Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0189/З |
Дугаар | 221/МА2022/0727 |
Огноо | 2022-11-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0727
О.Рийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Нэхэмжлэгч: О.Р
Хариуцагч: СХДЗД
Гуравдагч этгээд: Б.Н, П.Ө, Т.М, М.О, Ө.Я, Г.Э нар
Нэхэмжлэлийн шаардлага: “СХДЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н /2 нэгж талбар/, П.Ө /2 нэгж талбар/, Т.М, М., Ө.Я, Г.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0630 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.А, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0189/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Р нь СХДЗДд холбогдуулан “СХДЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н /2 нэгж талбар/, П.Ө /2 нэгж талбар/, Т.М, М.О, Ө.Я, Г.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0630 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан О.Рээс СХДЗДд холбогдуулан гаргасан “СХДЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н /2 нэгж талбар/, П.Ө /2 нэгж талбар/, Т.М, М.О, Ө.Я, Г.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Нэхэмжлэгчээс “СХДЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н /2 нэгж талбар/, П.Ө /2 нэгж талбар/, Т.М, М.О, Ө.Я, Г.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сард Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулсан 2021-7025 дугаартай дуудлага худалдаанд ялагч болж, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт орчимд байршилтай 1801710703 нэгж талбарын дугаартай 98,400,000 төгрөгийн үнэлгээтэй 5,000 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ гардаж авч хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болсон.
Үүнтэй уялдан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас 5 давхар хүртэл барилга барих зөвшөөрлийг гардаж авсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх, газрын байршлын бүсийг үндэслэн дуудлага худалдааны аргаар уг газрын эзэмших эрхийг авч архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагын дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар барих барилгын материал захиалга, гэрээ хэлцэл зэрэг бэлтгэл ажлаа хангаж ихээхэн зардал гаргасан болно.
3.2. Гэвч гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх эрх олгосны улмаас эзэмших эрхтэй газрын орц гарцыг шууд хаасан. Уг газрыг дүүргийн Засаг даргаас газрын дуудлага худалдаанд оролцуулахдаа зориулалтыг “худалдаа, үйлчилгээ” гэж зарласан байсан бөгөөд түүний дараа газрыг гэрчилгээг ч мөн энэ зорилгоор олгосон. Гэсэн ч намайг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож орц, гарцыг хаасан, бодит байдал дээр газрын бусад тойрсон хэсгээр үерийн далан шуудуу болон гүүртэй, өөр газраар орон орц, гарц байхгүй тул худалдаа үйлчилгээний үйлчлүүлэгчид, бүр эмнэлэг, галын машин ч орох боломжгүй болгосон байна.
3.3. Анхан шатны шүүхээс “гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсний дараа нэхэмжлэгчид нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамж гарсан” гэж дүгнэсэн.
Гэтэл О.Рийн эзэмшил газрыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 дугаар тогтоолоор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч дуудлага худалдааны ялагч болсон тул нэхэмжлэгчийн эрх цаг хугацааны хувьд хожим үүссэн гэх боломжгүй.
3.4. Нэхэмжлэгч газраа худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулах зорилгоор дуудлага худалдаагаар авсан бөгөөд уг зориулалтын дагуу ашиглах боломж СХДЗД бусдад газар эзэмшүүлснээр хаагдсан. Учир нь уг газрыг худалдан авч худалдаа үйлчилгээний төв байгуулахад урд талд байх хатуу хучилттай зам, түүнд нээлттэй хүрэх нь чухал ач холбогдолтой байсан.
Гэтэл одоогийн бодит байдал дээр урдуураа жалга, үерийн усны далантай тул төв зам руу орох боломжгүй, тиймээс газрын баруун хэсгээр буюу гуравдагч этгээдүүдэд олгосон газраар төв зам руу холбогдох боломжтой болно. Дээрх байдлаар нийслэлээс зориулалтыг зааж дуудлага худалдаагаар зарсан газрыг СХДЗД зориулалтаар нь ашиглахад саад болж нийслэл болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн эсрэг агуулгатай захирамж гаргаснаас болоод нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
3.5. Мөн шүүхээс Б.Н, П.Ө нарт тус бүр 2 нэгж талбар газар үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон атлаа хүчингүй болгоогүй нь үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно.
Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 дугаар тогтоолын хавсралтад зааснаар тус дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад байрлах 5000 м.кв газрыг үйлдвэрлэл, аж ахуй, хөдөө аж ахуйн цогцолборын зориулалтаар дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд тус дуудлага худалдаанд нэхэмжлэгч О.Р ялагч болсон тул түүнд дээрх газрыг нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/462 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
2.1. Харин маргаан бүхий СХДЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт сургуулийн орчимд 1,400 м.кв газрыг Б.Н, П.Ө нарт, 700 м.кв газрыг Т.М, М.О, Ө.Я, Г.Э нарт тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож орц, гарцыг хаасан ... үйлчлүүлэгчид, эмнэлэг, галын машин ч орох боломжгүй байна” гэх боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь 3 талаараа чөлөөтэй буюу орц, гарц хийх боломжтой болох нь тогтоогдож байна.
3.1. СХДЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасанд нийцсэн байх ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй байна.
3.2. Түүнчлэн нэхэмжлэгч О.Рийн эзэмшлийн газар гуравдагч этгээд Б.Н, Т.М нарын эзэмшлийн газартай хил залгаа болохоос Ө.Янжиндулам, П.Ө, М.О, Г.Э нарын эзэмшлийн газраас зайтай байхад дээрх үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрх цаг хугацааны хувьд хожим үүссэн гэх боломжгүй, ... шүүхээс Б.Н, П.Ө нарт тус бүр 2 нэгж талбар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон атлаа хүчингүй болгоогүй” гэж дурджээ.
4.1. Нийслэлийн Засаг дарга, СХДЗД нар нь хуульд нийцүүлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхдээ газрыг давхцуулаагүй, бусдын эрхэд халдаагүй байх тул аль захирамж эхэнд гарсан, хэн газар эзэмших эрхийг түрүүлж авсан нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй.
4.2. Шүүх СХДЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамж нэхэмжлэгч О.Рийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэхийг хянаж, хэргийг шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд Б.Н, П.Ө нарт 1,400 м.кв газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлээгүй тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ