Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01757

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 225 дугаар шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлалтай,

   Д ын нэхэмжлэлтэй,

            Ж , Ц  нарт холбогдох

           10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч Ж ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би өөрийн 2 өрөө орон сууцаа 2013 онд Ж , Ц  нарт худалдаж  23,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Бид 2017 оны 09 сарын 06-нд харилцан тохиролцоод 9 сарын 20-ны өдөр 13,000,000 төгрөг, 11, 12 дугаар сард үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 5,000,000, 5,000,000 төгрөгөөр хувааж төлөхөөр болж нотариатаар баталгаажуулсан. Ингээд 13,000,000 төгрөгийг зохих хугацаанд нь өгсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Иймд Ж , Ц  нараас 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж д Төмөр замын 1 дүгээр 60 айлд 2010 онд 55,000,000 төгрөгөөр орон сууц худалдсан. Үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг өгөөгүй учир шүүхэд хандсан. Төлбөрийг цувуулж өгсөөр 2017 оны 9 дүгээр сард гэрчилгээг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэлд дурдсан байрыг 55 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч 45 сая төгрөгийг шилжүүлж өгсөн болно. Гэхдээ тухайн үед энэ асуудалд Д  гэдэг хүний оролцоо байгаагүй, үл хөдлөх хөрөнгө нь хүртэл нэхэмжлэгчийн нэр дээр байгаагүй. Харин түүний хүү н.Сүхбатын эхнэрийнх нь нэр дээр байсан ба Худалдах, худалдан авах асуудлаар н.Сүхбаттай ярилцаж мөнгө төгрөгөө өгч авалцаж байсан. Сүүлд нь өөрийн нэр дээр шилжсэн байсан. Ж.Мядаггаравын хүү н.Сүхбат нь надад машин худалдсан ба тухайн машины үнэ 30 сая төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн байхад машинаа өгөхгүй цааш нь өөр хүнд зарсан байсан. Энэ асуудлаар би Цагдаагийн байгууллагад хандах болно. Нэхэмжлэгчтэй холбоотой асуудалд ээж нь ямар ч хамааралгүй. Би харин ч хүүхдээс нь машиныхаа зөрүү мөнгийг авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.                                               

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Ж , Ц  нараас 10,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Д т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 225 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж , Ц  нараас 10,000,000 төгрөгийг гаргуулж Д т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

хариуцагч Ж ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.15-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар орон сууц худалдах, худалдан авах асуудалтай холбоотой мөнгө төлбөрийг нэхэмжилж байгаа юм бол дан ганц Д  гэдэг хүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн үеийн маргаан бүхий байр С.Сүхсайхан гэдэг хүний нэр давхар бүртгэлтэй байгаа ба тэр хүнийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх Д т байхгүй, итгэмжлэл хавтас хэрэгт байхгүй. Учир нь байр худалдах, худалдан авах асуудал нэхэмжлэгчийн хүү болох С.Сүхбаттай холбоотой ба тухайн үед байрыг худалдах, худалдан авах асуудлыг түүний хүүтэй нь тохиролцож мөнгө төгрөгийг шилжүүлсэн байдаг. Сүүлд нь байрыг М.Ганболдын нэр дээр шилжүүлж авахад нэхэмжлэгч Д  болон С.Сүхсайхан нарын нэр дээр байсныг мэдсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Д  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2013 онд байраа худалдсан гэсэн боловч шүүх хуралдаан дээр 2010 онд болсон асуудал гэж хэлсэн нь анхнаасаа энэ асуудлыг мэдэхгүй байсан. Бид түүний хүү н.Сүхбаттай нь 2010 онд худалдаж авахаар амаар тохиролцсон юм. Гэтэл үүнээс хойш 8 жил өнгөрсөн байхад гэнэт төлөгдсөн мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ хэзээ, хаана хэнтэй хэдэн төгрөгөөр худалдаж аваад хэдийг буцааж өгөөд, хэдийг буцааж өгөөгүй талаар тодорхой дурдаагүй байгаа нь энэ хэргийн учир явдлыг сайн ойлгоогүй болно. Бид үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор хуулинд заагдсанаар худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй. Харин албан ёсоор М.Ганболд гэдэг хүнтэй нэхэмжлэгч нь гэрээ хийсэн. Миний бие түүний хүү С.Сүхбаттай байрыг худалдаж авахаар тохиролцож байсан ба мөн нэмж машин худалдаж авах асуудал давхар байсан юм. Гэтэл намайг хүү нь залилсан асуудал гаргасан тул энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан ба одоогоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. 2017.09.06-ны өдөр хийгдсэн хэлцэл нь тухайн үед хийгдсэн боловч цаагуураа өөр мөнгөний тооцоо хүү Сүхбат нарын хооронд байсан юм. Тиймдээ тухайн хэлцэл гэх зүйлд тодорхой зүйлийг тусгаагүй, байрыг худалдаж байгаа талаар тусгаагүй, хэнд мөнгө өгөхийг ч тусгаагүй байхад шүүх энэ баримтыг үндэслэл болгосон нь буруу гэж үзэж байна. Мөн дээрх хэлцлийг хийснээс хойш маргаж байгаа байр нь М.Ганболдод шилжсэн. Хэрвээ дээрх мөнгө төлөгдөөгүй байсан бол байрны гэрчилгээ М.Ганболдод шилжихгүй байсан. Гэтэл бүх зүйл дууссаны дараа энэ асуудлаар шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээг хэргийн оролцогч нарын хооронд хийгдсэн гэж хэрэгт байхгүй баримтыг үндэслэж байгаа нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, багийн Засаг даргын тодорхойлолтоор хариуцагч нарыг гэрээ хийж үл хөдлөх хөрөнгө нь өөрийн нэр дээр болсон гэж үзэх боломжгүй юм. Хэргийн нөхцөл байдлаас харахад М.Ганболд нь Д , Сүхсайхан нарын үлдэгдэл мөнгийг Ж , Ц  нар нь өгөх боломжгүй байхад өөрөө өгч гэрээ хийж өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй болсон ба тус байрандаа өөрийн хамаатан Ж ыг түр байлгасан нь хариуцагч нарыг үл хөдлөх хөрөнгөтэй гэж үзэх үндэслэлгүй. Иймд миний бие өөрт ногдох хэсэг 5,000,000 төгрөгийг төлөх боломжгүй тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.15-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.20-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Д  нь хариуцагч нарт холбогдуулан орон сууцны үнийн үлдэгдэл үүрэг 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцыг Ж , түүний нөхөр Ц  нарт 55,000,000 төгрөгөөр худалдсан ба хариуцагч 45,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцон баталгаа гарган өгсний дагуу орон сууцыг Ж ын хүсэлтээр түүний дүү М.Ганболдын нэр дээр шилжүүлсэн гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр 60 айлын 06 тоот орон сууцны өмчлөгч Д , С.Сүхсайхан нар нь 2017 оны 09 сарын 08-ны өдрийн  үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцаа иргэн М.Ганболдын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч нар дээрх орон сууцны үлдэгдэл үнийг төлөх талаар баталгаа гаргасныг нотариат гэрчилсэн, орон сууцыг М.Ганболдын нэр дээр шилжүүлэн авсан ч хариуцагч нар нь гэр бүлийн хамт амьдардаг тухай багийн засаг даргын тодорхойлолт, иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар М.Ганболд нь хариуцагч Ж ын төрсөн дүү мөн байх бөгөөд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар орон сууцыг худалдан аваагүй гэсэн хариуцагч нарын тайлбар, татгалзал үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч Д  нь М.Ганболдтой орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн боловч бодит байдалд хариуцагч Ж , Ц  нартай гэрээ байгуулан худалдан авагч нарын хүсэлтээр орон сууцыг түүний төрсөн дүү болох М.Ганболдын өмчлөлд шилжүүлсэн байна гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч нь Д  мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Д ыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэсэн хариуцагч нарын тайлбар нь үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Түүнчлэн Д ын хүү С.Сүхбаттай автомашин худалдан авсан үнийг нь төлөөгүйгээс байрны үнийг суутган тооцсон гэж хариуцагч нь тайлбарлах боловч орон сууц худалдах-худалдан авах гэрээнд С.Сүхбат нь оролцоогүй, тус гэрээний үүргийг суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх гэрээний төлбөр хийх хугацаанд ач холбогдол өгч, зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж ын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ж ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч Ж аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 94,950.00 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН