Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0026/З |
Дугаар | 351 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 351
Ш.Баатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ш.Баатар, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0498 дугаар магадлалтай, Ш.Баатарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3, 17.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3, 23 дугаар зүйлийн 23.1, 28 дугаар зүйлийн 28.5, 28.7, 29 дүгээр зүйлийн 29.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Баатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Баатарыг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Баатарт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх нийт хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3154787 /гурван сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0498 дугаар магадлалаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Ш.Баатарын гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 дугаар захирамж, мөн дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Баатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны магадлалд “..дүүргийн Засаг даргаас хорооны Засаг даргыг огцруулах саналыг хүлээн аваад шууд санал хураалт явуулах байдлаар өөрөөр хэлбэл Засаг даргын тайланг тухайн хурлаар хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, мөн Засаг даргын тайлан болон бусад этгээдийн санал дүгнэлтийг сонсолгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн эсэх нь ач холбогдолгүй юм” гэжээ. Энэ нь иргэд, нийтийн хурлын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан юм гэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үгүйсгэж байна.
2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагт иргэдийн Нийтийн Хурлыг зарлаж, хийсэн хурлыг албажуулаагүй гэсэн үндэслэлээр хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэдийн Нийтийн Хурлын дарга нь тамгаа дүүргийн иргэдийн Хурлын хуулийн зөвлөх н.Энхтайванд өгөөд явуулсан хэмээн зогсож байхад хаанаас тамга олж дарах вэ гэсэн нь хурлын бичлэгээр нотлогдож байна. Энэ хуралдаан нь ирц бүрэн, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхоос бүрдсэн хүчин төгөлдөр хурал юм. Харин орой 21 цагийн хуралд очсон хүмүүсийн мэдээлэл байхгүй, гэрч П.Ганцэцэгийн мэдүүлснээр 40 гаруй хүн ирсэн гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн хурлыг 15-аас доошгүй хоногийн өмнө хуралдуулна гэсэн хуулийн заалтыг зөрчин 17 цагийн хурал, 20.40 минутад тарахад хүмүүсийг машинаар зөөж, 20 минутын дотор нууцаар хуралдаж шийдвэр гаргасан.
Магадлалд “...үндсэндээ анхан шатны шүүхээс тухайн хуралд оролцсон иргэдийн тоо хуулиар тогтоосон ирцэд хүрсэн эсэх, хурлаас гарсан шийдвэр хуулийн шаардлагыг хангаж, байгаа эсэхэд л хууль зүйн дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ” гэдэг нь тамгатай хурал нь ирц хүрээгүй байсан ч хүчинтэй, зарласан цаг хугацаа орон байранд хийсэн хурал нь тамгагүй бол хүчингүй гэсэнтэй адил болж байна.
Иймд магадлалаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагт болсон хурлын ирцэд тулгуурлан 21 цагт болсон ирц хүрээгүй хурлын тогтоолыг үндэслэн гаргасан Засаг даргын шийдвэр зөв гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдааныг даргалсан шүүгч хавтаст хэрэгтэйгээ сайн танилцаж, нотлох баримтуудын үнэн зөв эсэхийг харгалзан үзээгүй шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар тус дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолыг үндэслэн Ш.Баатарыг 17 дугаар хорооны Засаг даргаас огцруулжээ.
Нэхэмжлэгч Ш.Баатар нь “...хууль бус тогтоолыг үндэслэн захирамж гаргасан..., 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагт болсон гэх хуралдааны тухайд “ ... зар гаргалгүйгээр өөр байранд хуралдсан, ирц хуульд заасан шаардлагыг хангаагүй...” гэх үндэслэлээр маргаж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2015 оны Б/18 дугаар захирамж зэргийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 17 цагт хуралдуулах, хурлаар хорооны Засаг даргыг огцруулахаар дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцэх тухай зарыг тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргажээ.
Тухайн товлогдсон цагт хийгдсэн Хурлын хуралдааны үед хэлэлцэх асуудлаар маргаан гарсанаас, 21 цагаас хуралдааныг үргэлжлүүлэн хийж “... иргэдийн 89 хувь нь огцруулах санал өгсөн...”-ийг үндэслэн маргаан бүхий “Хорооны Засаг даргыг огцруулах тухай” 17 дугаар тогтоолыг гаргаж, санал хураалтын дүнг дүүргийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хуралдааны ирцийн асуудлаар маргасан бөгөөд дээрх 21 цагаас хийгдсэн хуралдааны тэмдэглэлд “...2948 өрхийг төлөөлж, 123 иргэн ...” гэж тусгагдсан байх боловч, энэ нь нотлогдоогүй, уг хуралдаанд оролцсон Л.Сүрэндорж, Ц.Жунайгаа, Д.Ганцэцэг нар нь анхан шатны шүүх хуралдаанд “ .... 10 .,..120.., 40 гаруй иргэд байсан...” хэмээн өөр өөрөөр гэрчилсэн, ирцийн тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага хангагдсан эсэх нь тодорхой бус байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг шүүх гүйцэтгэхээр заасан боловч, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч мөн шүүхэд нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.
Гэтэл хариуцагчийн зүгээс хуралдааны ирц “...123 хүний ирцтэй байсан, хуульд заасан шаардлагыг хангасан” хэмээн хуралдааны тэмдэглэлээс өөрөөр өөрийн тайлбарыг баталж, нотолсон “...ирцийн хувьд шаардлага хангаагүй ...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймээс шүүх дээрх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4–т “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байхад хариуцагч Баянзүрх дүүргийн 17 хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид тодорхой цаг товлож, иргэдэд мэдэгдэлгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагт иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж дээрх хуулийг зөрчжээ.
Тодруулбал, “...зарлан хуралдуулах” тухай дээрх хуулийн зохицуулалт нь тухайн 21 цагт болсон хуралдаанд мөн хамааралтай.
Иймээс хорооны Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.
Дээрх хуралдаанаас гаргасан тогтоол нь хууль бус, уг тогтоолыг үндэслэсэн Засаг даргын захирамж мөн хуульд нийцэхгүй талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж зөв шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх “... тухайн хуралд оролцсон иргэдийн тоо хуулиар тогтоосон ирцэд хүрсэн эсэх... хууль зүйн дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж зөв дүгнэсэн атлаа нотлох баримтыг буруу үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Дээр дурдсаныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА/2016/0498 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ