Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 477

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “М ” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Ө.Г , Гаалийн улсын байцаагч С.З нар

Нэхэмжлэлийн шаардлага: “I) Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж 53,765,950 төгрөг болгуулах, II) Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг (ногдуулсан 5,412,094,828.25 төгрөгийн төлбөр) бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О , В.О хариуцагч Гаалийн улсын байцаагч С.Г , Гаалийн улсын байцаагч Ө.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О , В.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын даргын баталсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11/17 дугаар удирдамжийн дагуу “М ” ХХК-ийн 2013-2016 оныг дуусталх гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгсэлийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн. 

Уг шалгалт нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдэж, манай компанид 3 төрлийн төлбөрийн акт тавигдсан. Тус актууд дээр гаалийн улсын байцаагч нь нотлох баримтыг гүйцэд шалгаагүй, удирдамжийн дагуу гадаад төлбөр, тооцоо болон гэрээний биелэлтийг бүрэн шалгаж нотлоогүй гэх үндэслэлээр дээрх актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актаар нийт 5,412,094,828 төгрөг ногдуулсан. Акт нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд тоног, төхөөрөмж болон цементийн клинкер гэх бараануудын гадаад төлбөр тооцоо, гаалийн мэдүүлгүүдийн дүнг харьцуулсан байна. “Ч ” ХХК-д 2014 онд төлсөн 55,114,406,040 төгрөгийн үнийн дүнгийн барааг зөвхөн 2014 онд орж ирсэн 43,283,446,413 төгрөгтэй харьцуулан 10,652,448,256 төгрөгийн барааг гаальд мэдүүлээгүй гэх үндэслэлээр 2,146,468,323.58 төгрөгийн акт тавьсан. 

Манай компани нийт 55,114,406,040 төгрөгийн тоног, төхөөрөмж авахаар “Ч ” ХХК-тай гэрээ байгуулан, уг гэрээний дагуу 2014-2016 онуудад нийт 63,370,387,216.71 төгрөгийн барааг гаальд мэдүүлж, оруулж ирсэн. Үүнээс 9 тэрбум төгрөгийн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж оруулж ирсэн байтал Гаалийн улсын байцаагч зөвхөн 2014 онд хийгдсэн гаалийн барааны татан авалтын дүнтэй харьцуулан 10,652,448,256 төгрөгийн зөрүү үүсгэсэн үйлдлийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Учир нь манай компаниас гаалиар оруулж ирсэн бүх барааны мэдүүлэг, анхан шатны нотлох баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн боловч тэдгээрийг сайтар нягталж шалгаагүй, мөн Гаалийн статистик мэдээнд тусгасан байсан боловч зөвхөн 2014 онд харилцах данс хаагдсан гэж үндэслэлгүйгээр 2014 оны дүнтэй харьцуулан тооцсон. 2015, 2016 онуудад хийгдсэн бараа татан авалтын дүнг огт тооцолгүйгээр, дутуу дүгнэж, нөхөн татвар, торгууль ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.

Маргаан бүхий 44/17 тоот актын 2 дахь зөрчил 2015 онд хийгдсэн 23,137,776,080 төгрөгийн төлбөртэй холбоотой байх ба гаальд зөвхөн 6,931,192,930 төгрөгөөр мэдүүлсэн байна гэж үзэн зөрүү болох 16,206,583,149 төгрөгт 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан байна. 

2015 онд манай компани  “Жун лиэн цемент” ХХК-тай 200,000 тонн цементийн клинкер авахаар гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 45 удаагийн гаалийн мэдүүлгээр 83,978 тонн цементийн клинкерийг татан авсан. Уг 83,978 тонн цементийн клинкер нь гэрээний үнийн дүнд тээврийн зардал шингээд 6,931,192,930 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг бүрэн төлсөн. 

Гаалийн татвар гэдэг нь Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн хилээр оруулсан буюу гаргах бараанд ногдуулж байгаа албан татваруудыг хэлнэ гэж ойлгож байна. Гэтэл зөвхөн гадаад төлбөр тооцоонд гаалийн нөхөн татвар болон торгууль ногдуулж байгаа үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, 16,206,583,149 төгрөгийн барааг гаалийн хилээр оруулж ирээгүй буюу бараа татан авалт хийгдээгүй байхад шууд зөвхөн журналын дүнг баримтлан, гадаад төлбөр тооцооны биелэлтийг нь шалгаж тогтоолгүй, тооцон оногдуулж байгаа нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гаалийн татварын тухай заалтыг зөрчсөн. 

Мөн 2015 оны 08 дугаар сараас эхлэн гаалийн татвар 5% байсан нь 20% болж өссөн. Ингээд бид нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татварын 20%-ийг төлөөд эргээд цемент клинкерийг ашиглан, бараа борлуулалт хийхэд ашиг, орлого олох боломжгүй, алдагдал хүлээхээр байсан тул гэрээг зогсоосон. Үлдэгдэл 115 тонн буюу 16,206,583,149 төгрөгийн барааг татаж аваагүй байхад Гаалийн улсын байцаагч уг нөхцөл байдал, үйл баримтыг шалгаж, нотлолгүйгээр шууд гадаад төлбөр тооцоонд 3,265,626,504.66 төгрөгийн татвар, торгууль оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Иймд маргаан бүхий 44/17 дугаар актаар нийт 5,412,094,828 төгрөгийн төлбөр ногдуулсанг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул уг актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар 2 төрлийн бараанд төлбөр, тооцоо дүгнэлт хийж акт тавигдсан. 2013 онд татан авалт хийгдсэн цементийн гадаад төлбөр тооцоотой 105 сая төгрөгийн барааны үнэ, 124,754,013 төгрөгийн тээврийн зардалтай бараа байна. Уг дүнг гаалийн мэдүүлэг болон статистик мэдээгээр шалгаж дүгнээд 104 сая төгрөгөөр гаальд мэдүүлсэн гэх Гаалийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 124,754,013 төгрөгийн тээврийн зардалд ногдуулж буй татвар, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Гэтэл уг 1020 тонн цементийг “Ө ” ХХК-иар тээвэрлүүлэхээр гэрээ байгуулж, уг гэрээнд нийлүүлэгч компанийн өртөөнөөс Монгол Улс дахь “М ” ХХК-ийн агуулах хүртэл тээвэрлэх зардал байна гэж заасан. Энэ гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан. 

Мөн 2014 оны 09 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд “Ж ” ХХК-д хийгдсэн 347,205,913 төгрөгийн цементийн клинкер болон тээврийн зардал 406,286,405 төгрөгийн зөрчилд 117 сая төгрөгийн татвар, нөхөн торгууль оногдуулсан байна. Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 23, 26, 30, 10 дугаар сарын 01-ний өдөр гээд нийт 4 удаагийн гаалийн мэдүүлгээр нийт 347,205,913 төгрөгийг мэдүүлсэн. 

Гаалийн бүрдүүлэлтийн мэдээ болон Гаалийн мэдүүлэг хавтаст хэрэгт хавсаргагдсан. Гэтэл уг 4 удаагийн гаалийн мэдүүлгээс зөвхөн 2 удаагийн гаалийн мэдүүлгийн дүнг нэгтгэж дүгнээд, 172,566,508. төгрөгөөр гаальд мэдүүлсэн гэж үзээд зөрүүнд 117 сая төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна. 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д “Зөвхөн Монгол Улсын хилийн өртөө хүртэлх тээврийн зардлыг барааны үнэд нэмж гаалийн татварыг ногдуулна” гэж заасны дагуу тээврийн зардлыг 100 хувь ногдуулах ёсгүй байсан гэж үзээд 50 хувийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эрээн хотын “Ө ” ХХК-д төлсөн 611,796,260 төгрөгийн тээврийн зардлыг шууд 100 хувиар тооцон 123,276,946 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь маргаан бүхий 44/17 тоот актад дурдагдсан манай компани татан авалт хийсэн 83,987 тонн цементийн клинкерийн тээврийн зардал бөгөөд тухайн үедээ 7 тэрбум 287 сая төгрөгөөр буюу тээврийн зардал шингэсэн үнээр гаальд мэдүүлсэн байгаа. Үүнийг тусад нь салгаж, мөн 100 хувиар тооцон нөхөн татвар ногдуулсан нь хууль бус байна. 

Тээврийн зардалд дангаар нь гаалийн татвар оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй, зөвхөн бараанд Монгол Улсын хил хүртэлх тээврийн зардлыг нэмэгдүүлсэн дүнгээр татвар, торгууль ногдуулдаг. Гэтэл бараанд нэмэгдэж төлөгдсөн дүнг тусад нь салгаж, нэмээд 100 хувийн нөхөн татвар тооцож байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул маргаан бүхий 17/42 тоот актаар нийт 265,735,000.0 төгрөг ногдуулсан үнийн дүнг багасгаж 53,765,905.0 төгрөг болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Гаалийн улсын байцаагч Ө.Г , Гаалийн улсын байцаагч С.З нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниас маргаан бүхий 44/17 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани илүү дүнгээр бүрдүүлэлт хийсэн гэх агуулгаар тайлбарлаж байна. “Ч ” ХХК-ийн  харилцах журналаас үзвэл уг компанийн хувьд 2014 онд 3 удаагийн төлбөрөөр нийт 53,935,894,669 төгрөгийг бараа, тоног төхөөрөмжийн урьдчилгаа гэж шилжүүлсэн байна. Энэ нь зөвхөн 2014 онд шилжүүлсэн төлбөр бөгөөд 2015 оны 4 дүгээр улиралд журналын бүртгэлээр хаагдсан байна. 

Тухайн үед тус компаниас 53,935,894,669 төгрөгийг шилжүүлж, нийт 43,283,446,413 төгрөгийн тоног төхөөрөмжийн барааг гаальд мэдүүлсэн. Уг барааны үнэ нь зөвхөн 2014 оных байх бөгөөд 2015, 2016 онд импортлогдсон бараа буюу нийт 19,227,556,289 төгрөгийн холбогч төмөр, бутлагч машин, туузан дамжуулагч, холхивч, хаалт зэрэг бараанууд нэхэмжлэгч компанийн санхүүгийн бүртгэлд байхгүй. Мөн энэ бараатай холбоотой төлбөр, бүртгэсэн, орлогод авсан талаарх баримт байхгүй. 2014 оны гүйлгээг төлбөр тооцоо дууссан гэж санхүүгийн тооцоонд хаалт хийж, орлогод авсан байна. 

2015, 2016 онд авсан барааны гаалийн мэдүүлэгтэй тоног, төхөөрөмжийн мөнгө шилжүүлээгүй, орж ирсэн барааг бүртгэсэн баримт байхгүй. Тэгэхээр 19,227,556,289 төгрөгийн тоног төхөөрөмжийн төлбөр ямар нэг байдлаар хуулийн дагуу тайлагнагдаагүй гэж үзэж байна. Гол нь үүнтэй холбоотой ямар ч бүртгэл, тооцоо байхгүй. Тэгэхээр 2015, 2016 онд орж ирсэн тоног төхөөрөмжүүдийг тусдаа баримтаар хятад тайландаа бүртгэж, хаасан. Тодорхой хэлбэл, 2014 онд оруулж ирсэн 43,283,446,413 төгрөгийн тоног төхөөрөмжийн төлбөрт 55,114,406,040 төгрөгийг 3 удаа шилжүүлж, 2014 ондоо хаалт хийсэн байна. Иймд би санхүүгийн бүртгэлийн дагуу 43,283,446,413 төгрөгийн барааны үнэ гэж үзэж, зөрүүгээр нь барааны үнийг дутуу мэдүүлсэн гэх үндэслэлээр төлбөрийн акт ногдуулсан. 

“Ж ” ХХК-д 2015 онд нийт 3 удаагийн төлбөрөөр, 23,137,776,080 төгрөг шилжүүлсэн. Мөн Гаалийн бүрдүүлэлтийн мэдээний дагуу бараагаа орлогод авсан байна. Гэвч зөрүү дүнг толгой компанид буцаан төлөхөөр харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу 2018 оны 01 дүгээр сард төлбөрийг буцаан төлсөн гэж байна. 

Нэхэмжлэгч талаас өгсөн нотлох баримтын хавтсын 89-107 дугаар хуудсанд авагдсан бичиг баримтаас үзвэл харилцах дансны бүртгэл биш хэзээ ч, хаана ч үйлдэж болохоор бэлэн мөнгөний баримт байна. Энэ баримтаар мөнгөний зөрүүг буцаан төлөгдсөн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Гэрээндээ харилцах дансаар төлнө гэж тохиролцсон боловч ард нь хавсаргасан баримт нь бэлэн мөнгөний баримт байсан тул мөнгө нь шилжиж орсон гэж үзэхээргүй байна. 

Мөн барааны мэдүүлгийн дагуу гаалийн мэдүүлгийг орлогод авсан боловч уг компанийн 30 мэдүүлгийн 5,5 тэрбум төгрөгийн барааг бааз үнээр буюу нэхэмжлэгч компани худалдаж аваагүй үнээр үнэлсэн. Нэхэмжлэгч компани өөрийн худалдаж авсан үнээр орлогод авах ёстой байсан. Гэвч 6 дугаар арга болох бааз үнээр бодож 5,5 тэрбум төгрөгийн барааг шууд 23,137,776,080 төгрөгөөс хасч, 2015 онд зөрүү дүн болох бүртгэлд хаалт хийсэн байна. 

Ямар нэг авлага байсан бол энэ компани зөрүү дүнгээр авлага эсхүл өглөг үүсгэх ёстой байсан. 2015 онд 23,137,776,080 төгрөгийг шилжүүлж, 6,931,192,930 төгрөгийн бараа хүлээн авсан. Гэтэл уг компани шууд дансны хаалт хийсэн, мөнгө буцаан орсон гэсэн боловч баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна. Гэрээний тохиролцоо болон шилжүүлгийн баримт зөрүүтэй. Банкны харилцах дансаар мөнгө шилжүүлнэ гэсэн боловч нөгөө тал дээр орлогын баримт хийсэн байна.  

Маргаан бүхий 17/42 тоот акттай холбогдуулж тайлбарлахад, нэхэмжлэгч компани 230,076,599 төгрөгийн бараа импортолж, 104 сая төгрөгөөр гаальд мэдүүлсэн. Тухайн үед “С” ХХК-тай хийсэн гэрээг шалгаж үзэхэд Улаанбаатар хотод авчраад шороон замаар 30 км-т тээвэрлэнэ гэх заалттай байсан. 

Бид уг гэрээний дагуу Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын тээврийн ханшийг баримтлан 1 вагоны 450 доллароор тооцсон. 1020 тонн цемент нь 25 вагон болох бөгөөд үүнийг 450 доллароор үржүүлж, хуурай замын тээвэр болох 100 долларыг нэмээд тухайн үеийн ханшаар тооцож, нийт 25,401,508.89 төгрөгийн зөрчлийн дүнгээс 4,688,562.0 төгрөгийн дотоодын тээвэрт ногдох татвар хасаж тооцож байна. Өөрөөр хэлбэл зөвхөн 230 сая төгрөгийн тухайд дээрх байдлаар дахин тооцоолол хийхэд 4,688,562.0 төгрөг хасагдахаар байна.

 “Э” ХХК-иар цементийн клинкер тээвэрлэсэн тээврийн зардлыг тухайн байгууллага нь огт мэдүүлээгүй. Тухайн компани тээврийн компанитай тохиролцсон эсэх нь хамаагүй, төрийн байгууллагын ханшаар тооцоолол хийсэн. Үүнийг өмнөх 23,137,776,080 төгрөгийг шилжүүлж, 6,931,192,930 төгрөгийг хүлээж авсан клинкертэй холбож үзэж байгаа. Яг үнэндээ энэ клинкертэй холбоотойгоор тээврийн зардал огт мэдүүлээгүй, зөвхөн барааны үнэ мэдүүлсэн. Энэ нь статистик мэдээнд байгаа.

Мөн 611,766,260 төгрөгийн тээврийн зардал нь тухайн клинкерийг оруулж ирэхэд тухайн барааны үнэд нэмэгдэж тооцогдох буюу Гаалийн тухай хуульд зааснаар тээврийн зардал, ачиж буулгах зардал, даатгалын зардал, хилийн чандад гарсан зардлууд худалдан авсан барааны үнэд нэмэгдэх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч компани тээврийн зардлыг мэдүүлээгүй, зөвхөн барааны үнийг мэдүүлсэн байна. Барааны худалдан авсан үнэд тээврийн зардал, даатгал, ачиж буулгах зардал, сав баглааны зардал нийлээд гаалийн үнэ гардаг. Тийм учраас Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2931.2-т заасны дагуу барааны гаалийн үнийг дутуу мэдүүлсэн гэх үндэслэлээр татвар ногдуулсан. 

Нийт 347,205,913.0 төгрөгийн 4 удаагийн бүрдүүлэлтийн баримт байгаа боловч “Ж ” ХХК биш “Erlian Gege Culture Communication” co.ltd-ийн нэрээр гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийсэн байна. Хянан шалгалт явуулж байх үед бүртгэл, тооцоо зөрүүтэй байна гэхэд нягтлан бодогч нь яагаад зөрөөд байгааг ойлгохгүй байна, “Улаанцав Ж ” ХХК-иас 2 удаагийн бүрдүүлэлтээр цемент орж ирсэн гэж тайлбарласан. Гэхдээ 09 дүгээр сарын 23-ны өдрийн болон мөн сарын 26-ны өдрийн 2 бүрдүүлэлтийг нийлүүлээд үзвэл нийт 347,205,913.0 төгрөгийн үнийн дүнг барьж байна. 

Харин 406,286,405 төгрөгтэй холбоотой тээврийн гэрээ болон бүртгэл, тооцоо байхгүй, шууд нийт дүнгээр тээврийн зардал гээд тусгагдсан байна. Гаалийн мэдүүлгээс үзвэл DAF нөхцөл буюу Монгол Улсын хил хүртэлх бүх тээврийн эрсдэлийг хилийн чанд дахь нийлүүлэгч хариуцна гэж заасан тул уг зардлыг хилийн чанд дахь компани хариуцсан гэж үзэж бүрэн ногдуулсан. Нэхэмжлэгч компаниас тээврийн зардал гэж мөнгө шилжүүлсэн байгаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн гэрээ үзүүлээгүй. Барааг мэдүүлсэн боловч орлогод аваагүй гэдэг нь тухайн барааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, өртөгтэй холбоотой асуудал бөгөөд өртөг бууруулна гэдэг нь татвараас зайлсхийсэн асуудал. 

Гаалийн улсын байцаагчийн 17/42 дугаар актаар ногдуулсан 2013 оны 124,754,013 төгрөг, 2014 оны 406,286,405 төгрөгийн зөрчилтэй холбоотой татвар, торгууль нөхөн төлөх тооцооллыг дахин хийж, нийт 265,735,005.89 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг багасган, “М ” ХХК нь нийт 51,616,024 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлөх үндэслэлтэй байна. 

Иймд Гаалийн улсын байцаагчийн 44/17 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “М ” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа

I) Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж 53,765,950 төгрөг болгуулах,

 II) Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг (ногдуулсан 5,412,094,828.25 төгрөгийн төлбөр) бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тус тус тодруулж, багасгасан болно.

Нэхэмжлэгч нь Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45/17 дугаар акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул уг захиргааны хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч С.Г , Гаалийн улсын байцаагч Ө.З /цаашид Гаалийн улсын байцаагч нар гэх/ нар нь Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын даргын баталсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11/17 дугаар удирдамжийн дагуу “М ” ХХК-ийн 2013-2016 оныг дуусталх гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгсэлийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

Энэхүү шалгалтаар “М ” ХХК-ийг 2013-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэн Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2-т заасныг үндэслэн 

I) Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 17/42 дугаар актаар гаалийн татварт 65,939,207.42 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 138,472,335.58 төгрөг, торгуульд 61,323,462.90 төгрөг, нийт 265,735,005.89 төгрөгийг нөхөн төлүүлэх,

II) Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 44/17 дугаар актаар гаалийн татварт 1,342,951,570.28 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 2.820,198,297.60 төгрөг, торгуульд 1,248,944,960.36 төгрөг, нийт 5,412,094,828.25 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тус тус ногдуулсан байна.

Гаалийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03/3514 дугаар  албан бичгээр Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/42, 44/17, 45/17 дугаар актуудыг “М ” ХХК-д хүргүүлснийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болох нь Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01-8/2358 дугаар албан бичиг болон “Монгол шуудан” ХК-ийн “Хүргэлтийн дэвтэр”-ийн хуулбараар тус тус тогтоогдож  байна.

“М ” ХХК нь дээрх Гаалийн улсын байцаагчийн актуудыг эс зөвшөөрч гомдол гаргасан тул Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга 2017 оны 11 дүгээр сарын 22-нд, 12 дугаар сарын 27-нд, мөн Гаалийн ерөнхий газрын дарга 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр албан бичгүүдээр  тус тус хариу өгчээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна.

Нэг. Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 17/42 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж 53,765,950 төгрөг болгох шаардлагын тухайд:

“М ” ХХК нь БНХАУ-ын “Ут” ХХК-иас цементийн клинкер худалдан авах гэрээ байгуулан 2013 онд 105,322,586 төгрөг, 2014 онд 347,205,913 төгрөгийн үнэ бүхий цементийн клинкерийг Монгол Улсын гаалиар мэдүүлж оруулж ирсэн байна. 

Дээрх худалдан авсан цементийн клинкерийн тээврийн зардалд “У” ХХК, “У” ХХК, (“С” ХХК)-иудад 2013 онд нийт 124,754,013 төгрөг, 2014 онд 406,286,405 төгрөг тус тус төлсөн болох нь тус компанийн 2013, 2014 оны Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлд  бүртгэгдсэн байх боловч Монгол Улсын гаалиар тээвэрлэлт хийн оруулж ирсэн дээрх тээврийн зардалд гаалийн татвар төлсөн нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна. Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 17/42 дугаар актаар уг зөрчилд нийт 142,458,059.5 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлүүлэхээр ногдуулсан байна.

Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч “М ” ХХК нь дээрх 17/42 дугаар актаар ногдуулсан нийт 265,735,005.89 төгрөгийн нөхөн төлбөрөөс 211,969,056 төгрөгийн нөхөх татварыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасны дагуу зөвхөн Монгол Улсын хил хүртэлх тээврийн зардлыг тооцох ёстой байтал тээврийн зардалд 100 хувь гаалийн албан татвар ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Харин дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасны дагуу 53,765,950 төгрөгийг нөхөн төлөх үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байгаа.

Харин хариуцагчаас “нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдтэй холбоотой Тээвэрлэлтийн гэрээ, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, мөн гаалийн мэдүүлэг дээрх гадаад нийлүүлэгч компанийн нэр зөрүүтэй зэргээр санхүүгийн баримт, гаалийн бүрдүүлэлт зөрүүтэй байсан тул нөхөн татвар ногдуулсан” гэж тайлбар гарган мэтгэлцэж байсан. 

 Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “10.3.Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно”, 10.3.1-д “тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал”, 10.3.1.1-д “тээврийн зардал, ...” гэж тус тус заасан байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч Гаалийн улсын байцаагч нар 17/42 дугаар актын 2013, 2014 оны тээврийн зардлын зөрчилтэй холбоотой Тээвэрлэлтийн гэрээ , гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг , санхүүгийн баримт, Гаалийн бүрдүүлэлтийн мэдээ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, холбогдох хуулиудыг тайлбарлан хэрэглэж актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасган, 2013 оны 124,754,013 төгрөгийн зөрчилд 20,712,946 төгрөг, 2014 оны 347,205,913 төгрөгийн зөрчилд 30,903,078 төгрөг, нийт 51,616,024 төгрөгийг татвар, торгууль нөхөн төлөх тооцооллыг дахин хийж, нэхэмжлэгчээс энэ үнийг дүнгээр татвар, торгууль төлөх боломжтой гэж үзсэн .

Иймээс Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар ногдуулсан нийт 265,735,005.89 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг багасган, нийт 51,616,024 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлөх үндэслэлтэй байна. 

Хоёр. Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Гаалийн улсын байцаагчид нь “М ” ХХК-ийг I) 2014 онд БНХАУ-ын “Ч” ХХК-иас импортолсон 10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмж, II) “Ут” ХХК-иас 2015 онд худалдан авсан 16,206,583,149.69 төгрөгийн цементийн клинкерийг тус тус гаалийн байгууллагад дутуу мэдүүлж гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэж, (2,146,468,323.58+3,265,626,504.66) нийт 5,412,094,828.25 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.

I) 2014 онд “М ” ХХК нь цементийн үйлдвэр барих зорилгоор 203,130,300 юаний үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж , гэрээний дагуу тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 2014 онд 3 удаагийн гүйлгээгээр нийт 53,935,894,669 төгрөгийг “Ч” ХХК-д шилжүүлсэн нь тус компанийн 2014 оны Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, Ерөнхий журналын товчоо баримтуудаар  тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс “дээрх гэрээний дагуу 2014-2016 онд нийт 63,370,387,216 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлж Монгол Улсын хилээр оруулсан ирсэн. Гэтэл Гаалийн улсын байцаагчид манай 2015-2016 оны гаалийн мэдүүлэг болон Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн мэдээг тулган шалгалгүй орхигдуулж, 10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлээгүй оруулж ирсэн зөрчил гаргасан гэж 2,146,468,323.58 төгрөгийн татвар, торгууль ногдуулсан хууль бус” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Гаалийн улсын байцаагчид нь “М ” ХХК-ийн зөвхөн 2014 онд Монгол Улсын хилээр импортоор оруулж ирсэн Гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, баримтуудад шалгалт хийж “Ч” ХХК-иас импортолсон 10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлээгүй гэж үзэн 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулжээ. 

Харин тус компанийн 2015-2016 онд импортолсон нийт 19,227,556,289 төгрөгийн тоног төхөөрөмжтэй холбоотой баримт болох Гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, Гаалийн бүрдүүлэлтийн мэдээ зэрэг баримтуудад хяналт шалгалт хийгээгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. 

Тухайлбал, “М ” ХХК нь 2014 онд 43,283,446,413 төгрөг, 2015 онд 17,940,365,664 төгрөг, 2016 онд 1,287,190,613 төгрөг, нийтдээ 63,370,387,216 төгрөгийн тоног төхөөрөмжийг “Ч ” ХХК-иас импортолсон болох нь Гаалийн ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03-2/3293 дугаар албан бичгээр ирүүлсэн Гаалийн бүрдүүлэлтийн мэдээ -г “М ” ХХК-ийн 2014-2016 оны Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгүүд -тэй нэг бүрчлэн тулгаж шалгахад тогтоогдож байна.

Мөн хариуцагчаас ирүүлсэн тайлбарт “...2015-2016 онд “Ч ” ХХК-иас импортын барааг хүлээн авч орлогод авсан санхүүгийн баримт байхгүй байсан” гэсэн атлаа “2015-2016 онд “Ч ” ХХК-ийн нэрээр 19,227,556,289 төгрөгийн тоног төхөөрөмжийн Гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээг ” нотлох баримтаар ирүүлсэн. 

Шүүхээс энэхүү мэдээг нэхэмжлэгчийн 2015-2016 оны Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгүүд болон Гаалийн бүрдүүлэлтийн мэдээтэй тулган шалгахад 2015 онд 17,940,365,664 төгрөг, 2016 онд 1,287,190,613 төгрөг, нийт 19,227,556,289 төгрөгийн тоног төхөөрөмжийг Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр мэдүүлэн оруулж, холбогдох татварыг төлсөн болох нь тогтоогдож байна.

Мөн Гаалийн улсын байцаагчид нь 2015-2016 онд “Ч ” ХХК-иас импортын барааг хүлээн авч орлогод авсан санхүү бүртгэл, анхан шатны баримт байхгүй байсан тул “10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлээгүй зөрчил гаргасан” гэж үзсэн гэж тайлбарладаг.

Хэдийгээр тус компанийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэл хангалтгүй хөтлөгдсөн, санхүү бүртгэлдээ уг тоног төхөөрөмжийг орлогод авч бүртгээгүй, Санхүү байдлын тайланг буруу зөрүү гаргасан байсан зэрэг алдаа дутагдал байгаа боловч энэ үндэслэлээр шууд буруутгахад учир дутагдалтай байна.

Иймээс нэхэмжлэгч “М ” ХХК нь 2014-2016 онуудад “Ч ” ХХК-иас импортолсон нийт 63,370,387,216.71 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалиар үнэн зөв мэдүүлж, холбогдох татварыг төлсөн болох нь нотлогдох байх тул Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актын “10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэж үзэж 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2-т заасантай нийцэхгүй байна гэж үзлээ.

II) Нэхэмжлэгчээс “...гэрээний дагуу 83,978 тонн цементийн клинкер худалдан авсан бөгөөд 5 хувь байсан гаалийн татвар 20 хувь болж өссөн тул цаашид цементийн түүхий эд авах нь алдагдалтай байсан тул гэрээг цуцалсан. Урьдчилан төлсөн 23,137,776,080 төгрөгөөс татан авалт хийгдээгүй 115000 тонн цементийн клинкерийн төлбөрийг манай толгой компанид буцаан төлөхөөр тохирсоны дагуу 2018 оны 01 сард буцааж төлсөн” гэж мэтгэлцэн маргаж байгаа. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “М ” ХХК нь “У ХХК-иас цементийн клинкер худалдан авах гэрээ байгуулан , 2015 онд тус компанид 3 удаагийн гүйлгээгээр нийт 23,137,776,080 төгрөгийг урьдчилан төлсөн болох нь “М ” ХХК-ийн 2015 оны Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, Ерөнхий журналын товчоо  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2015 оны Гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг  (45 мэдүүлэг)-ээс үзэхэд дээрх гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 25-ны хооронд 45 удаагийн татан авалтаар 83,978 тонн цементийн клинкерийн хүлээн авч, нийт 6,931,192,930 төгрөгийн гаалийн татвар төлж оруулж ирсэн байна.

Гаалийн улсын байцаагчид шалгалтаар “М ” ХХК-ийн цементийн клинкер төлбөрт урьдчилан төлсөн 23,137,776,080 төгрөгийн худалдан авалттай холбоотой Худалдан авах гэрээ, Гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгүүд зэрэг баримтуудад хяналт шалгалт хийж, гаалийн байгууллагад 2015 онд 83,978 тонн цементийн клинкерийн худалдан авалтыг гаальд мэдүүлж 6,931,192,930 төгрөгийг төлбөрийг төлсөн, үлдэгдэл 115000 тонн цементийн клинкерийг гаалийн хилээр мэдүүлээгүй оруулж ирсэн гэж үзэн 44/17 дугаар актаар 16,206,583,149 төгрөгийн цементийн клинкерийг гаалийн хилээр мэдүүлээгүй оруулж ирсэн гэж 3,265,626,504 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна. 

Учир нь 2014 онд 23,137,776,080 төгрөгийн урьдчилсан төлбөр хийгдэж, 2015 онд 6,931,192,930 төгрөгийн худалдан авалт хийснээр 16,206,583,149 төгрөгийн худалдан авалт хийгдээгүй бол үлдэгдэл 16,206,583,149 төгрөг нь 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд  “авлага эсхүл өглөг” аль нэгэн байдлаар тусгагдсан байх ёстой. Гэтэл санхүүгийн тайланд тусгагдаагүй байгаа нь 23,137,776,080 төгрөгийн бараа татан авалт бүрэн хийгдсэн гэж үзэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж  34,017,955.96 юанийг нийлүүлэгчээс “М ” ХХК-д, М ” ХХК-иас “У ХХК руу тус тус шилжүүлсэн гэх боловч нь энэ төлбөр нь 2018 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 03, 05-ны өдрүүдэд хийгдсэн байна.

Мөн хариуцагч Гаалийн улсын байцаагчид нь “М ” ХХК-иас шалгалтын явцад Цементийн клинкер худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт, холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгалтад хамруулаагүй тул бусад баримтад тулгуурлан шалгалт хийж, нөхөн татвар, торгууль ногдуулсан гэх тайлбар гаргаж байсан болохыг дурьдах нь зүйтэй 

Иймээс 2015 онд “У” ХХК-иас худалдан авсан 16,206,583,149 төгрөгийн цементийн клинкерийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан байх тул Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2-т заасны дагуу Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 44/17 дугаар актын 3,265,626,504 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Иймд Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар “М ” ХХК-д ногдуулсан нөхөн төлбөрийн хэмжээг багасган, 51,616,024 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлүүлэх, мөн өдрийн 44/17 дугаар актын I) 10,652,448,256.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож, II) 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3,6 106.3.13 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, “Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар “М ” ХХК-д ногдуулсан нөхөн төлбөрийн хэмжээг багасган, 51,616,024 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлүүлж, мөн өдрийн 44/17 дугаар актын I) 10,652,448,256 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож, II) 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА