Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2018/00300/И |
Дугаар | 001/ХТ2018/01489 |
Огноо | 2018-10-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/01489
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01053 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1294 дүгээр магадлалтай
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Г.Зд холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, 118 445 800 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Г.Зын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь Г.Зтай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2100003078 тоот зээлийн гэрээ байгуулж 85 000 000 төгрөгийг зээлийг орон сууц худалдан авахад нь зориулж, 120 сарын хугацаатай, сарын 2,1 хувийг хүүтэй олгосон. Гэвч Г.З зээл авсан хугацаанаасаа хойш зээл, зээлийн хүүг огт төлөөгүй. Нэхэмжлэл гаргах 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Г.Заас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 85 000 000 төгрөг, зээлийн хүү 33 274 355.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 171 444.34 төгрөг, нийтдээ 118 445 800,14 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд “А” ХХК, Г.Зтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 118 445 800 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7,8 тоот хаягт байрлах 109.6 мкв орон сууц, 14.31 мкв талбайтай гараашаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г.Эрдэнэ-Оргилтой хамтран Эрэл банкнаас 2013 оны 5 дугаар сард 50 000 000 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сард тухайн барьцаа дээрээ нэмэлтээр 50 000 000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор зээлсэн. Тухайн үед барьцаа хөрөнгө Г.Эрдэнэ-Оргилын нэр дээр байсан. 2016 оны 6 дугаар сар хүртэл бид үндсэн зээл болон зээлийн хүүг төлж байсан. Үндсэн зээлээс 37 000 000 төгрөгийг төлж, зээлийн хүүд 50 000 000 гаруй төгрөг төлсөн. Тэгээд тодорхой хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн эргэн төлөлт хийгдээгүй улмаас үндсэн зээл дээр зээлийн хүү нэмэгдээд 2016 оны 6 дугаар сард 84 900 000 төгрөг болсон. Тухайн үед Эрэл банк нь А болж нэрээ өөрчилсөн байсан. “А” ХХК-ийн ажилтнуудтай байнга холбогдож байсан. Тэгэхэд таны зээл эрсдэлтэй зээлийн ангилалд орж байна, энэ нь та нарын бизнесийн үйл ажиллагаа, хувь хүн дараагийн зээл авахад нөлөөлнө гэдэг байсан. Бид тухайн үед зээлээ төлөх боломж байгаагүй. Өөр ямар боломжууд байна вэ гэхэд банк орон сууцны зээлийг 2.4 хувийн хүүтэй олгож байсныг хүүг 2.1 хувь болгож бууруулаад өмнөх зээлийг шилжүүлж 85 000 000 төгрөгөөр барьцаанд байсан орон сууц худалдах, худалдан авах үндсэн зээл болгож, Г.Эрдэнэ-Оргилын нэр дээрх барьцаа хөрөнгийг Г.Зын нэр дээр шилжүүлж, шинэ зээл болгож гаргасан гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01053 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан А, Г.З нарын хооронд байгуулсан 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, Г.Заас 118 445 800 /нэг зуун арван найман сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуу/ төгрөг гаргуулж Аинд олгож,
Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г.З нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204028759 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7, 8 тоот 109.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 14.31 м.кв талбай бүхий автомашины зогсоол зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 820 380 төгрөг гаргуулж Аинд олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1294 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325 179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01053 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1294 дугаар магадлалыг хариуцагч Г.З би эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
2013 онд Г.Эрдэнэ-Оргил болон Д.Ундармаа нар тухайн үеийн Эрэл Банктай 2013.05.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөг, миний бие Г.Эрдэнэ-Оргилтой хамтран мөн Эрэл Банктай 2013.10.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 сая төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор зээлж байсан. Үүнээс үндсэн зээл 37 сая, зээлийн хүүнд 60 гаруй сая төгрөг төлж үлдэгдэл нь 85 сая гаруй төгрөг болсон байсан. Тухайн үед Эрэл Банк нь нэрээ А болгон өөрчлөөд байсан ба өмнөх зээлийн үлдэгдэл, хүүг нэгтгэн 85 000 000 төгрөгийн Зээлийн гэрээ шинээр байгуулахыг тус банкнаас шаардсан. Ийнхүү 2016.06.20-ны өдөр “А” ХХК-тай жилийн 25.2% хүүтэй 2100003078 тоот Зээлийн гэрээ байгуулсан. Гэсэн хэдий ч тус мөнгөн дүнг А нь надад өгөөгүй ба тухайн үед 85 000 000 төгрөг надад өгсөн гэж бүртгээд А дотроо тэр мөнгө үлдсэн.
Зээлийн гэрээний 1.1 дүгээр зүйлд Орон сууц худалдан авах зориулалтаар зээл авах тухай заасан боловч энэ нь тус банк дээр байсан өмнөх өрийг дарахад зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл 2016.06.20-ны өдрийн Зээлийн гэрээ нь өөр зээлийг хаах зорилготой хийсэн хэлцэл байсан тул хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэжээ. Гэтэл ийнхүү өмнөх үүргийг солих талаар анхны Зээлийн гэрээнүүдийн талууд болох Г.Эрдэнэ-Оргил болон Д.Ундармаа нарын зөвшөөрөл олгосон нотлох баримт байхгүй. Гэрээний талууд зөвхөн харилцан тохиролцсон нөхцөлд л гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Өмнөх зээлийн гэрээнүүдийн үндсэн төлбөр буюу хүүгийн үлдэгдэл 85 000 000 төгрөгийг тухайн үед хаасан ба харин миний биетэй байгуулсан шинэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан гэж үзэж байна. Ийнхүү зээлийн хүү тооцох эрх зүйн үндэслэл байхгүй байтал анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Шүүхийн шийдвэрээр 118 445 800 төгрөг гаргуулан А ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн боловч 33 445 800 төгрөг нь зээлийн хүү тул тус мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин 85 000 000 төгрөгийг “А” ХХК-д төлөхийг би зөвшөөрч байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд засвар оруулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 33 445 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
А ХХК нь Г.Зд холбогдуулан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 118 445 800 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 85 000 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, банк 85 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 25.2%-ийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээл, түүний хүүг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууц, автомашины зогсоолыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна.
Хариуцагч нь тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээнд заасан зээлийн мөнгийг бодитоор аваагүй, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрүүдийг нэгтгэн шинэ зээл болгож тус банкны өмнөх өрийг дарсан гэж тайлбарлах боловч зээл хүссэн өргөдөл гаргасан, тухайн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээ байгуулснаас хойш гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаагүй байна.
Гэрээний дагуу банк 85 000 000 төгрөгийг олгож, тус зээлээр хариуцагч нь Г.Эрдэнэ-Оргилын зээлийн төлбөрийг төлж барагдуулан, түүний өмчлөлд байсан орон сууцыг худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлэн улмаар энэ зээлийн барьцаанд барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримтыг үндэслэн хоёр шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар хариуцагчийн өмнөх үүрэг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулснаас дуусгавар болсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Зээлдэгч нь зээлийг авснаас хойш зээлийн төлбөр төлөөгүй, зээлийг эргэн төлөх хуваарь зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.,451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтад нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01053 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1294 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325 179 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД