Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1159

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00495 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох

 

59 118 741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 71 805 987 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15-1061 тоот ажил гүйцэтгэх гэрээг “Н” ХХК-тай байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу “Т” ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочин буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Манай компани гэрээний дагуу дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зураг төсөл хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн ба “Н” ХХК-ийн ерөнхий инженер К.Мурат, архитектор Э.Бархүү нар тус актад гарын үсэг зурж, хүлээн авсан. Бид ажлаа хүлээлгэж өгсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 40 хувь болох 19 800 ам.долларыг шилжүүлэхийг “Н” ХХК-иас удаа дараа шаардсаар байгаа боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодож, шүүх, хуулийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж өнөөдрийг хүртэл “Н” ХХК-д боломж олгосон боловч гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар “Н” ХХК нь гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.2 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19 800 ам.доллар буюу 39 412 494 төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөөгүй 300 хоногийн 0.2 хувийн алданги нийт 23 647 496 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 19 706 247 төгрөг, нийт 59 118 741 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2, 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг тус тус үндэслэн “Н” ХХК-иас 59 118 741 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. “Н” ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19 800 ам.доллар буюу 39 412 494 төгрөг, алданги 19 706 247 төгрөг, нийт 59 118 741 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15-1061 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Т“ ХХК нь “Н” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж санхүүжилтүүдийг цаг тухайд нь олгож байсан. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Т” ХХК нь гэрээний дагуу ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, дутуу хагас шаардлага хангахгүй зураг хийж өгсөн. Манай компаний зүгээс тус компанид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр дутуу ажлуудаа нэмэлтээр хийж өгөхийг шаардсан боловч дутуу ажлуудаа хийж өгөөгүй болно. Тус компаний хариуцлагагүй байдлаас болж манай компанид асар их хохирол учирсан болно. Учир нь төслийн ажлыг чанарын шаардлага хангахгүй зураг төслөөр хийх боломжгүй байсан тул манай компаний зүгээс арга буюу “Аркетайп монголиа” ХХК-д их хэмжээний төлбөр төлж буюу 78 000 000 ам.долларын төлбөрийн нөхцөл бүхий Үйлчилгээний гэрээ байгуулан зураг төсөл хийлгэж төслийн ажлаа хийж байгаа болно. Талууд 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд гэрээний дагуу “Т” ХХК нь гэрээт ажлыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээт ажлын явц 60 хувьтай гэрээт ажлын явц удаашралтай явж байна гэж дүгнэсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд тус протоколд “Т” ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөнд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн зураг нь шаардлага хангаагүй гэж дүгнэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зарим ажлуудыг нэмж тусган даалгавар хүргүүлсэн байгаа гэж дүгнэжээ. Тус гэрээт ажлын явцыг дүгнэсэн протоколуудыг талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК нь дутуу ажлуудаа хийж хүлээлгэн өгөөгүй, үүний улмаас манай төлөвлөсөн ажлын хугацаа асар ихээр өнгөрсөн, өөр компаниар ажлын зураг дахин хийлгэсэн. Гэтэл тус компани нь гэрээт ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь “Т” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж, “Т” ХХК-д 29 700 ам.долларыг буюу гэрээний үнийн дүнгийн 60 хувийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Учир нь талууд гэрээт ажлын явцыг тухай бүрт нь дүгнэж байсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн протоколоор гэрээт ажил 60 хувьтай, удаашралтай байна гэж 2015 оны 11 дүгээр сарын 23-ны протоколоор “Т” ХХК нь Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй хийж гүйцэтгэсэн, зураг төсөл нь шаардлага хангаагүй гэж дүгнэн талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Мөн манай компанийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр гэрээнд заагдсан ажлуудаас хийгдээгүй дутуу ажлууд болох гол хаалга, гадна хашаа, 2 давхар зоорьтой 1 давхрууд нь үйлчилгээний төв, 4 ширхэг 16 давхар орон сууцны барилга, 5 давхар апартмент 10 ширхэгийг нэмэх, унадаг дугуй болон явган зам нэмэх, зочид буудлын доод хэсгийг зогсоол болгон ашиглах талаар зураг төсөлд тусгаж өгөх, супер маркет нэмэх, өвлийн улиралд хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбай нэмэх, битүү спорт цогцолбор нэмэх зэрэг ажил дутуу байгаа тул хийж гүйцэтгэн ерөнхий төлөвлөгөөд тусгаж эскиз зэргийг гаргаж өгөх шаардлагатай байгааг мэдэгдсэн. Гэтэл “Т” ХХК нь зураг төсөлдөө дээрх дутуу зүйлийг нэмж тусгаагүй, хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй, зай хэмжээ байхгүй дутуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн, ашиглах боломжгүй зураг төсөл болсон учраас манай компани тус зургийн дагуу өөрийн ажлаа хийж гүйцэтгээгүй болно. Тус “Т” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөл нь чанарын шаардлага хангахгүй, холбогдох хууль тогтоомж болон дүрэм журамд заасан стандартад нийцэхгүй, дутуу хагас зураг болох нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэл, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ зэрэг 3 шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа тул манай компанийн зүгээс гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29 700 ам.доллар буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ханшаар 71 805 987 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч талаас гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа боловч ямар шаардлага хангахгүй, ямар доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэв доголдолтой байсан бол гомдлын шаардлага гаргах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч компани ажлын доголдлын талаар огт ярьж байгаагүй атлаа манайх нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Тухайн зураг шаардлага хангаагүй бол “Н” ХХК зургийг ашиглахгүй байсан байх. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.5, 352 дугаар зүйлийн 352.2.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 59 118 741 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч “Н” ХХК-ийн нэхэмжлэгч “Т” ХХК-иас 71 805 987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454 000 төгрөгөөс илүү төлсөн 457 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгон, үлдсэн 453 543 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 980 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас Монголын Архитекторуудын Эвлэл ТББ-ын шинжээчийн ажлын хөлсөд 400 000 төгрөгийг гаргуулан Монголын Архитекторуудын Эвлэл ТББ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх Барилгын тухай хуулийн 4 дүгээр 4.1.30-д заасан барилгын "зураг төсөл" гэх нэр томъёог хэрэглэж, зохигчид зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Барилгын тухай хуулийн холбогдох заалт нь зохигчдын байгуулсан гэрээний нөхцөлтэй таарахгүй байхад хуулийн дээрх заалтад хамааруулан гэрээг тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн. Зохигчдын байгуулсан гэрээ нь 2015 онд байгуулагдсан ба энэ үед 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр УИХ баталж, хүчин төгөлдөр болсон Барилгын тухай хууль үйлчилж байсан. Тухайн үеийн энэ хуульд барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг (эскиз) гэсэн нэр томъёо хуульчлагдаагүй байсан ба 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуульд дээрх нэр томъёо тусгагдсан байгааг шүүх анхаарсангүй. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлөөс үзэхэд нэхэмжлэгч Бага тэнгэрийн ам цогцолборын ерөнхий дизайн буюу загварыг хариуцагчийн захиалсны дагуу зурж өгсөн ба энэ нь барилгын зураг төсөл гэдгээс огт өөр ажил хийхээр талууд тохиролцсоныг зураг төсөл хийхээр тохиролцсон гэж дүгнэн гэрээний агуулгыг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлан, Барилгын тухай шинэ хуулийг буцаан хэрэглэж нэхэмжлэгчийг хохироосон. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүй боловч гэрээний хугацааг сунгаж, энэ хугацаанд нь ажлаа хүлээлгэж өгсөн ба шүүхийн шийдвэрт гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлыг "...2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 100 хувь хангалттай гэж үзээд хүлээн авсан байна..." гэж тогтоогдсон үйл баримтыг огт дүгнэсэнгүй.

Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг шинээр батлагдаж мөрдөгдсөн Барилгын тухай хуулийн дагуу гаргасан учраас зөвшөөрөхгүй гэж маргаж дахин шинжээч томилуулахыг хүссэн байхад шүүх энэ хүсэлтийг нь нарийвчлан уншиж үзэлгүй, барилгын зураг төсөл болон талуудын гэрээгээр тохиролцсон дизайн гаргах ажил нь хоорондоо ялгаатай эсэх, эсхүл эдгээр нь хуулийн хувьд адил зүйл эсэх зэргийг ялгаж, салгалгүй өөрөө шинжээчийн дүгнэлт гаргуулах асуултыг тавьж үүний дагуу дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн бүх дүгнэлт нь 2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн заалт хэрэглэж гарсан ба нэхэмжлэгч шинэ хуулийн дагуу дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байтал үүнтэй холбоотой асуудлыг шинжээчид тавиагүйгээс шинжээчийн дүгнэлт илэрхий алдаатай гарсан.

Шинжлэх ухаан академийн хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний их тайлбар тольд "дизайн" гэдэг үгийг "Үйлдвэрийн бүтээгдэхүүний анхны хэлбэр, маяг, хийц, загварыг гоёмсогоор дүрслэн гаргах ажил" гэж тайлбарласан ба үүнээс үзэхэд талуудын ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцон хийж, хийлгэсэн ажил нь Бага тэнгэрийн ам цогцолборын анхны хэлбэр, загвар, хийц, загварыг гаргах ажил байсан нь харагдаж байна. Гэтэл шүүх барилгын зураг төсөл хийх ажил гэж гэрээний агуулгыг буруу тайлбарлаж, 2008 оны Барилгын тухай хуульд байхгүй нэр томъёо хэрэглэж асуудлыг шийдвэрлэсэн. 2008 оны Барилгын тухай хуульд "загвар зураг" гэсэн ойлголт хуульчлагдаагүй байсан ба талууд барилгын дизайны зураг хийлгэхээр тохиролцсон байхад 2016 оны Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь хэсэгт заасан барилгын зураг төсөл гэсэн ойлголт, нэр томъёонд хамааруулан шийдвэрлэж хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн, зөв үнэлээгүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон гэдгийг дүгнэсэн байдаг ба ажил гүйцэтгэх гэрээний үндсэн агуулга нь гүйцэтгэх ёстой ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч түүнд тохирсон хөлс олгох байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гүйцэтгэгч талын хийсэн гүйцэтгэсэн ажил үйлчилгээ захиалагчийн хүссэн үр дүнг бий болгоогүй гэж харагдаж байна. Учир нь захиалагч буюу хариуцагчийн зүгээс "Т" ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан үүрэг болох "Бага тэнгэрийн ам" цогцолбор төслийн хүрээнд хийгдэх мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлын зураг төслийг гуравдагч этгээдээр дахин гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоож байна. Ажлын үр дүн гэдэг нь захиалагчийн хүссэн ажил, өөрт ашигтай байх, хэрэгцээтэй байх, түүнийг ашиглаж аливаа биет зүйл бүтээх боломжтой байх шалгууруудыг хангасны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээний "үр дүн" бий болох ёстой байдаг. Гэвч гүйцэтгэгчийн хийсэн ажил нь дээрх байдлаар захиалагчид ашигтай ажил үйлчилгээ болоогүй ба хийсэн зураг төслийн дагуу ажил гүйцэтгэх боломжгүй, чанарын шаардлага хангахгүй болохыг хөндлөнгийн байгууллага буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т "тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд" томилогдсон этгээдийн дүгнэлтээр тогтоогддог. Иймээс тухайн ажлын үр дүн бий болоогүй гэж үзэхээр байна. Зохигчид өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, ихэсгэх, багасгах эрх нь өөрт олгогдсон байдаг. Энэ хүрээнд хариуцагчийн зүгээс гэрээний үр дүн гараагүй учир "Т" ХХК-тай гэрээг цуцалж тэдний гүйцэтгэх ёстой байсан үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн байх ба үүнээс үүдсэн хохирол бий болсон тэрхүү хохирлын хэмжээг тодорхойлохдоо бусдаар үүрэг гүйцэтгүүлж гарсан зардлыг үүрэг гүйцэтгэгчээр гаргуулах эрхийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 29 700 ам.доллар буюу 71 805 987 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэхээр байна. Шүүхээс "Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн" гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь үр дүнг хүлээгээд авсан тохиолдолд доголдолтой холбоотой шаардлага гаргах асуудал яригдахаас бус үр дүнг хүлээж аваагүй тохиолдолд дээрх зохицуулалтыг хэрэглэхгүй. Үр дүнг хүлээж аваагүй гэдгийг дээр дурдсанчлан "Т" ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоож байгаа ба тухайн үр дүнг хүлээж авсан ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг гурван удаагийн шинжээчийн дүгнэлт харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, үндсэн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

           

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 59 118 741 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 71 805 987 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлцсэн актыг үндэслэсэн бол, шүүх 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлцсэн актаар ажлыг хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар болон 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколын хуулбар зэрэг баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

 

Гэтэл хэргийн 38 дугаар талд авагдсан 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “зураг төсөл хүлээлцсэн акт” гэх баримтын бичвэр уншигдах боломжгүй байдлаар хуулбарлагдсан байхад нотариат хуулбарын үнэн зөвийг гэрчилж, шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул уг баримтад үндэслэн дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлсөн 454 000 төгрөг, хариуцагч “Н” ХХК-ийн төлсөн 516 980 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ