Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01434

 

У.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00250 дугаар шийдвэр

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201/МА2018/00012 дугаар магадлалтай

У.Нийн нэхэмжлэлтэй

Г.Гт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 3 457 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Н би Г.Гт 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл бүгд 12 740 000 төгрөг зээлдүүлсэн. Эхлээд 2015 оны 05 сарын 22-ны өдөр 1 200 000 төгрөг зээлдүүлсэн. Г.Г нь анх авахдаа сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Би мөнгийг Ганчимэгийн ХААН банк дахь 5405557807 тоот дансаар шилжүүлсэн. Учир нь Нандинцэцэг би Г.Гтэй найз бөгөөд өөрөө Улаанбаатар хотод амьдардаг тул мөнгөө бэлэн өгөх боломжгүй дансаар шилжүүлсэн. Анх мөнгө зээлж авснаас хойш дахин мөнгө зээлээч гэж гуйсан. Г.Гийн ярьж байгаагаар өөрөөс нь гадна ажлын газрынхаа хүмүүст дамжуулж өгсөн юм шиг байна лээ. Дахин 5 сарын 26-ны өдөр дансаар 200 000 төгрөг шилжүүлэн зээлдүүлж, түүнээс хойш 2016 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэл бага багаар зээлж авсаар бүгд 12 740 000 төгрөг болсон. 2015 оны 7 сарын 03-ны өдөр мөнгө зээлэхдээ сарын хүүгээ нэмэгдүүлэн 8 хувиар тохирсон, түүнээс хойш 2016 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгийг 8 хувиар өгсөн. Хол байсан учир бичгээр гэрээ байгуулж чадаагүй. Харин дараа уулзахдаа гэрээндээ гарын үсэг зуруулъя гэж хэлсэн. Гэтэл мөнгө зээлдүүлсэн, хүү тооцсон тухай гэрээнд гарын үсэг зуруулах гэхэд гарын үсэг зураагүй. Гэхдээ би бүх мөнгөө дансаар шилжүүлсэн бөгөөд Г.Гт зээлдүүлэв гэж тодотгож бичсэн байдаг тул энэ миний нотлох баримт болж байна. Энэ хугацаанд Г.Г нь нийт 8 074 400 төгрөгийг надад өгсөн. Одоо 4 385 600 төгрөгийн төлөх төлбөртэй. Өнгөрсөн хугацаанд хүүгээ тооцоод 8 000 000 төгрөг боллоо гэж ярилцсан бөгөөд Г.Г бүгдийг нь өгнө гэдэг байсан. Өөртэй нь яриад зээлдүүлсэн мөнгөө авах гэхэд маш хүндрэлтэй байна. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг тул Дорнод аймаг руу очих боломжгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлслөн авсан бөгөөд ажлын хөлсөнд 500 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Г.Гээс гаргуулан авна. Хүү нэхэхгүй үндсэн мөнгөө л авах хүсэлтэй байна. Ингээд зээлийн үлдэгдэл 4 385 600 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нийт 4 856 000 төгрөгийг Г.Гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Н нь Г.Гт 2015 оны 5-р сарын 22-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд нийт 12 740 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь ХААН банкны дансны хуулгаар тодорхой харагдаж байна. У.Н нь Г.Гтэй 8 хувийн хүүтэйгээр зээлэхээр амаар тохирсон байдаг. Гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуульд заасны дагуу хүү, алданги нэхэмжлэхгүй. Анх нэхэмжлэгч нь Г.Гээс нийт 8 074 400 төгрөг авсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчтай тулгалт хийж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 9 782 400 төгрөгийг Г.Гээс авсан болох нь нотлогдсон. Иймд зөрүү болох 2 957 600 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байна гэж үзэж байна. Д.Урансувд миний бие иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ажлын хөлс 500 000 төгрөг авсан. Ажлын хөлс авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нийт 3 457 600 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагад заасан 4 856 000 төгрөгийн зарим хэсэг болох 1 428 000 төгрөгөөс татгалзаж байна. Г.Г нь У.Н рүү шилжүүлэхдээ 5405557807 тоот данснаас, 89770121 гар утасны мобайл банк, АТМ зэргээс шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлсэн гэж ярьж байгаа ч ямар ч овог байхгүй, ХААН банкны ямар данс нь мэдэгдэхгүй, мөнгө төлсөн гэдгээ нотолсон банкны баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа тул хариуцагч нь банкинд бэлнээр мөнгө шилжүүлсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Хэрэв Г.Г нь овгоо бүрэн бичсэн, эсхүл 5405557807 гэсэн данснаасаа шилжүүлсэн байсан бол үүнийг бид мөнгө төлсөн байна гэж хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. Хариуцагч нь хүсэлт гарган У.Нийн дансны хуулгыг гаргуулж авсан байдаг. Хэрэв Г.Г нь банкнаас бэлэн гүйлгээг хийсэн нь үнэн бол мөнгө тушаасан баримтаа гаргаж өгч болох байсан. Иймд хариуцагчийг мөнгө төлсөн болохоо нотолж чадаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 457 600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч У.Нээс ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нандинцэцэг нь надаас нийт 4 885 600 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Нандинцэцэгээс 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийг хүртэл нийт 9 000 000 орчим төгрөг зээлж авсан. Би зээлж авсан мөнгөө 2015 оны 09 сараас эхлэн бага багаар төлж барагдуулсан. Нандинцэцэг нь надад 12460000 төгрөг зээлдүүлсэн гэж хэлж байгаа нь худал бөгөөд миний зээлж авсан мөнгөнд хүү тооцож гаргасан байх гэж бодож байна. Би 9 000 000 орчим төгрөг л зээлж авсан. Уг мөнгөө эргүүлээд бүгдийг нь төлсөн учраас 4 885 600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гарган төлөөлөгч томилсон гэх 500 000 төгрөгийг би төлөхгүй. Энэ зардал нь надад хамааралгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь У.Нээс 12 740 000 төгрөгийг зээлсэн тал дээр маргах зүйл байхгүй. Төлбөр төлсөн үнийн дүн дээр маргаж байгаа тул дараах У.Нийн дансны хуулгыг хүсэлтээр хэрэгт хавсаргуулсан. Дээрх баримттай тулгаад дараах байдлаар мөнгийг буцаан өгсөн гэж тайлбар гаргаж байна. Үүнд: У.Нийн данс руу Г.Г нь өөрийн 5405557807 данснаас

2015 оны 9-р сарын 02-ны өдөр 580 000 төгрөг,

5405557807 данснаас 2015 оны 9-р сарын 08-ны өдөр 1 080 000 төгрөг,

5405557807 данснаас 2015 оны 11-р сарын 11-ний өдөр 490 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 06-р сарын 19ний өдөр 1 049 400 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 01-р сарын 02-ны өдөр 5 00 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 02-р сарын 22-ны өдөр 834 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 05-р сарын 03-ны өдөр төгрөг 220 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 05-р сарын 06-ны өдөр 40 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 07-р сарын 05-ны өдөр 300 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 08-р сарын 21-ний өдөр 272 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 09-р сарын 23-ны өдөр 520 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 10-р сарын 07-ны өдөр 1 200 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 12-р сарын 22-ны өдөр 180 000 төгрөг,

5405557807 данснаас 2016 оны 12-р сарын 27-ны өдөр 100 000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 03-р сарын 31-ний өдөр 930 000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 04-р сарын 08-ны өдөр 70 000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 06-р сарын 11-ний өдөр 250 000 төгрөг,

5405557807 данснаас 2017 оны 07-р сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөгийг тус тус мобайл банкаар шилжүүлсэн.

Мөн гүйлгээний утга дээр Г.Г гэж дараах бэлэн гүйлгээг хийсэн байдаг. Үүнд:

2015 оны 10-р сарын 15-ны өдөр 160 000 төгрөг,

2015 оны 11-р сарын 11-ний өдөр 160 000 төгрөг,

2016 оны 12-р сарын 22-ны өдөр 200 000 төгрөг,

2016 оны 01-р сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг,

Сая шүүх хуралдаан дээр бичгийн баримтаар гаргаж өгсөн 217 000 төгрөгийг тус тус шилжүүлээд нийт 11 352 400 төгрөгийг буцаан төлсөн. Иймд үлдэгдэл 1 388 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч У.Нийн нэхэмжилж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлсийг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд намайг таньдаг тул надаас гуйсан гэж өөрөө тайлбартаа дурдаж байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлсөлсөн байгаа нь зайлшгүй гарах зардал биш гэж үзэж байна. Иймээс ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Ловон овогт Гончигсумлаагийн Ганчимэгээс 1 388 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Халх овогт Улааны Нандинцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 497 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93 119 төгрөг 60 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гээс 37 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Нт олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201/МА2018/00012 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ловон овогт Гончигсумлаагийн Ганчимэгээс 2907600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Халх овогт Улааны Нандинцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “...37158...” гэснийг “...61471.60...” гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсэгт “3.Нэхэмжлэгч У.Н нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1428000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмж, тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудын дугаарыг 4, 5, 6 гэж өөрчилж,

Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201/МА2018/00012 тоот магадлалыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны “Шүүх ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бүхий үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадаагүй байна. У.Н нь Г.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 48 885 600 /дөрвөн сая найман зуун наян таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. У.Н нь Г.Гт 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн 12 740 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд мөнгө хүлээн авч, хэсэгчлэн эргэн төлж байсан үйл баримт дээр зохигчид маргадаггүй. Харин хариуцагчаас буцаан төлсөн дүн болон үлдэгдэл төлбөр дээр зохигчид маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтуудаа гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь 12 740 000 төгрөг авсан, харин 11 352 000 төгрөг буцааж төлсөн тухай баримтаа гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон.

Үүнд Г.Г нь нэхэмжлэгч У.Нт нийт 19 удаагийн үйлдлээр 9 832 400 төгрөг буцаан төлсөн үйлдэл дээр зохигчид маргаагүй юм. Харин хариуцагч Г.Г нь У.Нийн дансруу 2015 оны 10 сарын 15-ны өдөр 160 000 төгрөг, 2015 оны 11 сарын 11-ний өдөр 160 000 төгрөг, 2016 оны 12 сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 01 сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, нийт 1 520 000 төгрөг төлсөн гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж оролцсон.

Хариуцагчийн зүгээс бэлнээр дансруу нь орлого хийсэн тул дээрх байдлаа нотлохын тулд 2018 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд хандаж, Хаан банкнаас У.Нийн нэр бүхий 2 дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулж, хэрэгт хавсаргах тухай хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу 2018 оны 03 сарын 12-ны өдрийн Хаан банкны албан бичгээр уг дансны хуулгуудыг шүүхэд ирүүлсэн. Дээрх хуулгад У.Нийн дансруу “... 2015 оны 10 сарын 15-ны өдөр 160 000 төгрөг, 2015 оны 11 сарын 11-ний өдөр 160 000 төгрөг, 2016 оны 12 сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 01 сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, нийт 1 520 000 төгрөг” Ганчимэг-ээс гэсэн утгаар шилжин орсон бөгөөд дээрх баримттай шүүх хуралдаанаас өмнө танилцсан.

Ийнхүү шүүх хуралдаан дээр шүүхэд хандаж, “Дээрхи бэлнээр төлсөн баримтуудын гүйлгээний хуулгыг Хаан банкнаас гаргуулах” тухай хүсэлт гаргахад шүүгчээс “..Ганчимэгээс” гэсэн нэр нь тодорхой байгаа тул гүйлгээний баримт шаардлагагүй” гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхэд хандаж хүсэлт гаргасан, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа.

Хариуцагчийн хувьд шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулж авч байгаа нь нотлох үүргээ хэрэгжүүлж байгаа төдийгүй өөр байдлаар нотлох боломжгүй билээ.

Мөн нэхэмжлэгч талаас “Ганчимэгээс гэж байгаа нь заавал хариуцагч Ганчимэг биш юм. Өөр хүн байж болно” гэж маргаж байгаа боловч өөр Ганчимэг гэх хүнээс шилжүүлсэн гэх үйл баримтыг нотолж чадаагүй, нотлох талаар санал хүсэлт гаргаагүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэгч, хариуцагч нар зөвхөн дансаар харилцаж байсан” гэж тайлбарладаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад гаргаж өгсөн Ганчимэгээс бэлнээр 217 000 төгрөг шилжүүлсэн тухай баримтаас үзвэл нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

Зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс “... хариуцагч тал өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаж дээрх 4 баримтын хуулбарыг Хаан банкнаас гаргуулж хэрэгт нотлох баримтаар өгөх боломжтой байсан” гэж үзэж, дээрх бэлнээр төлсөн байдлыг нотлогдоогүй, нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.Н нь Г.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 885 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

У.Н нь   2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хооронд Г.Гт удаа дараа мөнгө шилжүүлж, нийт 12 460 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгчээс 8 074 400 төгрөгийг буцааж авсан үндэслэлээр үлдэгдэл 4 385 600 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч талууд тооцоо нийлсний үндсэн дээр 9 782 400 төгрөгийг буцааж авсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3 457 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Хариуцагч Г.Г нь авсан зээлийн үнийн дүнгийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгчид буцааж 11 352 400 төгрөгийг буцаан төлсөн үндэслэлээр үлдэгдэл төлбөрт 1 388 000 төгрөгийг төлнө гэж маргасан байна.

Хариуцагч зээлийн төлбөрт 11 352 400 төгрөгийг төлсөн тайлбараа баримтаар нотлосон, үүнээс бэлнээр төлсөн гэх 1 520 000 төгрөг нь Г.Г гэх нэрээр нэхэмжлэгчийн дансанд орсон болох нь Хаан банкны дипозит дансны хуулгаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбараас бэлнээр төлсөн гэх 1 520 000 төгрөгийг эс зөвшөөрч, Г.Г нь адил нэртэй өөр хүний төлсөн төлбөрийг өөрийнхөө төлбөрт оруулан тооцсон гэж маргах боловч хариуцагчийн тайлбар, татгалзлыг үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, зээлдэгч нь авсан зээлийг буцаан төлөх үүрэгтэй үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай тооцоо нийлж, хариуцагчийн төлбөр төлсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилснийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ татгалзсан хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа хариуцагч нь бэлнээр төлсөн төлбөрөө баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр дээрх 1 520 000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч Г.Г тайлбар татгалзлаа нотлохоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн, түүний хүсэлтээр шүүхээс бүрдүүлж, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар хариуцагчийн нэрээр бэлнээр төлбөр төлөгдсөн нь тогтоогджээ.

Дээрх баримтад дурдсан төлбөрийг хариуцагч Ганчимэг биш адил нэртэй өөр Ганчимэг төлбөр хийсэн гэж нэхэмжлэгч маргасан боловч тэрээр өөрийн тайлбар, үндэслэл, хариуцагчийн тайлбарыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй байх тул магадлал хэргийн баримтад үндэслэгдээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд түүний ажлын хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201/МА2018/00012 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2018/00250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД