Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0633

 

 

 

 

 

 

 

 

“Дн” ЗБН-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Нэхэмжлэгч: “Дн” ЗБН,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрүүдийн “Дн” ЗБН-д давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 581 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У

Хэргийн индекс: 128/2022/0268/З/Н

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 581 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т заасныг тус тус баримтлан “Дн” ЗБН-өөс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрүүдийн “Дн” ЗБН-д давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.“... Нэхэмжлэгч “Дн” ЗБН-өөс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрүүдийн Дн ЗБН-н талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр “Ш” ХХК-д сэргээн олгосон MV-001866 дугаартай 31.75 гектар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд “Дн” ЗБН-ийн 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн талбай бүхэлдээ орж, давхцал үүссэн. Улмаар хариуцагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр MV-001866 дугаартай 31.75 гектар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлэн олгосон.

 “Г” ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагцаа гэрчилгээг сольж авах хүсэлт гаргасан байх ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаартай шийдвэрээр гэрчилгээ, хавсралтыг нь шинэчилж, MV-021972 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон байна.

Дн ЗБН-ийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаартай шийдвэрээр нөхөн олгогдсон MV-021972 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д шилжүүлснээр нэхэмжлэгчийн бичил уурхайн талбай “В” ХХК-ийн эзэмшилд шилжээд байна.

2.2.Шүүхийн шийдвэрийн “12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийн 31.75 га-д хамаарах хэсэг нь гарсан цагаасаа буюу 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн эрх зүйн хувьд хүчин төгөлдөрт тооцогдохгүй бөгөөд уг актаас хойш гарсан тушаал, шийдвэрүүд нь мөн адил хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй юм ” хэмээн дүгнэжээ.

 Хэдийгээр шүүхийн шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийн 31.75 га-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон байх боловч уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө маргаан бүхий “Дн” ЗБН-ийн ашиглаж буй бичил уурхайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 тоот тогтоол болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6121 дугаартай дүгнэлт, 2019 онд байгуулагдсан бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй юм.

2.3.Шүүхийн шийдвэрийн “15. Уг шүүхийн шийдвэр болон маргаан бүхий актаас үзвэл дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайг үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон техникийн хаягдлаар бий болсон талбай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуульд заасан бичил уурхай эрхлэх талбайд хамаарахгүй байна” гэжээ.

 Хэргийн материалд авагдсан баримтын хүрээнд уг маргаан бүхий талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтойгүй гэсэн агуулгатай баримт нэг ч байхгүй бөгөөд харин уг маргаан бүхий талбайд бичил уурхай эрхлэх боломжтой талаарх хариуцагч байгууллагын өөрийн нь дүгнэлт авагдсан, уг дүгнэлтийг хүчингүй болгосон, хүчингүйд тооцсон аливаа шийдвэр гараагүй байгаа нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэг үндэслэлгүй болохыг харуулж байна.

2.4.Шүүхийн шийдвэрийн “16.... Дн ЗБН нь Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ-г Б аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, уг гэрээний хугацаа тухайн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй байна” гэжээ.

 Нэхэмжлэгч “Дн” ЗБН нь 2019 оноос хойш жил бүр Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээг Бүрэгхангай сумын Засаг даргатай шинэчлэн байгуулж, өмнөх оны гэрээгээ дүгнэж, талбайгаа хүлээлцэх хугацаа болоогүй байхад 2021 оны 10 дугаар сараас эхлэн хариуцагчийн гаргасан шийдвэрүүдийн улмаас уг боломж алдагдсан явдал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа юм. Иймд, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь тухайн талбайдаа 2023 оны 6 сарыг хүртэл үйл ажиллагаа явуулах боломж нээгдэх юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Дн” ЗБН-өөс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 370 дугаар шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрүүдийн “Дн” ЗБН-д давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Маргаан бүхий 370 дугаар шийдвэрээр[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551 дүгээр шийдвэрийг үндэслэн “Ш” ХХК-ийн эзэмшиж байсан /эрх залгамжлагч “М” төрийн өмчит үйлдвэрийн газар/ Төв аймгийн Заамар, Б аймгийн Бүрэгхангай сумдын Их тохойрол нэртэй газарт байрлах ашиглалтын MV-001866 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт заасан 31.75 га талбайн хэмжээгээр сэргээсэн бүртгэлийг хийжээ.

Маргаан бүхий 371 дүгээр шийдвэрээр[2] маргаан бүхий ашиглалтын MV-001866 тоот тусгай зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4-150/11443 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4-160/18218 тоот мэдэгдлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01766 дугаар захирамжийг биелүүлж “Г” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэжээ.

Харин маргаан бүхий 412 дугаар шийдвэрээр[3] маргаан бүхий 31.75 гектар талбай бүхий ашиглалтын MV-001866 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр MV-21972 тоот гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгож, маргаан бүхий 201 дүгээр шийдвэрээр[4] уг тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д шилжүүлсэн.

3.Хариуцагчийн 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр[5] “Ш” ХХК-ийн 1999 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Б аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдын нутагт орших “Туулын их тохойрол” нэртэй газарт байрлах 68 га талбайтай ашиглалтын MV-001866 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан “ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон” талбайтай давхцалтай үндэслэлээр цуцалсан.

4.Уг шийдвэр гарснаас хойш 8 жил гаруйн дараа  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр[6] уг 295 дугаар шийдвэрийн “Ш” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хуулиар хориглосон хилийн заагт ороогүй 31,75 га талбайн хэсгийг  илт хууль бус болохыг тогтоож, 31,75 га талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

5.Энэхүү шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гомдол гаргаагүй тул уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч нөхөрлөлөөс уг шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийг оролцуулаагүй үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг гаргасан боловч түүний хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 133 дугаар тогтоолоор[7] хүлээн аваагүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч нөхөрлөлийн хувьд Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр хуралдааны “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” А/09-01 дугаар тогтоолоор[8] Бүрэгхангай суманд Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай газрын байршил, талбайн хэмжээг хавсралтаар баталж, Ашигт малтмал, газрын тосны газрын 7/6121 дугаар албан бичгээр[9] “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан талбайтай давхцалгүй” тухай дүгнэлтийг хүргүүлжээ.

Улмаар “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах” 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр гэрээ,[10] мөн Бүрэгхангай сумын Засаг даргаас, “Дн” ЗБН-тэй 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах” 05 дугаар гэрээг[11] тус тус байгуулсан, уг гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч сунгагдаагүй үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.

7.Нэхэмжлэгч нөхөрлөлийн гэрээний дагуу бичил уурхай эрхэлж байсан 3 га талбай нь шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн “Ш” ХХК-ийн 31.75 гектар ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь Ашиг малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/783 дугаар албан бичгээр[12] тогтоогдов.

8.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”,

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.” гэж тус тус заажээ.

9.Маргааны тохиолдлын хувьд хариуцагч захиргаанаас “Ш” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн хуулиар хориглосон хилийн заагт ороогүй 31,75 га талбайн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 31,75 га талбайн хэмжээгээр “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551 дүгээр шийдвэрийг[13] үндэслэн маргаан бүхий актуудыг гаргасныг хуульд нийцээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй юм.

10.Энэхүү хүчин төгөлдөр 551 дүгээр шүүхийн шийдвэрээр 31.75 га талбайн хэмжээтэй давхцаж буй гэрээний дагуу нэхэмжлэгч нөхөрлөлийн ашиглаж байсан талбайн хэсгийг хасаж шийдвэрлэх талаар хариуцагчид даалгаж шийдвэрлээгүй харин 31,75 га талбайн хэмжээгээр “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэснийг хариуцагч захиргаанаас биелүүлэн маргаан бүхий актуудыг гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө маргаан бүхий “Дн” ЗБН-ийн ашиглаж буй бичил уурхайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 тоот тогтоол болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6121 дугаартай дүгнэлт, 2019 онд байгуулагдсан бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй юм.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

11.Маргаан бүхий талбайг бичил уурхай эрхлэх талбайд хамаарахгүй талаар хэргийн оролцогчдоос маргаагүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байтал шүүхийн шийдвэрт “тусгай зөвшөөрөл бүхий талбайг үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй, орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуульд заасан бичил уурхай эрхлэх талбайд хамаарахгүй” гэсэн дүгнэлт хийсэн, мөн шүүхийн шийдвэрт “маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь тус тус үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй боловч эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэлтэй боловч маргааны үйл баримтад хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 581 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т заасныг” гэснийг “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 37 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 38 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтас 14 дэх тал

[4] Хэргийн 3-р хавтас 4 дэх тал

[5] 128/2020/0031/З индекстэй хэргийн 1-р хавтас 39 дэх тал

[6] 128/2020/0031/З индекстэй хэргийн 1-р хавтас 187-198 дахь тал

[7] Хэргийн 2-р хавтас 118-128 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 15 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 17-19 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 20-22 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 64-65 дахь тал

[13] 128/2020/0031/З индекстэй хэргийн 1-р хавтас 187-198 дахь тал