Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 608

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00608

 

 

М.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01146 дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч М.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч О.Отгонбаярт холбогдох

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч М.Зоригтбаатарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  М.Зоригтбаатар би 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 334 дугаартай зээлийн гэрээ байгуулан иргэн О.Отгонбаярт 25.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаа буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Зээлдэгч О.Отгонбаяр нь зээлийн хүүнд 2015 оны 7 дугаар сард 5 сая төгрөг, 10-11 дүгээр сард 2.845.000 төгрөгийн гар утас, 2016 оны 03 дугаар сард 250 000 төгрөгийн гар утас өгсөн. /энэхүү эд хөрөнгийг зээлдэгчийн гаргаж өгсөн үнэлгээний дагуу тооцсон болно/ Гэвч О.Отгонбаяр нь зээлийн гэрээнд заасан үүрэг буюу үлдэгдэл мөнгөө өнөөдрийг хүртэл төлөлгүй зээлдүүлэгчийн эрх ашгийг хохироож байна. Иймд иргэн О.Отгонбаяраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл  25.000.000 төгрөг, зээлийн хүү 18.021.666 төгрөг, алданги 12.500.000 төгрөг, нийт 55.521.666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан тайлбарт: М.Зоригтбаатар нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 334 дугаартай зээлийн гэрээний дагуу 55 512 666 төгрөг нэхэмжилсэн байна. М.Зоригтбаатар бид 2-ын дунд хамгийн анх 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 14/7 дугаартай зээлийн гэрээ хийгдэж, уг зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг М.Зоригтбаатараас зээлэн авсан бөгөөд тухайн зээлийг төлж байх хугацаандаа, нэмж зээл авсан тул 2014 оны 09 сарын 24-ний өдөр дахин зээлийн гэрээ хийж, уг гэрээгээр 10 000 000 төгрөг төлөхөөр болсон бөгөөд үүнээс хойш би М.Зоригтбаатараас мөнгө зээлж аваагүй бөгөөд Зоригтбаатараас янз бүрийн дарамт шахалт үзүүлэн, хууль зүйн мэдлэг дутмагыг минь далимдуулан 2014 оны 9 сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүү алданги зэргийг нэмж, cap бүр мөнгө өгсөн авсан мэтээр зээлийн гэрээ хийдэг байсан. Тухайлбал 2014 оны 10 сарын 21-ний өдөр болон түүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 20-ыг хүртэл cap болгон нийт 10 гэрээг байгуулсан. М.Зоригтбаатараас би 10 000 000 төгрөгийг авсан бөгөөд энэ хугацаанд дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд: гар утас хэлбэрээр 5 222 000 төгрөгний үнэ бүхий 15 төрөл маркийн гар утас өгсөн. Мөнгөн хэлбэрээр нийт дансаар 2 330 000 төгрөг, бэлнээр 9 297 000 төгрөгийг өгсөн байна. О.Отгонбаяр нь нэхэмжлэгч М.Зоригтбаатарт 2014 оны 9 сарын 05-ны өдрийн 14/07 дугаартай зээлийн гэрээний дагуу гар утас болон мөнгөөр нийт 24 694 000 төгрөгийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар М.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй, О.Отгонбаярт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар давж заалдах гомдолдоо: Иргэн М.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч О.Отгонбаярт холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01146 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.         Зээлдүүлэгч М.Зоригтбаатар нь 2015 оны 2-р сарын 16-ны өдрийн 334
дугаартай зээлийн гэрээний дагуу 25.000.000 төгрөгийг 2015 оны 2-р сарын 14-ний
өдөр зээлдэгч О.Отгонбаярт бэлнээр өгч "Мөнгө хүлээлцсэн баримт"-ыг үйлдсэн бөгөөд
энэ талаар зээлийн гэрээний 3 дугаар зүйлд тодорхой тусгасан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 2015 оны 2-р сарын 14-ний өдөр зээлдэгч О.Отгонбаярт 25.000.000 төгрөгийг бэлнээр өгч энэ тухай баримт үйлдэн талууд гарын үсгээ зурж батлгаажуулсан. Ийнхүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 28.2.4-т заасны дагуу мөнгийг зээлдэгчид өгч зээлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа талууд хүү тогтоосон учраас үүнийгээ Иргэний хуулийн 282.1-т, 282.3-т заасныг тус тус үндэслэн бичгээр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байдаг. Зээлдэгч О.Отгонбаяр нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байсан тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан шаардах эрх үүссэн.

2.         Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа өнгөрч зээлдэгч нь
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс зээлийн
гэрээний хугацааг сунгах хэлбэрээр 25.000.000 төгрөг дээрээ төлөх ёстой хүүг нэмж
тооцон зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2015 оны 2-р сарын 16-ны өдрийн 334 дугаартай зээлийн гэрээнээс хойшхи гэрээний хувьд талууд мөнгө буюу эд зүйлийг бодитоор зээлдүүлэгчид шилжүүлэн өгөөгүй байдаг бөгөөд зээлдүүлэгч өөрөө зээлийн гэрээний хугацааг сунгаж байна гэсэн ойлголтоор гэрээг шинэчлэн байгуулж талууд нотариатаар батлуулсан байдаг. Зохигч талууд 2015 оны 3-р сарын 21-ний өдөр байгуулсан 516 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 4-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 5-р сарын 20-ны өдрийн 832 дугаартай зээлийн гэрээг байгуулсан талаараа маргаагүй, харин бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн гэж бичсэн боловч мөнгө хүлээлцсэн баримт байхгүй юм. Эндээс харвал зээлдүүлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон бодит үйлдэл юм.

3.         Талуудын хооронд 2015 оны 2-р сарын 16-ны өдөр байгуулсан 334
дугаартай зээлийн гэрээнд хавсаргаж 2015 оны 2-р сарын 14-ний өдөр өөрсдийн гараар
бичсэн бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд
гаргаж өгсөн. Энэ нотлох баримтыг шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үнэдслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Энэ гэрээгээр 25.000.000 төгрөг аваагүй харин 3-4 хоногийн өмнө мөнгө авсан байдаг. Энэ тохиолдолд зээлийн гэрээ амаар байгуулагдсан" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл 25.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зевшөөрсөн байдаг. Мөн 2014 оны 10-р сарын 21-ний өдрийн 14/26 дугаартай зээлийн гэрээний ард зээлийг хэрхэн төлж барагдуулсан талаар зээлдэгчийн өөрийнх нь гарын үсэг бүхий нотлох баримт байдаг.

Тодруулбал талуудын хооронд 2015 оны 2-р сарын 16-ны өдөр байгуулсан 334 дугаартай зээлийн гэрээнээс өмнөх зээлийн гэрээнүүдийн ар талд эргэн төлөх график буюу зээл төлөх хугацаа, хэмжээг харуулсан хүснэгт байдаг. Энэхүү хүснэгтэд зээлдэгч О.Отгонбаяр нь зээлээ төлсөн тухай бүртээ гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй атлаа хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотлосон нотлох баримт нэг ч байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.         Дээр дурдсанаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 2015 оны 2-р сарын 14-ний өдөр зээлдэгч О.Отгонбаярт 25.000.000 төгрөгийг бэлнээр өгч энэ тухай баримт үйлдэн талууд гарын үсгээ зурж батлгаажуулсан. Ийнхүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 28.2.4-т заасны дагуу мөнгийг зээлдэгчид өгч зээлийн гэрээ байгуулсан байна.

Энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа талууд хүү тогтоосон учраас үүнийгээ Иргэний хуулийн 282.1, 282.3-т заасныг тус тус үндэслэн бичгээр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байдаг. Энэ үйл баримтаас харвал талууд Иргэний хуулийн зохих шаардлагыг хангаж гэрээг байгуулах талаараа санал нэгдсэн, хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр хийж, гэрээний зүйл буюу 25.000.000 төгрөгийг бодитойгоор олгосон байдаг.

5.         Зээлийн гэрээг талууд тэгш эрх, харилцан сайн дурын үндсэн дээр өөрсдийн
хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгуулсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт,
дарамт үзүүлэлгүйгээр өөр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байгаа нь
илэрхий байна. Учир нь зээлдэгч зээлийн гэрээгээр зээл аваагүй бол нотариатч дээр очиж зээлийн гэрээг байгуулахгүй. Мөн дахин дахин зээлийн гэрээний хугацаа сунгасан байдлаар гэрээг байгуулсан байгаагаас харвал талуудын хооронд бодит хүсэл зориг байсан гэж үзэх хангалттай үйл баримт байгаа юм. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж, түүнийгээ нотариатаар батлуулсан байна.

Гэвч шүүх нь "Бусад гэрээ нь хуурамч байсан учраас энэ гэрээ бас л хуурамч" гэж дүгнэх нь хэт нэг талыг барьсан бөгөөд илт үндэслэл муутай болжээ.

6.         Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
анх нэхэмжлэл гаргахдаа шүүхийн тэмдэгтийн хураамжид 435.560 төгрөгийг төлсөн
байдаг. Үүний дараагаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг 37 500 000 төгрөг болгон
багасгасан байдаг. Гэвч шүүх тэмдэгтийн хураамжийн талаар шийдвэртээ бүрэн дүүрэн
тусгаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01146 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Зоригтбаатар нь хариуцагч О.Отгонбаярт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 334 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээний 3-т  “25 000 000 төгрөгийг зээлдэгч О.Отгонбаярт  2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр өгсөн” гэсэн бичилт хийгдсэн байх ба хариуцагч О.Отгонбаяр нь “...мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан боловч  25 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, өмнөх зээлийн гэрээнүүдийн хүү, алдангийг тооцож гэрээ хийсэн...” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд энэ нөхцөлд зээлдэгчид мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг төлөх үүрэг үүснэ. Хэргийн 122 дугаар талд авагдсан мөнгө хүлээлцсэн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч М.Зоригтбаатар нь хариуцагч О.Отгонбаярт зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн гэж үзэх учир дутагдалтай байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчид бэлнээр өгсөн мөнгө болон “гар утас”-ыг өгөх хэлбэрээр төлж байсан тооцооны талаар бичигдсэн дэвтрийг шүүхэд нотлох баримтаар өгсөн гэж тайлбарладаг бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд уг дэвтрийг шинжлэн судалсан талаар тусгагдсан боловч тухайн дэвтрийг нотлох баримтын хувьд хэрхэн үнэлсэн, эсхүл нотлох баримтаас хассан эсэх нь тодорхой биш, уг баримт давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хэргийн материалд байхгүй байна.

Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагчийн тооцооллын дэвтэр нь зээлийн гэрээг бодитоор байгуулсан эсэх, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаарх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болохоос гадна талууд нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлохоор шүүхэд ирүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 450  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                            Б.НАРМАНДАХ

 

                                                А.МӨНХЗУЛ