Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэл,

улсын яллагч прокурор С.Цэрэндалай, 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч А.Б

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Гт холбогдох эрүүгийн 2007000250018 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Дорноговь  аймгийн Алтанбулаг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......................................................... тоотод оршин суух, урьд 2000 оны 01 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн шүүхийн 03 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн  ... дугаартай, ******* овогт Ч.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Яллагдагч Ч.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед ........... улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр А.Бийг Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Т” гэх газарт тээврийн хэрэгслээс гуталгүй буулгах, мөн өдрийн шөнө 23.30 цагийн үед ................................................... тоот гэртээ түүний үснээс нь зулгаах, биеийн хөл, гар, нуруу тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч А.Бээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “цагдаагийн ажилтан хэргийн талаар асуувал гэрээсээ таабчиктэй гараад гадаа үүдэнд зогсож байгаад хөлийнхөө тавхайг хөлдөөсөн, халтирч унаад гэмтсэн гэж мэдүүлэг өгөөрэй” гэж 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд удаа дараа ятгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнөх шүүх хуралдаанаас хойш эхнэртэйгээ эвлэрээд хамт амьдарч байна. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан” гэв.

 

Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Одоо нөхөр хүүхдүүдийн хамтаар эвтэй сайхан амьдарч байна. өмнө нь өмгөөлөгчийн заавраар мэдүүлгээ өгч байсан. цаашид нөхөр хүүхдүүдтэйгээс сайхан амьдарна Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны орой машинтайгаа хөдөлж *******ын гэрт очиж хоёр хүүхдэд нь бэлгээ өгчихөөд хоол унд идээд ******* нэг шил архи гаргаж өгөхөөр нь нэг хоёр хундага татсан. Манай эхнэр лаазтай пиво 2-ыг уусан. Тэднийхээс гараад найз *******ынд очиж 2 хүүхдэд нь бэлгээ өгчихөөд үүднээс нь буцсан. Харих замдаа ******* гэх газар ирээд эхнэртэйгээ жаахан маргалдсан. Намайг загнаад байхаар нь чи *******тэй явдаг юм уу гэж хэрүүл хийсэн. Гэрээс зүүн талд байдаг Т гэх газрын хавьд эхнэр намайг загнаж байгаад буулаа зогс гэхээр нь би замаас гарч “чи намайг ингэж доромжилж байхаар миний авч өгсөн юмыг өг гэсэн чинь гадуур куртикээ тайлж үлдээгээд машинаас буусан. Би цаашаа хэсэг явж байгаад зогссон. Эхнэрийг ирэхгүй болохоор нь буцаж очоод машиндаа суулгаад гэртээ ирсэн. Үргэлжлүүлээд маргалдаж байгаад би уурандаа үснээс нь татаад, хөл, гар, нуруу хавьд нь хэд хэдэн удаа  цохиж өшиглөсөн. Ингээд байж байтал манай дүү утсаар яриад “нөхөр хүнд зодуулаад Налайхын эмнэлэг дээр байна.  Хүрээд ир” гэхээр нь бид хоёр гарч явсан... ” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/

 

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны өдөр манай нөхөр бид хоёр *******гийн хүүхдүүдэд бэлэг өгөхөөр 20 цагийн үед очоод хоол цай идээд нэг шил архи уусан. 22 цагийн үед *******ынд  очиж хоёр хүүхэд нь гарч ирэхээр нь бэлгийг нь өгчихөөд гэр рүүгээ буцсан. Ч.Г замдаа маргаан үүсгэж чи миний найзтай явалдлаа, чи ер нь яасан их бөгсөө худалддаг юм бэ гэж загнасан. Би тийм асуудал байхгүй гэдгээ  хэлсээр байсан. Тэгтэл уурлаад замаас гарч чи миний авч өгсөн юмыг өг гэхээр нь би курикээ тайлж өгтөл хойшоо шидсэн. Маргаж байх явцдаа хар түрийтэй гутлаа тайлж орхисон. Намайг машинаас буу гэхээр нь би бууж хөл нүцгэн үлдээд нөхөр цаашаа давхиад явсан. Би доошоо алхаад даарахгүй гэсэндээ машины дугуйн мөрөнд халцарч шороо нь гарсан газар зогсоод хоёр хөлөө ээлжилж барин дулаацуулсан. Тэгээд дахиад доошоо жаахан явсан. Гэтэл Ч.Г эргэж ирээд намайг дайрах гэж байгаа юм шиг тулж зогссон. Би машиндаа суугаад бид гэртээ харьсан. 00 цагийн үед гэртээ ирээд маргалдаж байгаад миний зүүн бугалга руу  2 удаа цохьсон. Баруун гуяны гадна талд нэг удаа өвдөглөж, өшиглөсөн. Мөн намайг чи янхандаад яваарай гээд араас ахар сүүл рүү 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж өшиглөсөн. Тэр үеэс өвдөөд сууж чадахгүй хөндүүрлээд эхэлсэн. Би машинаас буухдаа хар алаг цамцтай, даавуун хар өмдтэй гуталгүй буусан. 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс хойш Ч.Г надруу утсаар ярихдаа цагдаа ирээд мэдүүлэг авахад өөрөө гарч унаад ахар сүүлээ гэмтээсэн, өөрөө хөлөө хөлдөөсөн. Ч.Г намайг нэг алгадснаас өөрөөр зодож цохиогүй, зүгээр л хэрэлдэж маргалдснаас өөр зүйл болоогүй гээд мэдүүлчих гэж ятгаад байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 17-30 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүргэн, охин хоёр гарч орж харагдахгүй болохоор нь гэрт нь ороход А.Б орон дээрээ хэвтэж байсан. Хоёр гарын бугалга нь хөхөрсөн харагдахаар нь яасан гэсэн гийн гэрт очоод ирэх замдаа Ч.Г зодсон гэсэн. 2020 оны 01 сарын 06-нд хүргэний том хүү Г.М аав ээжийг эмнэлэгт хэвтүүлэх гээд аваад явсан гэж хэлсэн. Ч.Гийг гэрт орж ирэхээр нь асуусан чинь хороололд хувийн эмнэлэгт хэвтүүлсэн гэж хэлсэн. Ч.Гийг гарсны дараа А.Б рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Үдээс хойш нөхөр бид хоёр хот орж хэвтэж байгаа эмнэлэг дээр нь ирэхэд А.Бийн хоёр хөл нь боолттой, хөл гар нь хөхөрсөн зодуулсан шинжтэй байсан. Асууж шалгааж байгаад тэр шөнө машинаар харьж явахдаа, гадаа хөөж буулгаад хөлийг нь хөлдөөсөн болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 41-47 дугаар хуудас/

 

Гэрч Ч.А мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн:”...Би хэд хоног малаа хайж яваад 2020 оны 01 сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд охин А.Бийг эмнэлэгт хэвтсэн гэсэн. Тэр оройдоо Улаанбаатар хот орж эргэхээр очтол А.Бийн хөлийн тавхай нь боолттой, гар хөл нь энд тэндээ хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэж асуухад Ч.Г зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

Гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 07-нд ээж утсаар залгаад А.Б эгч чинь эмнэлэгт хэвтсэн байна. Яагаад хэвтсэнийг нь мэдээдэх гэсэн. Эгчтэй яриад түүний хэвтэж байгаа МВЖ эмнэлэгт очиход эмчилгээ хийлгээд дусал залгуулчихсан, хоёр хөлийн тавхай нь боолттой, хөл, баруун гар нь хөхөрсөн байсан. А.Б эгч эмнэлэгт хэвтэж байсан болохоор хэрэг гарсан газрыг нь заалгаж аав Алтанхугийн хамт 2020 оны 01 сарын 08-ны өдөр очиж гар утсаараа зургийг нь авч бэхжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58, 2-р хх-ийн 7-р хуудас/

 

Өсвөр насны гэрч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны орой аав, ээж хоёр найзынх руугаа явна гээд машинтайгаа гарсан. Ээж гарахдаа намайг ахынхаа хүүхдүүдэд хань болж хоноорой гэсэн. ахынд кино үзэж байгаад шөнө 23 цагийн үед гарахад аав, ээж хоёр ирчихсэн. Ээж гэр рүүгээ орж, аав машинаа гражид хийж байгаа харагдсан. Манай аав ээжийг зодож цохиод байдаггүй. Хааяа тэр хоёр ажлаасаа болоод мууддаг ч удалгүй эвлэрчихдэг. Аав ажил ихтэй болохоор архи нээх уугаад байдаггүй. Хааяа найзуудтайгаа уухаар нь ээж аавыг загнаад байдаг. Тэгэхээр дээд давхарт бид нарын хөлд орж ирээд унтаад өгдөг. Аав бидэнтэй ойр байж сайн ханддаг. Ээж сүүлийн 2 жилд муухай ааштай болоод байгаа. Намайг их загнадаг. Хоёр дүү муудалцсан ч намайг муудалцууллаа гэж загнадаг. Бас уурлахаараа би үхээд өгье та нар ээжгүй бол сайхан байна уу гэхээр нь  би их айдаг. Ээжийг загнахаар би сэтгэл санааны дарамтанд орчихдог. Ээжийн дүү А.Б 2020 оны 03 сарын 06-ны өдөр хот руу хамт явж байхдаа танай аавыг 10-15 жил шоронд явуулна гэж хэлэхээр нь би дуугүй л яваад байсан. А.Б ах ер нь 2020 оны 01 сараас хойш иймэрхүү үгээр дарамтлаад байх болсон. Би А.Б ахаас айгаад байдаг юм ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 59-60, 5хх-ийн 94 дүгээр хуудас/

 

Өсвөр насны гэрч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цаг өнгөрч байхад аав, ээж хоёр ирсэн. Бид гэрийнхээ дээд давхарт унтдаг. Аав ээж  хоёр доод давхарт унтдаг. Тэр шөнө ээж уйлаад байгаа нь надад сонсогдсон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэдний хажуугийн МТ клонкод түгээгч хийж 24 цаг гараад амардаг. Өдөр дуудвал очиж тогооч хийдэг. Нэлээн хэдэн жил ажиллаж байгаа. Ч.Г эхнэрээ зодоод цагдаад байцаагдаж байгаа юм билээ. Эхнэр нь эмнэлэгт хэвтсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Тэрэлжид т гэх газар нутагладаг. 2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цагийн үед гэртээ зурагтаар кино үзээд сууж байхад Ч.Г ахын машины дуу гараад нааш, цааш яваад байх шиг болохоор нь гэрээсээ гарч харсан. Зүүн хойд талд зогсож байснаа урагшаа эргээд манайх руу чиглээд давхисан. Тэгтэл машины гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдаад хажууд нь ирж зогсож  суулгаад манай гэрийн зүүн талаар тойрч гараад гэрийнхээ зүг явсан. Би ойролцоогоор 100 орчим метрийн зайнаас харсан. Тухайн үед А.Б эгч хар бараан өмд, цамцтай харагдсан. Гутлыг нь анзаараагүй. ...Маргааш өглөө нь би гэрийнх нь зүүн талаар өнгөрөхдөө Ч.Г ах гаднаа зогсож байхаар нь өчигдөр орой юу хийгээд хойгуур давхиад байсан юм бэ? гэсэн чинь харин тиймээ зүгээрээ гээд инээж байсан. ...” гэх мэдүүлэг, / 1-р хх-ийн 69-72, 2-р хх-ийн 5, 98 дугаар хуудас/

 

Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бид нар айлын хуримд цуг явахад А.Бийн эрүүн дээр нь бага зэрэг хөхөрсөн байхаар нь яасан юм гэж асуухад моринд цохиулчихлаа гэлүү тийм зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.Гийнд ирээд 3 жил ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын  02-ны орой Ч.Г ах, А.Б эгч хоёр гэрээсээ гарч яваад 23 цаг өнгөрч байхад ирсэн. Би сэрүүн байсан. Орж ирээд А.Б эгчийг алгадаж байгаа чимээ гарсан. Тэгээд муудалцаж байснаа утас нь дуугарч ярьж байснаа хоёулаа гараад явсан. Маргааш өглөө нь би 7 өнгөрөөж босоод цайгаа чанаж байтал тэр хоёр 8 цагийн үед ирсэн. Ч.Г ах дээшээ гараад унтаад өгсөн. А.Б эгч надтай хамт гал тогоонд юм хийж, янзалсан. Орж ирээд тэр хоёр маргаж муудалцаагүй. Өнгөрсөн зун байх яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна эгч шархтай хээр мориндоо тос түрхэнэ гэж гараад орж ирэхдээ нэг нүд нь жаахан хавдчихсан байсан. Яасан юм бэ гэсэн чинь хээр морь ялаархаж байгаад мөргөчихлөө гэж хэлээд зузаан крем түрхээд байсан. Тэр өдөр ах байгаагүй орой нь ирээд эгчээс миний ханийн нүд яагаа вээ гэхэд морь ялаархаад мөргөсөн гэж хэлж байсан. Намайг мэдүүлэг өгснөөс хэд хоногийн дараа эгч залгаад чи миний талд мэдүүлэг өгчихгүй яасан юм бэ гэхээр нь би мэдэж байгаа зүйлийнхээ талаар л ярьсан. Болоогүй зүйлийн талаар ярьж болохгүй шүү дээ гэж хэлсэн. 2020 оны 01 сарын 02-ны орой тэр хоёр гэртээ орж ирээд 10-15 минут орчим л болсон. Бэлгийн харьцаанд орох завдал болоогүй, надад мэдэгдсэн зүйл байгаагүй. Хэрэв зодож хүчирхийлж байсан бол хажууд нь байгаа надад мэдэгдэх байсан. Би ч бас тийм байдлыг хараад зүгээр суухгүй цагдаад юм уу эсвэл ээж, аавд нь мэдэгдэх байсан. Ч.Г ах урьд өмнө эгчийг зодож цохиж байгаагүй. Энэ хоёр уухаараа ямар нэгэн хэрүүл маргаан байдаггүй. Хааяа ахыг уугаад ирэхэд эгч загнадаг. Энэ үед Ч.Г ах дээшээ хүүхдүүдийнхээ өвөрт ороод унтаад өгдөг...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 85-90, 2-р хх-ийн 4, 96-97 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/67 дугаар:

...А.Бийн биед ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал, баруун болон зүүн тавхайн 2-3 дугаар зэргийн хөлдөлт, үс халзралт, баруун бугалга, өгзөг, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх ахар сүүлний 1 дүгээр нугалмын их биеийн хугарал, үс халцралт, баруун бугалга, өгзөг, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун болон зүүн тавхайн 2-3 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

Шинжээч С.Төгсбуянгийн “...гадна орчинд -27 хэмийн төлөв байдалд хүн гадуур хувцасгүй байсан гэвэл бие махбодид осгох процесс явагдана. Газар, гадаргуутай хүрэлцсэн хэсгээр хөлдөлтийн процесс явагдана. Хүний бие -10-20 хэмийн үед осгох процесс ядагддаг ба энэ процесс нь хүйтний үргэлжилсэн хугацаа, чийгтэй, эсвэл нойтон, бариу хувцастай эсэх, албадмал байдалд удаан хугацаагаар байсан эсэх, зэргээс шалтгаалж осгосон байдал, осголтын зэрэг нь өөр өөр байдаг. -27 хэмийн хүйтэнд 10-20 минутын турш цастай гадаргуу дээр хүний биеийн хүрэлцсэн хэсэгт 2-3 дугаар зэргийн хөлдөлт үүснэ. -27 хэмийн хүйтэнд цастай газрын гадаргууд цамц, өмдтэй 10-20 минутын турш байвал хүний бие махбодид хөлдөлт явагдана. Хөлдөлт нэгэнт үүссэн бол тухайн хэсэгт шарх үүсч хөлдөлтийн зэрэг тогтоогддог” гэх мэдүүлэг /2-хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шинжээч Э.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрэл зургуудыг эгц дээрээс нь масштабын шугам байрлуулж аваагүй болохоор шаардлага хангахгүй..” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 14-15/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5, 9-10 дугаар хуудас/,

 

Газар нутагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06 р хуудас/,

 

Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 243 дугаар хуудас/,

Компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 121-124 хуудас/,

 

Хохирогч А.Б, гэрч Д.Г.О нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл / 2-р хх-ийн 8-10/,

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 22-24/,

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

 

Хохирогч А.Бийн эрүүл мэндтэй холбоотой бичгэн баримтууд,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цагийн үед ........... улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эхнэр хохирогч А.Бийг бусадтай үндэслэлгүйгээр хардаж, хүчээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Т” гэх газарт тээврийн хэрэгслээс гадуур хүрэм, гуталгүй буулгах, мөн шөнийн 23.30 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуй- 16 тоот гэртээ хохирогчийг үснээс нь зулгаах, биеийн хөл, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна. Өмнөх шүүх хуралдаанаас хойш эхнэртэйгээ эвлэрээд хамт амьдарч байна. Мөрдөн байцаалт болон прокурорын шатад мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан” гэх, хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Одоо нөхөр хүүхдүүдийн хамтаар эвтэй сайхан амьдарч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, шүүгдэгч Ч.Гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Т гэх газрын хавьд эхнэр намайг загнаж байгаад буулаа зогс гэхээр нь би замаас гарч “чи намайг ингэж доромжилж байхаар миний авч өгсөн юмыг өг гэсэн чинь гадуур куртикээ тайлж үлдээгээд машинаас буусан. Би цаашаа хэсэг явж байгаад зогссон. Эхнэрийг ирэхгүй болохоор нь  буцаж очоод машиндаа суулгаад гэртээ  ирсэн. Үргэлжлүүлээд маргалдаж байгаад би уурандаа үснээс нь татаад, хөл, гар, нуруу хавьд нь хэд хэдэн удаа  цохиж өшиглөсөн...” гэх, хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл уурлаад замаас гарч чи миний авч өгсөн юмыг өг гэхээр нь би курикээ тайлж өгтөл хойшоо шидсэн. Маргаж байх явцдаа хар түрийтэй гутлаа тайлж орхисон. ... Гэтэл Ч.Г эргэж ирээд намайг дайрах гэж байгаа юм шиг тулж зогссон. Би машиндаа суугаад бид гэртээ харьсан. 00 цагийн үед гэртээ ирээд маргалдаж байгаад миний зүүн бугалга руу 2 удаа цохисон. Баруун гуяны гадна талд нэг удаа өвдөглөж, өшиглөсөн. Мөн намайг чи янхандаад яваарай гээд араас ахар сүүл рүү 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж өшиглөсөн. ...Би машинаас буухдаа хар алаг цамцтай, даавуун хар өмдтэй гуталгүй буусан..., 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс хойш Ч.Г над руу утсаар ярихдаа цагдаа ирээд мэдүүлэг авахад өөрөө гарч унаад ахар сүүлээ гэмтээсэн, өөрөө хөлөө хөлдөөсөн. Ч.Г намайг нэг алгадсанаас өөрөөр зодож цохиогүй, зүгээр л хэрэлдэж маргалдсанаас өөр зүйл болоогүй гээд мэдүүлчих гэж ятгаад байсан. Би Ч.Гийн үгэнд орж худлаа мэдүүлэг өгөөгүй болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. 3 дахь удаа мэдүүлэг өгөхөд мөн л ятгасаар байсан. гэх, гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт нь ороход А.Б орон дээрээ хэвтэж байсан. Хоёр гарын бугалга нь хөхөрсөн харагдахаар нь яасан гэсэн Чимбаагийн гэрт очоод ирэх замдаа Ч.Г зодсон гэсэн... Үдээс хойш нөхөр бид хоёр хот орж хэвтэж байгаа эмнэлэг дээр нь ирэхэд А.Бийн хоёр хөл нь боолттой, хөл гар нь хөхөрсөн зодуулсан шинжтэй байсан. Асууж шалгааж байгаад тэр шөнө машинаар харьж явахдаа, гадаа хөөж буулгаад хөлийг нь хөлдөөсөн болохыг мэдсэн...” гэх, гэрч Ч.А мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн:”... Тэр оройдоо Улаанбаатар хот орж эргэхээр очтол А.Бийн хөлийн тавхай нь боолттой, гар хөл нь энд тэндээ хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэж асуухад Ч.Г зодсон гэсэн...” гэх, гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эгчтэй яриад түүний хэвтэж байгаа МВЖ эмнэлэгт очиход эмчилгээ хийлгээд дусал залгуулчихсан, хоёр хөлийн тавхай нь боолттой, хөл, баруун гар нь хөхөрсөн байсан. А.Б эгч эмнэлэгт хэвтэж байсан болохоор хэрэг гарсан газрыг нь заалгаж аав Алтанхугийн хамт 2020 оны 01 сарын 08-ны өдөр очиж гар утсаараа зургийг нь авч бэхжүүлсэн...” гэх, өсвөр насны гэрч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр шөнө ээж уйлаад байгаа нь надад сонсогдсон...” гэх, гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 02-ны шөнө 23 цагийн үед гэртээ зурагтаар кино үзээд сууж байхад Ч.Г ахын машины дуу гараад нааш, цааш яваад байх шиг болохоор нь гэрээсээ гарч харсан....Тэгтэл машины гэрэлд А.Б эгч алхаж яваа харагдаад хажууд нь ирж зогсож  суулгаад манай гэрийн зүүн талаар тойрч гараад гэрийнхээ зүг явсан. Би ойролцоогоор 100 орчим метрийн зайнаас харсан. Тухайн үед А.Б эгч хар бараан өмд, цамцтай харагдсан. Гутлыг нь анзаараагүй...” гэх, Гэрч Д.Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын  02-ны орой Ч.Г ах, А.Б эгч хоёр гэрээсээ гарч яваад 23 цаг өнгөрч байхад ирсэн. Орж ирээд А.Б эгчийг алгадаж байгаа чимээ гарсан...” гэх мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5, 9-10 дугаар хуудас/, Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/67 дугаартай дүгнэлт зэргээр, 

 

Шүүгдэгч Ч.Гийн хохирогч А.Бийг 2020 оны 01 дугаар сарын 07 ны өдрөөс хойш зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан болох нь хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Одоо нөхөр хүүхдүүдийн хамтаар эвтэй сайхан амьдарч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна. Өмнөх шүүх хуралдаанаас хойш эхнэртэйгээ эвлэрээд хамт амьдарч байна. Мөрдөн байцаалт болон прокурорын шатад мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан. Гэм буруугийн талаар маргаагүй. А.Бийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаснаа хүлээн зөвшөөр байна...” гэх мэдүүлгүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тус тус  тогтоогдож байна гэж үзлээ. 

 

            Монгол Улсын Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1 дэх хэсэгт “... гэр бүлийн харилцаатай бусад гишүүндээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Гийн хохирогч буюу өөрийн эхнэр А.Бийг бусадтай хардаж дарамт учруулан хүчээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Т” гэх газарт тээврийн хэрэгслээс гадуур хүрэм, гуталгүй буулгах, мөн өдөр шөнийн 23.30 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуй 16 тоот гэртээ түүний үснээс нь зулгаах, биеийн хөл, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, өшиглөх, зэргээр зодсон үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий гишүүний эсрэг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзлээ.

            Мөн хохирогч нь хэрэг болсон газар болон машинаас буулгасан нөхцөл байдлын талаар урьд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээ залруулан мэдүүлснийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн үндэслэлтэй гэж үзлээ. 

            Шүүгдэгч Ч.Гт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

            Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хэргийн оролцогч нарын гэр бүлийн таарамжгүй харилцааны үүдэлтэй шүүгдэгчийн хохирогчийг өөрийн эрхэнд байлгах зан авиртай холбоотой нөхцөл байдал гэж үзлээ.

            Иймд шүүхээс ******* овогт Ч.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр А.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч А.Бийг гэмт хэргийн талаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Ч.Гт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8000 нэгж буюу 8000000 төгрөгөөр торгох ялаар,  мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах   дүгнэлтийг,  Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж гэмшиж байгаа харгалзан хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг, Хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилтот нийцүүлж ял шийтгэл оногдуулах талаар дүгнэлтийг тус тус гаргажээ.

            Шүүх талуудын дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Хохирогч нь шүүхэд хандан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

            Эд мөрийн баримт хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ч.Гийн 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Ч.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* овогт Ч.Гт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000  төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* овогт Ч.Гийн  2020 оны 06 дугаар сарын 02-ноос 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөс хасаж эдлэх ялыг 5,850,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт нь оногдуулсан 5850000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ч.Гт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-1 ширхэгийг хэрэгт хадгалуулсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД