Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2021/0887/З |
Дугаар | 221/МА2022/0699 |
Огноо | 2022-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2022/0699
2022 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2022/0699 | Улаанбаатар хот |
“МБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нар
Нэхэмжлэгч: “МБ” ХХК
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 21/006 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах, БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “МБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”; тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Д.Г-Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2021/0887/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МБ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 21/006 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах, БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “МБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0611 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МБ” ХХК-ийн БОАЖС-д холбогдуулан гаргасан БОАЖС-д хандан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 21/006 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах, БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “МБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, захиргааны үйл ажиллагаа шийдвэр нь зөвхөн хуульд нийцэж байх нөхцөлийг үндэслэл болгоогүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй, хууль, журмыг буруу хэрэглэсэн учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх боловч энэхүү үйл баримтыг шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулан шалгаж тогтоогоогүй” гэж, "Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн гэж тогтоож, дүгнэлт хийсэн атлаа Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоол болон Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, холбогдох нотлох баримтыг үнэлсэнгүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “.. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж заасан.
Уг тогтоолд заасан нөхцөлийн тухайд хэрэгт авагдсан баримт болон үндэслэлийг тодруулбал:
а/ “гэнэтийн давагдашгүй хүчний шалтгаан байхгүй” гэдэгт Монгол улсад үүссэн хүнд нөхцөлд холбогдуулан Засгийн газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3-т заасны дагуу арга хэмжээ авч, иргэн, хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдалд, өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан нөхцөл хамаардаг. Засгийн газрын 2020 оны 30, 62, 64, 102, 147, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолууд гарч иргэн хуулийн этгээдэд хязгаарлалтууд хийгдэж байсан.
б/ “бусдын хууль бус үйлдэл байхгүй” гэдэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0593 дугаар шийдвэрээр БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газрын эрхийг сэргээсэн тэмдэглэл гэрчилгээнд тусгагдсан.
в/ “Газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор” гэдэгт 2019 онд гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан, гэрээ байгуулах боломжийг олгохыг хүсч, холбогдох ажиллагааг гүйцэтгэж өгөхийг хүсч байсан, гэрээ байгуулахаас өмнө шилэн кабелийн давхцалыг арилгах арга хэмжээг авч, ажиллагаа хийж байсан.
г/ “газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл .....үйлчилгээ, ... эрхлээгүй байхыг ойлгоно” гэдэгт 2019 оны 10 сараас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасны дагуу “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх” боломжийг олгохыг хүсч хандаж байсан боловч холбогдох ажиллагаа удаашралтай, шийдвэрлэгдэхгүй, хариу өгөхгүй байсан. Гэрээнд зааж тусгагдах зориулалтын дагуу ашиглах газрын байршил хэмжээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчны яаманд 2020 оны 12 дугаар сарын 23-ны албан бичгээр хүргэгдэж байсан ч хариу шийдэлгүй хүлээгдсэн. Хугацааг тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газрын эрхийг сэргээсэн тэмдэглэл бичигдсэнээс хойш ашиглах боломж олгоогүй, холбогдох хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байсаар 1 жил 9 сарын дараа Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдлоо гэж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/79 дугаар шийдвэр гаргасан байдаг. 1 жил 9 сарын хугацааны 6 сарын хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2021 оны 05 сар хүртэлх хугацаанд 11, 12, 1, 2, 3, 4 саруудад бүх нийтээрээ хориглолт хязгаарлалт байсан нь нийтэд тодорхой үйл баримт юм.
3.2. Шүүх 15 дугаар тогтоолыг үндэслэлээ болгосон байтал тогтоолд тайлбарласан хуулийн зохицуулалтын “2 жил”-ийн хугацааг газар ашиглагч, ашиглуулагч талуудын хооронд гэрээ байгуулсан өдрөөс хойш тоолж, маргааны үйл баримтад холбогдуулан дүгнэлт өгөхөөр байна. Өөрөөр хэлбэл, тухайн газар эзэмшигчийн хувьд “газар эзэмшүүлэх гэрээ” байгуулснаар гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашигласан эсэх”-ийг тогтоох, түүнд хамаарах хугацааг тоолж, мөн хүндэтгэн үзэх шалтгаан үндэслэл байгаа эсэх, хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсэхэд зөрчил тооцож, хариуцлага хүлээлгэхээр байна.
3.3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хууль ёсны ёсны эрхийг баталгаажуулах, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд эрх зүйн хяналтыг хэрэгжүүлэх, хууль ёсны зарчмын хэрэгжилтийг хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, ач холбогдол бүхий нотлох баримт бүрт үнэлэлт дүгнэлт өгч харьцуулан тал бүрээс дүгнэж үзсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4, 13.3, 15, 24, 25, 26, 27, 29, 31, 32-д заасан хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, хуулийг зөрчиж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийг хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, төрд итгэх итгэлийн зарчимд сөргөөр нөлөөлж байгаа байдалд дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. Мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд “1.11-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “... мэдэгдэнэ ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-мэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэж заасан боловч газрын эрхийг цуцлах ажиллагааг болон шийдвэрийг мэдэгдээгүй байдаг.
3.4. Монгол улсад үүссэн “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл”, “хүнд нөхцөл байдал” болон “ноцтой өөрчлөлт” зэрэг халдварт өвчин, цар тахал зэрэг үйл явдлаас төрийн үйл ажиллагаа доголдож, коронавируст халдварт өвчнийг цар тахлын үед хөл хорио тогтоосон Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний улмаас нэхэмжлэгч хариуцагч хэн алинд нь үйлдэл үйл ажиллагаа доголдож, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж байсан. Энэ ч шалтгаанаар өргөдөл хүсэлтдээ дээрх нөхцөлийг дурдаж, дахин дахин хандаж, төрийн үйл ажиллагаанд итгэж хүлээж байсан нь баримтуудаас харагдана.
3.5. Анхан шатны шүүхээс “...анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд зориулалтын дагуу газраа ашигласан эсэх, ашиглах боломж бүрдсэн эсэх, ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх зэрэгт дүгнэлт хийгээгүй...” мөн “нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар газраа ашиглах боломж олгогдоогүй, захиргааны байгууллагын, хариуцагчийн өөрийнх нь хууль бус үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй. Шүүх хуульд заасан нөхцөл байдалд эргэлзээгүй, дүгнэлт өгөх ёстой байтал Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн 13 хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэснийг 2015 оны А/277 дугаар тушаал гарсан өдрөөс газрыг ашиглах ёстой гэж үзэж, энэ өдрөөс 2 жилийн хугацааг тоолно гэж шийдвэрээ тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна. Хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, ашиглах газар нь тодорхой зөрчилгүй, давхцалгүй байх, мөн газрыг ашиглах үүргээ биелүүлэх боломжийг захиргааны байгууллага бүрдүүлсэн байх, төлбөр төлөх үүрэг нь тодорхой, төлбөрийн үнийн дүн тогтоосон, холбогдох мэдээллээр хангасан төрийн үйл ажиллагаа тус бүр хууль ёсны байх нөхцөлийг шүүх дүгнэж үзсэнгүй.
3.6. Шүүх дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөгүй байна гэсэн дараах дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар 2015 оны А/277 дугаар тушаал гарсан өдрөөс газрын төлбөрийг төлөх ёстой үүргээ биелүүлээгүй байна гэж шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч “хэдэн төгрөг төлөхийг, ямар дансанд төлөхийг, төлбөрийг итгэлцүүрээр тооцохыг, ямар банкны ямар дансанд төлөхийг хуулийн этгээд өөрөө тооцож сураглаж, асууж тодруулж төлөх ёстой” гэж тайлбарласныг үндэслэлээ болгон хүлээн авч, тайлбарласан. Хариуцагчаас гаргасан холбогдох тайлбар нь “...Яамнаас шалтгаалсан зүйл байхгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн, гэрээ байгуулахад яам хамаагүй, нэхэмжлэгч газраа ашиглаагүй байсан ч төлбөрөө өөрөө сураглаж тодруулаад төлөх ёстой байсан, нэхэмжлэгч өөрөө гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, гэрээгээ байгуулаагүй учир төлбөр төлөөгүй нь тодорхой байсан, А/79 тушаалын үндэслэл нь 2015 оноос төлөх ёстой байсныг төлөөгүй гэж үзсэн, захиргааны хууль бус зүйл байхгүй нэхэмжлэгч өөрөө буруутай” гэсэн үндэслэлээр тайлбарлагдсан.
Гэтэл хариуцагчаас дээрх тайлбарыг шүүх хуралдаан дээр тодруулахад “гэрээний төсөл байдаг, гэрээнд тусгагдах төлбөрийн хэмжээг дүүргийн хурлаас шийддэг байсан. Одоо нийслэл шийддэг болсон, нэхэмжлэгч гэрээгээ байгуулъя гээд гомдлоо гаргах ёстой байсан, өмнөх газраа ашиглах боломжгүй байсан бол хүчингүй болгуулах хүсэлт гаргаагүй... А/79 тушаал гарахтай холбогдох ажиллагааг цахимаар хийсэн, холбогдох тайлбар ирээгүй, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/175 тушаалын 2 дахь хэсэгт заасан хэсэгт маргахгүй” гэж хариулсан. Хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 593 дугаар шийдвэрийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/175 дугаар тушаал гаргаж, эхний заалтаар эрхийг сэргээж, 2 дахь заалтаар газрыг ашиглах эрхийг бодитойгоор ашиглах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай ажиллагаануудыг гүйцэтгэхийг тус тус захиргааны байгууллагуудад үүрэг болгосон. Шүүхээс А/175 тушаалаар өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй нөхцөл байдалд дүгнэлт хийхийг хүссэн, мөн шүүх хуралдаан дээр хариуцагчаас тодруулахад тайлбар өгдөггүй, маргахгүй гэдэг.
3.7. Нэхэмжлэгч анх газрын эрх үүсэхэд төрийн үйл ажиллагаанд итгэж 50.400.000 төгрөг төлсөн байтал захиргаа үйл ажиллагаагаа гүйцэтгэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нөхцөл байдал зэрэг нь нэхэмжлэгчийн эрх төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хохироосоор ирсэн. 2015 оноос нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон итгэлцүүр нь олон удаа өөрчлөгдөж байсан, мөн шүүхээр маргаантай байсан байхад Газрын төлбөрийн тухай хуульд заасан “Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг тооцож тодорхойлох” нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг байсан гэж, энэхүү үүргээ биелүүлээгүй гэж шүүх нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
3.7.1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол зэрэг зохицуулалтууд 1м.кв тутамд 120, 960 бүр 2880 ч гэж тооцох байдлаар өөрчлөгдөж байсан байдаг. Байгуулагдах ёстой байсан гурвалсан гэрээний 2.4-ийн Г-д “...эрхийн байгууллагын шийдвэрээр газрын төлбөрт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээг шинэчилнэ” гэж заасан нь нэхэмжлэгчийг өөрөө хэдэн төгрөгийг хэзээ, хэрхэн хувааж, хаана яаж төлөхийг өөрөө тооцож хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой байсан гэдгийг үгүйсгэх нөхцөл гэж үзэж байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “...газрыг ашигласны төлөө төлбөр ногдуулах” гэж зааснаар бол тухайн үеийн итгэлцүүр тооцооллоор тооцож ногдуулж, хэдэн төгрөг төлөхийг тодорхой болгож, улмаар гэрээнд тусган төлбөр төлөх үүрэг үүсэхээр байна. Мөн 6, 7 дугаар зүйлд зааснаар тооцож тодорхойлохоор заажээ. Шүүх Газрын төлбөрийн хуулийн 6, 7-д заасны үндсэн дээр тооцогдсон тодорхой болсон төлбөрөөс 8 дугаар зүйлд зааснаар чөлөөлөгдөх нөхцөлийг тооцох байтал хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Газрыг ашиглах зорилго нь ч газрыг байгаль орчныг сэргээх, байгальд ээлтэй төсөл байгаа. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “Газрын төлбөрийн хэмжээ.... журмыг хуулиар тогтооно” гэж, 4.1.3-т “.... газрыг ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах", 45 болон 35 дугаар зүйлд “...гэрээнд заасан үүргээ биелүүлэх,” зэрэг зохицуулалттай байхад нэхэмжлэгчийг буруутгаж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг шалган тодруулж тогтоох ажиллагааг огт хийлгүй, шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэх үүргээ биелүүлээгүй захиргааны байгууллагыг шүүх зөвтгөж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.7.2. Баянзүрх дүүргийн Засаг даргаас гурвалсан гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэж, мөн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01а/602 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэхэд татгалзах зүйлгүй зэргийг илэрхийлсэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 онд “газрыг давхцалыг арилгаж, ашиглуулж болох газрын байршлыг тогтоож, кадастрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байхад зөвхөн яам ажиллагаа хийхгүй байсаар А/79 шийдвэрт оруулсан байгааг хянан үзнэ үү. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд хандаж гаргасан захиргааны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох шаардлага гаргасан боловч захиргааны байгууллагаас тодорхой тайлбар гаргаагүй, шүүх хуралдаан дээр нөхцөл байдал зөрүүтэй байсан болохоор 8 сарын 26-ны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан байх гэдэг.
Сайдад хандан шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан А/175 дугаар тушаал нь бодитойгоор хэрэгжихгүй байгаа талаарх гомдлыг, холбогдох үүргээ биелүүлэхгүй байгаа ажиллагааг гүйцэтгүүлэхийг хүссэн хүсэлтийн дагуу хянаж үзээд холбогдох шийдвэрээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх, хариу өгөх үүрэгтэй байсан. Шат дараалсан байдлаар хандсаар Сайдад хандаж буй гомдол хүсэлтэд огт хариу өгөхгүй байх нь өөрөө хууль бус гэж үзэх нөхцөл гэж үзэж байна. Ийнхүү Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хэрэглэхийн тулд дараах тодорхой факт бүрдэж үү гэдгийг тогтоож, үйл баримт, хуулийн заалтыг харьцуулан үзэх шаардлагатай байсан. Захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргах бол газар газраа ашиглаж байгаа эсэх талаар тодруулах ажиллагаа явуулах, газраа ашиглаагүй болохыг тогтоосон бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг газар эзэмшигч нараас тодруулах ёстой байтал уг Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй.
3.7.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухайгаа буюу газар эзэмшигчид сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт, түүний үндэслэлийн талаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны үйл ажиллагаа юм. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж, мөн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлд газар эзэмшүүлэгчийн эрх, үүргийг заасан ба 3.4-д “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх” гэж заасан. Энд зааснаар газар эзэмших гэрээг жил бүр дүгнэхээс гадна, төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэх ёстой байгаагаас үзвэл гэрээний үүргийг биелэгдсэн эсэхэд дүгнэлт өгч эрхийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна.
Газар эзэмших гэрээний 4.6-д “Газар эзэмшигчийн үүрэгт: “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар хоног тутам алданги төлөх” гэж заасан байхад тус тус заасан байхад хариуцагч гэрээг дүгнээгүй атлаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд эрх бүхий этгээд эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан боловч энэ нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан гэрээг дүгнэх ажиллагааны үр дүнгээс хамаарч хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалт гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, нэхэмжлэгч “МБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
3. Нэхэмжлэгч “МБ” ХХК нь БОАЖС-д холбогдуулан “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 21/006 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгуулах, БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “МБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ “...өнөөдрийг болтол шүүхээр сэргээгдсэн газрын эрхээ ашиглах боломжгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс ашиглах боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох асуудлыг шийдвэрлэхгүй, газрыг ашиглах боломжийг бодитой бий болгох арга хэмжээ авахгүй ...олон удаа хүсэлт гомдол гаргасан” гэж тодорхойлжээ.
4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
4.1. Анх “МБ” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын аманд 10.08 га газрыг “аялал жуулчлалын зориулалтаар” ашиглах эрх олгож, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2015/242 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна.
4.2. Улмаар БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин Тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжих, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан гэх үндэслэлээр “МБ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон маргааныг хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0593 дугаар шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “МБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Үүний дараа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, хариуцагч БОАЖС 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/175 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалын 4 дэх заалтаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, 3 дахь заалтаар газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргах зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар мэдэгдсэн тушаал гаргажээ.
4.4. Уг тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “МБ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж, 2015 оны 2015/242 дугаартай газар ашиглах гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан тэмдэглэгээ хийж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1608 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “МБ” ХХК-т газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах тухай мэдэгдсэн болох нь нотлогдож байна./1-р хх-29тал/
4.5. БОАЖС-ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч “МБ” ХХК багтжээ.
4.6. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 521 дүгээр албан бичгээр “...гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” мэдэгдлийг дээрх маргаан бүхий тушаалын хамт хүргүүлсэн байна.
4.7. Дээрх тушаалын үндэслэлд Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 11и-з/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдэл зэргийг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
4.8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, 35 дугаар зүйлийн 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;” гэж тус тус заажээ.
4.9. “МБ” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А-277 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын аманд 10.08 га газрыг “аялал жуулчлалын зориулалтаар” ашиглах эрх олгосноос хойш,уг эрхийг дуусгавар болгосон 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаал гаргах хүртэл, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж газар ашиглах эрхийг сэргээсэн БОАЖС-ын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/175 дугаар тушаал гарснаас хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, захиргааны хэргийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг зэргээр тогтоогдсон, “...цахилгаан дамжуулах агаарын ... шугам холбооны газрын шилэн кабельтай давхцалтай” гэх нөхцөл байдал нь газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахад хүндэтгэн үзэх шалтгаан биш байна.
4.10. Энэ талаарх нэхэмжлэгчийн “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 онд “газрыг давхцалыг арилгаж, ашиглуулж болох газрын байршлыг тогтоож, кадастрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байхад зөвхөн яам ажиллагаа хийхгүй байсаар А/79 дүгээр шийдвэрт оруулсан ..., Шат дараалсан байдлаар хандсаар Сайдад хандаж буй гомдол хүсэлтэд огт хариу өгөхгүй байх нь өөрөө хууль бус гэж үзэх нөхцөл гэж үзэж байна.” гэх гомдол үндэслэлгүй.
4.11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “МБ” ХХК нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглагчийн үүргийг хэрэгжүүлээгүй, гурвалсан гэрээг захиргааны байгууллагатай байгуулаагүй нь хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.12. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15/1131 дугаартай “...”МБ” ХХК-ийн нэрээр газрын төлбөрийн гүйлгээ 2018-2021 онуудад хийгдээгүй” гэсэн албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч “МБ” ХХК нь газрын 50.400.000 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан ... газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөхөөс бус өндөр хүчдэлийн болон кабел шугамтай давхацсан, ковидын нөхцөл байдал үүссэн, газар ашиглах гуравласан гэрээ байгуулж газрын төлбөрийн хэмжээ, хугацааг тохироогүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэлд үл хамаарч байна...” гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй ба анхан шатны шүүх Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “МБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
,
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА