| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 142/2016/0177/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2017-03-31 |
| Зүйл хэсэг | 096.2.1, |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 68
Б.Оюунтөгсөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
хохирогч Г.Хонгорзул,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоол,
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, Б.Оюунтөгсөд холбогдох эрүүгийн 201614000320 дугаартай хэргийг хохирогч Г.Хонгорзулын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Агар овогт Батсайханы Оюунтөгс нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ..
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Оюунтөгсийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил 9 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Оюунтөгсөд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дугаар заалтыг “Шүүгдэгч Агар овгийн Батсайханы Оюунтөгсийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунтөгсийг 3 жил 4 сар 1 хоног хорих ял шийтгэсүгэй” гэж,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Оюунтөгсөд оногдуулсан 3 жил 4 сар 1 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Г.Хонгорзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Б.Оюунтөгс нь ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөх, доромжлох, хэл үгээр нэр хүндэд халдан танхайрч, хутга хэрэглэж 3 удаа намайг хутгалж миний биед хүнд гэмтэл учруулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Оюунтөгсийн танхайрсан байдал тогтоогдохгүй байна гэж Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Миний биед учирсан гэмтэл өнөөдрийг хүртэл өвдөлттэй, шаналгаатай, бүрэн эдгэрээгүй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд байнгын эмчийн хяналтанд байна. Би сургуульдаа явж чадахгүй, мөнгөний зардал маш их гарч байгаад гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл “... Б.Оюунтөгс нь нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, ялихгүй зүйлээр шалтгалан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Оюунтөгс нь согтуурсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, 5 дугаар хорооллын 14 дүгээр байрны 40б тоотод “архи уусангүй” гэх шалтгаанаар өөрийн найз Т.Хонгорзулыг 3 удаа хутгалж, танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оюунтөгс нь урьдчилан төлөвлөөгүй гэнэт үүссэн санаа зорилгоор буюу архи уухгүй гэсэн хохирогчийг илтэд үл хүндэтгэн хэл амаар доромжлон хэрүүл маргаан өдүүлж, улмаар хөхөвчиндөө нуусан хутгаар хэвлий рүү нь хутгалж, хутгатай гарыг нь хориглон хамгаалахад хутгаа нөгөө гартаа шилжүүлэн дахин хутгалах зэргээр хэрцгий догшин авирласан гэж үйл баримтыг зөв дүгнэн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэн хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Оюунтөгсийг олон нийтийн газар бус түрээслэж байсан байрандаа найз Т.Хонгорзултайгаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх хохирогч Т.Хонгорзулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЦОГТ