Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/06063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Ш.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Дуламцоод холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 900 00 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэгт илүү төлсөн 21 087 458 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь 12 000 долларыг хариуцагчид зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Уг мөнгөнөөс 5 300 000 төгрөгийг хариуцагч нь төлөөгүй үлдсэн байсан. Хариуцагчийн санал болгосноор нэхэмжлэгч нь үлдсэн мөнгөндөө paпс авсан. Уг рапсыг Дархан хотод худалдаалж, 2 300 000 төгрөгийн үнэд хүрсэн. Үндсэн мөнгөнөөс үлдэх 3 000 000 төгрөгийг алдангитай нь нийт 4 500 000 төгрөг нэхэмжилж шүүх хуралдаанд 600 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 900 000 төгрөг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 42 014 200 төгрөгөөс 18 100 000 төгрөгийг хүлээн авсан, 23 914 200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 2 ширхэг хөлдөөгч авсан ба уг хөлдөөгчийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 4 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 8 дугаар сараас зээлийн хүү төлөгдөхөөр тохиролцсон байхад хариуцагчийн төлчихсөн мөнгөнөөс хүү тооцсон байна. Ингэж тооцоход 3 900 000 төгрөг болох ёстой гэж үзэж байна. Хариуцагч Д.Дуламцоо нь нэхэмжлэгчид нийт 20 385 600 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Энэ мөнгөө хариуцагч нь төлж дууссан бөгөөд нэхэмжлэгчид илүү мөнгө төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцоолсноор 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 8.000.000 төгрөгийг хариуцагч Д.Дуламцоо төлсөн гэж тооцсон. Энэ мөнгөн дээр нэхэмжлэгчийн авсан рапсын үнийг оруулан тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч Д.Дуламцоо нь төлөх ёстой мөнгөө төлчихсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчид өгөх ёстой мөнгөө төлж дууссан гэдгээ мэдэлгүйгээр 2013 онд 13 309 000 төгрөгийг илүү төлсөн байгаа. Үүн дээр 2 ширхэг хөлдөөгчний үнэ 1 000 000 төгрөг, хаягдал рапсын үнэ 2 300 000 төгрөг, нийт 16 609 000 төгрөгийг илүү төлсөн гэж тооцоолсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч нь 15 800 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбар өгсөн байдаг. Бодит байдал дээр хариуцагч Д.Дуламцоо нь нийт 21 000 000 төгрөгийг дансаар болон гарын үсэг зуруулан бэлнээр төлсөн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Дуламцоогоос 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлзгч Ш.Цэндсүрэнгээс 21 087 458 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Дуламцоогийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ш.Цэндсүрэнгийн нөхөр Я.Пүрэвжавт 2012 оны 12-р сард 8 248 500 төгрөгийн буюу 282 шуудай цэвэр рапс өгсөн. Энэ байдал нь хариуцагч Ц.Дуламцоогийн тайлбар, гэрч Д.Чандган, Ц.Батзаяа, Б.Баярцэнгэл нарын мэдүүлгээр бүрэн тогтоогдоно.

Гэтэл анхан шатны шүүх 12,69 тонн цэвэр рапсыг нэхэмжлэгчийн нөхөр Я.Пүрэвжавт өгсөн гэхэд учир дутагдалтай байна гэж дүгнэлт хийгээд 8 248 500 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдож байна.

Гэрч Ц.Батзаяаг Дорнод аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар өгч 282 шуудай буюу 12,69 тонн цэвэр paпс Я.Пүрэвжав авч явсныг гэрчлүүлсэн байхад үүнд дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн өгсөн "би өөрөө санхүүч дэвтэр", "кассын дэвтэр", "үйлдвэр эрхлэгчдийн бүртгэл тооцооны дэвтэр" зэрэгт нэхэмжлэгч, түүний нөхөр нь гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагчийн тайлбарласан гарын үсэг зурахгүйгээр заримдаа мөнгө авдаг гэх тайлбараар нэхэмжлэгчийг 2 350 000 төгрөгийг гарын үсэг зуралгүйгээр авсан гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийгээд 2 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 2 350 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэдгийг тухайн үед Д.Дуламцоогийн туслахаар ажиллаж байсан О.Оюунцэцэг гэрчилсэн байхад үүнд дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10 598 500 төгрөгийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Цэндсүрэн нь хариуцагч Д.Дуламцоод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 900 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлөгдсөн 21 087 458 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч Ш.Цэндсүрэн, түүний нөхөр Я.Пүрэвжав нар 2011 оны 12 дугаар сарын  21-ний өдөр АНУ-ын виз гаргуулах зорилгоор 12 000 ам долларыг хариуцагч Д.Дуламцоод өгсөн байх ба виз гараагүй нөхцөлд 12 000 ам долларыг Монгол банкны 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ханш 1373.8 төгрөгөөр тооцож, 16 485 600 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна. 

 

Хариуцагч Д.Дуламцоо нь нэхэмжлэгч Ш.Цэндсүрэн болон түүний нөхөр Я.Пүрэвжавт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хэлбэрээр 16 900 000 төгрөг,  282 шуудай буюу 12.69 тонн рапс, 1 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг хөлдөөгч өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий би өөрөө санхүүч дэвтэр, кассын дэврийн бүртгэл, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэл тооцооны дэвтэр дэх бичиглэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон, шүүх нэхэмжлэгчийн 3 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Тодруулбал, хэргийн 3, 87, 162 дугаар тал дахь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хэлбэрээр авагдсан, хэргийн 188 дугаар тал дахь нэхэмжлэгчийн нөхөр Я.Пүрэвжавын хариуцагч Д.Дуламцоотой байгуулсан зээлийн гэрээнд хугацаа бичигдээгүй байх тул нэхэмжлэгч нь 16 485 600  төгрөгийг сард 3.5 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөн хугацаа хэтэрсэн нөхцөлд хоног тутамд 0.3 хувийн хүүтэй алданги төлөхөөр тохиролцсон гэж дүгнэх боломжгүй тул хариуцагч Д.Дуламцоогоос үндсэн үүрэг болох 12 000 ам доллар буюу 16 485 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Цэндсүрэн шаардах эрхтэй гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрөөс “ХААН” банкны дансаар  7 000 000 төгрөг, бэлнээр 9 900 000 төгрөг төлсөн нь хэргийн 146-151 дүгээр тал дахь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хэргийн 50-76 дугаар тал дахь мөнгө хүлээн авсан гарын үсэг бүхий би өөрөө санхүүч дэвтэр, кассын дэврийн бүртгэл, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэл тооцооны дэвтрүүдээр нотлогдож байна.

Харин шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай байна.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21 087 458 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, кассын дэвтэрт гарын үсэггүй хүлээлгэн өгсөн гэх 2 350 000 төгрөг, 282 шуудай буюу 12.69 тонн цэвэр рапсны үнэ 8 248 500 төгрөг, нийт 10 598 500 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Нэхэмжлэгч тал хүлээн авсан гарын үсэг бүхий баримтгүйгээр, өөрийн бичсэн тэмдэглэлийг үндэслэн хариуцагч 2 350 000 төгрөг нэхэмжилж байгааг, хүлээн зөвшөөрөхгүй байхын зэрэгцээ уг мөнгөн дүнг хүлээлгэн өгсөн өөр бичгийн баримтгүй учраас шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөв болжээ. 

2012 оны намар хариуцагч нь 12.69 тонн буюу 282 шуудай рапс нэхэмжлэгчид өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, мөн гэрч Ц.Батзаяа, Б.Баярцэнгэл, Д.Очирбат нарын тухайн цаг үед хариуцагч тал нэхэмжлэгчид рапс өгч байсан гэх мэдүүлгээр тогтоогдсон, 12.69 тонн буюу 282 шуудай рапс хүлээн авсан эсэх талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч 12.69 тонн рапс авснаа хүлээн зөвшөөрдөг боловч уг рапс нь хаягдал байсан болохоор 2 300 000 төгрөгийн үнэд хүрсэн гэж маргадаг боловч өөрийн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, дээрх рапсыг 2 300 000 төгрөгөөр зарсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн “...хаягдал рапс байсан...” гэх тайлбарыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй.

Хэргийн 133 дугаар талд авагдсан “Итгэл эстимэйт” ХХК-ийн 1 тонн рапсны зах зээлийн үнийг 2012 оны 10 дугаар сард 650 000 төгрөг, 11 дүгээр сард 700 000 төгрөг, 12 дугаар сард 850 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, шүүхэд үнэлгээ үндэслэлтэй эсэх талаар болон шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаагүй тул уг үнэлгээний тайланг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Дээрх үнэлгээ болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ тодорхойлсон үнийн дүнгийн хэмжээгээр 1 тонн рапсыг 650 000 төгрөгөөр тооцож нийт 8 248 500 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Цэндсүрэнгээс гаргуулж, хариуцагч Д.Дуламцоод олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас буцаан авсан зээлийн дүнг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 15 800 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд  гаргасан хариу тайлбарт 18 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд 14 700 000 төгрөг авсан гэж зөрүүтэй тайлбарладаг хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Дуламцоо нь нэхэмжлэгч Ш.Цэндсүрэн, түүний нөхөр Я.Пүрэвжав нарт нийт 16 900 000 төгрөг өгсөн нь тогтоогдсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 16 485 600 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь рапсны үнэ 8 248 000 төгрөгийг илүү авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэв.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар хангагдсан 8 248 500 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/06063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэндсүрэнгээс 8 248 500 төгрөг гаргуулж хариуцагч Д.Дуламцоод олгосугай” гэж,

          тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “ үлдээж, нэхэмжлэгчээс 146 926 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 530 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                

                                                                                                   А.МӨНХЗУЛ