Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 383

 

                                                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Т.О, Ц.Ц нарт

           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Оын гаргасан давж заалдах гомдлоор Т.О, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн 1708027630066 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт Төмөрхуягийн Т.О, 1900 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “000” ХХК-д 000р ажиллаж байгаа, Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар багийн 5 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 28/2 дугаар байрны 61 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000912/,

Боржигон овогт Цэцэгмаагийн Ц.Ц, 1900 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 3 дугаар багийн 11-4 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000002627/,

   Т.О нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын орчимд зорчигч булаацалдсаны улмаас иргэн Ц.Цийг зодож хөнгөн хохирол учруулсан,

   Ц.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын орчимд зорчигч булаацалдсаны улмаас иргэн Т.Оыг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.О, Ц.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ц.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 240 цагийн, шүүгдэгч Ц.Цийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Ц.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хорөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, Т.О, Ц.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ооос 198.400 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цт, шүүгдэгч Ц.Цээс 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Оод олгож, хохирогч Т.О нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтлийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа, хохирогч Ц.Ц нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтлийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.О, Ц.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 1708027630066 дугаартай хэргийн холбогдогч Т.О миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар 5-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Улсын яллагчаас Т.О нь ажил эрхэлдэг, 500.000 төгрөгийн цалинтай гэсэн баримт авч ирснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх ялын санал хэлсэн боловч шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүилийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оод 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн ялын саналыг үндсэндээ дэмжсэн бөгөөд тус зүйл ангийн торгох ялын бага хэмжээгээр торгох ял оногдуулахыг хүссэн. Т.О нь эрхэлсэн тодорхой ажилтай бөгөөд нэг цэгийн үйлчилгээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг гаргаж өгсөн боловч шүүх бүхэлд нь үнэлж үзээгүй. Зөвхөн 3 дугаар сарын шимтгэл төлөлтийг баталгаажуулаагүй байна гэх шалтгаанаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь Т.О нь 2018 оны 1 сард дадлагажигч ажилтнаар ажилд орсон бөгөөд өмнөх 2 сарын төлөлт хийгдсэн байдаг. Мөн шүүхээс торгуулийн ял оногдуулахад эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх тухай дурдсан боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрийн хэмжээг бодитой тооцож үзсэнгүй гэж ойлгож байна. Т.О нь ажилтай орлогтой байснаараа хохирол төлбөр, торгуулиа бүрэн барагдуулах боломжтой юм. Энэ хүн ажилгүй болох вий гэж айснаас ажлын тодорхойлолтоо гаргаж өгөх боломжгүй байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэн ч хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ тухайн этгээдийн гэм буруу, хувийн онцлог байдлыг харгалзан тухайн зүйл хэсгийн аль тохирох төрөл хэмжээний ял оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм. Иймд Т.Оод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 5-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж, торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдаан мэдээж ял шийтгэл оногдуулах зорилготой, тухайн хүний хувийн байдал болон зүйл хэсэгт заасан сонгох санкцын аль тохирохоор нь шийтгэх нь шүүхийн бүрэн эрх. Үүнтэй хэн ч маргахгүй, гэхдээ өмгөөлөгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, тодорхой эрх ашиг сонирхлыг төлөөлж байгаа учраас миний үйлчлүүлэгч ажилтай, орлоготой, гэр бүлтэй хүн. Тэд нарыгаа тэжээхийн тулд ажил хийж байгаа. Өнөөдөр Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн энэ нийгэмд нэг ч гэсэн хүн ажилтай байгаасай гэсэн талаас харж байна. Торгуулийн ял ч гэсэн шийтгэлийн нэг хэлбэр. Шүүгдэгч Т.Оын хувьд эд хөрөнгөнд хохирол учруулах, тодорхой хэмжээгээр цээрлэл үзүүлэх зарчмаар хэрэгжихтэй санал нэг байна. Түүнээс анхан шатны шүүх хэргийг буруу шийдсэн, хууль зөрчсөн гэсэн асуудал яриагүй. Хамгийн гол нь хуульд нийцүүлэн шүүгдэгч Т.Оын хувийн байдалд нийцүүлэн шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл энэ зүйл хэсгийн санкц сонгох учраас шүүх алийг нь хэрэглэсэн шүүхийг буруу шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй. Тиймээс тодорхой хүний хувийн байдалд хамааралтай асуудал яригдаж байгаа учраас дээрх саналыг тавьж байна” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Оргилдболд нийтэд тустай ажил хийлгэх ялд давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Т.О нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын орчимд зорчигч булаацалдсаны улмаас иргэн Ц.Цийг зодож хөнгөн хохирол учруулсан,

Ц.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын орчимд зорчигч булаацалдсаны улмаас иргэн Т.Оыг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч /шүүгдэгч/ Ц.Цийн “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед би “Драгон” дээр Төв аймаг явах гээд өөрийн 59-95 ТӨА улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинтай зогсож байсан. Би өглөө тухайн газарт 10 цагийн үед ирсэн. Тэгээд машинууд дараалж байгаад явдаг юм. Тэгтэл Оргио гэдэг таньдаг залуу ирээд мэнд ус мэдээд “Би таны урдуур хүн ачаад явчихъя” гэсэн. Би түүнд “Хүүхдийн урлагийн үзлэгтэй, эгч нь бас ажилтай яараад байна” гэж хэлсэн. Тэгээд Төв аймаг явах гээд хүн ирэхээр нь би “тийшээ суу” гээд өөрийнхөө машиныг заатал Оргио урдуур ороод өөрийнхөө машиныг зааж өгөхөөр нь “би яаж байгаа юм бэ” гэтэл “би ч гэсэн яараад байна” гэж хэлсэн. Тэгтэл Оргио миний машины түлхүүрийг булааж авах гээд байсан. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж эхэлсэн. Бид хоёр маргалдаад зогсож байтал хажууд мөн жолооч Мөөгий гэх залуу “та хоёр яагаад байгаа юм бэ” гэхэд би болсон зүйлийг хэлтэл Мөөгий цаашаа явсан. Тэгтэл Оргио намайг “юм үзээгүй авгай минь” гэж хэлээд бид хоёр буцаад маргалдсан. Тэгтэл Оргио миний зүүн мөр лүү түлхсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж авсан. Тэр үед Оргио намайг арагш далан руу түлхсэн. Би арагш савж унаагүй ч хөл алдсан. Намайг араас нэг танихгүй жолооч түшиж авсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад би Оргиог “яаж байгаа юм” гэхэд тэрээр толгой руу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би Оргиогийн хөл рүү нь өшиглөсөн. Тэрээр намайг хувцасны захаар заамдаад түц-ний хажуу руу шахсан. Тэр үед миний амьсгаа давчдаад би Оргиогийн нүүр лүү нулимсан. Тэр үед жолооч нар ирээд бид хоёрыг салгаад машин, машин руу нь суулгасан. Тэгээд би машиндаа хүмүүс суулгаж байтал Оргио миний машин руу ирж байхаар нь би хаалгаа түгжтэл тэрээр намайг “Хаалгаа онгойлго, пизда минь” гэж хэлэхээр нь би машинаас буугаад зогстол тэрээр миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би цохилтонд нь газар унасан. Би шууд цагдаа руу утасдаж хэлсэн. Би завгүй байсан учраас шууд хөдөө гарч явсан. Тэгтэл замд явж байтал миний дотор муухай оргиод байсан. Тэр орой нь миний нүүр хавдаад улайгаад эхэлсэн. Би хамтран амьдрагч Энхбатад болсон зүйлийн талаар хэлэхэд Энхбат Оргио руу утасдахад өөдөөс нь “чамайг ч гэсэн ална шүү, пизда минь” гээд байсан. Тэр оройноо 00 цагийн үед Энхбат бид хоёр түргэн дуудаж үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь тэр шөндөө Гэмтлийн эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан. Эмч намайг “битүү доргилттой байна томографийн зураг авхуул” гэж хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь гэртээ хэвтэж өнжөөд нөгөөдөр нь цагдаа дээр ирсэн юм...” /хх-18-19/,

“...2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 14837 тоот шинжээчийн дүгнэлтийг нэг бүрчлэн уншиж танилцлаа. ...Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би түүний биед гэмтэл учруулаагүй...” /хх-20-21/,

“...Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төв аймаг руу очерлож хувийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, хүмүүс хувиараа хүн тээвэрлэдэг юм. Тухайн үед Т.О гэдэг залуу машинтайгаа ирээд “би аймаг руу яаралтай ажилтай болчихлоо, таны урдуур ороод аччих уу” гэхээр нь “би ч гэсэн ажилтай” ...гээд цааш явсан. Түүний машинд хүн суусан байсан. Би болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн байгаа. Энэ маргааныг Нацагаа гэдэг залуу мэдэж байгаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн уншиж танилцсан. Би Т.Оын биед гэмтэл учруулаагүй. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй. Т.О надад гэмтэл учруулсан. Би иргэн Т.Оын биед гэмтэл учруулаагүй болохоор гарсан зардал мөнгийг хариуцахгүй...” /хх-54-56/,

хохирогч /шүүгдэгч/ Т.Оын “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би “Сүлжмэл”-ийн хойд автобусны буудал дээр Төв аймаг явах гээд өөрийн 77-60 ДАР улсын дугаартай “Соната-5” маркийн автомашинтай 11 цаг өнгөрч байхад очсон. Би тухайн үед ганцаараа очсон. Тухайн газарт Төв аймаг явах машин ар, араасаа оочерлоод зогсчихсон байсан. Намайг зогсоол дээр очиход 53-49 ТӨА улсын дугаартай “Соната-6” маркийн автомашинтай хүн 2 зорчигч суулгаад хөдлөх гэж байсан. Түүний араас 59-95 ТАӨ улсын дугаартай машин зогсож байсан. Би тэнд байсан нэг жолоочоос “энэ машины дараа хэн явах юм бэ” гэхэд “Дээгий явна” гэж хэлсэн. Тухайн машины жолооч нь машиндаа сууж байсан болохоор би очоод уулзсан. Би тухайн Дээгий гэх эмэгтэйтэй мэнд ус мэдээд хэзээ явах юм бэ гэхэд “одоо явна” гэж хэлсэн. Би тухайн эмэгтэйд “дүү нь таниас түрүүлээд явчихъя, би Төв аймагт очиж дугуй солиулах юм, би таны өмнө 2-3 хүн аваад гаръя” гэхэд Дээгий гэх эмэгтэй “Би цэцэрлэгийн хүүхдийн ажилтай” гэж хэлсэн. Бид хоёр ямар нэгэн шийдвэрт хүрээгүй, би хүнээ авах гээд яваад автобусны буудлын ойрхон очсон. Тэгтэл Дээгий гэх эмэгтэй араас ирээд “өглөөнөөс хойш очер дайрлаа, би ажилтай байна” гээд нэлээн уурласан. Тэгтэл тэр үед 2 зорчигч гарч ирэхэд нь би тэр хоёрыг “миний машин руу суучих” гэж хэлсэн. Тэгтэл Дээгий гэх эмэгтэй уурлаж намайг загнаж эхэлсэн. Дээгий гэх эмэгтэй намайг хэл амаар доромжлон над руу уурлаад байсан. Тэгснээ над руу нулимсан, дараа нь гараараа миний толгой руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “яаж байна аа” гээд 2 гарыг нь бариад автал өөдөөс хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөсөн. Би үйлдлийг нь болиулах гээд 2 гарыг нь цааш түлхсэн. Тэгтэл Дээгий гэх эмэгтэй арагшаа уруу газар байсан учраас гулгасан. Тэгтэл буцаж гарч ирээд “түлхэж унагаалаа” гэж уурласнаа, би миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж самардсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг зүүн гараараа 1 удаа алгадсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгтэл хүмүүс нүүрнээс чинь цус гоожоод байна гэхээр нь би хамраас цус гарч байна гэж бодсон. Би машин дээр очин толинд нүүрээ хартал нүүр шалбарч, цус гарч байсан. Би буцаад нөгөө эмэгтэйгийн машин руу явж очиход машиныхаа хаалгыг онгойлгохгүй дотроо суугаад байсан. Би тэр Дээгий гэх эмэгтэйд нүүр ийм болгосон байна гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй машинаасаа бууж ирээд “чи тэглээ гээд эмэгтэй хүнийг яах юм” гээд ахиад над руу уурлаад дайраад байхаар нь би тэр эмэгтэйгийн шанаа руу нэг удаа цохисон. Тэр эмэгтэй хойшоо алхаад газар хальтарч унасан. Тэгээд тэр эмэгтэй босч ирээд хөлөөрөө миний хөл рүү ахиад өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Нөгөө эмэгтэй цагдаад дуудлага өгнө гэж байсан. Би машин руугаа буцаж суугаад нүүрнийхээ цусыг цэвэрлэсэн. Дээгий гэх эмэгтэй машинаа бариад Төв аймаг руу хөдөлсөн. Тэр эмэгтэй хажуугаар өнгөрөхдөө “чаддаг юм бол араас олоод ирээрэй, уулзъя” гэж хэлээд яваад өгсөн. Би араас нь хүнээ аваад Төв аймаг руу очиж дугуйгаа солиулсан. Би хот руу буцаад 14-15 цагийн үед орж ирсэн. ...Тэгээд маргааш нь нөгөө эмэгтэй цагдаад өргөдөл өгсөн байсан...” /хх-24-25/,

“...2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 14837 тоот шинжээчийн дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Ц.Ц бид хоёр харилцан нэг нэгнийхээ биед гэмтэл учруулсан. ...миний хувьд хувийн эмнэлгээр явж нүүрнийхээ сорвийг арилгасан. 1 см сорвийг 50.000 төгрөгөөр тооцож арилгуулсан. Мөн тос түрхэж хэрэглэсэн. Нийт 180.000 орчим төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Энэ гарсан зардлын баримт нотлох баримт байхгүй. Хоёулаа хэн хэнийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан болохоор хоорондоо уулзаад учираа олох санаатай байна. Баримт байхгүй болохоор мөнгөө нэхэмжлэхгүй...” /хх-26-27/,

“...Ц.Цийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр тухайн үедээ хэн, хэнийгээ ойлголцоогүйн улмаас хоорондоо маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан юм. Биднийг тэр хавийн хүмүүс салгасан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг нэг бүрчлэн уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. ...Би Ц.Цийн биед гэмтэл учирсны улмаас гаргасан зардал мөнгийг хариуцахгүй. Би өөрөө ч гэсэн биедээ гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн, баримт байгаа...” /хх-47/,

гэрч С.Солонгын “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би 12 цагийн үед Сүлжмэлийн автобусны ард байрлах орон нутаг явах машины зогсоол дээр хөдөө явах гээд байж байсан. Би Улаанбаатараас “Оюу толгой” хүртэл чиглэлд явдаг. Тэгээд зогсоол дээрээ байж байтал мөн Төв аймагт явдаг чиглэлийн жолооч нар болох Ц.Ц, Т.О хоёр түц-ний голд барьцалдаад Ц.Ц нь Т.Оын нүүр лүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очиж салгатал Т.Оын хамраас нь цус гарчихсан, нүүр нь маажуулсан байдалтай байсан. Ц.Цийн нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Т.О машиндаа суусан, Ц.Ц мөн машиндаа суусан. Тэгтэл Т.О гэнэт машинаасаа бууж ирээд Ц.Цийн машин дээр очин цонхыг нь тогшин “би эхнэртээ юу гэх юм бэ” гэж орилж байсан. Тэгтэл Ц.Ц бууж ирээд тэр хоёр дахиад зууралдаад авсан. Тэгэхээр нь би Нацагаа гэх жолооч залууг очоод салга гэж хэлж явуулаад эргээд хартал хажуу талаас нэг нь “өө Ц.Цийг алгадаад унагаачихлаа” гэж хэлэхээр нь би тэр хоёрын байгаа зүг рүү хартал Ц.Ц, Т.О хоёр зууралдаад л байж байсан. Би тэгээд машиндаа суугаад явсан...” /хх-28/,

гэрч Б.Нааяагийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед Төв аймагт байдаг гэр лүүгээ харих гээд Сүлжмэлийн автобусны буудлын ард байрлах орон нутаг явах машины зогсоол дээр ирж эмэгтэй жолоочтой машинд суусан. Намайг машинд суухад урд нэг, ард нэг хүн сууж байсан. Ахиад нэг хүн авчихвал машин хөдлөх байсан. Удалгүй ахиад нэг Төв аймаг явах зорчигч нэмэгдээд машины жолооч эгч машиндаа ирж суун машинтайгаа хөдлөх гэтэл танихгүй залуу ирээд машиных нь хаалгыг татаад байсан. Нөгөө жолооч эгч би машинаас буугаадахъя гээд буусан. Тэр хоёр машины гадаа хэрэлдээд байсан. Тухайн залуу “би эхнэртээ юу гэж хэлэх юм” гээд нөгөө эгчийг нүүрэн тус газар нь шууд цохиод авсан. Нөгөө жолооч эмэгтэй арагш савж унасан. Тэгээд босч ирээд тэр хоёр муудалцаж байгаад нөгөө жолооч эгч машиндаа суун Төв аймаг руу хөдөлсөн...” /хх-30/,

шинжээч М.Золжаргалын “...Т.Оын биед учирсан тухайн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-нд зодуулсан, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирж үзүүлсэн байна. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтлүүд нь самардах, маажих үед үүссэн байх боломжтой...” /хх-37-38/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 14830 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1. Ц.Цийн биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 14837 дугаартай дүгнэлтийн “...1. Т.Оын биед зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, хамрын угалз, зүүн шанаанд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-35/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Т.О нь “...Т.О надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 5-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж, торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Т.О, Ц.Ц нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Гэвч шүүгдэгч Т.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, “АВМ” ХХК-д дадлагажигч нягтлан бодогчоор ажилд орсон байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял шийтгэл оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэйг, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж байна.  

Иймд шүүгдэгч Т.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудад тус тус зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 240 цагийн, шүүгдэгч Ц.Цийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Т.Оыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Ц.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ