Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01432

 

Б.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 425 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар магадлалтай

Б.Цгийн нэхэмжлэлтэй

“Д” политехник коллежид холбогдох

Цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д политехник коллежид цахилгаанчнаар 2012 оноос 2018 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажлаа чанарын өндөр түвшинд хийж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан. 2018 оны 01 дүгээр сард сургууль амраад захирал тушаалаар хариуцлагатай жижүүр томилсон. Тушаалын дагуу Б.Бат-Ирээдүйн хамт сургууль дээр ирээд дотуур байр болон өрөө тасалгаануудаар ороод тог цахилгаан шалгаад явж байтал дотуур байрны арын гэрэл шатсан байсан түүнийг янзал гэсэн үүрэг авсан боловч тухайн үедээ багаж байхгүй байсан учир маргааш нь ирээд янзалъя гэж хэлээд явсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дотуур байрны арын гэрлийг янзалсан. Тухайн үед П.Бямбасүрэн жижүүрээр гарч байсан. Орой нь янзалсан гэрлээ ажиллаж байгаа эсэхийг шалгахаар сургууль дээр ирсэн. Сургуулиас гараад явж байгаад С.Баасанжаргалтай таарсан. П.Бямбасүрэн С.Баасанжаргалын утасны дугаар луу залгаад ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй ах нь айгаад байна гэж хэлсэн. Сургуулийн гараашид С.Баасанжаргал машинаа оруулаад би хичээлийн байранд дохиолол тавьчихаад явж байтал захирал орж ирсэн. Захирал бид нартай юу ч дуугарахгүй чигээрээ хажуугаар гараад заал руу орсон. Захирал цаанаас би наад хоёртой чинь тооцоотой гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд С.Баасанжаргал бид 2 жижүүрийн дэвтэрт архи уугаагүй гэдгээ бичээд гарын үсэг зураад явсан. Дараа нь намайг сургууль дээр архи уусан архи уухад уруу татсан гээд үндэслэлгүй ажлаас халсан. Иймд ажилдаа эгүүлэн орж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот тушаалаар “Хариуцлагатай жижүүр, хуваарь”-ийг гаргасан. Тус хуваарийн дагуу сургуулийн захирал С.Батбаяр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эргүүл хийхэд сургуулийн жижүүрээр ажиллаж байсан П.Бямбасүрэн, ажилтан С.Баасанжаргал, цахилгаанчин Б.Ц нар нь согтуу, сургуулийн дадлагын газраас гарсан бөгөөд захирал С.Батбаярыг хараад баганын араар нуугдах үйлдэл гаргасан. Яагаад согтуу явж байсан талаар захирал тодруулахад нийтээрээ амарсан байхад ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, жижүүрийг архидуулан, сургуулийн дадлагын газарт хувийн машинаа багаж хөлдсөн нэрийдлээр оруулж ирсэн байдаг. Дээрх үйлдлүүд нь сахилгын зөрчлийг давтан гаргасан хэмээн үзэх үндэслэл болж байна. Энэ тухай жижүүрийн дэвтэр дээр бичиж баримтжуулсан байдаг. Маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08.00 цагаас дараагийн жижүүр Б.Бат-Ирээдүйгээс ажлаа хүлээн авахад өчигдөр орой машинтайгаа сургууль дээр орж дадлагын газар машинаа жаахан байлгая гэхээр нь зөвшөөрч сургуулийн хашаагаар машиныг нь нэвтрүүлж, дадлагын газарт байлгаж байгаад гурвуулаа ганц юм уугаад гараад ирсэн чинь захиралтай тааралдсан. Архи уусан болохоор С.Баасанжаргал гэр бүлийнхээ хүнийг дуудсан байсан. Захирал явсны дараахан С.Баасанжаргалын гэр бүлийн хүн ирээд машинаа бариад явсан гэж хэлсэн бөгөөд бичлэгийг захиргаа аж ахуйн менежер П.Аюурзана, жижүүр Б.Бат-Ирээдүй нар үзсэн. Тэр 3 хүний архи уусныг нотолж гэрчилж байна. Эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалт, сургуулийн дотоод журмын 5.10.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 зүйл заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн. Сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байранд хамтран архидалт зохион байгуулсан. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан С.Баасанжаргалд хариуцлага тооцон 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллаж байсан П.Бямбасүрэн сургуулийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байранд бусадтай хамтран архидалт зохион байгуулж ажлын хариуцлага алдан, ноцтой зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн учир 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгч Б.Цгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 425 шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цгийн хариуцагч Д политехник коллежид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1287 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цг “Д политехник коллежийн цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Д” политехник коллежид даалгаж, нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Цгаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Ц миний бие нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

...Би анх “Цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын зарим хэсгийг хууль зүйн талаас нь зөв үнэлж дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулсан ч урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагатай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд би гомдолтой байна.

Би авч байсан цалин хөлс, төлж байсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай холбоотой нотлох баримт болох цалингийн картыг хүснэгт байдлаар цалингийн тодорхойлолт авахаар нягтланд хандахад тодорхойлолтыг ийм хэлбэрээр өгдөг болсон гээд хүснэгт бүхий цалингийн карт өгсөн, цалингийн картанд сард авдаг цалин хөлс, сард төлдөг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тусгагдсаныг шүүхэд гаргаж өгөн хавтаст хэргийн 95, 96 хуудсанд хавсаргуулсан байсан.

Гэтэл давж заалдах шатны энэ нотлох баримтыг үнэлэхгүйгээр цалин хөлстэй холбогдолтой нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогчоос гаргуулж ажилтан миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Б.Содболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа: “...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхэд ажилтан гомдол гаргасны дараа ажил олгогч сахилгын зөрчил гаргасныг тогтоолгохоор шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх ажиллагаа хийлгэсэн байна.” гэж дүгнээд ийнхүү шүүхээр бүрдүүлсэн баримтуудаар Б.Ц нь архи ууж, архидан согтуурах ажиллагаа зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ” хэмээн тус тус дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн буюу хариуцагч “Дархан- Өргөө” политехникийн коллежийн нотлох баримт цуглуулах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ шүүхэд нотлох эрхийг хязгаарласан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь ажил олгогч, ажилтан нарын хоорондын харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд Б.Цг ажлаас чөлөөлсөн 2018.02.01-ний өдрийн Б/10 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд ...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байна. Хуулийн тус заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь бодит байдал дээр бүрдсэн байх бөгөөд ажил олгогч эрх хэмжээнийхээ хүрээнд Б.Цг зөрчил гаргасан хэмээн үзэж тушаал шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, харин ажилтан тус тушаал шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд зарга мэдүүлэх замаар ажил олгогчийн тушаалыг шүүхийн хяналтанд авчирч хянуулдаг хууль зүйн зохицуулалт үйлчилдэг. Нэгэнт ажилтны гомдлоор шүүхийн хяналтанд ажил олгогчийн тушаал ирсэн тохиолдолд ажилтан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч буюу ажил олгогч татгалзлынхаа үндэслэлийг нотлох байдлаар хэргийн оролцогчийн хувьд аль аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах арга хэлбэрийг ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил тэгш, эрхтэйгээр оролцох учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн буюу ажил олгогчийн хэргийн оролцогчийнхоо хувьд эдлэх эрхийнхээ хүрээнд шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлсэн нотлох баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн оролцогчийн эрх, үүргийг тодорхойлсон 25 дугаар зүйл, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг зохицуулсан 38 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхээс цуглуулсан нотлох баримтууд нь нэхэмжлэгч буюу ажилтан Б.Ц зөрчил гаргасан болох нь тогтоогдсонгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх тухай хуулийн зохицуулалтыг бүхэлд нь зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь “Д” политехникийн коллежийн цахилгаанчин Б.Цтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний /хх 5-7 хуудас/ 4 дүгээр зүйлд ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийн талаар ажилтан, ажил олгогч нар хоорондоо сайн дурын үндсэн дээр байгуулсан тус гэрээгээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 4.2.3 дахь хэсэгт заасан “Ажлын болон ажлын бус цагаар архидалт зохион байгуулсан, согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн....” гэх мэт үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. Б/10 дугаар тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт сахилгын зөрчил давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан байх бөгөөд дээрх 2 үндэслэл бүрдсэн болох нь 2017.09.06-ны өдрийн Б/30 дугаар “Арга хэмжээ авах тухай” тушаал /хх 63хуудас/, 2018.01.19-ны өдрийн “Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл” /хх 76 хуудас/, 2018.01.4-ны өдрийн “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаал /хх 61 хуудас/, сургуулийн жижүүрийн тэмдэглэлийн дэвтэр /хх 87 хуудас/, зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч С.Баасанжаргал, П.Бямбасүрэн нарын өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх тус нотлох баримтуудаар ажилтан Б.Ц зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт: “... Аливаа ажил олгогч этгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөрчил гаргасан үйл явдлыг хөдөлшгүй баримтаар тогтоосны эцэст шийдвэр гаргах учиртай.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь ажил олгогч аливаа зөрчлийн болон, бусдын гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэр гаргадаг эрх бүхий субъект биш. Харин ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын заалтыг хөдөлмөрийн харилцаандаа баримталж Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргах боломжийн хүрээнд ажилладаг. Хөдөлмөрийн харилцаан дахь зөрчил, ноцтой зөрчил, сахилгын зөрчил гэх ойлголт нь бусад төрлийн зөрчлөөс ажилтан, ажил хөдөлмөр эрхлэх харилцаандаа, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчил дутагдал гаргасан тухай ойлголт байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл Ажил олгогч ажилтны зөрчлийг өөрийн удирдлага зохион байгуулалтын хэмжээнд, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар зохицуулсан зохицуулалтаар тогтоогоод шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийг зайлшгүй хөдөлшгүй баримтаар тогтооно гэсэн хуулийн шаардлага байхгүй болно. Харин шүүхэд ажилтан нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэхдээ гагцхүү хөдөлшгүй баримтаар хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэгч Б.Ц тухай өдөр байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан жижүүр П.Бямбасүрэнд түүний ажилтай байгааг нь мэдсээр байж архи хундагалан өгч уулгасан тухайгаа өөрөө зөвшөөрдөг бөгөөд тус үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т заасан архидалт зохион байгуулсан гэх ойлголтонд хамаарна хэмээн ажил олгогч шийдвэр гаргасныг үгүйсгэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ тохиолдолд Б.Цгийн хувьд ажлын гараатай жижүүр П.Бямбасүрэнд архи хундгалаж өгөх бус харин жижүүр болон бусад этгээд архи ууж байгаа талаар өөрийн удирдлагад мэдэгдэх үүрэгтэй юм.

Иймд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар Магадлалд өөрчлөлт оруулж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ц нь ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр “Д” политехник коллежид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Ц “Д” политехник коллежид 2012 оноос цахилгаанчнаар ажилласан, Дархан-Уул аймаг дахь “Д” политехник коллежийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар  “...Б.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, сахилгын зөрчилтэй байх хугацаандаа ажлын байранд согтуугаар нэвтэрч, архидалт зохион байгуулан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг удаа дараа зөрчсөн...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь тухайн өдөр архи уугаагүй гэж маргаж, ажил олгогч зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж мэтгэлцсэн байна.

Ажилтныг ажлаас халсан тушаалд заасан “...архидан согтуурахыг зохион байгуулсан, ажлын байранд согтуугаар нэвтэрсэн...” гэх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарах боловч ажилтан тухайн зөрчлийг гаргасан болох нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

Анхан шатны шүүх ажилтны гаргасан зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Б.Цг ажлын байранд согтуугаар нэвтэрч, архидалт зохион байгуулсан, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн байна. 

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл бүхий байх боловч нэхэмжлэгчийг “...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн 95, 96 дугаар талд авагдсан ажилтны цалингийн картны хуулбарыг үнэлэлгүй орхигдуулсан байна.

Иймд дээрх баримтад үндэслэн ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтоож, хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй байна.

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэж, тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 02 дугаар сарын 01-нээс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 3 сар, ажлын 14 хоног байна.

Б.Цгийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтооход /(478077+474080+421265) :3 сар / 457 807 төгрөг байна, үүнээс ажилгүй байсан хугацааны 3 сар 14 хоногийн олговрыг тооцож, /457 807:21.5х14 хоног+ (457807х3 сар)/ нийт 1 671 527 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, энэ энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэх хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 1 671 527 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41 694 төгрөгийг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулахыг хариуцагчид даалгасугай.” гэсэн заалт нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Цгийн гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлснийг 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД