Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01471

 

“Т” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00495 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1159 дүгээр магадлалтай

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Н” ХХК-д холбогдох

59 118 741 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

71 805 987 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь 2015 оны  02 дугаар сарын 06-ны өдөр 15-1061 тоот ажил гүйцэтгэх гэрээг “Н” ХХК-тай байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу “Т” ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочин буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Манай компани гэрээний дагуу дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зураг төсөл хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн ба “Н” ХХК-ийн ерөнхий инженер К.Мурат, архитектор Э.Бархүү нар тус актад гарын үсэг зурж, хүлээн авсан. Бид ажлаа хүлээлгэж өгсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 40 хувь болох 19 800 ам.долларыг шилжүүлэхийг “Н” ХХК-иас удаа дараа шаардсаар байгаа боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодож, шүүх, хуулийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж өнөөдрийг хүртэл “Н” ХХК-д боломж олгосон боловч гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар “Н” ХХК нь гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.2 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19 800 ам.доллар буюу 39 412 494 төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөөгүй 300 хоногийн 0.2 хувийн алданги нийт 23 647 496 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 19 706 247 төгрөг, нийт 59 118 741 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2, 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг тус тус үндэслэн “Н” ХХК-иас 59 118 741 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. “Н” ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19 800 ам.доллар буюу 39 412 494 төгрөг, алданги 19 706 247 төгрөг, нийт 59 118 741 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15-1061 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Т” ХХК нь “Н” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж санхүүжилтүүдийг цаг тухайд нь олгож байсан. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Т” ХХК нь гэрээний дагуу ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, дутуу хагас шаардлага хангахгүй зураг хийж өгсөн. Манай компанийн зүгээс тус компанид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр дутуу ажлуудаа нэмэлтээр хийж өгөхийг шаардсан боловч дутуу ажлуудаа хийж өгөөгүй болно. Тус компанийн хариуцлагагүй байдлаас болж манай компанид асар их хохирол учирсан болно. Учир нь төслийн ажлыг чанарын шаардлага хангахгүй зураг төслөөр хийх боломжгүй байсан тул манай компанийн зүгээс арга буюу “Аркетайп монголиа” ХХК-д их хэмжээний төлбөр төлж буюу 78 000 000 ам.долларын төлбөрийн нөхцөл бүхий Үйлчилгээний гэрээ байгуулан зураг төсөл хийлгэж төслийн ажлаа хийж байгаа болно. Талууд 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд гэрээний дагуу “Т” ХХК нь гэрээт ажлыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээт ажлын явц 60 хувьтай гэрээт ажлын явц удаашралтай явж байна гэж дүгнэсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд тус протоколд “Т” ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн зураг нь шаардлага хангаагүй гэж дүгнэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зарим ажлуудыг нэмж тусган даалгавар хүргүүлсэн байгаа гэж дүгнэжээ. Тус гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколуудыг талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК нь дутуу ажлуудаа хийж хүлээлгэн өгөөгүй, үүний улмаас манай төлөвлөсөн ажлын хугацаа асар ихээр өнгөрсөн, өөр компаниар ажлын зураг дахин хийлгэсэн. Гэтэл тус компани нь гэрээт ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь “Т” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж, “Т” ХХК-д 29 700 ам.долларыг буюу гэрээний үнийн дүнгийн 60 хувийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй болно.Учир нь талууд гэрээт ажлын явцыг тухай бүрт нь дүгнэж байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн протоколоор гэрээт ажил 60 хувьтай, удаашралтай байна гэж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны протоколоор “Т” ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй хийж гүйцэтгэсэн, зураг төсөл нь шаардлага хангаагүй гэж дүгнэн талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Мөн манай компанийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр гэрээнд заагдсан ажлуудаас хийгдээгүй дутуу ажлууд болох гол хаалга, гадна хашаа, 2 давхар зоорьтой 1 давхрууд нь үйлчилгээний төв, 4 ширхэг 16 давхар орон сууцны барилга, 5 давхар апартмент 10 ширхгийг нэмэх, унадаг дугуй болон явган зам нэмэх, зочид буудлын доод хэсгийг зогсоол болгон ашиглах талаар зураг төсөлд тусгаж өгөх, супер маркет нэмэх, өвлийн улиралд хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбай нэмэх, битүү спорт цогцолбор нэмэх зэрэг ажил дутуу байгаа тул хийж гүйцэтгэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж эскиз зэргийг гаргаж өгөх шаардлагатай байгааг мэдэгдсэн. Гэтэл “Т” ХХК нь зураг төсөлдөө дээрх дутуу зүйлийг нэмж тусгаагүй, хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй, зай хэмжээ байхгүй дутуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн, ашиглах боломжгүй зураг төсөл болсон учраас манай компани тус зургийн дагуу өөрийн ажлаа хийж гүйцэтгээгүй болно. Тус “Т” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөл нь чанарын шаардлага хангахгүй, холбогдох хууль тогтоомж болон дүрэм журамд заасан стандартад нийцэхгүй, дутуу хагас зураг болох нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэл, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ зэрэг 3 шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа тул манай компанийн зүгээс гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29 700 ам.доллар буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ханшаар 71 805 987 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа боловч ямар шаардлага хангахгүй, ямар доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэв доголдолтой байсан бол гомдлын шаардлага гаргах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч компани ажлын доголдлын талаар огт ярьж байгаагүй атлаа манайх нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Тухайн зураг шаардлага хангаагүй бол Н ХХК зургийг ашиглахгүй байсан байх. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00495 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.5, 352 дугаар зүйлийн 352.2.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 59 118 741 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч “Н” ХХК-ийн нэхэмжлэгч “Т” ХХК-иас 71 805 987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454 000 төгрөгөөс илүү төлсөн 457 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгон, үлдсэн 453 543 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 980 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас Монголын Архитекторуудын Эвлэл ТББ-ын шинжээчийн ажлын хөлсөд 400 000 төгрөгийг гаргуулан Монголын Архитекторуудын Эвлэл ТББ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1159 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т ХХК-ийн төлсөн 454 000 төгрөг, хариуцагч Н ХХК-ийн төлсөн 516 980 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Н” ХХК нь “Т” ХХК-тай иргэний хуулийн 343.1-т заасан гэрээ байгуулан ажилласан ба ажлын хөлсний урьдчилгаанд 29.700 ам.доллар өгсөн байдаг.

“Т” ХХК-ийн зүгээс гэрээт ажлыг гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн учраас үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар шаарддаг ба “Н” ХХК-ийн зүгээс ажлын үр дүнг хүлээж аваагүй, тэдний гүйцэтгэх ёстой ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн учраас гэрээг цуцалж урьдчилгаанд өгсөн мөнгийг шаарддаг.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлцсэн акт ...зэрэг баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон”, ...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлцсэн акт гэх баримтын бичвэр уншигдах боломжгүй” гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг.

Иймд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нотлох баримтыг буруу үнэлж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэрэг шийдвэрлэсэн:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж түүнд хамаарах баримтуудаа нотлох нь тэдний үүрэг бөгөөд ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэх баримтаа өөрөө гаргаж шүүхэд хүргүүлэх үүрэгтэй байна. Анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт хөндлөнгийн байх зарчмыг баримталж талуудын гаргаж өгсөн баримтыг үндэслэж шийдвэрээ гаргах үүрэгтэй, тэдний шүүхэд ирүүлсэн баримт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгох ёстой бөгөөд анхан шатны шүүх энэ байдлаар дүгнэж нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэж өгсөн гэдэг байдлаар үнэлээгүй болохыг ...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэснээр харагдаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар ...2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлцсэн акт ...зэрэг баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон”, “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлцсэн акт гэх баримтын бичвэр уншигдах боломжгүй” гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг буруу шийдвэрлэсэн байна. Иймээс магадлал хуулийн шаардлага хангаагүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй:

Анхан шатны шүүхээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон гэдгийг дүгнэсэн байдаг ба ажил гүйцэтгэх гэрээний үндсэн агуулга нь гүйцэтгэх ёстой ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч түүнд тохирсон хөлс олгох байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гүйцэтгэгч талын хийсэн гүйцэтгэсэн ажил үйлчилгээ захиалагчийн хүссэн үр дүнг бий болгоогүй гэж харагдаж байна.

Учир нь захиалагч буюу хариуцагчийн зүгээс “Теппен Консракшн” ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан үүрэг болох “Бага тэнгэрийн ам” цогцолбор төслийн хүрээнд хийгдэх мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлын зураг төслийг гуравдагч этгээдээр дахин гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоож байна.

Ажлын үр дүн гэдэг нь захиалагчийн хүссэн ажил, өөрт ашигтай байх, хэрэгцээтэй байх, түүнийг ашиглаж аливаа биет зүйл бүтээх боломжтой байх шалгууруудыг хангасны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээний “үр дүн” бий болох ёстой байдаг.

Гэвч гүйцэтгэгчийн хийсэн ажил нь дээрх байдлаар захиалагчид ашигтай ажил үйлчилгээ болоогүй ба хийсэн зураг төслийн дагуу ажил гүйцэтгэх боломжгүй, чанарын шаардлага хангахгүй болохыг хөндлөнгийн байгууллага буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1-т “...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд” томилогдсон этгээдийн дүгнэлтээр тогтоогддог.

Иймээс тухайн ажлын үр дүн бий болоогүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1-т “...Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан байх ба зохигчид өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, ихэсгэх, багасгах эрх нь өөрт олгогдсон байдаг.

Энэ хүрээнд хариуцагчийн зүгээс гэрээний үр дүн гараагүй учир “Теппен Консракшн” ХХК-тай гэрээг цуцалж тэдний гүйцэтгэх ёстой байсан үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн байх ба үүнээс үүдсэн хохирол бий болсон тэрхүү хохирлын хэмжээг тодорхойлохдоо бусдаар үүрэг гүйцэтгүүлж гарсан зардлыг үүрэг гүйцэтгэгчээр гаргуулах эрхийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 29700 ам.доллар буюу 71 805 987 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэхээр байна.

Шүүхээс “...349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болохыг харуулж байна.

Учир нь үр дүнг хүлээгээд авсан тохиолдолд доголдолтой холбоотой шаардлага гаргах асуудал яригдахаас бус үр дүнг хүлээж аваагүй тохиолдолд дээрх зохицуулалтыг хэрэглэхгүй байхаар байна.

Үр дүнг хүлээж аваагүй гэдгийг дээр дурдсанчлан “Теппен Консракшн” ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоож байгаа ба тухайн үр дүнг хүлээж авсан ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг гурван удаагийн шинжээчийн дүгнэлт харуулж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1159 магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00495 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, үндсэн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээх саналтай хяналтын гомдол  гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“Тэппэн констранкшн” ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 59 118 741 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29 700 ам доллар буюу 71 805 987 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, хэргийн 38 дугаар талд авагдсан “зураг төсөл хүлээлцсэн акт” гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №15-1061 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний агуулга ойлгомжгүй, гэрээний зүйл болох “Бага тэнгэрийн ам” цогцолбор төсөл нь Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын зураг төсөл эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн гэрээний 1.1.-д зааснаар гүйцэтгэгч нь хавсралт 1-т заасан ажлыг хийж гүйцэтгэн  хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байхад хэрэгт гэрээний хавсралт авагдаагүй, энэ талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй  байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1159 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 980 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД