нэр дээр эргэн шилжүүлэх нөхцөлтэйгээр шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар заасан байна. Хариуцагч “С ИББСБ” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахаар тохиролцсон гэж албан бичигтээ заажээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 дугаар албан бичгээр “талууд харилцан тохиролцож, үлдэгдэл 87 833 320 төгрөгийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт ирүүлсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3\34911 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038618 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “С ИББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг мэдэгджээ.
6. Хариуцагч “С ИББСБ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17\68 дугаартай албан бичгээр Ү-2201038618 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх талаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдсэн байна.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17\790 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцжээ.
8. Төлбөр төлөгч “Т Ө К” ХХК нь төлбөрийн үлдэгдэл 87 833 320 төгрөгийг төлбөр авагчид төлөөгүй байна.
9. Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч “С ИББСБ” ХХК-ийн нэр дээр шилжсэн боловч нэхэмжлэгч “Т Ө К” ХХК нь эзэмшиж, ашиглан бусдад түрээслүүлдэг байна.
Зохигчийн хоорондох эрх зүйн харилцааны дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч “Т Ө К” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “С ИББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангасан байхад давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Төлбөр төлөгч шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар тодорхойлогдсон төлбөрийг бүрэн барагдуулаагүй атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн нэгийг чөлөөлүүлж, хоёр дахь эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчид шилжүүлснээр барьцааны эрхийг дуусгавар болгуулж, улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсны дараа тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авснаар төлбөр төлөх баталгаа, барьцааны эрхийн агуулгыг үгүйсгэх нөхцөл үүсч буйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4.-т зааснаар барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэнээр барьцааны эрх дуусгавар болдог тул Ү-2201038622 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “С ИББСБ” ХХК-д шилжихэд уг эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрх дуусгавар болжээ. Давж заалдах шатны шүүх “Т Ө К” ХХК-ийг тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосноор “С ИББСБ” ХХК-ийн барьцааны эрх сэргэхгүй болохыг эрх зүйн үүднээс дүгнэж чадаагүй байна.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1116956 тоот албан бичгийн агуулга “Т Ө К” ХХК болон “С ИББСБ” ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17\01 дугаартай “төлбөр барагдуулах тохиролцоо” нэртэй гэрээний нөхцөлтэй нийцсэн байхад давж заалдах шатны шүүх төлбөр төлөгч болон төлбөр авагч талын албан бичгийн агуулгаас зөрүүтэй байна гэж тухайн албан бичгийг хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн, тодорхой мэдээлэл бүхий албан бичгийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл ойлгомжгүй байна.
Зохигчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17\01 дугаартай “Төлбөр барагдуулах тохиролцоо” нэртэй гэрээнд төлбөр барагдуулах хугацаа, өмчлөх эрх сэргээх боломжит нөхцөл, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх эрх алдагдах, төлбөр авагчийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийн талаар тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар өмчлөх эрхээ алдсан нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй гэж үзэж, хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг чөлөөлүүлэх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан өмчлөгчийн эрхийг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1401 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00664 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 597 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН