Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 156/2017/00094/И |
Дугаар | 205 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 205
2017 оны 04 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2017/00205 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00094/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 5-06 тоотод оршин суух, Боржигон овогт Жамбалсүрэнгийн Бүүвэйсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн биен тамир спортын газарт холбогдох
"2017 оны 01 дүгээр сарын 13 өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхлэж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980 552 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, гэрч Г.Оюунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэн, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэн нь Хэнтий аймгийн биен тамир спортын газарт холбогдуулж 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 тоот ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн биен тамир спортын газрын няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэмэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Ж.Бүүвэйсүрэнг “Цэнэ трейд” ХХК-аас байгууллагын нэрийг ашиглаад 457 400 төгрөгийг бараа материалыг авч хувьдаа ашигласан гэж Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн40.1.4, 40.1.5-т зааснаар ажлаас халсан байгаа.
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан бол гэсэн заалт байдаг боловч ажил олгогч хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэж юу болох талаар дурдаагүй. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт ноцтой зөрчил гаргасан талаар хуулийн байгуулага, санхүүгийн байгууллага, мөн ажил олгогчийн зүгээс томилсон комиссын дүгнэлтээр тогтоогдсон байвал зохино гэсэн заалтыг зөрчиж ажлаас халсан.
Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан тул тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмнөх ажилд нь тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Хариуцагч Биен тамир спортын газрын даргын үүргийг Нэргүйбаатар нь түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 11 сарын 25-ны өдрөөс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байгаа ба ажлаа хүлээж авснаас нь хойш Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Цэнэтрейд” ХХК-иас тус байгууллагын захиргаанд танай байгууллагын нярав нь 2015 онд байгууллагын нэр дээр 457 400 төгрөгийг бараа материалыг авсан боловч төлж барагдуулаагүй тул төлүүлнэ үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Ингэж нярав нь байгууллагын нэр дээр бараа материал авсан талаар мэдсэн байдаг.
Ж.Бүүвэйсүрэнд 2017 оны 01 сарын 10-ны өдрийн дотор энэ асуудлыг шийдвэрлэ гэж 01 сарын 05 өдөр мэдэгдэл өгсөн боловч төлж барагдуулаагүй учраас удирдах зөвлөлийн хурал хийхэд Ж.Бүүвэйсүрэн нь өөрийн гэм буруугаа мэдэж байгаа гэдгээ хэлсэн байсан.
Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаар Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан. 2015 оны 05 сарын 01-ний өдөр баталсан байгууллагын дотоод журмын 7.10-т ажилтан ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн байдаг. 7.11-т мөнгө санхүү хариуцсан ажилтан захиргааны итгэл алдсан буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдвол гэрээг цуцлана гэсэн заалттай. Мөн Бүүвэйсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т байгууллагын мөнгө санхүүтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь холбогдох байгуулагын акт, комиссын дүгнэлтээр тогтоогдсон, 8.2.4-т байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах, хувьдаа ашиглах буюу ашиглахыг завдсан гэсэн заалтуудыг үндэслэсэн гэсэн байдаг.
Эд хөрөнгийг өөрт нь итгэмжлэн хариуцдаг хүний хувьд Ж.Бүүвэйсүрэн нь байгууллагын итгэлийг алдсан. Иймд түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 4, 5, 8, 9, 10, 11, 21, 29-31, 32-33, 34, 38/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэн нь хариуцагч Биеийн тамир спортын газарт холбогдуулан, тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхлэж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980 552 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгааг хариуцагч Биеийн тамир спортын газар нь тушаал үнпэслэлтэй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ж.Бүүвэйсүрэн нь “Суварга Эв” ХХК-ийн няравын гуйлтаар 457 400 төгрөгийн бараа материалыг “Цэнэтрейд” ХХК-аас 2015 оны 08 дугаар сард авч өгсөн, 2017 оны 01 дүгээр сарын 13 өдөр гэхэд энэ барааны үнэ төлөгдөөгүй байсан үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ: “ ... ажил олгогч ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхад нярав Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг зөрчсөн учир ажил олгогчийн Б/05 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэж байна.
Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ: “байгууллагын шинэ дарга 2017 оны 1 сарын эхээр нярав Ж.Бүүвэйсүрэнгийн гаргасан зөрчлийг мэдэж өөрт нь зөрчлөө засах мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй, удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар бүлгийн 7.10, 7.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.4 дэх заалтуудыг баримтлан Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан” тушаал хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.
Биеийн тамир спортын газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 13 өдөр Б/05 дугаартай тушаал гаргаж, “албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр гадны байгууллага болох Суварга Эв ХХК-д 457 400 төгрөгийн эд бараа худалдан авч өгч түүнийгээ нуун дарагдуулж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан, төлбөрийг барагдуулаагүй нэг жилийн хугацаа өнгөрсөн ноцтой зөрчил гаргасан нь илэрсэн” үндэслэлээр ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар бүлгийн 7.10, 7.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.4 дэх заалтуудыг баримтлан тус байгууллагын аж ахуйн нярав ажилтай Ж.Бүүвэйсүрэнг 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрөөр тасалбар болгон, Б/05 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь /хх 5/ халжээ.
2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн Б/05 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэвэл:
Ж.Бүүвэйсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т “төрийн албан хаагчийн мэргэжлийн ёс зүй болон байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь хологдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын акт, шийдвэр, дүгнэлтээр тогтоогдсон”, 8.2.4-т “байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө ... хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан зөрчлийг ноцтой зөрчил” гэж үзнэ гэж заажээ.
Ажил олгогчоос Ж.Бүүвэйсүрэнгийн гаргасан зөрчлийг зохих байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй, байгууллагын дотоодын хяналт шалгалтаар илрүүлээгүй байх ба Ж.Бүүвэйсүрэн байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө ... хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан зөрчөл гаргасан болохыг хариуцагч шүүхэд нотлоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар буруу биш, хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зөрчсөн байна.
2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн Б/05 дугаартай тушаалын агуулгаас харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг мөн үндэслэл болгож, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан нь түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шинжтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан ба Биеийн тамир спортын газрын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар бүлгийн 7.10-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж хөдөлмөрийн дотоод журмыг зөрчигдсөн...”, 7.11-д “мөнгө санхүү болон эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан захиргааны итгэлийг алдагдуулж буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон ...” гэж тус тус заажээ.
Нярав Ж.Бүүвэйсүрэн нь 2015 оны 08 сард гадны байгууллагад 457 400 төгрөгний бараа материал авч өгсөн, төлбөр нь төлөгдөөгүй байгаа тул хохирлыг барагдуулах талаар “Цэнэтрейд” ХХК-ийн захирал 2017 оны 01 дүгээр сарын 03, 12 өдрүүдэд Биеийн тамир спортын газарт албан бичгээр /хх 39, 40/ мэдэгдсэн байх ба ажил олгогч 01 сарын 10 өдрийн дотор төлбөрийг барагдуулахыг 2017 оны 01 дүгээр сарын 05 өдөр Ж.Бүүвэйсүрэнд мэдэгдсэн байна.
Эд хариуцагч нярав Ж.Бүүвэйсүрэн нь ажил олгогчийн итгэлийг алдах буруутай үйлдэл хийсэн нь зохигчдын тайлбар, гэрч Г.Оюунаагийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, хэрэгт авагдсан /хх 10, 34-36, 38-40/ бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2015 оны 08 дугаар сараас хойш 16 сарын хугацаанд, түүнчлэн төлбөр барагдуулах мэдэгдэл өгснөөс хойш 8 хоногийн хугацаанд Ж.Бүүвэйсүрэн төлбөрийг барагдуулаагүй учраас түүнийг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 2017 оны 01 дүгээр сарын 13 өдөр тушаал гарган түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “сахилгын зөрчлийг ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг хариуцагч зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Ажлаас халах тухай ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн Б/05 дугаартай тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтууд үндэслэлгүй, тушаалын энэ хэсэг хууль зөрчсөн байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэж Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Иймд Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхлэж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980 552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гомдлоор үүсэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал нэхэмжлэгч нь 70 200 төгрөг төлсөн байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхлэж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980 552 төгрөг гаргуулах тухай Ж.Бүүвэйсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА