Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1146

 

2020          09            08                                         2020/ДШМ/1146

Ч.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч А.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Батдэлгэрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Гт холбогдох эрүүгийн 2007000250018 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

..............................., 19........ оны ........ дүгээр сарын .............-ний өдөр Дорноговь аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дөрвөн-Эрдэнэ тур” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эгч, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж шугуй 16 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Дорноговь аймгийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

Ч.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны шөнө 23 цагийн үед 4422 УБС улсын дугаартай “Прадо-77” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.Батдэлгэрийг Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Том цагаан” гэх газарт тээврийн хэрэгслээс гуталгүй буулгах, мөн өдрийн шөнө 23 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж шугуй 16 тоот гэртээ түүний үснээс нь зулгаах, хөл, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч А.Батдэлгэрийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ч.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ......................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Гийн 2020 оны 6 дугаар сарын 2-ноос 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөс хасаж, эдлэх ялыг 5.850.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан 5.850.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Гт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч А.Батдэлгэрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хохирогч А.Батдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Ганхуяг нь тэр орой зодсоны дараа бэлгийн харьцаанд орсон, “...нуруу өвдөөд байна шүү дээ” гэж хэлэхэд “зүгээр жаахан хөхөрчихсөн л байна шүү дээ” гэж хэлээд бэлгийн харилцаанд орсон. Орой тэгж зодуулж, хөлөө хөлдөөчихсөн байхад надад бэлгийн харьцаанд орох ямар ч хүсэл зориг байгаагүй...” гэх хохирогчоор өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “Ч.Г нь намайг зөвхөн тэр удаад ч биш зодож хүчирхийлсэний дараа заавал бэлгийн харьцаанд ордог байсан. Энэ байдал нь давтагдаж 2020 оны 1 дүгээр сарын 2-нд хээр буулгаж, дараа нь гэртээ ирж үргэлжлүүлэн зодож, нурууг минь гэмтээсний дараа бэлгийн харьцаанд орсон. Миний бие “өвдөөд байна шүү дээ” гэхэд “жаахан хөхөрчихсөн байна шүү дээ, зүгээр” гэж хэлээд бэлгийн харьцаанд орсон. Би айсандаа л дуугай байсан” гэх мэдүүлэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Анхан шатны шүүхээс уг үйл баримтыг дүгнэхдээ “2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой нуруу руу нь цохисоны дараагаар бэлгийн ажил хийсэн эсэхийг шалгуулахаар шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгасны дагуу мөрдөгчийн бүрдүүлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Г, гэрч Д.Оюунтуяа, насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгээр зодсоны дараа хүчээр бэлгийн ажил хийсэн эсэх нь тодорхойгүй байна” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Үндэслэл нь, шүүгдэгч Ч.Гын мэдүүлгийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар өөрийн гэм бурууг хүлээх үүрэг хүлээхгүй оролцогчийн мэдүүлгээр үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хохирогчийн мэдүүлгийг няцаах боломжгүй бөгөөд шүүгдэгч Ч.Гаас гэм буруугийн талаар маргаж байгаа байдалд дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Гэрч Д.Оюунтуяагийн мэдүүлгийг шүүх үндэслэл болгож дүгнэсэн. Гэтэл гэрч Д.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой Батдэлгэр эгч, Ганхуяг ах хоёр гарч яваад шөнө 11-12 цагийн үед буцаж орж ирсэн. Тэгснээ нээх удалгүй утсаар яриад буцаад гараад явсан. Маргааш өглөө нь орж ирсэн...” гэж мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрч Д.Оюунтуяа нь шүүгдэгч Ч.Гийн амралтын газар болон гэрт хөлсөөр ажилладаг, Ч.Г нь түүнийг цалинжуулдаг болох нь гэрчийн өөрийн болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн гэрч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, мэдүүлэг өгч байгаа хувийн байдал зэрэг нь түүнийг энэ хэрэгт хувийн сонирхолтой мэдүүлэг өгсөн болохыг үгүйсгэхгүй юм. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан энэ үе шатанд хохирогч А.Батдэлгэрийн өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Оюунтуяа нь болсон үйл явдлын талаар худал мэдүүлэг өгч байна. 2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой Ч.Г намайг зодох болон бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэх боломжгүй. Тэгээд ч эхнэр нөхөр хүмүүсийн бэлгийн харьцаанд орж байгааг хөндлөнгийн хүн мэдэх ёсгүй, боломжгүй. Энэ зөвхөн хоёр хүний хооронд болдог асуудал. Д.Оюунтуяа Ч.Гаас цалин авч ажлыг нь хийдэг хүн нөлөөлсөн байх гэж бодож байна” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр гэрч Д.Оюунтуяагийн мэдүүлэг тус тус няцаагдаж байгааг анхан шатны шүүх дүгнэлгүйгээр Ч.Гаас хохирогч А.Батдэлгэрийг зодож, эрхшээлдээ байгаа хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хүчиндэх гэмт хэргийн ялангуяа гэр бүлийн хүрээнд гарч буй энэ гэмт хэргийн онцлог нь ихэнхи тохиолдолд заавал гэрч болон үзсэн, сонссон хүн байхыг шаарддаггүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч А.Батдэлгэрийг шүүгдэгч Ч.Г нь хээр шөнө нүцгэн буулгах, гэртээ ирсэний дараагаар үргэлжлүүлэн зодох зэргээр хүч хэрэглэсний дараа бэлгийн харьцаанд хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг орсон \зодуулсан, хөлдсөн надад ямар ч хүсэл сонирхол байгаагүй талаар хохирогч А.Батдэлгэр тогтвортой мэдүүлдэг\ нь Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хамааралтай хүнийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй гэж өмгөөлөгчийн байр сууринаас үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн тогтоол гарсаны дараагаар шүүгдэгч Ч.Г нь хохирогч А.Батдэлгэр болон энэ хэргийн насанд хүрээгүй гэрчийг утсаар ярьж дарамтлаж, гэмт хэргийг үргэлжлүүлсэн гэж үзэх үйлдэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Энэ талаар анхан шатны шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт, гомдлыг гаргасан ба мөн дүүргийн хүүхэд, залуучуудын төвийн хамгаалалтын мэргэжилтэнд хүсэлт өгч арга хэмжээ авахуулж байна. Энэ нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гийг хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байр суурийг нь үгүйсгэж, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугийн талаарх байр суурьтай тохирч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны шөнө хохирогч А.Батдэлгэрийг өвлийн нөхцөлд, машинаасаа хөөж буулгасны улмаас хөлийг нь хөлдөөх, гэртээ ирж үргэлжлүүлэн зодож, нурууг нь гэмтээсний дараагаар хүч чадлаар дутмаг энэ талаар эрхшээлдээ байгаа хохирогч А.Батдэлгэртэй хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харьцаанд орсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүчиндэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон гэм буруугийн тал дээр маргахгүй гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэг буцсан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд ч шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараагаар ч гэрч, хохирогч нарт хүч хэрэглэхээр дарамталсан, нөлөөлсөн зэрэг үйл баримтын талаарх хүсэлт, гомдол бусад нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан учир анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний гэм буруугийн ба хувийн байдалтай тохирч байгаа эсэхэд дүгнэлт хийж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх эсэхийг хянаж өгнө үү.” гэв.

 

Хохирогч А.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үнэхээр энэ хүнээс айж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдал, гэр бүлтэй холбоотой асуудал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж торгох ялыг оногдуулсан. Торгох ялыг оногдуулахдаа хөнгөрүүлсэн байдлаар оногдуулсан. Хэрэг гарснаас хойш хохирогчоос 7-8 удаагийн мэдүүлэг авсан. Өмнө нь ийм зүйл ярихгүй байж байгаад өмгөөлөгч солигдсоноос хойш тухайн үндэслэлийг гаргаж ирж хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос гаргасан хүсэлт бүрийг хангаж байсан. Эдгээр хүмүүсийн гэр бүлийн маргаан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд явагдаж байгаа. Хохирогч гэр бүлээ авч үлдэх хүсэлт өгсөн учир эвлэрүүлэх ажиллагаа хийгдэж байгаа. Хохирогчийн гаргаж байгаа үйлдэлд эдийн засгийн сонирхол байгаа учир заавал хориулахаар санал гаргаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хүчиндсэн эсэх асуудлыг 2 удаагийн мөрдөн байцаалтаар шалгасан. Би 4 хүүхэдтэй гэр бүлдээ хайртай. Бидний дундуур ар гэрийн хүмүүс оролцоод ийм зүйл болсон. 2 хүү маань над дээр, 2 охин ээж дээрээ байгаа.” гэв.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг тал бүрээс нь шалгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Оюунтуяа “хүүхдүүд нь надад хэлэхдээ аав маань шоронд орвол би амиа хорлоно гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ч.Гт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ч.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны шөнө 23 цагийн үед 4422 УБС улсын дугаартай “Прадо-77” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.Батдэлгэрийг Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Том цагаан” гэх газарт тээврийн хэрэгслээс гуталгүй буулгах, мөн өдрийн шөнө 23 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж шугуй 16 тоот гэртээ түүний үснээс нь зулгаах, хөл, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч А.Батдэлгэрийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ч.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйлд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч А.Батдэлгэрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлын “...шүүхээс оногдуулсан ял түүний гэм буруугийн ба хувийн байдалтай тохироогүй. ...” гэх хэсгийг хүлээн авч, Ч.Гт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Гт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ