Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00037

 

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01213 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1225 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.А-

          Хариуцагч: О.Ж-

          Хариуцагч: М.М-

          нийт 83,034,460 төгрөг гаргуулах, 2012-05-18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Золзаяа, хариуцагч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: М.М-тай 2012-05 сард өөрийн өмчлөлийн БЗД-н 19-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамжны 60/4 дүгээр байрны 9 тоот 61 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдуулан 60сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Банкны журмын дагуу М.М-, О.Ж- нар нь худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30 хувьд ногдох 18сая төгрөгийг Төрийн банкны 106 дугаар салбар дахь харилцах дансандаа байршуулж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг 2012-05-24-ний өдөр байгуулж 42сая төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай авсан. М.М-, О.Ж- нар нь Н.А-т төлбөл зохих 60сая төгрөгөөс 2012-05-17-ны өдөр 15,717,500 төгрөгийг, 2017-05-25-ны өдөр 12 сая төгрөгийг, бүгд 27,717,500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 32,282,500 төгрөгийг огт төлж барагдуулаагүй, банкнаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Тэд банкинд зээлтэй байх хугацаандаа гадаад улс руу /Энэтхэг улс/ гэр бүлийн хүний хамт ажиллаж сурахаар гарч явсан тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг нь Н.А- өмнөөс төлж барагдуулсан. М.М-, О.Ж- нарыг Энэтхэгээс ирсний дараа М.М-тай ярьж тохиролцсоны дагуу 2013-07-01-ний өдөр тэдний зээлийн үлдэгдэл төлбөр болох 41,409,000 төгрөгийг нь Н.А- Төрийн банкин дахь М.М-гийн 3406012122 тоот зээлийн дансанд нь бэлнээр тушааж зээлийг нь хаасан. Харин М.М- байрыг буцаан шилжүүлэх, мөн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээний дагуу гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх явцад үүссэн М.М-, О.Ж- нарын Н.А-т төлөх 20,780,705 төгрөгийн өр төлбөрийг 1 жилийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн. Энэ өр төлбөр нь 2012-06-29-с 2013-06-21-ний өдөр хүртэл М.М-гийн өмнөөс Н.А-ын Төрийн банкинд төлсөн 7,089,205 төгрөг, 2013-07-01-ний өдөр төлсөн 41,409,000 төгрөг, нийт 48,498,205 төгрөг, үүнээс 27,717,500 = 20,780,705 төгрөг болсон. 2012-04-12-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч нар нь 60сая төгрөгийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй атал байрны үнэнд 2012-05-17-ны өдөр 15,717,500 төгрөгийг, 2012-05-25-ны өдөр 2 сая төгрөгийг, бүгд 27,717,500 төгрөгийг төлж үлдэгдэл 32,282,500 төгрөгийг төлөөгүй. Н.А-ын өмчлөлд байсан 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх нь иргэн М.М-гийн нэр дээр 2012-05-21-ний өдөр шилжин бүртгэгдсэн. М.М- нь уг үл хөдлөх эд хөрөнгөө Баз интернэшнл ХХК-д 45 сая төгрөгөөр худалдаж хариуцагч нар нь ИХ-н 243.1-г зөрчин 3 өрөө орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 32,282,500 төгрөгийг Н.А-т төлөхгүй байгаа тул энэхүү мөнгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч М.М-, О.Ж- нар нь Төрийн банктай 2012-5-24-ний өдөр байгуулсан №49 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу банкнаас зээлж авсан 42сая төгрөгийнхөө зээлийг холбогдох хүү бусад төлбөрүүдийн хамт Төрийн банкинд төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч банкинд нэг ч төгрөг төлөөгүй. Харин нэхэмжлэгч Н.А- нь банкинд 50,751,960 төгрөгийг төлж хариуцагч нарын зээлийн төлбөрийг бүрэн хаасан болох нь Төрийн банкны 2016-9-14-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн №04/9547 тоот албан бичиг, түүнд хавсаргасан санхүүгийн баримтуудад тусгагдсан байна. Тиймээс хариуцагч нарын өмнөөс нэхэмжлэгчийн Төрийн банкинд төлсөн 50,751,960 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус хуульчлан заасныг үндэслэн 3 өрөө орон сууцаа худалдсан үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 32,282,500 төгрөгийг, мөн хариуцагч нарын Төрийн банкнаас зээлж авсан 42сая төгрөгийн зээл, зээлийн хүүнүүд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахад Н.А-ын зүгээс төлж барагдуулсан 50,751,960 төгрөгийг, бүгд 83,034,460 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаасаа зохигчдын хооронд 2012-5-18-ны өдөр байгуулагдсан 9 сая төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

         Хариуцагч талаас тайлбартаа: Анх би Н.А-ын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтарч Борнуурын Арангатын сангийн аж ахуйд ногоо тариалахаар тохиролцсон. Н.А- нь хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний эхнэр О.Ж- бид 2-той худалдах-худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс бага хүүтэй, урт хугацаатай мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, өөрийн танил Төрийн банкны эдийн засагчаар /зээл гаргасан/ дамжуулан байрны урьдчилгааг 18 сая төгрөг болон үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Энэ талаар тухайн үеийн эдийн засагч мэдэж байгаа бөгөөд гэрчлэх болно. Гэтэл уг орон сууцны зээл гарсны дараа хамтарч ажиллах санаачлага гаргаж байсан Н.А- нь хамтарч ажиллахгүй гэсэн бөгөөд тухайн үед М.М- намайг ашиглаж бага хүүтэй мөнгө зээлэхээр арга хэрэглэж байсныг мэдсэн юм. Хэрэв Н.А- мөнгөө аваагүй бол тухайн өдрөө шууд Төрийн банкинд хандах байсан. Н.А- нь зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Ингэж намайг хуурч мэхлэн нэр дээр минь бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь ашигласан байтлаа өнөөдөр шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж өөрийн ашигласан мөнгөнийхөө хүүг надаар төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.М-, О.Ж- бид үнэхээр бусдаас гурван өрөө байр худалдаж авсан бол яагаад тэр байранд Н.А- амьдарч, бид нэг ч хоног амьдраагүй байна гэж? тухайн үед цахилгааны төлбөр, СӨХ-ийн төлбөр, дулааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээтэй холбоотой бүх зардлуудыг хэн хийсэн бэ гэдгээс энэ худалдах-худалдан авах гэрээ ямар санаа зорилгоор, яах гэж хийгдсэн бэ гэдэг нь тодорхой харагдах боломжтой. Н.А- нь орон сууцаа бидэнд худалдах хүсэл эрмэлзэл сонирхол байгаагүй учраас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байрандаа өөрөө амьдарч байсан юм. Гэтэл бодит байдал дээр бидний нэрийг ашиглаж өөрийн орон сууцыг барьцаанд тавьж тухайн үедээ бага хүүтэй зээл авч мөнгийг нь өөртөө ашигласан бөгөөд Н.А-т тусалсан биднийг хохироохоор ийм муухай арга хэрэглэж байгаад маш их гомдолтой байна. Н.А- нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг бидэнтэй бодит байдал дээр хэрвээ хийсэн бөгөөд одоо буцааж орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцыг худалдан авсан бол 2013-7 сарын зах зээлийн ханшаар 3 өрөө орон сууцны үнэ 100 сая төгрөг хол давсан үнээр биднээс худалдаж авах шаардлага бий болно. Гэтэл Н.А-ын тайлбарлаад байгаа шиг бодит байдал дээрээ орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй Н.А- нь биднийг ашиглан бага хүүтэй зээл гаргуулан авч ашигласан учраас дээрх байдлаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Байрыг Н.А- 2013-6-19-ний өдөр Баз интернэшнл ХХК-д зарсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 101/ШШ2019/01213 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан М.М-, О.Ж- нарт холбогдох Н.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч 2012- 05- 18-ны өдөр байгуулагдсан 9сая төгрөгийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагаасаа татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 890,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1225 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 573,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

      Нэхэмжлэгч Н.А-, өмгөөлөгч Д.Золзаяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр нь ИХШХШТХ-г ноцтой зөрчсөн мөн иргэний эрх ашгийг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан. ИХШХШТХ-д заасны дагуу нэхэмлжэгч болон хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзаж байгаа бол татгалзлалын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй үнэн зөв талаас нь баримтыг үнэлж шийдвэр гаргахын оронд таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэж байна. Учир нь хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон бүхий л баримтыг хуулийн хүрээнд бүрдүүлэн өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгуй байгаа боловч ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хэрэгт ямар ч баримт өгөөгүй. Гэтэл шүүх хуралдааныг хэрэгт хамааралгүй баримт гаргуулахаар ИХШХШТХ-ийн 38.9-д заасан үндэслэлээр хойшлуулан илт хариуцагчид давуу байдлыг бий болгосон. Мөн хэрэгт авагдсан баримтыг огт үнэлээгүй бөгөөд зөвхөн зохигчдын тайлбарыг үндэслэн гэрээний зүйлийг дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэхгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн үйл баримт харагдаж байна. Учир нь хариуцагч тал гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийг гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын нэгэн адил шийдвэрлэжээ. Шүүх хүчин төгөлдөр зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээний талаарх дүгнэлтийг мөн тусгаагүй байгаа нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч анх зээлийн гэрээний үүрэг 20сая төгрөг шаардсан. Гэвч хариуцагч нь хариу тайлбартаа тус байрыг ерөөсөө худалдан аваагүй бөгөөд энэ нь дүр эсгэсэн хэлцэл юм гэж тайлбарладаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх худалдан борлуусны үлдэгдэл төлбөр болон, зээлийг нь өмнөөс нь төлж барагдуулсан мөнгөн төлбөрийг шаардсан байдаг. Хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ авагдсан. Хариуцагчийн Төрийн банктай байгуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ мөн авагдсан байдаг. Тус зээлийн гэрээний дагуу хариуцагч банкнаас зээл авсан бөгөөд тус төлбөрийг нэхэмжлэгч А- төлж байсан талаарх баримт авагдсан. Хариуцагч банкнаас авсан мөнгөнөөс 30сая төгрөгийг А-т өгөөгүй бөгөөд өгсөн талаарх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч нь 2013-6-19-ний өдрийн Баз интернэйшнлтэй хийсэн гэрээгээр А- нь тус байрыг Баз интернэйшнлд зарсан гэх боловч тус гэрээ нь зөвхөн , анхан шатны гэрээний төсөл байсан бөгөөд тус обьектод хамаарах бүх байрны өмчлөгчтэй холбож өгөх үүргийг хүлээсэн байсан. Гэвч талуудын хоорондох маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь шууд Баз интернэйшнл ХХК-д худалдсан байдаг. Энэ талаарх баримт мөн авагдсан байдаг. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх атал нэхэмжлэлийн шаардлагаас хальж бусад эд хөрөнгөтэй холбоотой маргааныг хамаатуулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг үнэн зөв талаас нь эргэлзээгүй үнэлэх байтал таамаглалд үндэслэн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд  нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н.А- 2016-06-13-ны өдөр шүүхэд хандаж, М.М-, О.Ж- нараас нийт  83,034,460 төгрөг шаардахдаа “...худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,282,500 төгрөг, хариуцагч нарын өмнөөс банкинд төлсөн зээл 50,751,960 төгрөг гаргуулна...” гэсэн  байна. 

        Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... орон сууц худалдан авах зорилгоор бус,харин Н.А- нь банкнаас бага хувийн хүүтэй зээл авахуулан, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн...зээлийн мөнгийг өөрөө авч өөрөө төлөөд дуусгасан...нэхэмжлэгч нь бидний өмнөөс зээл төлсөн асуудал байхгүй.... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1\. 32,282,500 төгрөгийн нэхэмжлэлийн талаар

       Н.А- орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,282,500 төгрөг шаардахдаа “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооллын, Да хүрээ гудамжны 60/4 дүгээр байрны 9 тоот 3 өрөө орон сууцыг \цаашид орон сууц гэх\ хариуцагч нарт 60,000,000 төгрөгөөр худалдсан...хариуцагч нар 2012-05-17-ны өдөр 15,717,500 төгрөг, 2017-05-25-ны өдөр 12,000,000 төгрөг төлсөн... үлдэгдэл мөнгийг өгөөгүй тул авна...” гэсэн үндэслэл заажээ.    

        Хэрэгт, орон сууц худалдах-худалдан авах тухай хоёр гэрээ авагдсан байх бөгөөд Н.А- нь 2012-04-12-ны өдрийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож, 2012-05-18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргаж, хожим уг шаардлагаасаа татгалзсан байв.

        а\. Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд нийцсэн гэрээ шаардах эрхийг үүсгэнэ.

      Зохигчийн тайлбар бусад баримтаас үзвэл, эрх бүхий байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2012-05-18-ны өдрийн гэрээг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлсэн байна.   

      Иймд 2012-05-18-ны өдрийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр эсэх буюу гэрээний дагуу Н.А- шаардах эрхтэй эсэх, О.Ж-, М.М- нар үүрэг хүлээх эсэх талаар шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.     

       б\. Нэхэмжлэгч орон сууцаа худалдах, хариуцагч нар худалдах авах зорилго байгаагүй нь, мөн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ талууд татварын зардлыг хэмнэх үүднээс гэрээний үнийн дүнг 9,000,000 төгрөг болгож бичсэн нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон байна.

        Түүнчлэн, банкнаас зээл авах зорилгоор орон сууцыг 2012-05-18-ны өдрийн гэрээгээр  хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн гэх үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй  байна.

        “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд уг хэлцэл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байдаг.

        Иймд шүүх 2012-05-18-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцжээ. 

      Орон сууц худалдах-худалдан авах тухай 2012-05-18-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээний дагуу Н.А- нь хариуцагч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхгүй юм.

        в\. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

       2012-05-18-ны өдрийн гэрээний дагуу орон сууц хариуцагч нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч бодит байдал дээр О.Ж-, М.М- нар орон сууцыг өөрийн мэдэлд эзэмшиж ашиглаж байгаагүй, эд хөрөнгө Баз интернэшнл ХХК-ийн өмчлөлд шилжсэн ба мөнгийг нь хариуцагч нар аваагүй байна.  

       Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.   

       1.2. Шүүх орон сууц худалдах-худалдан авах тухай 2012-04-12-ны өдрийн гэрээний  талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.    

       а\. 2012-04-12-ны өдрийн гэрээгээр Н.А- нь М.М-, О.Ж- нарт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, уг гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байна.  

        Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх , худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

        2012-04-12-ны өдрийн гэрээнд Н.А- нь орон сууцыг худалдах, М.М-, О.Ж- худалдан авах талаар заасан боловч талуудад тийм хүсэл зориг байгаагүй нь тогтоогдсон, гэрээний дагуу ямар нэг эрх зүйн үр дагавар үүсээгүй буюу өмчлөх эрх шилжээгүй, хариуцагч нар орон сууцыг эзэмшиж ашиглаагүй нь тус тус нотлогдсон байна. 

       Иймд 2012-04-12-ны өдрийн гэрээгээр зохигчийн хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 187,186,243 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.    

      б\. 2012-04-12-ны өдрийн гэрээгээр хариуцагч нар “...15,717,500 төгрөг болон 12,000,000 төгрөг төлсөн...гэх боловч энэ нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна. 

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2012-04-12-ны өдрийн гэрээний дагуу 27,717,500 төгрөгийг хариуцагч нар орон сууцны үнэ болгож төлсөн нь нотлогдоогүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцжээ. 

       Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас 2012-04-12-ны өдрийн гэрээний үүрэгт  32,282,500 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.    

      2\. 50,751,960 төгрөгийн шаардлагын талаар

        Нэхэмжлэгч нь М.М-, О.Ж- нараас 50,751,960 төгрөг шаардахдаа “... банкны зээл... хүү бусад төлбөрүүдийг хариуцагч нарын өмнөөс Төрийн банкинд төлсөн..”  гэжээ.

         Үүрэг нь үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших тохиолдолд үүсэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэг, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан байна. 

        Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. 

        Нэхэмжлэгч нь Төрийн банк-с авсан зээлийг төлсөн нь тогтоогдсон боловч ийнхүү өрийг төлснөөр хариуцагч нар зээлийн үүргээсээ чөлөөлөгдсөн гэх үйл баримт нотлогдоогүй тул Н.А-ын шаардах эрхийн үндэслэлд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасан зохицуулалт хамаарахгүй юм.

       Өөрөөр хэлвэл, хариуцагч нар нь банкнаас бага хувийн хүүтэй зээл авах шаардлагыг хангаж байсан тул Н.А- өөрийн орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэн, уг орон сууцаа барьцаалж М.М-, О.Ж- нарын нэр дээр зээл авсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна. 

        М.М-, О.Ж- нар 2012-05-24-ний өдрийн 49 дугаартай гэрээнд Төрийн банк  42,000,000 төгрөгийг нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлүүлж орон сууцыг барьцаалах, хариуцагч нар зээлийг төлөх үүрэг хүлээсэн талаар заажээ.

        Төрийн банк нь 2012-05-25-ны өдөр 42,000,000 төгрөгийг М.М-д олгож, тэрээр мөн өдрөө 12,000,000 төгрөгийг Н.А-т шилжүүлсэн нь тогтоогдож байна.

         Хоёр шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул 30,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэгчийн гомдол нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм. 

      Н.А- 2012-06-29-ний өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг хийж зээлийг төлж дуусгасан, орон сууц барьцаанаас чөлөөлөгдсөний дараа М.М-, О.Ж- нар нь орон сууцыг  Баз интернэшнл ХХК-д 2013-06-19-ний өдрийн гэрээгээр шилжүүлэхдээ ямар нэг мөнгө аваагүй үйл баримт нотлогдсон тул шүүх 50,751,960 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд нийцсэн байна.

         3\. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.  

       Хэргийн оролцогч нь шаардлага,татгалзлаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ. 

      Н.А-ын нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/01213 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1225 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 573,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЧИМЭГ 

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ