Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01435

 

“Т” ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00351 дүгээр шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар магадлалтай

“Т” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

 Оийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч “Т” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Манай компани нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр От бүртгүүлж, 2011006136 тоот улсын бүртгэлийн, 4371011 тоот регистрийн дугаартай, барилгын засвар, үйлчилгээ явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. Уг компани нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилгын их засвар, барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаад Оийн ээлжит шалгалтад хамрагдан татварын хяналтын улсын байцаагчаас татварын нөхөн төлөлт, алдангийн талаар акт ногдуулсан. Энэ шалтгааны улмаас манай компани нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрх зүйн боломжгүй болж цаашид 2009 оны сүүлээс эхлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, бидний үйл ажиллагаа бүр мөсөн зогсонги байдалд ороод 9 жил болж байна. Энэ хугацаанд манай компани нь X тайлан гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй болж, үйл ажиллагааны хувьд бүрэн дампуураад байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1-д зааснаар “Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана” гэсний дагуу хүсэлтээ гаргаж байна, дампуурсанд тооцож өгнө үү гэжээ.

О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийтдээ 4 853 700 төгрөгийн албан татвар төлсөн байна. Татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар 97 372 600 төгрөгийн төлбөрийг хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, захирал нарт нь танилцуулан гарын үсэг зуруулан гардуулж Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл 34.2 дахь хэсэгт заасны дагуу акт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсон боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул хугацаа хэтэрсэн өрөнд холбогдуулан тус хэлтсээс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүх шатны шүүх хангаж шийдвэрлэж улмаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шилжүүлснээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 800 000 төгрөгийн төлөлт хийгдэж 33 862 200 төгрөгийн хүү, торгууль өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 204201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7 042 074.6 төгрөгийн төлбөрийг “Т” ХХК-ийн захирал Ш.Оюунчимэгт хариуцуулан танилцуулж гардуулсан. Зөрчлөөр илэрсэн төлбөрөө хүлээн зөвшөөрсөн боловч татвар төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулсан байгаа атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 62 710 400 төгрөг, нэмж нэхэмжлэх 7 042 074.6 төгрөг нийт 69 752 474.6 төгрөгийг Т ХХК-с гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

1. “Т” ХХК нь барилгын засвар, үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн төсвөөс санхүүжилттэй тендер, хөрөнгө оруулалтаар барилга барих, засвар үйлчилгээ эрхлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. Тендер, сонгон шалгаруулалтаар шалгарах боломжгүй болсон үед тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл, Татварын ерөнхий хуулийн 18.1-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж бараа ажил үйлчилгээндээ татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна.

3. Хариуцагчийн ХХБанкин дахь болон Ариг банкин дахь харилцах дансаар ихээхэн хэмжээний орлого орж ирсэн байх боловч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт:

“Т” ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна. Үйл ажиллагаа явуулж буй хугацаанд ихээхэн хэмжээний орлого олсон боловч зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр ашиг, санхүүгийн сахилга бат хангалтгүй, төлөвлөлт төлөвлөөгүй ажилласан удирдлагын цэвэр алдаатай бодлого байжээ.

“Т” ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:

1.Санхүүгийн тайлангийн тухайд хэрэгт авагдсан сүүлийн буюу 2017 оны жилийн эцсийн тайлан нь Х тайлан байх ба 2010 оны тайланг нь үндэслэн дүгнэлт гаргах шаардлагатай болж байна.

2.Улсын Дээд Шүүхийн 2000 оны 1-р сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино" гэж заасны дагуу Оийн татварын улсын байцаагчийн 2011оны 10-р сарын 05-ны өдрийн 201104 тоот актын дагуу нэхэмжилж буй 69,752,474.60 төгрөгийг хариуцагчийн өөрийн хөрөнгийн 10%-аас дээш буюу Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсгийн заалтад бүрэн хамаарч байна. "Т” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно... гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан тус “Т” ХХК нь 2010 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн.

“Т” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар санал

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Т” ХХК нь 2010 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Т” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагчийн Оийн өмнө хүлээсэн 69,752,474.60 төгрөгийн үүрэг дуусгавар болох юм гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00351 дугаар шийдвэрээр: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан “Т” ХХК /улсын бүртгэлийн дугаар 2011006136, регистрийн дугаар 4371011/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж,

Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, нэхэмжлэгч Оийн зөрчлийн хуулиар ногдуулсан төлбөр 7 042 074.6 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 62 710 400 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “Т” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун, шүүгчийн туслах Ө.Энхбаатар нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар магадлалаар:  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00351 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг “... Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, нэхэмжлэгч Оийн зөрчлийн хуулиар ногдуулсан төлбөр 7 042 074 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 62 710 400 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай ...” гэснийг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу хариуцагч “Т” ХХКомпаниас гаргуулж нэхэмжлэгч тус аймгийн Тт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Тийн 62 710 400 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Т” ХХКомпанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийдвэрийн дагуу төлөгдөх татварын өр-62.710.400 төгрөг, нэхэмжлэгч Тт төлөгдөх 7 042 074 төгрөгний төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурьдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар шийдвэртэй танилцан хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 142/ШШ2018/00351 дугаар шийдвэрийг хянахдаа гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь үндэслэл муутай байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг огт биелүүлэхгүй, хуулиар хүлээсэн албан татвар төлөх үүргээ огт биелүүлэх, татвар төлөх сэдэл, санаачилга гаргахгүй явсаар дампуурлын шатанд хүргэж байгаа нь маш учир дутагдалтай байна. Хэрэгт голчоор хандсангүй гэж үзэж байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь үндэслэл муутай байгаа нь харагдаж байгаа.

Шүүх “Т” ХХК нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг 2017.10.13-ны өдөр хүлээн авч, 2017.10.17-ны иргэний хэрэг үүсгээд 2017.12.15-ны өдрийн Дугаар 142/Ш32017/05843 тоот захирамжаар “Т” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон захирамж гаргасан байна. Энэ захирамжийг процессын хувьд алдаатай гарсан гэж үзэж байгаа. Төлбөрийн чадвартай эсэх, дампууруулах үндэслэлтэй эсэх холбогдох ямар ажиллагааг үндэслэл болгосон эсэхэд ойлгомжгүй байгаа юм. Зүй нь эхлээд төлбөрийн чадвартай эсэхийг тогтоосон ажиллагаа явагдсаны дараа дээрх захирамж гарсан бол үндэслэл бүхий бөгөөд хэрэг хянан ажиллагааны дараалалд нийцэхээр байна гэж үзэж байна.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн гол үндэслэл, баримтууд нь хангалтгүй бөгөөд учир дутагдалтай байна гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн зайлшгүй тодруулах шаардлагатай, авах шаардлагатай хууль ёсны эрх бүхий байгууллагаас гарах баримтуудыг үндэслээгүй баримт гаргуулаагүй. Өөрөөр хэлбэл санхүү, төрийн сангийн хэлтсээс баталгаажуулдаг жил бүрийн санхүүгийн тайланд огт дурдаагүй, үндэслэл болгоогүй.

Санхүүгийн тайлангийн тухайд 2010 оны тайланг үндэслэл болгосон гэж хэрэг гүйцэтгэгч тайлбарласан. Гэтэл 2012 онд тус компанийн харилцах дансаар орлого орсон байна. Өөрөөр хэлбэл 2010 оноос хойш ямар ч орлогогүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар ойлгомжгүй бөгөөд няцаагдах шинжээр илэрч байна. Мөн санхүүгийн тайланг хаанаас. эрх бүхий байгууллагын нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулж авсан тодорхойгүй байсан юм.

“Т” ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш туйлын хариуцлагагүй буюу хангалтгүй байдлаар татварын харилцаанд орж байсан. Өөрөөр хэлбэл хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн байгаа юм. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ч биелүүлээгүй. Өнөөгийн байдлаар татвар төлөгчийг дампууруулж хуулийн хариуцлага, үүргээс нь чөлөөлж шийдвэрлэж байгаа нь бусад аж ахуйн нэгжийн хувьд шударга бус, тэгш бус татварын харилцаа болж байна гэж үзэж байна.

Иймд 67 дугаартай магадлалыг хүчингүй болгож хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дампуурсанд тооцож, татан буулгуулахыг хүссэн “Т” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч “Т” ХХК нь 2007 оны 01 дүгээр сард От бүртгэгдэн, барилгын засвар, үйлчилгээ явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, татварын ээлжит шалгалтад хамрагдан татварын нөхөн төлөлт, алдангийн акт тавигдсанаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрх зүйн боломжгүй болсноос 2009 оны  сүүлчээс эхлэн үйл ажиллагаа нь бүр мөсөн зогсонги байдалд орж, энэ хугацаанд Х тайлан гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй болж, үйл ажиллагааны хувьд бүрэн дампуурсан үндэслэлээр дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хүсэлт гаргажээ.

 Шүүх хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5843 тоот шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагчийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ талаар нийтэд мэдээлснээр О татварын өр 69 752 474.6 төгрөг гаргуулан төсөвт төлүүлэхээр, дампуурлын хэргийг хааж, дахин хөрөнгөжүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч дахин хөрөнгөжүүлэх шаардлагаасаа татгалзсан байна.

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 589 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон байх ба хэрэг гүйцэтгэгч 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлтдээ: “...Компанийн санхүүгийн тайлангаас харахад 2007-2010 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 246 110 293.90 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 2121.11%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. ...хэрэг гүйцэтгэх хугацааны дотор нэхэмжлэгч дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд ирүүлсэн тус компанийн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад үндэслэн тус “Т” ХХК нь 2010 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Т” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж, хариуцагчийг татан буулгах санал оруулж байна....” гэжээ.

Анхан шатны шүүх “Т” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт агуулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байх тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

  Хүсэлт гаргагч “Т” ХХК нь 2007 онд Барилгын засвар, үйлчилгээ эрхлэх үндсэн чиглэлээр, 1 гишүүнтэйгээр, 5 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн 2011006136 дугаарт бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Оийн ээлжит шалгалтад хамрагдан татварын улсын байцаагчаас татварын нөхөн төлөлт, алдангийн талаар акт ногдуулснаас бараа, ажил үйлчилгээ худалдан авах, үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндэслэлгүй болж, 2009 оны сүүлчээс үйл ажиллагаа бүр мөсөн зогсонги байдалд орж 9 жил болж байна, энэ хугацаанд Х тайлан гаргаж байсан гэжээ.

Оийн татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар тус компанийн 2007-2010 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 97 372 600 төгрөгийн төлбөрийг актаар ногдуулсан, тус төлбөрийг “Т” ХХК-иар төлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Тус төлбөрөөс 800 000 төгрөгийн төлөлт хийгдэж, 33 862 200 төгрөгийн хүү, торгууль өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон, 62 710 400 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байна.

Түүнчлэн “Т” ХХК нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч 2012-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн  Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгаснаар 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа 40.9. сая төгрөгийн орлого, 35.9. сая төгрөгийн өртөг, зардлыг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 40.9. сая төгрөгийн орлого, 54.5 сая төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүй зөрчил илэрсэн байх тул хүсэлт гаргагч нь тухайн жилүүдэд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байх тул шүүхэд гаргасан хүсэлтээ нотлоогүй гэж үзнэ.

Дээрх татварын үлдэгдэл төлбөр дээр дээр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №204201788 шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2012 оны төлбөр 7 042 074 төгрөгийг нэмж, нийт 69 710 400 төгрөгийн өртэй байна.

Мөн дампуурлын хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг “...компанийн харилцах дансаар ихээхэн хэмжээний орлого орж ирсэн байх боловч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачилгатай ажиллаагүй, удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компани төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна...” гэжээ.

Тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн дансаар 2007-2010 онд нийт 1 012 419 021.33 төгрөгийн, Ариг банкин дахь дансаар 70 762 780 төгрөгийн орлого орсон байхад дээрх орлого хэрхэн зарлагдсан нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт гараагүй байх ба тухайн орлогоос хуулиар хүлээсэн албан татвар ногдох татвараа төлөөгүй хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хүсэлт гаргагчийн бусдад төлөх төлбөр нь дан ганц татварын өр байх ба бусад өрийг баримтаар нотлоогүй, төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай шүүгчийн захирамж гарч, нийтэд  мэдээлэхэд Оээс өөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй байна.

Татвар төлөгч татвараа төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас шалтгаалаагүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татварыг төлөх үүрэгтэй, түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай тул дээр дурдсан үндэслэлээр тухайн компанийг дампуурсанд тооцож, татан буулгаж, татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

Иймд  татвар төлөгчийг дампууруулж, хуулийн хариуцлага, үүргээс чөлөөлсөн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00351 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 5 дугаар зүйлийн 5.1.2., 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “Т” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД