Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 0009

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2018        05             03                                               09

 

 

                                                                                

 Ч.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ж.Уянга нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Уянгад холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 15 275 570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мөрөн сумын Цагаан-Уул хүнсний зах дээр Өсөх-Идэр нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байхдаа Ж.Уянга гэдэг эмэгтэйг өөрийн хүсэлтээр нь 2013.9.13 өдрөөс худалдагчаар авч ажиллуулсан. Манай дэлгүүрт 2 жил орчим ажилласан. ... 2015.11.15-ны өдөр бид эцэслэж тооцоо нийлэхэд 29 506 670 төгрөг дутагдуулсан. Уг баримтан дээр Ж.Уянга гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн юм.  

... Ингээд цагдаагийн байгууллагад арга буюу хандаж Ж.Уянгыг шалгуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдлээр учруулсан гэх хохирол 14 229 320 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад 15 275 570 төгрөгийн гэмт хорыг учруулсныг шүүхээс болон прокуророос иргэний журмаар баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг олгосон. Нэгэнт надад 15 275 570 төгрөгийн гэм хорыг Ж.Уянга хариуцах хуулийн болоод нотолгооны бүрэн үндэслэлтэй байх тул хариуцагч Ж.Уянгаас 15 275 570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би өөрөө зээл олгохыг зөвшөөрсөн 16 сая төгрөгийн өрийг өөрөө хариуцсан. Уянга дур мэдэж 29 сая төгрөгийн зээлийг бусдад олгосон байсан. 2015 оны 7 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын хооронд 4 сарын хугацаанд л дутагдуулсан барааны мөнгө юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уянга Төмөрбаатартай ажиллаж байхдаа банкны зээлээ чөлөөлсөн байдаг. Энэ байдлаар итгэл алдаж эхэлсэн. Эдгээр хүмүүсийн бараа борлуулалт нь хяналттай байсан. ... Прокурор баримт нь байгаа учир 15 сая төгрөгийг иргэний журмаар нэхэмжил гэж хэлсэн. Иргэний баримт нь банкны хуулга зэргээр харагдаж байна. ...Төмөрбаатар өөрийн бусдад зээлдүүлсэн 16 сая төгрөгийг хассан. ... Иймд дээрх мөнгийг Уянгаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Уянга шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Би 2 жил 2 сар Төмөрбаатарын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа сар болгоны 15-ны өдөр тооллого хийдэг байсан. Тооллого хийхдээ би ганцаараа тооцоо хийдэг байсан. Би надтай хамтдаа тооллого хийхийг шаарддаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд дэлгүүрийн түлхүүр надад байдаггүй байсан.

Нэхэмжлэгч Ч.Т нь бараа дутагдуулсны төлбөр 15 275 570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч би тухайн үедээ ийм өр төлбөр гаргаагүй ийм дутагдал төлбөр гаргаж байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад аймгийн прокурорын газраас 15 106 050 төгрөгийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч нь нотлох баримтгүйгээр дээрх хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тогтоол нь одоог хүртэл хүчинтэй байгаа тул би нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа 15 275 570 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Бизкон Аудит-ын дүгнэлт, прокурорын дүгнэлт, хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан талаарх баримтыг гаргаж өгсөн байдаг. Ямар нэр төрлийн бараа хэдэн төгрөг дутсаныг нотлоогүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь эрүүгийн хэрэгт гаргаж өгч байсан баримтууд бөгөөд иргэний хэрэгт нотлох баримтыг гаргаж өгсөн гэж үзэхгүй. Эрүүгийн хэргээс канондож өгсөн нотлох баримтууд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Уд холбогдох гэм хорын хохирол 15 943 050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлд хавсаргасан үйл баримтууд болон шүүх хурал дээр гаргаж өгсөн бидний нотолгоог анхааралтай авч үзэж судлаагүйгээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө үнэлсэн, үнэлээгүйг хооронд нь ялгаж чадсангүй.  Тухайлбал, хариуцагч Ж.У нь Хаан банканд 5890242727 тоот дансыг эзэмшдэг. Зээл өгөх эрхгүй худалдагч Ж.У  нь “Өсөх-Идэр” дэлгүүрийн барааг нэр бүхий 42 хүнд зээлээр өгч, зээлийн төлбөрөө бэлэн мөнгөөр өөрийн дансандаа шилжүүлж авчхаад авсан мөнгөө надад өгөөгүйгээс би түүнээс шаардах эрхээ хэрэгжүүлэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа.

Тус шүүхэд тооцоо нийлсэн баримт болох 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг сар хорин нэгэн хоногт барааг үнийн дүнгээр зээлсэн тооцоог жагсаалтаар үйлдсэн, үүнийгээ харилцан зөвшөөрснөө гарын үсгээр баталгаажуулсан баримтаа өгсөн. Энэ эх хувь байсан бөгөөд шүүх үнэлсэнгүй. Уг баримтыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байгаа болно. Хаан банкны дансны хуулгыг 8 хуудсаар авч шүүхэд өгсөн. Энэ нь хариуцагчийн 5890242727 тоот дансны хуулга юм. Уг дансаар ...  Байгаль 1 715 800 төгрөг өгөхөөс 400 000 төгрөгийг шилжүүлсэн, Төгсөө 935 000 төгрөг өгөхөөс 347 000 төгрөгийг шилжүүлсэн ... гэх мэт болно. Үүнийг хариуцагч авснаа хүлээдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэснийг үндэслэлээ болгосон нь илэрхий алдаатай боллоо.  Шийтгэх тогтоолд ... Ж.Уянгын данстай холбоотой мөнгө орсон, гарсан асуудлыг нотлох баримтаар үнэлсэн үнэлээгүйг, мөн       15 943 050 төгрөгийг ямар баримтыг нь үнэлээгүй учраас хэрэгсэхгүй болгосон талаараа дурдаагүй учир ... шийдвэрлэх боломжгүй гэсэн нь илтэд ойлгомжгүй байна. ... Иймд шүүхийн 385 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ж.Уас  “...худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан барааны үнэ 15 275 570 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Ж.У “... би өр төлбөр гаргаагүй цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад прокурорын газраас 15 106 050 төгрөгийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол одоог хүртэл хүчинтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй”  гэж маргажээ.

         Нэхэмжлэгч Ч.Т нь Ж.У худалдагчаар ажиллах хугацаандаа эд хөрөнгө завшсаныг цагдаагийн байгууллагаар шалгуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдлээр учруулсан хохирол 14 229 320 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад         15 275 570 төгрөгийн гэм хорыг учруулсныг шүүхээс болон прокуророос иргэний журмаар баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг олгосон. Ж.У хариуцах хуулийн болоод нотолгооны бүрэн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа  нотолж чадаагүй байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  баримтаар нотлоогүй, тооцоо нийлсэн гэх баримт нь /хх-77-78, 38-45 / ойлгомжгүй,  нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр эрүүгийн хэргээс хуулбарласан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хэргийн бодит байдлын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтуудад тулгуурласан, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

            Харин анхан шатны шүүх шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнг 15 943 050 төгрөг гэж буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 15 943 050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/...” гэснийг “... 15 275 570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                            Т.ГАНБАТ

 

 

 

,