Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч С.Отгонтуяа нарын бүрэлдэхүүнтэй, 

Нэхэмжлэгч: 1. “Э” ХХК, 

  2. “Х” ХХК, 

3. “Ө” ХХК, 

4. “И” ХХК, 

5. ““Э” ХХК, 

6. “К” ХХК, 

7. “Ф” ХХК. 

Хариуцагч:      1. М банк, 

2. Сангийн яам, 

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 

4. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, 

5. Худалдаа хөгжлийн банк. 

Нэхэмжлэлийн шаардлага: 

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Сангийн яам, М банканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн яам, М банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, М банкнаас гаргуулах” тухай;  

Нэхэмжлэгч ““Э” ХХК, “Х” ХХК, “Ө” ХХК, “И” ХХК, “К” ХХК, “Ф” ХХК нараас Сангийн яам, М банканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320  дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, М банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Н.Н, нэхэмжлэгч “Х” ХХК, “И” ХХК, “Ф” ХХК, “К” ХХК, “Ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, М.Б, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжууулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дүгээр тушаалаар “Хүнсний нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр батлагдсан болно. 

Уг хөтөлбөрийн хүрээнд гурил үйлдвэрлэгч Аж ахуйн нэгж хөнгөлөлттэй нөхцөл бүхий хөтөлбөрийн зээлд хамрагдаж гурилын үнийн дээд хязгаарыг тогтоож 10 кг болон түүнээс дээш савалгаатай 1 кг дээд гурилыг бөөнөөр худалдах үнийг 1000 төгрөг, нэгдүгээр зэргийн гурилын бөөнөөр худалдах үнийг 730 төгрөгөөс дээш үнээр борлуулж байгаа билээ. 

“Э” ХХК-ийн хувьд “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт хамрагдаж, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Гурилын үнэ тогтворжуулах, тэжээлийн хивэг нийлүүлэх”, БГ140220/06-008 дугаар гэрээг байгуулж, Монголбанкнаас арилжааны банктай байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” /бодлогын гэрээ/-ний дагуу Худалдаа хөгжлийн банктай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗЭГ/111 дүгээр “Зээлийн гэрээ”-г байгуулж, 6,000,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар жилийн 3.8 хувийн хүүтэйгээр авсан. 

Бид уг зээлийн гэрээг хүнсний улаан буудай худалдан авах болон үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд зарцуулсан болно. Гэтэл 2015 онд улс орон даяар ган болж, хүнсний улаан буудай нь дотоодын эрэлт нийлүүлэлтээ давсны улмаас улаан буудайн үнэ харьцангуй өндөр 1 тонн нь үтрэм дээрээ 570,000 төгрөгийн үнэтэй, харин гурил тэжээлийн үнийг тогтворжуулсан байсан тул гурил үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж хүнд нөхцөлд орсон. Энэхүү нөхцөл байдлаа гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-гоор дамжуулан холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. 

Харин энэ үед Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 41 дүгээр тогтоол батлагдаж хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг 41 дүгээр тогтоолд үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлага шилжүүлэх авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоолоор “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас гарган, Монголбанкинд эзэмшүүлэх замаар шилжүүлэн авч, улсын төсвийн авлагад бүртгэж Монголбанктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулж зээлийн үйлчилгээг гүйцэтгүүлэх—ээр шийдвэрлэсэн. Үүний дараа Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолоор зээлийн гэрээний хугацааг нэг жилээр сунгахаар шийдвэрлэсэн юм. Мөн дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт тус тус үүрэг болгосон. 

Гэтэл Улсын Их Хурал, Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тодорхой ажиллагаануудыг гүйцэтгэж, Монголбанкнаас зээлийг авлагыг шилжүүлэх санхүүгийн зуучлалын гэрээний төслийг Сангийн яаманд хүргүүлсэн боловч Сангийн яамнаас “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн зээлийг авлагыг шилжүүлэх талаар тодорхой алхмуудыг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй үлдсэн. Сангийн яамны энэхүү үл ойлгогдох нөхцөл байдлын улмаас хөтөлбөрт хамрагдсан “Э” ХХК зээлийн гэрээний хугацаагаа сунгуулах замаар зээлийн эргэн төлөлтийн ачааллаа бууруулах боломжоо алдаж, арилжааны банкуудтай бизнесийн итгэлтэй харилцаагаа алдах нөхцөл бүрдэж, хууль ёсны эрх ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн. Түүнчлэн “Э” ХХК гурилын үнийг өнөөдрийг хүртэл тогтворжуулж, үнийг хязгаарлалтад байгаа боловч, үнэ тогтворжуулах зорилгоор авсан жилийн 3.8 жилийн хүүтэй зээлийн гэрээний хугацаагаа дахин нэг жилээр сунгуулж чадаагүйн улмаас хөтөлбөрийн зээлийн жилийн 19.2 хувийн хүүтэй арилжааны зээлд шилжсэн. 

Ийнхүү Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Монголбанк, Сангийн яамны хууль бус эс үйлдэхүй үйлдсэн 1 жилийн хугацаанд “Э” ХХК-ийн хөтөлбөрийн 3.8 хувийн хүүтэй зээл нь арилжааны 19.2 хувийн хүүнд шилжсэний улмаас нийт 806,737,408 төгрөгийн хүүг илүү төлж хохироод байна. Хэрэв Монголбанк, Сангийн яамнаас зээлийн авлагыг шилжүүлэн авах, “Санхүүгийн зуучлалын гэрээ”-г байгуулах зээлийн гэрээг сунгах ажиллагааг тогтоолд заасны дагуу хэрэгжүүлсэн бол бид ийм хэмжээний өндөр хүү төлөх ёсгүй байсан юм. 

Харин тус компанийн зүгээс шүүхэд өмнө нь гаргасан бусад нэхэмжлэлийн шаардлагууд болон Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хүнс хөдөө аж ахуйн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд: 

1. Монголбанк, Сангийн яамны зүгээр Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлага шилжүүлэх авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 

2. Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас хүүгийн зөрүүнээс тус компанид учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Монголбанк, Сангийн яамнаас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч “Хатансүйх импекс” ХХК, “И” ХХК, “Ф” ХХК, “К” ХХК, “Ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А-24 дүгээр тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дөд хөтөлбөр батлагдсан. 

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан “И” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банктай зээлийн гэрээ байгуулж 750.000.000 төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэй авсан болно. 

Гэвч М банк арилжааны банкнаас зээлийг үлдэгдлийг татан авсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 354.068.768 төгрөгөөс зээлийг хүүг арилжааны банкны хүүгээр 1 жилийн 21.6 хувиар тооцож 76.478.768 төгрөгийн хүү төлөх болж байна. Үүнийг Засгийн газрын тогтоолын дагуу 1 жилийн хугацаагаар сунгасан бол 1 жилийн 3.8 хувийн хүү буюу 13.454.613 төгрөг төлөх байтал хүүний зөрүүнд /21.6 хувиар/ 13.024.241 төгрөг илүү төлөх болсон. 

“Ф” ХХК 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж 600.000.000 төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэй авсан болно. 

Мөн Монголбанк арилжааны банкнаас зээлийн үлдэгдлийг татан авсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 255.000.000 төгрөгөөс зээлийн хүүг арилжааны банкны хүүгээр 1 жилийн 24 хувиар тооцож 61.200.000 төгрөгийн хүү төлөх болж байна. Үүнийг Засгийн  газрын тогтоолын дагуу 1 жилийн хугацаагаар сунгасан бол 1 жилийн 3.8 хувийн хүү буюу 9.690.000 төгрөг төлөх байтал хүүний зөрүүнд /24 хувиар/ 51.510.000 төгрөг илүү төлөх болсон. 

“К” ХХК, “Ө” ХХК-иуд хамтран 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж, 1,3 тэрбум төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэй авсан болно. 

Мөн Монголбанк арилжааны банкнаас зээлийн үлдэгдлийг татан авсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 720.556.083.55 төгрөг, үндсэн хүү 23.321.495.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.615.970.00 төгрөгийн хүү тус тус төлөх болж нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан зээл нь хугацаа богино байсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолоор зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн зээлийг үлдэгдлийг гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн билээ. 

Гэтэл Монголбанк нь нэхэмжлэгч нарын авсан зээлийн үлдэгдлийг арилжааны банкуудаас татан авсан тул зээлийг хүүг арилжааны банкны хүүгээр бодож, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Мөн Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудаар Сангийн сайдад тодорхой үүрэг хүлээлгэсээр байхад Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 20 дугаар зүйлийн 20.6, 24.1.1, 30.8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасан хуулиар хүлээсэн үүрэг болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй юм. 

Дээрх үндэслэлээр хариуцагч нар  нь Монгол Улсын хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан юм. 

Иймд Монголбанк, Сангийн яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ” /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Монголбанкнаас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1. Төв банкны тухай хуулиар Монголбанк нь Засгийн газраас хараат бөгөөд Засгийн газрын тогтоолоор Монголбанканд үүрэг өгөхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор гэрээ байгуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгаж, Хөгжлийн банкны удирдах зөвлөл /Б.Шинэбаатарт/-д зөвшөөрсөн, 2015 оны 280 дугаар тогтоолоор арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөгжлийн банкны удирдах зөвлөл /Б.Мөнхбаатар/-д тус тус үүрэг болгосон байх бөгөөд Монголбанканд үүрэг хүлээлгэсэн мөн зөвшөөрөл бөгсөн ямар нэгэн шийдвэр гараагүй тул эдгээр тогтоолыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй болно. 

         2. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй” гэж заасан . “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, дэмжсэн аж ахуйг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр арилжааны банкууд болон  нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан зээлийн гэрээг Монголбанк сунгах талаар шийдвэр гаргах, хувь этгээдийн хоорондох зээлийн гэрээнд нөлөөлөх боломжгүй. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сангийн яамнаас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1-д “Хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх”-ээр заасны дагуу “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдлийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр Сангийн яам, Монголбанк судлан хамтран ажилласан ба Монголбанкнаас 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/474 дүгээр албан бичгээр Мах болон гурилын нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөрийн зээл 2015 оны 7, 8 дугаар сард эргэн төлөгдөж дуусах тул зээлийн үлдэгдлийг Засгийн газарт шууд шилжүүлэн гэрээний үндсэн дэр Монголбанк, Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэгжүүлж дуусгах саналыг ирүүлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр болон “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийн зээлийг үлдэгдэл хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас гарган Монголбанканд эзэмшүүлэх замаар улсын төсвийн авлагад бүртгэж, санхүүгийн зуучлагчийн гэрээ байгуулж зээлийн үйлчилгээг Монголбанкнаар гүйцэтгүүлэхээр заасан. Мөн тогтоолоор Монгоолбанкнаас зээлийг үлдэгдэл хөрөнгийг шилжүүлэн авахдаа зээлийн хугацааг сунгахгүй, бусад нөхцөлийг өөрчлөхгүй, шилжүүлэн авч байгаа талд нэмэлт эрсдэл учруулахгүй, зардал гаргахгүй байхыг үүрэг болгосон. Монголбанк, Сангийн яам хооронд дээрх арга хэмжээний хүрээнд холбогдох гэрээг байгуулах явцад арилжааны банкуудаас Монголбанканд төлөх зээлийн авлага төлөгдөж дууссан бөгөөд “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл 2015 оны 07 дугаар сарын 31-нд харин “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл 2015 оны 09 дүгээр сарын 01-нд бүрэн төлөгдөж дууссан тул эдгээр хөтөлбөрүүдийн хувьд авлага шилжүүлэх, санхүүгийн зуучлалын гэрээ байгуулах шаардлагагүй болсныг Монголбанкнаас Сангийн яаманд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-3/1100 тоот албан бичгээр мэдэгдсэн. Мөн бичигт дээрх дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй ба холбогдох албан бичгийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн талаар дурдсан байна. 2015 оны 320 дугаар тогтоолоор “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, ...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд олгосон 33.0 тэрбум, “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон 25.56 тэрбум төгрөг, “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон 25.56 тэрбум төгрөг, “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд олгосон 17.9 тэрбум төгрөг, нийт 76.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. Уг тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээний хугацааг сунгахаар заасан  нь гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцсон хэрэг бөгөөд Засгийн газрын анх баталсан 280 дугаар тогтоолын үндсэн агуулга буюу шилжүүлэн авч байгаа талд нэмэлт эрсдэл учруулахгүй, зардал гаргахгүй байхыг үүрэг болгосонтой нийцэхгүй зохицуулалт болсон байгаа юм. 

Цаашилбал, 2015 оны 280 дугаар тогтоолын дагуу Монголбанкнаас Засгийн газарт хөрөнгө шилжүүлэх асуудал нь Монголбанкнаас арилжааны банканд зээлдүүлсэн хөрөнгөд хамаарах бөгөөд арилжааны банк, аж ахуйн нэгжийн зээлд нөлөөлөхгүй юм. Хөтөлбөрийн хүрээнд зээлийн эрсдэлийг арилжааны банкууд бүрэн  хариуцсан ба зээлийн хүү болоод хугацааны хувьд зах зээлийн нөхцөлөөс нэн таатай нөхцөлөөр буюу гурилын үйлдвэрүүдийн хувьд жилийн 3.8 хувийн дундаж хүүтэй олгогдсон байна. Мөн зээлдэгч зээлийн төлбөрийг хойшлуулах шаардлага үүсвэл уг зээл зах зээлийн нөхцөлтэй зээлд шилжихээр холбогдох гэрээ, эрх зүйн бусад баримт бичгүүдээр зохицуулсан бөгөөд “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Худалдаан Хөгжлийн банкнаас “Э” ХХК-ийн авсан зээл гэрээгээ тохирсон хуваарийн дагуу 2015 оны 320 дугаар тогтоол батлагдан гарахаас өмнө төлөгдөж дуусахаар байсан байна. Түүнчлэн Улсын Их хурлын гишүүн Ё.Отгонбаяраас гурилын үйлдвэрүүдийн зээлийн хугацааг сунгах аргах хэмжээ авч хариу мэдэгдэх хүсэлтийг Сангийн яаманд тавьж байсан ба Сангийн яамны зүгээс зээлийн хугацааг сунгах асуудлыг арилжааны банкуудад тавьж шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд банк, аж ахуйн нэгж  хоорондын харилцаанд төрийн байгууллага зааварлан оролцох нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг алдагдуулах сөрөг үр дагаварт хүргэнэ гэж үзэж байгаа талаар Сангийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8-2/3538 тоот бичгээр мэдэгдэж айсан. 

Иймд Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон гэрээний үндэслэл байхгүй болсон шаардлагын үүднээс нэр бүхий компаниудын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ““Э” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо” ТББ-д итгэмжлэл олгосныг үндэслэн тус холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 241 дүгээр албан бичгээр ““Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. 

Мөн “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банканд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохоо бичгээр илэрхийлжээ. 

Дээр дурдсан нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.“ гэж заасантай нийцэж байх тул ““Э” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, “Э” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Сангийн яам, М банканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн яам, М банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, М банкнаас гаргуулах” тухай;  

нэхэмжлэгч “Х” ХХК, “Ө” ХХК, “И” ХХК, “К” ХХК, “Ф” ХХК нараас Сангийн яам, М банканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320  дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, М банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэн Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А-24 дугаар тушаалаар  “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталж, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөтөлбөрт хамрагдсан компаниудын сонгосон арилжааны банкуудтай “Дамжуулан зээлдүүлэх” гэрээ байгуулан олгожээ.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан нэхэмжлэгч компаниудад зээлийн хугацааг сунгах саналыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлж, Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр  тогтоолоор “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг Монголбанк, Сангийн яаманд тус тус даалгасан байна. 

Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээ”-ний тухай 280 дугаар  тогтоолоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон зээлийн үлдэгдэл хөрөнгийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус банкнаас шилжүүлж авах, “Гурилын үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас гарган, Монголбанкинд эзэмшүүлэх замаар шилжүүлэн авч улсын төсвийн авлага бүртгэж Монголбанктай санхүүгийн зуучлалын гэрээ байгуулж зээлийн үйлчилгээг гүйцэтгүүлэх, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл хөрөнгийг ижил нөхцөлөөр Хөгжлийн банкнаас үнэт цаас гаргаж, Монголбанкинд шилжүүлэх замаар хууль тогтоомжид нийцүүлэн Хөгжлийн банкинд шилжүүлэн авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд тус тус үүрэг болгожээ. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Монголбанкнаас арилжааны банкнуудад олгосон зээлийн үлдэгдэл хөрөнгийг шилжүүлэн авахыг Сангийн сайд, Хөгжлийн банканд тус тус үүрэг болгосон Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлээгүй гэх Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөхгүй юм.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолууд нь дээр дурдсан хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг зохицуулсан бөгөөд М банк, Монгол Улсын Засгийн газрын аль нь тус хөтөлбөрийг санхүүжүүлэх нь нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй бөгөөд үйл ажиллагаанд нөлөөлөхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтаас үзвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүхээс даалгах боломжтой юм. 

Нэгэнт шүүхээс Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлээгүй гэх Сангийн яам, М банкны эс үйлдэхүй нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн тул дээрх эс үйлдэхүйг хууль бусад тооцох боломжгүй байна. 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д ”Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана.”, 30 дугаар зүйлийн 4-т “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй.”, 31 дүгээр зүйлийн 2-т “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж заажээ.

Хариуцагч Монголбанк Улсын Их Хурлын тогтоолын дагуу гэрээний төсөл  боловсруулан санал авахаар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-1/650 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 23-ны А-3/753 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-3/307 дугаар албан бичгүүдээр Сангийн яам болон Хөгжлийн банканд хандсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Монголбанкыг Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалтуудын дагуу Монголбанк Засгийн газрын тогтоолыг биелүүлэх үүрэг хүлээхгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Гэрээ сунгах тухай” 320 дугаар  тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 онд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд компаниудад олгосон зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ж.Бурмаа нарт даалгасан байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.”, 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нар нь “...Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд тус тогтоолыг биелүүлэх үүргээ хариуцагч Сангийн яам биелүүлээгүй...”, хариуцагч Сангийн яам “...тус тогтоолыг батлан гаргахдаа Сангийн яамнаас санал аваагүй..., биелүүлэхгүй боломжгүй...“ гэж мэтгэлцэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, “Гэрээ сунгах тухай” Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчингүй болгосон боловч хариуцагч Сангийн яам нь тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д зааснаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй боловч хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу гэрээ сунгах асуудлыг шийдвэрлэх талаар Монголбанкнаас ирүүлсэн санал, төслийг хүлээн авсан боловч тодорхой арга хэмжээ аваагүйгээс нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ. 

Иймд “Э” ХХК, “Хатансүйх импекс” ХХК, “Ө” ХХК, “И” ХХК, “К” ХХК, “Ф” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын нөлөө дуусаагүй байх нь даалгах нэхэмжлэлд тавигдах шаардлага бөгөөд Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор,  Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор тус тус  хүчингүй болгосноор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлөбөр хүчингүй болж, хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх Монголбанк, Сангийн яамны үүрэг дуусгавар болжээ. 

Иймд нэхэмжлэгч “Хатансүйх импекс” ХХК, “Ө” ХХК, “И” ХХК, “К” ХХК, “Ф” ХХК-иудын “...зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. 

Харин “Э” ХХК-иас Сангийн яам, М банканд холбогдуулан гаргасан “Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, М банкнаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.  

Учир нь хариуцагч Сангийн яам хохирол учруулсан гэдгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байх тул хохирлын хэмжээний талаар маргаантай гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж зааснаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх хохирлын асуудлаа  шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ““Э” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, “Э” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг тус тус баталж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Худалдаа хөгжлийн банканд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 8, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2,  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, “Х” ХХК, “Ө” ХХК, “И” ХХК, “К” ХХК, “Ф” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр байхад хэрэгжүүлээгүй хариуцагч Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, М банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар “Э” ХХК-ийн “Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, М банкнаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Бгээс төлсөн  70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамнаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Б нарт олгосугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

       ШҮҮГЧИД            А.НАСАНДЭЛГЭР

       С.ОТГОНТУЯА