Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0687

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл,

Гуравдагч этгээд Ш СӨХ, “А ө” СӨХ болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 569 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,

Гуравдагч этгээд “Ш” СӨХ-ын төлөөлөгч Р.Э, “А ө” СӨХ-ын төлөөлөгч Я.О, “Х” СӨХ-ын төлөөлөгч О.О,

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 128/2020/0753/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 569 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1138 дугаар захирамжаар иргэн Ц.Б хууль бус эзэмшиж байсан газар эзэмших эрхийг “...нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж гэх үндэслэлээр хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2701 тоот газар чөлөөлөх тухай мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01-06/3554 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан баримтыг анхан шатны шүүх дутуу үнэлсэн.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий этгээдэд удаа дараа хандсаны үр дүнд хариуцагчаас нэхэмжлэгчид “..иргэд нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул уг газрыг холбогдох, хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг даргаас цуцлах шийдвэр” гаргах гэж байгаа талаар нэхэмжлэгчид удаа мэдэгдсэн.

3.3. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулсан Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар Засаг даргын 2013 оны А/1142 дугаар захирамжаар 2 жил дараалан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол цуцлах.” тухай хуулийн зохицуулалтыг сануулж тэр талаар асууж байснаа өөр үндэслэлээр цуцалсан нь буруу буюу хууль бус тул хүчингүй болох ёстой...” гэж маргасан байна. Сонсох ажиллагаа явуулсан болох, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангалттай хангасан болох, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсоныг анхан шатны шүүх үнэлээгүй.

3.4. Маргаан бүхий актын үндэслэлд “ ..нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн нь оршин суугчдын ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн агуулга юм. Нэгэнт нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь иргэд, СӨХ-оос ирүүлсэн өргөдөл гомдлоор нотлогдож, талуудыг хэрэлдүүлэн маргааныг сунжруулах нь нийтийн ашиг сонирхолд хортой үр дагаврыг цаашид учруулах нь тодорхой болсон тул хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх шийдвэрийг баталсан.

28.1.1. “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэсэн заалт оршин суугчдын хүүхдийн тоглоомын талбай явган хүний зорчих хэсэг зэрэгт нэхэмжлэгч барилга барьсан маргалдаж байгаа уйл баримт;

28.1.2. “нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэсэн нь нэхэмжлэгч тал гуравдагч этгээдүүд маргаан бүхий газарт гэр барин хоорондоо маргалдан тэмцэлдэж байсан, Ц.Б барилга

хэзээ мөдгүй баригдах бодит нөхцөл бүрдсэн байсан;

28.1.3. “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэсэн нь иргэд хариуцагч талд хандан өргөдөл гомдол гарган хариуг хүлээж байсантай нийцэж байсан тул хариуцагч сонсох ажиллагаа заавал явуулах шаардлагагүйгээр цуцалсан байгааг шүүх анхаарч үзээгүй.

3.5. Шүүх Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг буруу хэрэглэн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг ашиглаж байсан оршин суугчид болон аль нэг “Сууц өмчлөгчдийн холбоо”-той иргэн Ц.Б нь урьдчилан тохиролцож, гэрээ байгуулж төлбөртэй, төлбөргүйгээр ашиглах эрх үүсээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад Шүүх Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг хэрэглэж иргэн Ц.Баатаржавт газар ашиглах эрх үүссэн байсан гэж үндэслэсэн” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгийг зөрчиж хууль буруу хэрэглэж байгаа гэж үзэхэд хүргэнэ. Мөн Ц.Б нь газар эзэмших эрхтэй этгээд байсан тул газар ашиглах эрхтэй субъектэд хамаарахгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 569 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Ш” СӨХ, “А” СӨХ болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2020 оны 09 дүгээр  сарын 29-ний өдөр А/1138 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Б газар эзэмших эрхийг “…нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэх үндэслэлээр цуцалсан нь зөв байсан.

4.2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн A/401 тоот захирамжаар иргэн Б-д “Цэцэрлэг, үйлчилгээ”-ний зориулалтаар газар олгосонд оршин суугчид бухимдан нийтийн эрх ашиг буюу Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заагдсан орчны газарт барилга барих нь буруу.. иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна.” хэмээн хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандаж байсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2701 тоот газар чөлөөлөх тухай “Шаардах хуудас”, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01-06/3554 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг нэхэмжлэгчид хүргүүлж байсан бусад баримтаар нотлогдож байхад шүүх дутуу үнэлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр баримтууд нь иргэд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдэд удаа дараа хандсаны үр дүнд хариуцагчаас нэхэмжлэгчид “..иргэд нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул уг газрыг цуцлах болох..”-ыг удаа дараа сануулж анхааруулан мэдэгдэж байсан баримт юм. Нэхэмжлэгч эдгэр баримтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд үндсэн шаардлага гаргаж байсан боловч “хөөн хэлэлцэх хугацаа”-ны зөрчил үүссэн, мөн албан бичгийг нь захиргааны акт биш болохыг мэдсэний улмаас үндсэн шаардлагаасаа татгалзсан байна.

4.3. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар 01-ний өдөр анх шүүхэд хандан гаргасан эрх бүхий байгууллагуудын гаргасан албан тоотуудыг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэл, түүний 2 шаардлага /1-р ХХ-ийн 1 тал/-аасаа татгалзчихаад байхад шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /1-XX-ийн 38-р тал/-ыг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь шүүхийн 569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Мөн Газрын албаны албан тоотыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа мөртлөө НЗД-ыг хариуцагчаар татсан байсныг шүүх анхаарч үзээгүй. 

4.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Нийслэлийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн A/1138-р захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдөр гаргахаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсгийг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч этгээд Захиргааны ерөнхий хуулийн 92-94-р зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд маргасан нь буруу байна.

4.5. Нэхэмжлэгч ЗЕХ-ийн 26, 27-р зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргаагүй. Харин “...хариуцагч эхлээд сонсох ажиллагаа явуулахдаа Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн A/1142 тоот захирамжаар олгогдсон газрыг..” 2 жил дараалан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол цуцлах..” тухай хуулийн зохицуулалтыг сануулж тэр талаар асууж байснаа өөр үндэслэлээр цуцалсан нь буруу буюу хууль бус тул хүчингүй болох ёстой..” гэж маргасан байна. Сонсох ажиллагаа явуулсан болох, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангалттай хангасан болох хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Шүүх үүнийг хүлээн авч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 26.1 дах хэсэгт зааснаар “нөхцөл байдлыг тогтоох”, болон “Оролцогчийг сонсох”-той холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн гэж үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь нотлох баримтыг дутуу үнэлж хууль буруу тайлбарлаж байгааг харуулна. Газрын зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01-06/3554 тоот албан мэдэгдэл /1-р XX-ийн 181 тал/-д нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

4.6.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай сонсох ажиллагаанд оролцоогүй, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулж байгаагүй гэж маргаагүй бөгөөд сонсох ажиллагаанд оролцож байсан болохоо хэн аль хүлээн зөвшөөрдөг тэр үйл баримт нь мэтгэлцээний явцад ч тогтоогдсон. Харин нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн талаар ярьж байснаа Ц.Б газар эзэмших эрхийг өөр үндэслэлээр цуцалсан нь буруу гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж шүүгч ч энэ үндэслэлийг зөвтгөсөн. Гэтэл нийтийн зориулалтаар ашиглаж байгаа газар болох нь шүүхийн үзлэг, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нийтийн эдэлбэр газар, хувийн эзэмшил газар хэмээн маргалдаж байсан баримтуудаар тогтоогддог.

Шүүх Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэн тайлбарласан. Өөрөөр хэлбэл тухайн газрыг ашиглаж байсан оршин суугчид болон аль нэг “Сууц өмчлөгчдийн холбоо”-той иргэн Ц.Б нь урьдчилан тохиролцож, гэрээ байгуулж төлбөртэй, төлбөргүйгээр ашиглах эрх үүсээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх “Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг хэрэглэж иргэн Ц.Баатаржавт газар ашиглах эрх үүссэн байсан гэж үндэслэсэн” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгийг зөрчиж хууль буруу хэрэглэж байгаа гэж үзэхэд хүргэнэ. Мөн Ц.Б нь газар эзэмших эрхтэй этгээд байсан тул газар ашиглах эрхтэй субъектэд хамаарахгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй.

4.7.Шүүх “...гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргаж байгаагүй..” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий газрын оршин суугчид Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандаж гомдол гаргаж, гэр, майхан барин тэмцлийн хурц хэлбэрт шилжин шүүх, цагдаад хүрч байсны үр дүнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 тоот захирамж гарсан гэдгийг ойлгоогүй нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Ц.Баатаржавт газар эзэмших эрх олгосон А/401 тоот захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.4. “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэсэнтэй нийцсэн акт байсан тул хариуцагч өөрийн бүрэн эрхийн хэмжээнд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3. “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэснээр гуравдагч этгээдүүдийн гомдол хууль ёсны эрхийг харгалзан үзэж тухайн эерэг нөлөөллийн захиргааны актыг цуцалсан нь зөв байхад шүүх оршин суугчдын эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзсэн нь буруу юм.

4.8. Маргаан бүхий актын үндэслэлд “..нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн нь оршин суугчдын ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн агуулга юм. Нэгэнт нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь иргэд, сөх-өөс ирүүлсэн өргөдөл гомдлоор нотлогдож, талуудыг хэрэлдүүлэн маргааныг сунжруулах нь нийтийн ашиг сонирхолд хортой үр дагаврыг цаашид учруулах нь тодорхой болсон тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1. нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэсэн заалт оршин суугчдын хүүхдийн тоглоомын талбай явган хүний зорчих хэсэг зэрэгт нэхэмжлэгч барилга барьсан маргалдаж байгаа үйл баримт;

28.1.2. “нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэсэн нь нэхэмжлэгч тал гуравдагч этгээдүүд маргаан бүхий газарт гэр барин хоорондоо маргалдан тэмцэлдэж байсан, Ц.Б барилга хэзээ мөдгүй баригдах бодит нөхцөл бүрдсэн байсан;

28.1.3. “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэсэн нь иргэд хариуцагч талд хандан өргөдөл гомдол гарган хариуг хүлээж байсантай нийцэж байсан тул хариуцагч сонсох ажиллагаа заавал явуулах шаардлагагүйгээр цуцалсан байгааг шүүх анхаарч үзээгүй.

4.9. Нэхэмжлэгч Ц.Б төлөөлүүлсэн итгэмжлэл Д.А-д олгогдоогүй байхад хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Итгэмжлэлд Ц.Б гарын үсэг зурсан байх боловч хариуцагчид хандан гаргасан албан тоотуудад Ц.Б гарын үсгийг хэн нэг этгээд дуурайлган зурсан мөн шүүхэд хандан гаргасан хүсэлт гомдлуудад Баатаржав гэсэн нэрээр Д.А гарын үсгийг дуурайлган зурж оролцож байсан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 569 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б “цэцэрлэг, үйлчилгээний” зориулалтаар эзэмшиж байгаа 203 м.кв газар нь “нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн үндэслэлээр Ц.Б газар эзэмших эрхийг хүчингүй нь болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар  маргасан нь үндэслэлтэй байна.

3. Маргаан бүхий актын үндэслэлтэй холбогдуулан анхан шатны шүүх “... Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баталсан зурагт ... олон нийтийн төв байхаар батлагдсанаас өөр нэмж төлөвлөлт хийгдээгүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, ... уг газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

3.1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

3.2. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, тухайлбал иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга нь өөрийнх нь эсхүл доод шатны албан тушаалтны шийдвэрээр газрын тухай хууль тогтоомж, бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол өөрийн өмнө гаргасан тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байна.

3.3. Ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн  24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу шинээр гаргах гэж буй шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судалж, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хариуцан хэрэгжүүлэх, тэр дундаа шийдвэр чиглэгдэж байгаа оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох, түүнд тайлбар санал гаргах боломжийг олгосны үндсэн дээр шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээлгэсэн байна.

3.4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” ойлгохоор, 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж тус тус заажээ.

3.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий захирамжид хамаарах газрыг анх хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/34 дүгээр захирамжаар иргэн Д.А-д “цэцэрлэг, орон сууц”-ны зориулалтаар эзэмшүүлж, 2013 оны А/1142 дугаар захирамжаар газрыг Ц.Б-т шилжүүлэн эзэмшүүлж, 2020 оны А/401 дүгээр захирамжаар газрын зориулалтыг “цэцэрлэг, үйлчилгээ” болгон өөрчилж, газар эзэмших эрхийг нь 15 жилээр сунгаж, нэгж талбарын 1460500020 дугаар олгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

3.6. Хариуцагчаас ийнхүү нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой асуудлаар  удаа дараа шийдвэр гаргаж байсан, тэр дундаа маргаан бүхий актыг гаргахаас 6 сарын өмнө буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний А/401 дүгээр захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, газар эзэмших эрхийг сунгаж байсан, ийнхүү сунгах үед маргаан бүхий актын үндэслэлд заасан нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож, сунгах эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан байхад шийдвэрийн үндэслэлд дурдагдаж буй асуудалтай холбоотой бодит нөхцөл байдлыг нягтлан шалгаж тодорхой баримтаар тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг шүүх зөв  гэж үзэх үндэслэлгүй байна.

              3.7. Хэрэгт авагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баталсан төлөвлөлтийн зурагт маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тухайн байршилд засаг захиргаа, олон нийтийн төв байхаар батлагдсан /нийтийн эдэлбэр байхаар тусгагдаагүй/ байх бөгөөд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эзэмшил газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах болсонтой холбоотой эрх бүхий этгээдийн гаргасан аливаа шийдвэрийг, мөн хот, дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тус газрыг иргэнд эзэмшүүлж ашиглуулахаас өөр зориулалтаар тухайлбал, нийтээр ашиглах зориулалтын газар болгох талаар тусгагдсаныг нотлох аливаа баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүй байх тул анхан шатны шүүхийн маргаан бүхий актын үндэслэлтэй холбогдуулан “... Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баталсан төлөвлөлтийн зурагт маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тухайн байршилд засаг захиргаа, олон нийтийн төв байхаар батлагдсанаас өөр нэмэлт төлөвлөлт хийгдээгүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, тухайн газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар эрх бүхий этгээдээс шийдвэрлэсэн ямар нэг эрх зүйн актыг гаргаж байгаагүй” гэж дүгнэснийг буруутгах буюу “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

3.8. Иймд анхан шатны шүүхийн “... хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2020 оны ... А/1138 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, мөн хуульд заасан ... нөхцөл байдлыг тогтоох, ... оролцогчийг сонсохтой холботой журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны ... 2701 тоот газар чөлөөлөх мэдэгдэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01-06/3554 дүгээр мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан ... харуицагчаас нэхэмжлэгчид ... газрыг ... цуцлах шийдвэр гаргах гэж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн ... нийтийн ашиг сонирхолд хортой үр дагавар учруулах нь тодорхой болсон тул ... хариуцагч сонсох ажиллагаа заавал явуулах шаардлагагүйгээр цуцалсан байгааг шүүх анхаарч үзээгүй ...” гэх зөрүүтэй агуулга бүхий давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Шинэчлэл 220”, “Ахмадын өв”, “Хос жигүүр” сууц өмчлөгчдийн холбоодоос “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа оршин суугчдын төлөөлөл, Сууц өмчлөгчдийн холбооноос нэг ч хүнийг гуравдагч этгээдээр оролцуулагүйгээр шүүх хурал хийж,  шийдвэр гаргасан гомдолтой ...” гэх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 314 дүгээр магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1.4-т заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах” тухай хүсэлтийг гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 189 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 314 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

4.1. Улмаар анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1372 дугаар шүүгчийн захирамжаар  “Ш”, “А”, “Х” сууц өмчлөгчдийн холбоодыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

4.2. Гуравдагч этгээд “Ш”, “А”, “Х” сууц өмчлөгчдийн холбоодоос “ ... Иргэн Ц.Б эзэмшиж байгаа тус газар нь анхнаасаа ямар ч цэцэрлэг бүхий орон сууц барих боломжгүй бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол барьсан газрыг тасдан авч цэцэрлэг, орон сууц зориулалтаар олгосон бөгөөд эзэмших эрхийн хугацаа 2018 онд дууссан байхад л дуудлага худалдаанд оруулахгүйгээр, оршин суугчдийн саналыг тусгахгүйгээр үйлчилгээний чиглэлийг нь өөрчлөн дахин газар олгосон байна. Газар эзэмших эрхийг цуцлуулах доорх үндэслэлүүд байна ... оршин суугчдийн 70-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авалгүйгээр газрыг иргэний нэр дээр гаргуулсан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчин газар олгосон. Газарт дуудлага худалдаа зохион байгуулаагүй,  Цэцэрлэг байгуулахад нэн тохиромжгүй бөгөөд автомашины зам, авто зогсоолд тулсан, өөрийн эдэлбэр газаргүй, Барилга барихад заавал тавигдах шаардлага болох 30-аас доошгүй хувьд нь ногоон байгууламж үүсгэх боломжгүй,  Явган хүний зам, орц, гарцыг хааснаар иргэд, оршин суугчид автомашины замаар явж автомашинд мөргүүлэх, шүргүүлэх, улмаар амь насаа алдах аюул үүсч байна, 25 дугаар байрны хүүхдүүд тоглоомын талбай руугаа очиход эрсдэлтэй болж байна. Хүүхдийн тоглоомын талбай харагдахгүй болж, хүүхдээ хянах, хараандаа байлгахад хүндрэлтэй болсон, дулааны шугам дээр байрласнаар ямар нэгэн осол гарах, дулааны шугамд ямар нэгэн засвар үйлчилгээ хийхэд саад учруулахаар байна, энэ барилгын ар талд ил задгай бие засах, архидан согтуурах, хог хаях, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байна, тус барилга нь оршин суугчдын орчинг хязгаарласан, өөрсдийн автозогсоолыг шийдэх боломжгүй тул үйлчилгээ явуулсан тохиолдолд одоо хүрэлцэхгүй байгаа иргэдийн автомашины зогсооолд нэмэлт ачаалал үүсгэнэ. Хогийн цэг байрлуулах хамгийн тохиромжтой газар байсан боловч хогийн цэг нь одоо автомашины хөдөлгөөнд саад учруулахаар болсон. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүйгээр олон жилийн турш үйл ажиллагаа явуулдаггүй ТҮЦ байрлаж байсан, Барилга барих зөвшөөрөлгүй, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, оршин суугчдын саналыг үл хүндэтгэн зөвшөөрөлгүй барьсан, Зөрчлийн тухай хуулийн 5.2, 8.8 дугаар заалтуудыг зөрчин хүч түрэмгийлэн байрлуулсан, уг барилга нь хогийн цэгийн газрыг хүртэл хамарснаар хогийн цэг нь цэцэрлэг явах явган хүний зам дээр байрлахаас өөр аргагүйд хүрч улмаар түүгээр цэцэрлэгтээ явдаг хүүхэд халдварт өвчин авч, ам нь гэмтсэн тохиолдол хүртэл гарч олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг хүргэж байна. Иймд дээрх бүх үндэслэл байгаа учраас иргэн Ц.Б газар эзэмших эрхийг цуцалсан нь зөв зүйтэй шийдвэр байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

4.3. Хэдийгээр гуравдагч этгээдүүдээс 2013-2020 онуудад Хотын захирагч, Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллага албан тушаалтанд хандаж, нэхэмжлэгчийн эзэмшил газартай холбоотой асуудлаар хүсэлт, гомдол гаргаж байсан болох нь тогтоогдож байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдүүд нь дээрх байдлаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “...“нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч маргасан хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн байна.

4.4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актааар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ гуравдагч этгээдүүдэд хамааруулан нийтийн эдэлбэрийн зориулалтаар эзэмшүүлж ашиглуулах талаар эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргасан, мөн хот, дүүргийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тэдэнд эрх олгосон агуулгаар аливаа байдлаар тусгагдаж батлагдсан болох нь тогтоогдохгүй, хариуцагч, гуравдагч этгээдүүдээс энэ талаар аливаа баримт нотолгоог гаргаж маргаагүй энэ тохиолдолд шүүх гуравдагч этгээдүүдийн дээрх хүсэлтэд дурдагдаж буй “... оршин суугчдийн 70-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авалгүйгээр газрыг иргэний нэр дээр гаргуулсан, цэцэрлэг байгуулахад нэн тохиромжгүй бөгөөд автомашины зам, авто зогсоолд тулсан, өөрийн эдэлбэр газаргүй, Явган хүний зам, орц, гарцыг хаасан, хүүхдийн тоглоомын талбай харагдахгүй болж, хүүхдээ хянах, хараандаа байлгахад хүндрэлтэй болсон, дулааны шугамд ямар нэгэн засвар үйлчилгээ хийхэд саад учруулахаар байна, энэ барилгын ар талд ил задгай бие засах, архидан согтуурах, хог хаях, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн, барилга нь оршин суугчдын орчинг хязгаарласан, өөрсдийн автозогсоолыг шийдэх боломжгүй болгосон, иргэдийн автомашины зогсооолд нэмэлт ачаалал үүсгэсэн, хогийн цэг байрлуулах хамгийн тохиромжтой газар байсан боловч хогийн цэг нь одоо автомашины хөдөлгөөнд саад учруулах болсон,  газрыг зориулалтын дагуу ашиглахгүйгээр олон жилийн турш үйл ажиллагаа явуулдаггүй ТҮЦ байрлаж байсан, Барилга барих зөвшөөрөлгүй, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, хогийн цэг нь цэцэрлэг явах явган хүний зам дээр байрлахаас өөр аргагүйд хүрч улмаар түүгээр цэцэрлэгтээ явдаг хүүхэд халдварт өвчин авч, ам нь гэмтсэн тохиолдол хүртэл гарч олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг хүргэсэн” гэх тодорхой хууль зүйн үндэслэлийг зааж маргаагүй үндэслэлүүдийг шүүх хүлээн авч маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

4.5. Харин гуравдагч этгээдүүд нь цаашид эрх бүхий этгээдэд хандаж дээрх асуудлуудаар болон нэхэмжлэгчийн газар эзэмшил, орчны хот төлөвлөлттэй холбоотой асуудлаар аливаа хүсэлт, гомдол гаргах, улмаар түүний шийдвэрлэлттэй холбогдуулан зохих шатны байгууллага албан тушаалтанд хүсэлт, өргөдөл, гомдол гаргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

4.6. Анхан шатны шүүхэд гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж ердийн журмаар хэргийг дахин хянан шийдвэрлэсэн ажиллагаа 5 сар 13 хоногийн хугацаанд явагдсан байх байх бөгөөд гуравдагч этгээдүүдээс шүүхэд маргаан бүхий газар нь тэдний хууль ёсоор эзэмшиж, ашиглаж буй газартай давхацсан талаарх баримт нотолгоог гаргаж маргаагүй, энэ талаарх баримт нотолгоог цуглуулж бүрдүүлэхийг шүүхээс шаардаагүй буюу хэргийн оролцогчид “газар давхцуулж эзэмшүүлсэн нь хууль бус” гэх үндэслэлээр мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг газрын давхцал байгаа эсэхийг тодруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй тул гуравдагч этгээд “Шинэчлэл 220” болон Ахмадын өв” СӨХ-үүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Батбаярын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ”... Ахмад өв” СӨХ-той маргаан бүхий газар давхцсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагч этгээд хандаж 2012 оноос хойш хүсэлт гаргаж байсан ... “Ахмад өв” СӨХ 2018 онд байгуулагдсан. Гэрээнд кадастрын тогтоосон цэг байдаг ...“Ахмадын өв” СӨХ-ны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө тохижилтын хэсэг гэсэн зургаар орсон. ...“Ахмадын өв” СӨХ энэ талаар анхан шатны шүүхэд хариуцагч талаас энэ талаар нотлох баримт өгсөн гэж үзэн шүүхэд мэтгэлцэхэд хэрэгт байхгүй байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа энэ талаар баримт байна, манайхтай давхцсан гэж хэлсэн. Шүүхийн үзлэг хийсэн, үзлэг хийхэд давхцаж байгаа бол газар дээр нь очсон шүүгчид хэлээд энэ талаар баримтыг цуглуулъя гэж хүсэлт гаргасан. Би очоогүй, “Ахмадын өв” СӨХ-ны дарга амаар хэлсэн байсан. Бичгийн баримтаар буугаагүй гэж ...” гэх СӨХ-ны газартай давхцаж байгаа гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

4.7. Ийнхүү хариуцагчаас маргаан бүхий актыг гуравдагч этгээдүүдийн хүсэлтээр тэдний эрхийг хамгаалж гарсан гэж тайлбарлаагүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүй, шүүх хэргийн оролцогчдын маргасан хүрээнд хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримтыг дутуу үнэлсэн” гэх, гуравдагч этгээдүүдийн “... олон нийтийн эрх ашгийг зөрчин ганц хүний эрх ашгийг хамгаалж хууль бус шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрт гомдолтой, Нийслэлийн Засаг даргын зүгээс 2020 оны 09 дүгээр  сарын 29-ний өдөр А/1138 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Б газар эзэмших эрхийг … нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй ...  үндэслэлээр цуцалсан нь зөв байсан ... шүүх Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

  ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ