Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01431

 

Ч.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэр

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлалтай

Ч.Тын нэхэмжлэлтэй

Ж.Уд  холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 15 275 570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Тын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мөрөн сумын Цагаан-Уул хүнсний зах дээр Өсөх-Идэр нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байхдаа Ж.У гэдэг эмэгтэйг өөрийн хүсэлтээр нь 2013.9.13-ны өдрөөс худалдагчаар авч ажиллуулсан. Манай дэлгүүрт 2 жил орчим ажилласан. 2015.11.15-ны өдөр бид эцэслэж тооцоо нийлэхэд 29 506 670 төгрөг дутагдуулсан. Уг баримтан дээр Ж.У гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй тул арга буюу цагдаагийн байгууллагад хандаж Ж.Уыг шалгуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдлээр учруулсан гэх хохирол 14 229 320 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад 15 275 570 төгрөгийн гэм хорыг учруулсныг шүүхээс болон прокуророос иргэний журмаар баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг олгосон. Нэгэнт надад учирсан 15 275 570 төгрөгийн гэм хорыг Ж.У хариуцах хуулийн болоод нотолгооны бүрэн үндэслэлтэй тул хариуцагч Ж.Уас 15 275 570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би өөрөө зээл олгохыг зөвшөөрсөн 16 сая төгрөгийн өрийг өөрөө хариуцсан. Ж.У дур мэдэж 29 сая төгрөгийн зээлийг бусдад олгосон байсан. 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын хооронд 4 сарын хугацаанд л дутагдуулсан барааны мөнгө юм гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би 2 жил 2 сар Ч.Тын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа сар болгоны 15-ны өдөр тооллого хийдэг байсан. Тооллого хийхдээ би ганцаараа тооцоо хийдэг байсан. Би хамтдаа тооллого хийхийг шаарддаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд дэлгүүрийн түлхүүр надад байдаггүй байсан.

Нэхэмжлэгч Ч.Т нь бараа дутагдуулсны төлбөр 15 275 570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч би тухайн үедээ ийм өр төлбөр гаргаагүй, ийм дутагдал төлбөр гаргаж байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж анх Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад аймгийн прокурорын газраас 15 106 050 төгрөгийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нэхэмжлэгч нь нотлох баримтгүйгээр дээрх хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тогтоол нь одоог хүртэл хүчинтэй байгаа тул би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 15 275 570 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Уд холбогдох гэм хорын хохирол 15 943 050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 15 943 050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/...” гэснийг “... 15 275 570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасан хуулийн үндэслэлийг “зөрчсөн” байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчээс гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

Хэргийн хариуцагч Ж.У нь нэхэмжлэгчийн өмнө 15 275 050 төгрөгийг иргэний хувьд хариуцахаар болсныг хэрэгт авагдсан прокурорын тогтоолоор тогтоогдсон байгаа болно. Ж.У нь эрүүгийн хэрэгт шалгагдан шийдвэрлүүлж “гэм буруутайд” тооцогдохдоо өөрийнхөө охинтой хамтран авч ашигласан барааныхаа төлбөрийг төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч миний нэхэмжилж байгаа төлбөрийг шүүхүүд шийдвэрлэхдээ зөрүүтэй буруу дүгнэлтийг хийж байгаагаас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас гаргахгүй байгаад нэхэмжлэгч миний эрх зүйн байдал илтэд дордсоор байна. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ Ж.Уын данстай холбоотой мөнгө орсон, гарсан асуудлыг нотлох баримтаар үнэлсэн, үнэлээгүйг мөн 15 943 050 төгрөгийг ямар баримтыг нь үнэлээгүй учраас тухайн мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгосон талаараа дурдаагүй учир ...шийдвэрлэх боломжгүй гэсэн нь илтэд илэрхий ойлгогдохгүй байгаа болно. Ж.Уыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолд 15 943 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ямар ч заалт байгаагүй.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч миний гаргасан гомдлыг үндэслэл бүхий байхад хуулийн заалт барин хэргийн оролцогч намайг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадаагүй байна, шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ нотлох баримтаар нотлоогүй гэснийг миний бие эрс эсэргүүцэж байна. Би анхан шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн. Ж.У бид хоёрын тооцоо нийлсэн, гараар бичигдэж гарын үсгээ харилцан зуралцсан баримтыг нотлох баримт гэж үзэж байна.

Учир нь: Хариуцагч Ж.У өөрөө уг баримтыг хүлээн зөвшөөрдөг, гарын үсгээ зуралцсан дээр маргадаггүй. Үүнийг давж заалдах шатны шүүхээс ...ойлгомжгүй гэсэн мөн эрүүгийн хэргээс хуулбарласан дансны хуулгын баримтуудыг нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэснийг нэхэмжлэгч иргэн би харин ойлгохгүй байна. Шүүгч Б.Мөнхтуяа нь өөрөө шүүхийн хавтаст хэргээс миний хүсэлтийг үндэслэн шүүх өөрөө цуглуулсан баримт шүү дээ. Тийм байхад яахаараа нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээд байгаа нь ойлгогдохгүй байна.

Хариуцагч Ж.У нь миний гаргаж өгөөд байгаа үндэслэл, баримтыг ямар ч баримтаар “няцаагаагүй шүү дээ ... дансаар нь орж ирсэн, надад орох ёстой мөнгийг надад өөрт өгсөн ш дээ гэж хэлдэг болохоос биш, ямар нэгэн баримт гаргаж ирээгүй, шүүхэд ч өгөөгүй юм.

Ийм байхад анхнаасаа шүүгч Б.Мөнхтуяа нь буруу шийдвэр гаргасан юм.

Шүүгч Б.Мөнхтуяа давж заалдах шатны шүүхийн шүүгчээр оролцсон Ё.Бямбацэрэн нар нь хоорондоо төрөл садан тул бие биенийхээ шийдвэрт харилцан нөлөөлж байна. Ийм учир шүүхийн шийдвэр шударга гарахгүй байгаагаас иргэн миний бие Ж.Уас гэм хорын хохирлоо төлүүлж авч чадахгүй байна. Иймд шийдвэр болон магадлалыг зөвтгөж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Т нь Ж.Уд холбогдуулан өөрийн Өсөх-Идэр дэлгүүрт 2013 оноос 2015 оны хооронд худалдагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 42 иргэнд ажил олгогчийн зөвшөөрөлгүй зээлээр бараа зарж, 29 506 670 төгрөгийн бараа дутагдуулсан, энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн ба эрүүгийн журмаар шалгагдах явцад 14 229 320 төгрөгийг төлсөн, иймд үлдэгдэл 15 275 570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нотлох баримтаар тогтоогдсон 14 229 320 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгосон аймгийн прокурорын тогтоол хүчинтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжилж буй 15 275 570 төгрөгийн задаргаа буюу бүрдүүлбэр тодорхойгүй байхад асууж тодруулаагүй, улмаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн хэргийн хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг үүсгэх захирамжид Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар, шүүхийн шийдвэрт 41.1.7.-д зааснаар тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    Х.ЭРДЭНЭСУВД