Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 981

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00981

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, Залуучуудын өргөн чөлөө 21 хаягт оршин байх Эм Даблви кредит ББСБ ХХК-ийн /5601924/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Дүнжингарав 107-13 тоотод оршин суух Цэрэндоржийн Эрдэнэбямбад /ЧТ78010715/ холбогдох,

ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний үүрэгт 173,396,000 төгрөг, ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний үүрэгт 297,511,500 төгрөг, зардалд 6,051,000 төгрөг, нийт 476,958,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон фидуцийн хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Цэрэндорж, өмгөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.Цэрэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Хариуцагч Ц.Эрдэнэбямба нь өөрийн бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалтаар 200,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтээ илэрхийлж 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагын эдийн засагч Э.Цэрэндоржтой ирж уулзаж ярилцсан. Эдийн засагч Э.Цэрэндорж нь зээлийн хүсэлтийн дагуу холбогдох зөвлөгөө өгч, зээл авахад шаардагдах материалуудыг бүрдүүлж ирэхийг хүссэн. 2015 оны 04 сарын 06-ны өдөр Ц.Эрдэнэбямба зээл хүссэн өргөдөл болон зээл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ирж манай ББСБ-тай ЗГ-00150062 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Ц.Эрдэнэбямбад олгосон. Зээлдэгч Ц.Эрдэнэбямба нь ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан графикын дагуу зээл, зээлийн хүүг cap бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Үүний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүрийн зээлийн хүүг төлж, үндсэн зээлийн төлбөрөөс 90,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Зээлдэгч нь 2015 оны 09 дүгээр сараас хойш зээлийн гэрээнд заасан зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Зээлдүүлэгч ББСБ-ын зүгээс зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг барагдуулах тухай мэдэгдлийг зээлдэгч Ц.Эрдэнэбямбад удаа дараа хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэгчийн "Эмдаблви кредит ББСБ"-ын нь зээлдэгч Ц.Эрдэнэбямбатай хийсэн тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хавсаргаж, хариуцагч Ц.Эрдэнэбямбаас дор дурьдсан төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 110,000,000 төгрөг, 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэлх хугацааны хүү 46,750,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэлх зээлийн хүү 46,750,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү 6,086,000 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 162,856,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Ц.Эрдэнэбямба нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нь дахин бизнесийн зориулалтаар 195,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай ББСБ-тай ЗГ-00150122 тоот зээлийн гэрээг байгуулаад 195,000,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь ЗГ-00150122 тоот зээлийг авснаас хойш 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд бодогдсон зээлийн хүүг тухай бүр төлснөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Иймд ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний 7.2-т заасныг үндэслэн тус зээлийн гэрээг цуцалж, тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хавсаргаж, хариуцагч Ц.Эрдэнэбямбаас зээлийн үндсэн төлбөр 195,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл хугацааны зээлийн хүү 82,875,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү 2,344,333 төгрөг, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагад учирсан хохирол буюу өмгөөлөгчийн ажлын хөлс 6,000,000 төгрөг, нотариатын зардал 31,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Талуудын хооронд байгулсан хоёр зээлийн гэрээ буюу ЗГ-00150062 болон ЗГ-00150122 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 449,106,333 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбямбаас гаргуулах, дээр дурдсан хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БГ-00150016 тоот барьцааны гэрээ болон 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БГ-00150036, БГ-00150037 тоот барьцааны гэрээнүүд, мөн Ф-00150067 тоот фидуцын гэрээний зүйл болон барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна гэв. 

 

Нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон төлөөлөгч Э.Цэрэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацааны зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцон нэмэгдүүлж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүгийн төлбөр 8,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,760,000 төгрөгөөр буюу нийт 10,560,000 төгрөг болж байна.

Талуудын хооронд байгуулсан ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл хүүгийн төлбөр 15,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,682,167 төгрөг, нийт 17,292,167 төгрөг болж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 449,106,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах анхны нэхэмжлэлийн шаардлагаа 27,852,167 төгрөгөөр нэмэгдүүлж, 476,958,500 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбямбаас гаргуулах, барьцааны болон фидуцын гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Эрдэнэбямбын төлөөлөгч Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Зээл авах үеийн эдийн засгийн нөхцөл байдал эргэн төлөх үеийн нөхцөл байдлын хэм хэмжээ алдагдаж, улс орон аж ахуйн нэгжүүд чадваргүй энэ үед нэхэмжлэлд дурдсан их хэмжээний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй төлөх боломжгүй юм.

Иймд 110,000,000 төгрөгийн зээлийн хүү тооцсон шаардлагаас 23,375,000 төгрөгийг, 195,000,000 төгрөгийн зээлийн хүү тооцсон шаардлагаас 41,437,500 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК, хариуцагч Ц.Эрдэнэбямбад холбогдуулан ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний үүрэгт 173,396,000 төгрөг, ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний үүрэгт 297,511,500 төгрөг, зардалд 6,051,000 төгрөг, нийт 476,958,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон фидуцийн хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс зээл авах үеийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. 110,000,000 төгрөгийн зээлээс 23,375,000 төгрөгийг, 195,000,000 төгрөгийн зээлээс 41,437,500 төгрөгийг төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ-00150062 дугаартай Зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр хариуцагч Ц.Эрдэнэбямбад зээлдүүлж, нэхэмжлэгч мөн өдрөө 200,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон, мөн өдрийн БГ-00150016 дугаартай Барьцааны гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57-2 байрны 43 тоотод орших, 89.65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205032344 дугаартай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг тус тус байгуулжээ. /Хэргийн 7-14 дэх тал/

Мөн талууд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-00150122 дугаартай Зээлийн гэрээгээр 195,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэхээр харилцан тохиролцсон, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг зээл олгосон өдөр шилжүүлэн авчээ. Мөн өдрийн БГ-00150037 дугаартай Барьцааны гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамжны 79б байрны зоорын давхрын 36 тоотод орших, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206041866 дугаартай, автозогсоолыг, мөн өдрийн БГ-00150036 дугаартай Барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамжны 79г байрны 3 тоотод орших, 120 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206041865 дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан, мөн өдрийн Ф-00150067 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр LEXUS RX 350 маркийн хар өнгөтэй, 17-85 УБП улсын дугаартай, суудлын авто машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулжээ. /Хэргийн 15-27 дахь тал/

Зохигчийн хооронд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч ЗГ-00150062 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгосон 200,000,000 төгрөгийн үндсэн зээлд төлсөн 90,000,000 төгрөг, хүүнд төлсөн 27,410,000 төгрөгийг хасч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 173,960,000 төгрөг нэхэмжилсэн нь, ЗГ-00150122 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгосон 195,000,000 төгрөгийн хүүнд төлсөн 11,115,000 төгрөгийг хасч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 297,511,500 төгрөг нэхэмжилсэн нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр байна. Барьцааны гэрээнүүдийг 2015 оны 04 дүгээр сарын 06, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэгч тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ЗГ-00150062 дугаартай зээлийн гэрээнээс 23,375,000 төгрөгийг, ЗГ-00150122 дугаартай зээлийн гэрээнээс 41,437,500 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзсан боловч татгалзсан үндэслэл, тооцооллоо нотлох баримтын хамт үндэслэл бүхий байдлаар шүүхэд гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй болно.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлийн төлбөрийг тооцсон тооцооллын хуудас, зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтуудыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн болон зээлийн төлбөрийг төлсөн эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч, хариуцагчаас хоёр зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчиж үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хасч тооцох нь зүйтэй.

 

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ-00150062 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байхад нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцсон нь хуульд нийцэхгүй байх тул гэрээний хугацаанд тооцсон /2016.01.01-2016.04.06/ нэмэгдүүлсэн хүү болох 788,667 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ЗГ-00150122 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байхад нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн тооцсон /2016.04.01-2017.02.16/ тул нэмэгдүүлсэн хүү 4,036,500 төгрөгийг тус тус, нийт 4,825,167 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч нотариатын зардал 51,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 6,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заснаар хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдон нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй, зохих баримтаа бүрдүүлэн шүүхэд өгсөн байх байх тул нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй. /Хэргийн 30, 89 дэх тал/

Иймд хариуцагч Ц.Эрдэнэбямбаас 472,133,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,825,167 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх Эм Даблви коедит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаярт 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан нь хуулийн шаардлага хангаагүй тул дахин 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагчийн төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг шүүгчийн туслах танилцуулжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргаж шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09:30 цаг товлон, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч шүүхэд мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй болох нь шуудангийн магадлагаагаар тогтоогдсон ба хариуцагч тал мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны товд гарын үсэг зурж баталгаажуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагч талд шүүх хуралдааны тов хүргэсэн гэж үзнэ. Иймд хариуцагч, түүний төлөөлөгчийн товыг мэдсэн, хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Эрдэнэбямбаас 472,133,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм Даблви кредит  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,825,167 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,700,693 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбямбаас 2,518,616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ