Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 43 байр, 54 тоотод оршин суух, Адууч овогт Цэгмидийн Х/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 43 байр, 54 тоотод оршин суух, Адууч овогт Цэгмидийн Г/РД: /-т холбогдох,

 

Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч Ц.Г, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2000 оноос хойш БНСУ-д ажиллаж амьдарч ирсэн бөгөөд намайг БНСУ-д байхад аав, ээж, дүү Ц.Г нар нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 43 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр захиалах боломж гарлаа, үнийг нь төлөөд авчих гэсэн. Ингээд би байрны төлбөр болох 35 000 орчим ам.долларыг 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл аав Цэвэгмидийн хамтран эзэмшдэг дансанд шилжүүлэх замаар уг орон сууцны үнийг би 100 хувь төлж худалдаж авсан билээ.

БНСУ-д ажиллаж байх үед Ц.Г надад худал хэлж байрны гэрчилгээ дээрээс аав, ээжийн нэрийг хасуулсан, улмаар дараа нь энэ байр таны л байр, Н.Оюунбатаас салах гэж байгаа, Н.Оюунбатын нэр дээрээс надруу шилжүүлчих, дүү нь нас барсан ээжийнхээ нэрийг барьж тангаргалъя, би байрыг булаацалдахгүй, төрсөн эгчдээ гэрчилгээг шилжүүлэхэд 10 минут хэмээн намайг ятган, хууран мэхэлж байрны гэрчилгээг ганц өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Улмаар намайг БНСУ-аас эх нутагтаа буцан ирэхэд Ц.Г хэлсэн амандаа хүрэлгүй байрыг надтай булаацалдаж, бидний хоорондын маргаан 2013 оноос хойш шүүхээр хянагдаж байгаад 2017 оны 04 сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт: Ц.Г “... Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч орон сууцыг 50, 50 хувиар хуваагаад авья, эвлэрье гэж хариуцагчид олон хэлсэн” гэж тайлбар гаргаж байжээ.

“Орон сууцыг худалдаж авахад хариуцагч мөнгө оруулсан ... гэж гэрч Д.Цэвэгмид, Ц.Хэрлэнцэцэг, Ц.Ганхүү” нар мэдүүлжээ.

“... Гэрчүүдийн мэдүүлэг болон маргаж буй орон сууцыг худалдаж авахад хариуцагч Ц.Х мөнгө оруулсан, нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцыг шилжүүлж өгнө гэж хариуцагчид мессеж бичиж байсан боловч зохигчид дараа нь 30 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтаас үзэхэд зохигчдын хэн аль нь орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй нь тогтоогдоогүй.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй орон сууцыг 50, 50 хувиар хариуцагчтай хувааж авах хүсэл зориг илэрхийлснииг анхааралгүйгээр нэхэмжлэгч орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй гэж үзсэн нь талуудын зарчимд нийцээгүй байв.

Зохигчид нь орон сууцыг тус тусдаа дангаар өмчлөх зрхтэй гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйлийг тэнцүү хуваах байр суурьтай байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарах нь зохистой байжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлага буюу дангаар өмчлөх эрхийн хүрээнд шийдвэр гаргах тул орон сууцыг дундаа өмчлөх эpxийн асуудалд дүгнэлт өгөхгүй, шүүхийн энэ шийдвэр нь эд хөрөнгийн дундаа өмчлөх харилцаанд нөлөөлөхгүй болно” гэж дүгнэсэн.

Иймд Ц.Х намайг Сүхбаатар дүүрэг, 8-р хороо бага тойруу гудамж, 43 байр, 54 тоотод байрлах 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарг бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар нэмэгдүүлж байна.

Надтай эх нэгтэй дүү Ц.Г нь миний хүнд хөдөлмөр эрхэлж олсон мөнгөөрөө худалдаж авсан СБД, 8 дугаар хороо, Бага тойруу, 43-54 тоот хаягт байршилтай миний 2 өрөө байрыг надаас булааж авч, 2014 оны 1 дүгээр сард цагаан сарын өмнөхөн гэрийн хаалганы цоожны голыг сольж намайг гэрээс хөөж гаргаснаас хойш би шүүхээр заргалдсаар 3 жил өнгөрсөн байна.

Миний Солонгос улсаас явуулсан мөнгөөр байр аваагүй, ээж аавыг тэжээсэн гэж Ц.Г тайлбар өгдөг. Ингээд ээж аавыгаа тэжээн тэтгэхэд зарцуулсан мөнгийг би ганцаараа гаргасан байна. Мөн охиноо тэтгэлэгтэй сургуульд явуулахаар банкны шилжүүлгээр бус харин каргогоор явуулсан 5000 ам.долларыг Ц.Г нь мөн аваад хэрэглэсэн байгаа. Эдгээр мөнгө төгрөгийн асуудлыг би жичид нь Ц.Гаас нэхэмжилнэ.

Ц.Г нь байрыг анх 30 000 мянган ам.доллараар авч байна, хотын төвийн байр учир үнэтэй байр шүү, cap бүр 1000 ам.доллар төлөх байх гэж хэлсэн учир би байрны мөнгөнд тэдэн доллар хэрэгтэй гэсэн үед нь тухайн хэмжээгээр доллар шилжүүлж, тэр мөнгийг тухайн дүнгээр нь байрыг худалдаж авсан компанид шилжүүлж байсан, мөн cap бүр банкиар 1000 доллар явуулж, 16 мянган ам.доллараар авсан байрыг намайг хуурч мэхлэн 35 000 ам.доллараар авсан гэж худлаа ярьж байсан зэрэг нь нэгэнт тогтоогдсон үйл явдал билээ.

Ц.Г нь тухайн байрыг худалдаж авах үед ямар ч орлогогүй байсан, эцэг Д.Цэгмид болон ээж Ц.Ирэхбаяр нар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон мөн л тэтгэвэрээс өөр орлогогүй байсан нь 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2496/С дугаартай хэргийн бүх материалаар нотлогдсон.

Би тухайн байрыг өөрийнхөө орлогоор худалдаж авсан гэж маргаж байгаа.

Миний дүү Ц.Г одоо 2 хүүхэдтэй, би бас 2 хүүхэдтэй. Энэ нь ирээдүйд тухайн байрыг өв залгамжлалаар булаацалдах асуудал үүсч болзошгүй байна.

Ц.Г 6 000 америк долларын хөрөнгө оруулсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг БНСУ-д эмнэлэгт хэвтсэн байхад Ц.Г нэг удаа эргэж ирсэн.

Тухайн байрыг худалдаж авахад оруулсан хөрөнгө оролцоогоо үндэслэн хамтран өмчлөх эрхтэйг тогтоолгохдоо дараахи хувь хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд тухайн байрны 90 хувийг Ц.Х өмчлөх эрхтэй гэдгийг тогтоож өгнө үү. Харин Ц.Г байрыг авахад анх санаачилга гаргаж байсан гэдгийг тооцон Ц.Г 10 хувийг өмчлөх эрхтэй гэдгийг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэв.

 

Хариуцагч Ц.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 43 байрны 54 тоот 2 өрөө байрыг хөнгөлттэй үнээр эхнэр Н.Оюунбатын байгууллагаас манай гэр бүлд олгосон.

Хөнгөлөлттэй байшин гэдэг нь үнэн. Ах, дүү нар хоёр хөгшинд байр авч өгий гэж тохиролцсон. Би энэ хүнтэй мөнгө төгрөг дансны холбоогүй.

Тэр үед иргэн Ц.Хийн нэхэмжлэлд дурдсанаар энэ байрыг үнийг төлж ав гэж миний зүгээс нэг ч удаа яриа гаргаж байгаагүй.

Ц.Х нь 35 000 ам.доллар шилжүүлж, энэ байрыг худалдаж авсан гэж дурдсан байгаа нь ор үндэсгүй гүтгэлэг. Шат шатны шүүх хурлын явцад төрсөн эгч, дүүгийн хувьд 50, 50 хувиар хувааж, эвлэрэх саналыг удаа дараа миний зүгээс гаргаж байсныг хүлээн зөвшөөрөхгүй өдий хүрсэн мөртлөө одоо болохоор хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Ц.Г миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч Ц.Гансүхийн өмгөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийдэл байгаа шийдлийг ямар байдлаар хийж болох вэ? гэхээр орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин худалдан борлуулсан орон сууцны хөрөнгөөр орлогыг хуваарьлаж болно.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Ц.Гт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байр, 54 тоот, 2 өрөө орон сууцны 90/ер/ хувийг өмчлөх эрхтэй гэдгийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Г нь 50/тавь/, 50/тавь/ хувиар хувааж, эвлэрэх саналыг удаа дараа миний зүгээс гаргаж байсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байр, 54 тоот, 2 өрөө орон сууц/цаашид “54 тоот орон сууц” гэх/-ы өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар зохигчид маргаагүй болно.

 

“Индустр” ХХК нь иргэн Н.Оюунбаттай 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр № 22 Захиалгаар орон сууц барих гэрээ байгуулж, 54 тоот орон сууцны үнийг 16 528/арван зургаан мянга таван зуун хорин найм/ ам.доллар байхаар харилцан тохиролцсон болох нь № 22 гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэн Н.Оюунбат нь хариуцагчтай гэрлэгчид байсан болох нь ПА № 705 гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

54 тоот орон сууцны нийт үнэ 16 528/арван зургаан мянга таван зуун хорин найм/ ам.долларыг 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулсан болох нь “Индустр” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр албан бичиг, “Индустр” ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх кассын орлогын ордерын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь 54 тоот орон сууцны үнэд 10 000/арван мянга/ ам.доллар төлсөн гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2000 оноос 2013 оны хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан талаар зохигчид маргахгүй байх ба нэхэмжлэгч нь БНСУ-д Кей Би банкинд 29250101126734 тоот, 620184707109 тоот данс, Хаан банкинд 5064088271 тоот ам.долларын данс эзэмшиж байсан болох нь 29250101126734 тоот, 620184707109 тоот дансны гүйлгээний орчуулга, 5064088271 тоот ам.долларын дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2008 оноос 2010 он хүртэл тодорхой шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй талаар, түүнчлэн Хаан банкинд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 5064088271 тоот ам.долларын хадгаламжийн дансны хамтран эзэмшигч Д.Цэвэгмид нь өндөр насны тэтгэвэрт байсан талаар маргаагүй болно.

 

54 тоот орон сууцны нийт үнэ 16 528/арван зургаан мянга таван зуун хорин найм/ ам.доллараас 16 228/арван зургаан мянга хоёр зуун хорин найм/ ам.долларыг Хаан банкинд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 5064088271 тоот ам.долларын хадгаламжийн данснаас зарлага гарсан өдөр төлсөн болох нь 5064088271 тоот ам.долларын хадгаламжийн дансны хуулга, “Индустр” ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх кассын орлогын ордерын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийг төлөөлөн хариуцагч нь 54 тоот орон сууцны үнэд 16 228/арван зургаан мянга хоёр зуун хорин найм/ ам.долларыг төлсөн болох нь 5064088271 тоот ам.долларын хадгаламжийн дансны хуулга, “Индустр” ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх кассын орлогын ордерын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр ... этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.”, 487 дугаар зүйлийн 487.1-т “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 54 тоот орон сууцыг дундаа хэсгээр өмчлөх буюу 54 тоот орон сууцны 90/ер/ хувийг өмчлөх эрхтэй болох нь 5064088271 тоот ам.долларын хадгаламжийн дансны хуулга, “Индустр” ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх кассын орлогын ордерын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ ... салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 54 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийн үнийг шаардах эрхтэй боловч ногдох хэсгийн үнийг гаргуулах нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Х нь Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байр, 54 тоот, 48.92/дөчин найм зууны ерэн хоёр/ м.кв орон сууцны дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Х нь Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байр, 54 тоот, 48.92/дөчин найм зууны ерэн хоёр/ м.кв орон сууцны дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Хийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ