Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 101/2018/01134/И |
Дугаар | 001/ХТ2018/01868 |
Огноо | 2018-12-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/01868
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01823 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1757 дугаар магадлалтай,
Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Б.С-д холбогдох,
76-02 УНЦ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины шударга өмчлөгч болохыг тогтоолгож, өөрийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Туулын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С-тай 2012 оноос 2017 он хүртэл хамтран амьдарч байсан. 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Хаан банкнаас 15.000.000 төгрөгийн цалингийн зээл авч, Б.С-гийн ах Б.Ууганбаатараас 10.000.000 төгрөгөөр хар өнгийн 76-02 УНЦ улсын дугаартай Prius 20 маркийн автомашин худалдан авсан. Иймд уг автомашины шударга өмчлөгч болохыг тогтоож, автомашиныг надад шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э- нь 76-02 УНЦ Приус машиныг 2017 оны 06 дугаар сард намайг хүүхэд төрүүлж өгсөн гэж баярлаж, бэлгэнд авч өгсөн. Тэгэхдээ нагац ах Б.Ууганбаатараас хямд авсан. Надад бэлгэнд өгч байгаа гэдгээ ах Б.Ууганбаатарт хэлж байсан ба чамд өгч байгаа юм чинь өнгийг өөрөө сонго гэсэн. Одоо энэ машинаас өөр өмч бид хоёрын дунд байхгүй, би ой 2 сартай хүүхэдтэй үлдэж байгаа тул уг машиныг охин бид хоёр авах ёстой. Энэ хүнээс болж би бие сэтгэлээрээ хохирч үлдэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01823 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота Prius маркийн автомашины өмчлөгч нь Б.Э- болохыг тогтоож, 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота Prius маркийн автомашиныг хариуцагч Б.С-гаас гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота Prius маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Э-ийн нэр лүү шилжүүлэхийг хариуцагч Б.С-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөг, 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг, 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1757 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины өмчлөгч нь Б.Э- мөн болохыг тогтоолгож, уг автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Туул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25 өдрийн 1757 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв хэрэглэж, Тоёота приус маркийн автомашины өмчлөгч нь Б.Э- болохыг тогтоож, 76-02 УНЦ улсын дугаартай машиныг Сийлэгмаагаас гаргуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Э-д шилжүүлэхийг хариуцагч Б.С-д даалгасан хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх бэлэглэлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй. Б.Э- цалингийн зээл авч ажлаа хийх гэж уг машиныг авсан гэтэл хариуцагч өөрийн хамаатан саднаасаа машин авч өөрийн нэр дээр болгочихоод бэлэглэсэн гэж үзэж байгаа нь нотолгоо биш юм. Уг авто машиныг өгөхгүй амьдарч байсан газраас булаагаад аваад явсан мөн өөрийн нэр дээр болгоод бэлэг гээд үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Б.Э-ийн “...машины өмчлөгч болохыг тогтоож, өөрийн өмчлөлд авах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.С- эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.
Хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч Б.Э- нь хяналтын гомдлоосоо татгалзан машиныг Б.С- охин Э.Аминзаяа нарт өгөх, охин Аминзаяад жил бүрийн 8 сард цэцэрлэг, сургуулийн бэлтгэл, хичээлийн хэрэглэл, ном дэвтэрт зориулж шаардлагатай зардлыг гаргаж байх, Б.С- нь шийдвэр гүйцэтгэлийн албанаас тэжээн тэтгэхтэй холбогдсон шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийг буцаан авахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6.-т заасан байна.
Хэнтий аймгийн Бор-өндөр сум дах сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 158 дугаар шийдвэрээр Б.Э- нь сар тутам охин Аминзаяад тэтгэлэг төлөхөөр тогтоожээ /хэргийн 50-51 дүгээр тал/.
Нэхэмжлэгч автомашин шаардсан агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байхад зохигчид нэхэмжлэлд тусгагдаагүй асуудлаар тохирч эвлэрсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлэг болох мөнгөн хөрөнгө нь зөвхөн хүүхдэд зориулагдах учиртай. Гэтэл эд хөрөнгө шаардсан нэхэмжлэлд тэтгэлгийг тооцохоор тохирч эвлэрсэн нь хүүхдийн эрх ашгийг хөндсөн байх тул эвлэрлийн гэрээг батлах боломжгүй юм.
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Зохигч талууд 2013 оноос хойш хамтран амьдарсан, тэдний дундаас 2017 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр охин Э.Аминзаяа төрсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Маргааны зүйл болж буй 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин Б.С-гийн нэр дээр бүртгэгдэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон, эзэмшилд нь байгааг хариуцагч үгүйсгээгүй байна.
Б.Э- 2017 оны 6 дугаар сард ХААН банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авч, улмаар 10.000.000 төгрөгөөр уг машиныг худалдан авсан тул өөрийнх нь өмч гэж үзэн нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...хугацаанд хамтран амьдарсан, хүүхэд төрүүлэхэд бэлэг болгон өгсөн” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч машины үнийг төлсөн тул өмчлөгч гэж, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж тус тус үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй байна.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад шүүх тодруулаагүйн улмаас өөр өөр дүгнэлт хийжээ.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх зохицуулалтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгохдоо хариуцагч автомашиныг хууль бусаар эзэмшиж буй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг анхаараагүй байна.
Б.Э- машины үнийг төлснийг хариуцагч үгүйсгээгүй боловч түүний “...хүүхэд төрүүлэхэд бэлэглэсэн” талаарх тайлбарыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т заасан зохицуулалтын агуулгаар хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хэдий ч зохигчийн хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч өөрийгөө өмчлөгч гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээс өөр дүгнэлт хийсэн, энэ тохиолдолд зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай болно.
Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар зохигчид мэтгэлцэж чадаагүй тохиолдолд 2 шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Зохигчид хүүхдийн эрх ашгийг хөндөхгүйгээр эвлэрэн хэлэлцэхэд энэхүү тогтоол саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01823 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1757 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 245.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ