Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0773/З |
Дугаар | 221/МА2022/0632 |
Огноо | 2022-09-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2022/0632
Б.Б нарын 4 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Нэхэмжлэгч: Б.Б,
Нэхэмжлэгч: О.Н,
Нэхэмжлэгч: Э.М,
Нэхэмжлэгч: Б.Д,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв
Нэхэмжлэлийн шаардлага: ““ИМ” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна ,
Хэргийн индекс: 128/2021/0773/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б, О.Н, Э.М, Б.Д нар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд тус тус холбогдуулан ““ИМ” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар шийдвэрээр:
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн143.3-т заасныг тус тус баримтлан Б.Б, О.Н, Э.М, Б.Д нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд холбогдуулан гаргасан “ИМ” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т зааснаар нэхэмжлэгч нарын “ИМ” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга:
3.1.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, “Дүүргийн хөгжлийн төв” нь илтэд хууль бус баримтад үндэслэн захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно", 9.4-д "Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно" гэж тус тус заасан байхад 54 хүнтэй хурлын тэмдэглэлд үндэслэж, удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх захирлыг нь бүртгэн, шинээр гэрчилгээ олгосон.
Анхан шатны шүүхийн “...сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байх тул "ИМ" сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал хуралдуулаагүй, хурал хүчин төгөлдөр байх ирц хүрээгүй, шийдвэр гаргаагүй зэрэг асуудал хуульд нийцсэн эсэхийг үнэлж дүгнэх боломжгүй байна" гэх дүгнэлт нь үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг хуульчилсан. Захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь хууль ёсны баримт бичигт үндэслэж, бодит байдал буюу үнэнтэй нийцэх ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “...хүчин төгөлдөр бус гэж үзэж" гэж туйлын тодорхой, императив байдлаар зохицуулсан. Энэхүү хуулийн зохицуулалтаас шүүх болон захиргааны байгууллага зайлсхийж байгаад нэхэмжлэгчид гомдолтой байна.
Нэхэмжлэгч нар нь сууц өмчлөгчдийн холбооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, харин илэрхий хүчин төгөлдөр бус шийдвэрт үндэслэж хийгдсэн захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулахаар, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, сэргээлгэхээр хандсан.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "...нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4-д "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй..." гэж заасны хувьд захиргааны шийдвэр гаргах үндэслэл болсон баримт нь хууль ёсны, хүчин төгөлдөр эсэхийг үнэлэх, дүгнэх нь захиргааны байгууллагын, цаашлаад захиргааны хэргийн шүүхийн үүрэг мөн.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тайлбарт "ИМ хорооллын оршин суугчид 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүх гишүүдийн хурал хуралдуулж, Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах болон Хяналтын зөвлөлийг хуулийн дагуу сонгож байгуулсан байна" гэж бичсэнээр хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 54 хүн оролцсон "бүх гишүүдийн хурал гэх"-ээс гарсан шийдвэрт үндэслэж, гэрчилгээ олгож, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн болохоо зөвшөөрсөн байна.
3.2.Монгол Улсын Үндсэн хуульд "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж үдсэн зарчмыг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх" гэж тусгай зарчмыг тус тус хуульчилсны дагуу захиргааны үйл ажиллагаа Монгол Улсын хуульд нийцэж хэрэгжих ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх; холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих; холбооны үйл ажиллагааг дэмжих зэрэг бүрэн эрхийг гагцхүү Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад олгожээ. Гэтэл "Дүүргийн хөгжлийн төв" гэх байгууллага өөрт нь хуулиар эрх олгогдоогүй байхад захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж, гадагш чиглэсэн, үр дагавар бүхий бүртгэлийг хийж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Гэтэл шүүх "Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/38 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн "Дүүргийн хөгжлийн төв" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг “Дүүргийн хөгжлийн төв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж дүрмийг баталсан байна.
Тус дүрмийн 6.4. СӨХ-г бүртгэж, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах" гэж чиг үүргийг тодорхойлсон байна", "...А.А-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэснийг буруутгах үндэслэлгүй юм", "...ОНӨААТҮГ-т сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүргийг олгосон тул Баянзүрх дүүргийн “Дүүргийн хөгжлийн төв" "ИМ" сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг бүртгэснийг буруутгах боломжгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3-д заасантай нийцсэн гэж үзлээ" гэж дүгнэсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн чиг үүргийг зааглах гэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тогтоосон. Гэтэл хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаалтны хэрэгжүүлэх бүрэн эрхийг нутгийн өөрөө удирдах байгууллага болох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргаж, ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлэх нь хуулийг илтэд зөрчсөн үйлдэл мөн.
Баянзүрх дүүргээс бусад дүүрэгт “дүүргийн хөгжлийн төв" гэх байгууллага байдаггүй. Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Шүүх ийнхүү хуулийг буруу тайлбарлан, алдаатай дүгнэлт хийснээрээ хуулийг хэрэгжүүлэх буруу жишиг, зарчмыг тогтоож, бусад дүүрэг, орон нутагт хуулийг завхруулах үндсийг тавьлаа. Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч “Дүүргийн хөгжлийн төв" нь сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэгтэй эсэхийг тухайлан дүгнэхийг хүсэж байна.
3.3.Баянзүрх дүүргийн "Дүүргийн хөгжлийн төв" нь удирдах зөвлөлийг бүртгээгүй гэж шүүх дүгнэж, улмаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь Дүүргийн хөгжлийн төв удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн зөвшөөрч бүртгэж байгаа бөгөөд улмаар тухайн гишүүдийн гарын үсэгтэй тогтоолыг хүчин төгөлдөр гэж тооцож, гүйцэтгэх захирлын бүртгэлийг хийсэн. Өөрөөр хэлбэл дурын хүмүүсийн гарын үсэгтэй тогтоолд үндэслэж захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд мөн эсэхийг дүгнэж, хүлээн зөвшөөрч, улмаар өмнөх удирдах зөвлөлийн, хяналтын зөвлөлийн гишүүдийг хасаж, шинээр гүйцэтгэх захирлыг бүртгэх зэрэг шийдвэр гаргасан байна.
Энэхүү тохиолдолд "бүртгэл" гэж тухайлан бичиг цаасаар илэрхийлэгдэх шийдвэр гараагүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж зааснаар нэр бүхий 8 /эсхүл 9/ иргэнийг удирдах зөвлөлийн гишүүн болохыг бүртгэж, хүлээн зөвшөөрч байгаа нь захиргааны акт буюу үйл ажиллагаа мөн. Иймд "удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.
Хариуцагч Дүүргийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа "СӨХ шинээр байгуулаагүй, удирдах зөвлөлийг өөрчилж, бүртгэсний төлөө 4 хүн нэхэмжлэл гаргаад байна" гэснээс хариуцагчийн захиргааны үйл ажиллагааг дүгнэж болохоор байна
Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 2 өөр тэмдэглэн авагдсан бөгөөд нэгэнд нь удирдах зөвлөлийн гишүүдээр Ю, А.У, Ч.Б. Б.Б, Г. Ц, Б.Б, О, Б.С нарын 9 хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон талаар тэмдэглэгдсэн байдаг бол нөгөөд нь А.У, Д.Б, Ц.Г, Х.А, Б.Б. С.О, С.Б, Б.С нарын 8 хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон талаар тэмдэглэгджээ.
Хууль зөрчиж бүртгүүлсэн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлын зүгээс анхны 9 гишүүнтэй удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг 8 гишүүнтэй болгон, нэрийг нь өөрчлөн засварлаж, дүүргийн хөгжлийн төвд хүргүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар сонгогдоогүй хүмүүс Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хэмээн бүртгүүлжээ.
3.4.Шүүх удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгуулах шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй. Тайлбарлавал, шүүх нэгэнт хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахаас гадна "холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох" журамтай байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шуух хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасан. Гагцхүү захиргааны хэрэг үүсээгүй тохиолдолд л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь хангалттай байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д "Тогтоох хэсэгт ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон...-ийг тусгана" гэж заасан. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1. 54.2-т зааснаар нэхэмжлэгч нарын "ИМ сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай" гэж бичсэн нь дээрх хуулийн заалтын аль ч шийдвэртэй /уг, утгатай/ нийцэхгүй байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс процессын ноцтой Зөрчлийг зөвтгөх боломжгүй, шүүхийн шийдвэрлээгүй асуудлыг хянах боломжгүй тул энэхүү гомдлын үндэслэл нь хэргийг анхан шатны шүүхэд буцаах хангалттай үндэслэл болно.
3.5.ИМ хороолол нь нийт 732 өрхтэй бөгөөд ихэнх нь хууль бусаар томилогдсон удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А "эдгээр 4 нэхэмжлэгч бусад 728 гишүүний эсрэг үйл ажиллагаа явуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан" гэх тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэл гаргаагүй нь Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг дэмжиж байгаа гэсэн үг биш болохыг шүүх анхаарна уу. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нийт оршин суугчдын дунд судалгаа явуулахад 732 өрхөөс 461 өрх саналаа өгсөн.
Нийт саналаас 74 өрх буюу 16% нь ИМ Сууц өмчлөгчдийн холбооны шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг дэмжсэн, 174 өрх буюу 38% нь дэмжээгүй, 208 өрх буюу 45% нь бүх гишүүдийн хурлаас дахин сонгох нь зүйтэй гэж саналаа өгсөн, 34 өрх буюу 7% нь санал өгөхөөс татгалзсан. Энэхүү судалгааны үр дүнгээр гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А-ийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 2-т “...Хүн бүр эрх зүйн этгээд байна", Арванзургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гээд 14-д "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох..." гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж тус тус заасны дагуу нэг иргэн дангаараа нэхэмжлэл гаргаж байгаа юу, нийтээрээ гаргаж байгаа юу гэдгээс үл хамаарч шүүх хэргийг шийдвэрлэх ёстой.
Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар ИМ хорооллын 732 өрхийн эрх зөрчигдөхгүй бөгөөд тэд хуульд заасан Сууц өмчлөгчдийн холбооны гишүүний эрх, үүргээ хэзээд хэрэгжүүлсэн хэвээр байна. Харин нэхэмжлэгч 4 иргэн өөрийн хуулиар олгогдсон эрхийнхээ баталгааг нэхэж, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгүүлэхээр шүүхээр маргах эрхтэй.
3.6.Одоогоор "ИМ" Сууц өмчлөгчдийн холбооны 2 гэрчилгээ, 2 тэмдэг хүчин төгөлдөр байна. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга "ИМ" Сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд захиргааны үйл ажиллагаа илэрхий алдаатай, хууль бус, үүний улмаас хүн, хуулийн этгээд хохирч, цаашид ч хохирох эрсдэлтэй байгааг шүүхээс анхаарахыг хүсье. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр "ИМ" Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, хорооллын оршин суугчид бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, цаашид хамгаалагдах юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахыг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Б.Б, О.Н, Э.М, Б.Д нараас ““ИМ” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргажээ.
2.Нэхэмжлэгч нараас “нэхэмжлэгч бид хуульд зааснаар бүх гишүүдийн хурлын саналын эрхтэй орон сууц өмчлөгч болохынхоо хувьд өөрийн оролцооны эрхээ хязгаарлуулж, зөрчүүлсэн,... бүх гишүүдийн хууль ёсны хурлыг хуралдуулалгүй, өөрсдийгөө удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал гэж хуулийн шаардлага хангахгүй баримт бүрдүүлэн авсан сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хууль бус, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв нь гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүдийг бүртгэж, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хуулиар олгогдоогүй эрхийн хүрээнд оролцсон” гэж маргасан.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас “нэхэмжлэгч нарт хуульд зааснаар оршин суугчдыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-д зааснаар сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж маргадаг.
Харин хариуцагч Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс “2021 онд байгууллагын даргын тушаалаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, анхан шатны бүртгэлээ хийгээд дүүрэг рүү явуулдаг. Дүүргээс гэрчилгээ гаргаж олгодог. Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчид, гишүүд хурлаа хийгээд албан ёсоор удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон гүйцэтгэх захирлаа томилж тогтоолоо манайд ирүүлсэн учраас бүртгэл хийсэн” гэж тайлбарлажээ.
3.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “"сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” хэлэхээр заасан.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:”, 18.1.1-д “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” гэж заажээ.
“ИМ” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, гүйцэтгэх захирлыг чөлөөлж томилох тухай удирдах зөвлөлийн тогтоол[1] зэргийг үндэслэн тус холбоог Нийслэлийн Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүртгэж, *** дугаартай гэрчилгээ олгосон, мөн гүйцэтгэх захирлаар А.А-г томилсныг бүртгэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын үйлдлийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь хуульд зааснаар хариуцагч дүүргийн Засаг даргаас “ИМ” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний тэмдэгдэлд дурдсанаар бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсон нөхцөл байдлыг харгалзан үзэж буюу тухайн “ИМ” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн бүртгэх эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн.
Иймээс “ИМ” Сууц өмчлөгчдийн холбооны хурлын тогтоол, тэмдэглэлийг үндэслэн хариуцагч Засаг даргаас өөрт хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд “ИМ” Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийг хийсэн үйлдлийг нэхэмжлэгч нараас маргаж буй “бүх гишүүдийн хурал хуралдуулаагүй, хурал хүчин төгөлдөр байх ирц хүрээгүй, шийдвэр гаргаагүй байхад бүртгэсэн нь хууль бус” гэх үндэслэлээр уг бүртгэлийг хууль бус бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч иргэдийн сууц өмчлөгчийнхөө хувьд оролцооныхоо эрхийг хязгааруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/38 дугаар тогтоолоор[2] Баянзүрх дүүргийн “Дүүргийн хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталсан, уг дүрмийн 6.4-т тус үйлдвэрийн газар нь “СӨХ-г бүртгэж, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах”-аар заасан.
Нэхэмжлэгчээс энэхүү Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/38 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 6.4-т заасан Баянзүрх дүүрэгт байрлах сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийг хийх, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг Баянзүрх дүүргийн “Дүүргийн хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэрэгжүүлж байгаатай холбоотой заалтыг хүчингүй болгуулах, илт бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Мөн уг дүрмийн 6.4 дэх заалтыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх дүүргийн Засаг даргын тамгын газрын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь хууль бус гэж үзсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдоогүй байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаалтны хэрэгжүүлэх бүрэн эрхийг нутгийн өөрөө удирдах байгууллага болох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргаж, ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлэх нь хуулийг илтэд зөрчсөн үйлдэл мөн,...шүүхээс хариуцагч “Дүүргийн хөгжлийн төв” нь сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэгтэй эсэхийг тухайлан дүгнэхийг хүсэж байна, ... “Дүүргийн хөгжлийн төв" гэх байгууллага өөрт нь хуулиар эрх олгогдоогүй байхад захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж, гадагш чиглэсэн, үр дагавар бүхий бүртгэлийг хийж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.” гэх давж заалдах гомдлын дагуу дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй юм.
5.Мөн “ИМ” сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлаар[3] сууц өмчлөгчдийн холбооны тамга, гэрчилгээг шинээр гаргуулах асуудлыг хэлэлцэж, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн дарга Г.М-т хандаж Сууц өмчлөгчдийн холбооны хүчингүйд тооцуулсан гэрчилгээ тамгыг шинээр гаргуулахаар[4] хандсан байна.
Улмаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн А/06 дугаар “Гэрчилгээ шинэчлэн олгох тухай” тушаалаар сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг батлагдсан загварын дагуу үнэт цаасан дээр хэвлэлтийг хийж шинэчлэх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “ИМ” сууц өмчлөгчдийн холбоонд 381 дүгээр гэрчилгээг[5] олгосон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар[6] зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “ИМ” сууц өмчлөгчдийн холбоо нь 2 гэрчилгээ, 2 тэмдэг хүчин төгөлдөр байна. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга “ИМ” сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрчилгээг хүчингүй болгоогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд “... гүйцэтгэх захирлыг л бүртгэдэг, удирдах зөвлөл өөрсдийнх нь тогтоол дээр байдаг, бүртгээгүй” гэх тайлбарыг өгсөн[7].
Хариуцагч нараас “ИМ” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэсэн гэх бүртгэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагч нарыг уг бүртгэлийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарын “удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар ..” гэж дурдсан боловч Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг дурдаж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй алдааг гаргасан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг ” “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “ИМ” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ