Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 32

 

Г.Сайнбилэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                    Шүүгчид                             Б.Манлайбаатар                                       

                                                                            Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                  Прокурор                            Л.Энхтайван

                                    Хохирогч                               Ж.Лхадорж

                                    Шүүгдэгч                               Г.Сайнбилэг

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч     Д.Даваахүү

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 77 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар тогтоолоор тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цог өндөр овогт Ганболдын Сайнбилэгт холбогдох эрүүгийн 201718010069 дугаартай, 150/2017/0076/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р багийн нутаг, Туслах аж ахуйд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, 2017 оны 06-р сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 26 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Цог-Өндөр овогт Ганболдын Сайнбилэг  /Регистрийн дугаар: РЛ93102312/

 

Холбогдсон хэргийн талаар: Г.Сайнбилэг нь 2017 оны 06 дугаар сарын 13-наас 18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоот хорооллын 9А гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ж.Лхадоржийн гэрт нэвтэрч 42 инчийн LCD өнгөт зурагт хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 56 дугаартай шийтгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, түүнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгт оногдуулсан 06 сарын хорих ял дээр 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Сайнбилэгийн нийт эдлэх ялыг 03 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Прокурор Н.Бадам давж заалдах шатны шүүхэд гаргасан №04 дугаартай эсэргүүцэлдээ: ...Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Сайнбилэгт Сум дундын 2-р прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгэр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалтаар орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байх тул Г.Сайнбилэгийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчжээ. Учир нь:

Хохирогч Х.Лхадоржийн 2017 оны 06 сарын 27-ны өдөр ...би эхнэр Даваажаргалын хамт 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөө явахаар болоод бид хоёр гэрийнхээ 4 ширхэг вакум цонхыг түгжээд дотор талаас нь шурупдээд хаалгаа түгжээд бүх юмаа шалгачихаад явсан. Тэгээд эхнэр бид хоёр 06 сарын      18-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалган талын цонхны порчик /салхивч/ онгорхой байсан. Тэгээд онгорхой цонхоор гэр доторх зүйлийг харахад 42 инчийн зурагт маань байхгүй харагдаж байхаар цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Э.Төрмөнхийн ...утас цэнэглүүлж байсан нөхөр орж ирээд зурагт авах уу гэж асуугаад байсан ... ...тэгээд би түүнтэй ярилцахад зурагтаа аваад ирье гээд удалгүй 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрч ирсэн. Уг зурагтаа 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би авахгүй гэтэл 40.000 авчих гээд гуйгаад байхаар нь 40.000 төгрөг өгөөд зурагтыг нь авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Яллагдагч Г.Сайнбилэгийн ...Лхадорж ахын 42 инчийн зурагтыг авч Сайхан сумын төвд байх Найс худалдааны төвд гар утас засдаг Төрмөнх гэдэг хүнд ярилцаж байгаад 40.000 төгрөгөнд өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ж.Лхадоржийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ж.Лхадоржийн орон байранд хамаатан садан хэн боловч дураараа нэвтрэх боломжтой мэтээр дүгнэлт хийж зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” дүгнэлт хийсэн байна. Мөн Г.Сайнбилэгт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Г.Сайнбилэг уг үйлдлийн улмаас хохирогч Ж.Лхадоржид 300.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбараар “энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан байхад гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” ноцтой зөрчил гаргажээ.

Иймд Г.Сайнбилэгт холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:   Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Прокурор нь Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Сайнбилэгт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.10-т зааснаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэнийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоот хороололд шүүгдэгч Г.Сайнбилэгийн эгч, хүргэн ах нь амьдардаг байсан. Байшингийн түлхүүрийг байшингийн гадна талд нууж үлдээдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Сайнбилэгийг орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэж үзэх нь үндэслэлгүй байна. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар орон байрны хаалга, үүдийг эвдэлж нэвтэрсэн гэдэг нь тогтоогдоогүй. Тийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн гомдол байхгүй. Г.Сайнбилэгт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот эсэргүүцлийн дагуу Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Сайнбилэг нь 2017 оны 06 дугаар сарын 13-наас 18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоот хорооллын 9А гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ж.Лхадоржийн гэрт нэвтэрч, 42 инчийн LCD өнгөт зурагт хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн эсэх талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар  зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийг дахин шийвэрлэхдээ Г.Сайнбилэгийн урьд ял шийтгүүлсэн байдал нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хөнгөрч байгаа эсэхэд зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ