Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/00598

 

 

 

Н.Алдарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны  12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Н.Алдарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Мөнхзаяа, О.Жавхлан нарт холбогдох

 

83 034 460 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золзаяа

Хариуцагч М.Мөнхзаяа

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Алдарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Алдар би иргэн М.Мөнхзаяатай 2012 оны 5-р сард өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 19-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамжны 60/4-р байрны 9 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204030819 дугаарт бүртгэлтэй 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээл хөтөлбөрт хамрагдуулан 60 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Орон сууцны зээл олгох тухай банкны журмын дагуу М.Мөнхзаяа, түүний эхнэр О.Жавхлан нар худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30%-д харгалзах 18 000 000 төгрөгийг Төрийн банкны 106-р салбар дахь харилцах дансандаа байршуулж зээл авах нөхцлөө бүрэн хангаснаар Төрийн банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ 2012.5.24-ний өдөр байгуулж, 42 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй 15 жилийн хугацаатайгаар авсан. М.Мөнхзаяа түүний эхнэр О.Жавхлан нар нь Н.Алдарт төлбөл зохих 60 000 000 төгрөгөөс 2012.5.17-ны өдөр 15 717 500 төгрөг, 2012.5.25-ны өдөр 12 000 000 төгрөг,  бүгд 27 717 500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр төлж барагдуулсан. Үлдэгдэл 32 282 500 төгрөгийг огт төлж барагдуулаагүй. Мөн банкнаас авсан зээлийнхээ хүү, үндсэн төлбөрөөс нь нэг ч төгрөг төлөөгүй. Тэрээр банкинд зээлтэй байх хугацаандаа гадаад улс руу /Энэтхэг улсруу/ гэр бүлийн хамт ажиллаж суралцахаар гарч явсан тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг  тэдний гуйлтын дагуу би өмнөөс нь төлж барагдуулж ирсэн. Эцэст нь Мөнхзаяа, Жавхлан нарыг Энэтхэгээс ирснийх нь дараа Мөнхзаяатай ярьж тохиролцсоны дагуу 2013.7.01-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөр болох 41 409 000 төгрөгийг нь би Төриин банкин дахь М.Мөнхзаяагийн 3406012122 тоот зээлийн дансанд нь бэлнээр тушааж зээлийг нь хаасан. Харин М.Мөнхзаяа байрыг маань надад буцаан шилжүүлэх, мөн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ", "Ззэлийн гэрээ №49", "Барьцааны гэрээ №49"-ийн дагуух гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс Н.Алдарын Төрийн банкинд төлсөн бүх төлбөрүүд 7 089 205 төгрөг, 2013.7.01 -ний өдөр Мөнхзаяагийн банкин дахь зээлийн үлдэгдлийг төлсөн төлбөрийн дүн 41 409 000 төгрөг, нийт 48 498 205 төгрөг Мөнхзаяа нараас Алдарт шилжүүлж өгсөн мөнгө 27 717 500 төгрөгийг хасаж 20 780 705 төгрөг үлдсэн.

2012.4.12-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 32 282 500 төгрөг, 2012.4.12-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу хариуцагч нар нь 60 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй атал байрны үнэнд 2012.5.17-ны өдөр 15 717 500 төгрөг, 2012.5.25-ны өдөр 12 000 000 төгрөг, бүгд 27 717 500 төгрөгийг төлж үлдэгдэл 32 282 500 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нарын Төрийн банкны зээл, зээлийн төлбөрийг хаахад Н.Алдарын зүгээс зарцуулсан 50 751 960 төгрөгийг төлж хариуцагч нарын зээлийн төлбөрийг бүрэн хаасан. Н.Алдар би 83 034 460 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна, мөн 2012.05.18-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мөнхзаяагийн шүүхэд гаргасан тайлбарт: Н.Алдар нь анхнаасаа М.Мөнхзаяа намайг хуурч мэхлэн миний болон эхнэрийн минь нэр дээр бага хүүтэй орон сууцны зээл гаргуулан өөрийн зорилгодоо хэрэглэх санаатай байсан байдаг. Анх М.Мөнхзаяа би Н.Алдарын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтарч Борнуурын Арангатын сангийн аж ахуйд ногоо тариалахаар тохиролцсон юм.

Н.Алдар нь хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний эхнэр О.Жавхлан бид 2-той худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс бага хүүтэй, урт хугацаатай мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрийн танил Төрийн банкны эдийн засагчаар дамжуулан зээл гаргуулсан. Байрны урьдчилгаа 18 000 000 төгрөг болон үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Энэ талаар тухайн үеийн эдийн засагч мэдэж байгаа бөгөөд гэрчлэх болно. Гэтэл уг орон сууцны зээл гарсны дараа хамтарч ажиллах санаачлага гаргаж байсан Н.Алдар нь хамтарч ажиллахгүй гэсэн бөгөөд тухайн үед М.Мөнхзаяа намайг ашиглаж бага "хүүтэй мөнгө зээлэхээр арга хэрэглэж" байсныг мэдсэн юм. Хэрэв Н. Алдар мөнгөө аваагүй бол тухайн өдрөө шууд Төрийн банкинд хандах байсан. Бүх мөнгө авсан учраас ямар ч гомдол гаргаагүй байна. Мөн Н. Алдарын нэхэмжлэлд зээл авахдаа биш байрыг буцаан өгөхдөө асуудал үүссэн гэж байгаа нь үнэхээр гүтгэлгийн шинжтэй байна. Тиймээс бидний нэр дээрх зээлээ төлж байж байрны бичиг баримтаа шилжүүлж авах шаардлагын дагуу Н.Алдар нь зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Ингэж намайг хуурч мэхлэн нэр дээр минь бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь ашигласан байтлаа өнөөдөр шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж өөрийн ашигласан мөнгөнийхөө хүүг надаар төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.Мөнхзаяа, О.Жавхлан бид үнэхээр бусдаас гурван өрөө байр худалдаж авсан бол яагаад тэр байрандаа худалдсан гэх этгээд болох Н.Алдарыг байлгаад өөрсдөө тухайн байранд нэг ч хоног амьдрахгүй байх ёстой гэж, тухайн үед цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөр, дулааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээтэй холбоотой бүх зардлуудыг хэн хийсэн бэ гэдгээс энэ худалдах, худалдан авах гэрээ ямар санаа зорилгоор, яах гэж хийгдсэн бэ гэдэг нь тодорхой харагдах боломжтой. Үнэхээр Н.Алдар нь орон сууцаа надад 60 000 000 төгрөгөөр худалдсан бол, бид тэр байрыг худалдаж авсан бол бид тэр байрандаа амьдрахгүй, яагаад Н.Алдар тэр байранд амьдраад байсан юм. Н.Алдар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг бидэнтэй бодит байдал дээр хийсэн бөгөөд одоо буцааж орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг худалдан авсан бол 2013 оны 7 дугаар сарын зах зээлийн ханшаар 3 өрөө орон сууцны үнэ 100 000 000 хол давсан үнээр биднээс худалдаж авах шаардлага бий болно. Гэтэл Н.Алдарын тайлбарлаад байгаа шиг бодит байдал дээрээ орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй Н.Алдар нь биднийг ашиглан бага хүүтэй зээл гаргуулан авсан учраас дээрх байдлаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй харин 2012.05.18-ний өдрийн 9 000 000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг татвар төлөхөөс зайлсхийж байгуулсан учир хүчин төгөлдөр бусд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн О.Жавхлангийн шүүхэд гаргасан тайлбарт: Анх М.Мөнхзаяа нь Н.Алдарын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтарч Борнуурын сангийн аж ахуйд ногоо тариалахаар тохиролцсон гэж хэлж байсан. Миний хувьд дургүй байсан ч нөхөр минь ажлаасаа гараад удаагүй байсан болохоор бас дэмжих үүднээс хамтран зээлдэгчээр орохыг зөвшөөрсөн юм. Гэтэл Н.Алдар нь хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний нөхөр М.Мөнхзаяа бид 2-той худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс бага хүүтэй мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, байрны урьдчилгаа Н.Алдар манай нөхрийн дансанд 18 000 000 төгрөгийг байршуулсан бөгөөд үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Хэрэв Н. Алдар зээлээ аваагүй бол тухайн үед шууд Төрийн банк болон эдийн засагч Ариунболдод мэдэгдэх байсан. Н.Алдарыг мөнгө авсан талаар Ариунболд эдийн засагч гэрчлэх байх. Гэтэл уг орон сууцны зээл гарсны дараа хамтарч ажиллах санаачлага гаргаж байсан Н.Алдар нь хамтарч ажиллахгүй гэсэн бөгөөд тухайн үед миний нөхөр М.Мөнхзаяа болон намайг ашиглаж бага хүүтэй мөнгө зээлэхээр арга хэрэглэж байсныг мэдсэн юм.Тиймээс бидний нэр дээрх зээлээ төлж байж байрны бичиг баримтаа шилжүүлж авах шаардлагын дагуу Н.Алдар нь зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Ингэж намайг болон нөхөр М.Мөнхзаяаг хуурч мэхлэн нэр дээр минь бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь ашигласан байтлаа өнөөдөр шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж өөрийн ашигласан мөнгөнийхөө хүүг надаар төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар Н.Алдар, М.Мөнхзаяа нарын хооронд байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, М.Мөнхзаяа, О.Жавхлан нараас 83 034 460 төгрөг гаргуулан Н.Алдарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Алдарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 732 073 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Мөнхзаяа, О.Хавхлан нараас 732 073 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Мөнхзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх иргэн хүнийг хохироосон шийдвэр гаргалаа. Н.Алдар гэгч нь надтай хамтарч ногоо тарихаар ярилцаж байсан бөгөөд санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд банкны эдийн засагчтай харилцан ярилцаж тохиролцсон, та 2-ын нэр дээр урьдчилгаа 18 000 000 төгрөг хийгээд бага хүүтэй зээл гаргуулж, зээлийн төлбөрөө өөрөө төлж, өөрөө уг зээлээ хэрэгтэй зүйлдээ захиран зарцуулах, тухайн орон сууцаа өөрөө захиран зарцуулж байсан. Тухайн үед нь зээлтэй холбоотой бүх асуудлыг Н.Алдар бүгдийг нь зохицуулж байсан бөгөөд би ч хамтарч ажил хийх юм байна гэж ойлгож уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээ болон нэр дээрээ зээл гаргуулж, түүнд өгсөн. Гэтэл харилцан тохиролцсон ажлаа хийхгүй мөнгөө өөрөө захиран зарцуулсан бөгөөд бид Энэтхэг улсаас эргэж ирээд байрных нь бичиг баримтыг нэр дээр нь эргүүлэн шилжүүлж, бидний нэр дээр байсан зээлээ ч хаасан. Н.Алдар ч анх нэхэмжлэл гаргахдаа байраа буцааж авсан талаар бичсэн бөгөөд "Баз интернешл" ХХК-руу Н.Алдар нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн талаархи гэрээ болон Улсын бүртгэлийн лавлагаагаар энэ нь нотлогдож байхад энэ талаархи баримтыг шүүх үндэслэлгүйгээр үнэлэхгүй намайг хохироолоо.

Намайг хүсэлт гаргах бүрт хүлээж авахгүй Н.Алдарыг хүсэлт гаргах бүрт хүлээж авч байхад нь эргэлзэж байсан боловч хэргийг шударгаар шийдвэрлэх байх гэж найдаж байсан юм.

М.Мөнхзаяа намайг Н.Алдар нь хууран мэхлэж банкны бага хүүтэй зээл гаргуулж авчихаад "Баз интернешл" ХХК-д уг байрыг шилжүүлж, байрны төлбөрөө гаргуулж авсан байхад үндэслэлгүйгээр дахин надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Миний ганцхан хүсэлтийг хангасан захирамж гаргасан бөгөөд уг захирамж нь биелээгүй байхад шүүх хуралдааныг зарлан хуралдуулсан ба тэр хурал дээр Н.Алдарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлттэй холбоотой нотлох баримтууд гаргаж өгсөн. Надаас шүүгч хүсэлтээсээ татгалзах уу гэсэн утга бүхий асуулт асуухад би Н.Алдарын талаас гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа бол болно гэсэн тайлбарыг хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг хурлаар хэлэлцүүлсэн атлаа нотлох баримтанд авч хэрэгт хавсаргаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар миний бие нь Н.Алдарт орон сууцыг буцаан өгсөн нь нотлогдож байхад ямар үндэслэлээр уг нотлох баримтуудыг үнэлээгүй, ийм шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

М.Мөнхзаяа миний бие нь Н.Алдарт хууран мэхлүүлж өөрийнхөө нэр дээр зээл авч өгсөн бөгөөд энэ нь Н.Алдар зээлээ төлж байгаад уг орон сууцыг “Баз интернешл" ХХК-д бусад олон үл хөдлөх эд хөрөнгийн хамтаар шилжүүлсэн баримт, Н.Алдар "Баз интернешл" ХХК-тай байгуулсан гэрээгээр хангалттай нотлогдож байгаа. Иймд нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.Алдар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Алдар нь хариуцагч О.Жавхлан, М.Мөнхзаяа нараас худалдах худалдан авах гэрээний үүргийн болон банкны зээлийн төлбөрт төлсөн 83 034 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх зохигчдын хооронд  2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. 

             Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа нотлох зорилгоор нэхэмжлэгч Н.Алдарын “Баз интернэшнл” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32893 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан “...нэхэмжлэгч гэрээний хувьд маргахгүй бол нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна...” гэх тайлбарыг үндэслэн талуудын маргахгүй гээд байгаа гэрээ  зохигчдын хооронд байгуулагдсан эсхүл нэхэмжлэгч Н.Алдар, “Баз интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ аль нь болохыг тодруулахгүйгээр, хариуцагч нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэн, захирамжийн биелэлтийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөнд тооцогдоно.

Нэхэмжлэгч Н.Алдар, хариуцагч О.Жавхлан, М.Мөнхзаяа нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ бодитоор байгуулагдсан  эсэх талаар дүгнэхэд маргаан бүхий орон сууц “Баз интернэшнл” ХХК-д нэхэмжлэгч Н.Алдараас ямар үндэслэлээр шилжсэнийг тодруулах шаардлагатай боловч хэрэгт авагдсан “Баз интернэшнл” ХХК, нэхэмжлэгч Н.Алдар нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ  нь нотолгооны шаардлага хангаагүй учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.  

Нэхэмжлэгч тал 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад шүүх уг шаардлагыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан журмын дагуу гардуулан өгч, хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй байна.

Мөн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинээр гаргасан 6 хуудас нотлох баримтыг хариуцагчид танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хариуцагчийн нотлох баримттай танилцах, тайлбар өгөх эрхийг эдлүүлээгүй гэж үзэх бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.  

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/07018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732 073 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                А.МӨНХЗУЛ