Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01727

 

Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00532 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1256 дугаар магадлалтай,

            Ц ийн нэхэмжлэлтэй,

            Ц т холбогдох

            Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2000 оноос хойш БНСУ-д ажиллаж амьдарч ирсэн бөгөөд намайг БНСУ-д байхад аав, ээж, дүү Ц  нар нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр захиалах боломж гарлаа, үнийг нь төлөөд авчих гэсэн. Ингээд би байрны төлбөр болох 35,000 орчим ам.долларыг 2008 оны 03 сарын 19-ний өдрөөс 2013 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл аав Цэвэгмидийн хамтран эзэмшдэг дансанд шилжүүлэх замаар уг орон сууцны үнийг 100 хувь төлж худалдаж авсан билээ. БНСУ-д ажиллаж байх үед Ц  надад худал хэлж байрны гэрчилгээ дээрээс аав, ээжийн нэрийг хасуулсан, улмаар дараа нь энэ байр таны байр, Н.Оюунбатаас салах гэж байгаа, Н.Оюунбатын нэр дээрээс надруу шилжүүлчих, би байрыг булаацалдахгүй, төрсөн эгчдээ гэрчилгээг шилжүүлэхэд 10 минут хэмээн намайг ятган, хууран мэхэлж байрны гэрчилгээг ганц өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар намайг БНСУ-аас эх нутагтаа буцан ирэхэд Ц  хэлсэн амандаа хүрэлгүй байрыг надтай булаацалдаж, бидний хоорондын маргаан 2013 оноос хойш шүүхээр хянагдаж байгаад 2017 оны 04 сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Иймд Ц  намайг Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо бага тойруу гудамж, 43 байр, 54 тоотод байрлах 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Надтай эх нэгтэй дүү Ц  нь миний хүнд хөдөлмөр эрхэлж олсон мөнгөөрөө худалдаж авсан орон сууцыг надаас булааж авч, 2014 оны 1 сард цагаан сарын өмнөхөн гэрийн хаалганы цоожны голыг сольж намайг гэрээс хөөж гаргаснаас хойш би шүүхээр заргалдсаар 3 жил өнгөрсөн байна. Миний Солонгос улсаас явуулсан мөнгөөр байр аваагүй, ээж аавыг тэжээсэн гэж Ц  тайлбар өгдөг. Ингээд ээж аавыгаа тэжээн тэтгэхэд зарцуулсан мөнгийг би ганцаараа гаргасан байна. Мөн охиноо тэтгэлэгтэй сургуульд явуулахаар банкны шилжүүлгээр бус харин каргогоор явуулсан 5000 ам.долларыг Ц  нь мөн аваад хэрэглэсэн байгаа. Эдгээр мөнгө төгрөгийн асуудлыг жичид нь Ц аас нэхэмжилнэ. Ц  нь байрыг анх 30,000 ам.доллараар авч байна, хотын төвийн байр учир үнэтэй, cap бүр 1000 ам.доллар төлөх байх гэж хэлсэн учир би тэр мөнгийг тухайн дүнгээр нь байрыг худалдаж авсан компанид шилжүүлж байсан, мөн cap бүр банкиар 1000 доллар явуулж, 16 мянган ам.доллараар авсан байрыг намайг хуурч мэхлэн 35,000 ам.доллараар авсан гэж худлаа ярьж байсан зэрэг нь нэгэнт тогтоогдсон үйл явдал билээ. Ц  нь тухайн байрыг худалдаж авах үед ямар ч орлогогүй байсан, эцэг Д.Цэгмид болон ээж Ц.Ирэхбаяр нар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон мөн л тэтгэврээс өөр орлогогүй байсан нь 2014 оны 02 сарын 11-ний өдрийн 2496/С дугаартай хэргийн бүх материалаар нотлогдсон. Би тухайн байрыг өөрийнхөө орлогоор худалдаж авсан гэж маргаж байгаа. Миний дүү Ц  одоо 2 хүүхэдтэй, би бас 2 хүүхэдтэй. Энэ нь ирээдүйд тухайн байрыг өв залгамжлалаар булаацалдах асуудал үүсч болзошгүй байна. Ц  6000 ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг БНСУ-д эмнэлэгт хэвтсэн байхад Ц  нэг удаа эргэж ирсэн. Тухайн байрыг худалдаж авахад оруулсан хөрөнгө оролцоогоо үндэслэн хамтран өмчлөх эрхтэйг тогтоолгохдоо дараах хувь хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд тухайн байрны 90 хувийг Ц  өмчлөх эрхтэй гэдгийг тогтоож өгнө үү. Харин Ц  байрыг авахад анх санаачилга гаргаж байсан гэдгийг тооцон Ц  10 хувийг өмчлөх эрхтэй гэдгийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 43 байрны 54 тоот 2 өрөө байрыг хөнгөлөлттэй үнээр эхнэр Н.Оюунбатын байгууллагаас манай гэр бүлд олгосон. Хөнгөлөлттэй байшин гэдэг нь үнэн. Ах, дүү нар хоёр хөгшинд байр авч өгий гэж тохиролцсон. Ц  нь 35,000 ам.доллар шилжүүлж, энэ байрыг худалдаж авсан гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг. Шат шатны шүүх хурлын явцад төрсөн эгч, дүүгийн хувьд 50, 50 хувиар хувааж, эвлэрэх саналыг удаа дараа миний зүгээс гаргаж байсныг хүлээн зөвшөөрөхгүй өдий хүрсэн мөртлөө одоо болохоор хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Ц  миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                               

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00532 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц  нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 54 тоот, 48.92 м.кв орон сууцны дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц т олгож шийдвэрлэжээ.

                                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1256 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц  нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 54 тоот, 48.9 м.кв орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00532 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1256 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй” гэж зөв дүгнэсэн атлаа төгсгөлд нь өөрсдөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д ”дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй” гэж заасан. Гэтэл Ц , Ц  нар хэн нь хичнээн хэмжээгээр өмчлөх тал дээр харилцан тохиролцож чадаагүй бөгөөд ийм тохиолдолд өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг хууль тогтоогч тогтоож өгчээ. Ийнхүү хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болон хариуцагчийн удаа дараагийн 50/50, 60/40-өөр хувааж өмчлөе гэсэн саналуудтай уялдаж байна. Энэхүү хэрэг маргаан нь 2013 оноос 3 шатны шүүхийн 6-7 шүүх хуралдаанаар ороод эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00532 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1256 дугаар магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д заасны дагуу шийдвэр, магадлалд “өмчлөгчид тэнцүү хэмжээгээр өмчилнө” гэсэн өөрчлөлт оруулахыг хүсье гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хэрэгжүүлсэн байх тул хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Ц т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 54 тоот, 48.9 м.кв орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...байрны мөнгийг БНСУ-д ажиллаж байхдаа дүү Ц т шилжүүлсэн тул тухайн байрны 90 хувийн өмчлөгчөөр тогтоолгох... гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...энэ хүн байрны 16 528 ам.доллараас 10 000 ам.доллар төлсөн нь үнэн, 90 хувийн өмчлөгч болохыг зөвшөөрөхгүй... гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц  нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 54 тоот, 48.92 м.кв орон сууцны дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоосон байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц  нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 54 тоот, 48.9 м.кв орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

“Индустр” ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Захиалгаар орон сууц барих гэрээ”-ний дагуу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу гудамж 43 дугаар байрны 54 тоотод байх, улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй 48,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 16 528 ам.долларыг Н.Оюунбат төлсөн, Н.Оюунбат нь хариуцагч Ц ийн эхнэр болох нь гэрлэгсдийн гэрчилгээгээр тогтоогдсон, нэхэмжлэгч Ц  нь 2000 оноос 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд БНСУ-д ажиллаж байхдаа эцэг Цэвэгмидийн хамтран эзэмшдэг дансанд уг байрны үнэ гэж 35 257 ам.доллар шилжүүлсэн гэснийг хариуцагч нь баримтаар няцааж чадаагүй, тухайн орон сууц нь хариуцагч Ц ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Ажил гүйцэтгэгч “Индустр” ХХК болон Н.Оюунбат нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 22 тоот гэрээнд захиалагчийг төлөөлж хариуцагч Ц  гарын үсэг зурсан, тус компаниас 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн 69 тоотод орон сууцны үнэ 16 528 ам.долларыг Н.Оюунбат төлж тооцоо дууссан гэж бичсэнээс үзэхэд  орон сууцны худалдан авсан үнийн хэмжээг тогтоогдсон  гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч нь дээрх орон сууцыг авахад 6000 ам.долларыг төлсөн гэж маргасан боловч баримтаар нотлоогүй буюу энэ тухай баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч Ц  нь орон сууцны үнийг бүрэн төлсөн хэдий ч хямд байр байгааг мэдэгдсэн гэсэн үндэслэлээр тухайн орон сууцны 10 хувийн өмчлөх эрхийг хариуцагчид өгнө гэж зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар заагаагүйгээс гадна маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хуулийн дундын өмчийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1256 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч Ц ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН