Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01773

 

 

Д.Н- гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00871 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1470 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Н- д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 230 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Наранбулагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1999 оны намраас М.Ц-тай хамтарч ажиллаж байгаад 2010 оноос М.Ц-гаар дамжуулж А.Н-тай танилцсан ба 2011 оноос Хэнтий, Архангай, Завханы ноолуурыг хамт авч, хамтарч ажиллаж эхэлсэн. Хариуцагч А.Н нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Архангай аймагт ноолуур авч байна, мөнгө гаргахгүй түгжигдчихээд байна” гэж хэлээд надаас 30 000 000 төгрөг зээлсэн, энэ мөнгийг түүний 5135176929 тоот данс руу шилжүүлсэн. Түүний дараагаар 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн.

Иймд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 230 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Д.Н нь миний түүхий эд бэлтгэх ажлыг гүйцэтгэдэг М.Ц-гийн ноос, ноолуурыг Улаанбаатар хотод ирэхэд нь тосож аваад борлуулах ажил гүйцэтгэдэг байсан. Надаас нэхэмжилсэн 230 000 000 төгрөг нь М.Ц-гийн ноолуур борлуулсан мөнгө байсан бөгөөд тухайн үед би түүхий эд цуглуулах ажлаа хийж байгаад М.Ц-гийн өгсөн мөнгө дууссан тухай хэлэхэд тэрээр Д.Н-д байсан өөрийнхөө мөнгөнөөс над руу мөнгө шилжүүлсэн. Улмаар би уг мөнгөөр М.Ц-д захиалсан ноолуурыг бэлтгэн өгч тооцоо нийлсэн. 2013 оны 04 дүгээр сард М.Ц-гийн мөнгөөр түүний даалгасны дагуу Архангай аймгаас 3128,3 кг ноолуур бэлтгэж өөрийн баз хүргэн С.Сандагаар Улаанбаатар хот руу өгч явуулсан. Үүнийг Д.Н тосч аваад зөвшөөрлийн дагуу 04 дүгээр сарын 20-ны өдөр нийт 209 395 000 төгрөгөөр борлуулсан. Тэгээд 21-ний өдөр 139 000 000 төгрөгийг М.Ц-гийн данс руу шилжүүлсэн ба бэлнээр авсан 40 395 000 төгрөгийг С.Сандагт өгч түүхий эд бэлтгэх ажилд буцаан явуулсан. Харин түүхий эд бэлтгэлд яаралтай шаардлагатай болсон 30 000 000 төгрөгийг миний данс руу шууд шилжүүлсэн.

2013 оны 5 дугаар сард би Ховд аймгаас 3787 кг ноолуур бэлтгэсэн. Үүнийгээ Улаанбаатар хот руу ачуулсныг Д.Н тосон авч борлуулахад нийт 237 445 000 төгрөг болсон. Улмаар 05 дугаар сарын 25-ны өдөр М.Ц-гийн дансанд 137 445 000 төгрөг, миний дансанд 100 000 000 төгрөгийг дахин түүхий эд бэлтгүүлэхээр М.Ц-гийн даалгаснаар Д.Н шилжүүлсэн. Ингээд би түүхий эд бэлтгэж М.Ц-тай тооцоо нийлсэн. Д.Н-д борлуулалтын ажлын хөлсөнд М.Ц- 757 000 төгрөг өгсөн. 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр М.Ц- 3240,5 кг ноолуур Говь-Алтайгаас ачуулсан. Үүнийг Д.Н хүлээн авч борлуулаад 204 150 000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Д.Н нь М.Ц-гийн даалгаснаар 100 000 000 төгрөгийг миний данс руу түүхий эд бэлтгэх ажилд зориулж шилжүүлсэн. Би Д.Н-гээс хэзээ ч мөнгө зээлж байгаагүй, дээрх мөнгийг Д.Н-д буцаан төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Н нь миний арьс шир, ноос ноолуурыг борлуулах ажилд туслах ажилтнаар 2000 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. А.Н нь 2011 оноос миний ноос ноолуурыг бэлтгэж эхэлсэн. М.Ц миний Хаан банкны 5315091441 тоот дансанд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Мөнгөн гүүр” ББСБ-аар дамжуулан БНХАУ-ын иргэн Зэнгээс 200 000 000 төгрөгөөр 2 удаа нийтдээ 400 000 000 төгрөгийн орлого орж ирснийг тэр өдөртөө ноолуур бэлтгүүлэх зорилгоор А.Н-ы данс руу 400 000 000 төгрөг шилжүүлсэн. 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахиад Зэнгээс 100 000 000 төгрөгийн ноолуурын орлого орж ирснээс 30 000 000 төгрөгийг ноолуур бэлтгэх зорилгоор А.Н-ы данс руу шилжүүлсэн. 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Вао-гоос ноолуурын орлого 209 600 000 төгрөг Д.Н-н дансаар орж ирэхдээ 221 247 000 төгрөг болж өөр бусад хүмүүсийн мөнгөтэй хамт орж ирсэн байсан. Би өөрийн 209 600 000 төгрөгийн орлогоос 139 000 000 төгрөгийг нь Хаан банкны данс руу хийлгэж, А.Н-д 30 000 000 төгрөг, С.Сандагт 40 600 000 төгрөгийг ноолуур бэлтгүүлэхээр өгүүлсний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн байсан. Үүний дараа 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цалин 200 000 төгрөгийг ах М.Сүхбаатараар Д.Н-д өгүүлсэн.

2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Tieyin-ээс ноолуурын орлого 282 718 000 төгрөгийг Д.Н-н дансаар орж ирснээс өөрийн дансаар 250 000 000 төгрөгийг авч, 8 900 000 төгрөгийг А.Н-д ноолуур ажлын тээврийн хөлсөнд шилжүүлсэн. 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шила-аас ноолуурын орлого 237 445 000 төгрөг Д.Н-н дансаар орж ирснээс би өөрөө 137 445 000 төгрөгийг авч үлдэгдэл 100 000 000 төгрөгийг ноолуур бэлтгүүлэхээр А.Н-д өгүүлсэн. Энэхүү тайлбартай холбогдуулан банкны дансны хуулга холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00871 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 000 000 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1470 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн захирамжаар хойшлуулсныг дурджээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Д.Н- нэхэмжлэл гаргасан цагаас л шүүх эрх үүргийг тайлбарлан өгч, Д.Н-г 230 000 000 төгрөгийн зээл өгснийг нотлох үүрэгтэйг сануулсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад Д.Н-н А.Н-д зээл өгсөн эсэх, өгсөн бол ямар зориулалтаар, хэдий хугацаагаар өгснийг тодруулан хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх гэж байхад 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Байгалмаа шүүгч хэргийг түдгэлзүүлж 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 01427 тоот захирамжаар А.Лхагвасүрэн шүүгчийг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Одоо Нийслэлийн шүүхийн магадлалд заасан шүүгч нарын бүрэлдэхүүний шийдвэрийг хэрэгт авах боломжгүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх гэж байхгүй болсон. Энэ нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А.Н-аас 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ дээрх мөнгийг 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч зээлээд буцааж өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ тодорхой заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 200 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ мөн л энэ мөнгийг 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч А.Н шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс ямар нэг мөнгө зээлж байгаагүй, харин М.Ц-гийн даалгавраар түүхий эд цуглуулах ажил гүйцэтгэж байгаад мөнгө дутахад Д.Н нь М.Ц-гийн ноолуур борлуулсан мөнгийг дансаар шилжүүлж өгсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа зохигчийн хооронд үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний зүйл нь эргэн төлөгдөх шинжтэй байх ёстой ба бусдын дансанд шилжүүлсэн мөнгийг эгүүлэн төлөх нөхцөл, хугацааны талаар талууд тохиролцоогүй, тохиролцсон болох нь тогтоогдоогүй нөхцөлд мөнгө шилжүүлсэн этгээдийг зээлдүүлэгч, шилжүүлж авсан этгээдийг зээлдэгч гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.Н-д зээлийн гэрээний шаардах эрх үүссэн гэж үзэх, хариуцагч А.Н-д зээлийн үүрэг ногдуулах үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н болон иргэн М.Ц нарын хоорондох хамтын үйл ажиллагаанаас үүссэн эд хөрөнгийн маргаантай иргэний өөр хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа ба энэ хэргийн зохигч Д.Н, А.Н нарын хооронд түүхий эд бэлтгэн нийлүүлэх, эд хөрөнгийн өөр ямар нэг харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлийг зохигчийн хэн алин нь тайлбарлаагүй, ийм асуудал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тусгагдаагүй, маргааны зүйл болоогүй байна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болох нь тодорхой бус гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Энэ хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч Ж.Лхагвасүрэнг шүүх хуралдаан даргалагчаар томилсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01427 дугаар захирамж хэрэгт авагджээ. Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д заасан журам зөрчигдсөн гэж үзэх байдал тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч энэ хэргийг хянан шийдвэрлэж болохгүй гэх хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1470 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН