Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0634

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Аийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х,

Нэхэмжлэгч: Н.А,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/196 дугаар захирамжийн иргэн С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 597 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, Д.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.М,

Хэргийн индекс: 128/2022/0437

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 597 дугаар шийдвэртэй шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Аээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/196 дугаартай захирамжийн С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 9, 9.1, 10, 11, 12, 12.1, 13, 14 дүгээр хэсэгт тусгасан дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал:

8 дугаар хэсэгт байх дүгнэлтийн тухайд. С.Гд шинээр газар эзэмшүүлсэн асуудлаар нэхэмжлэгч маргаагүй. Газар эзэмших эрх шилжсэн эсхүл шинээр газар эзэмшүүлсэн тухай шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхтэй яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй;

9 болон 9.1 дүгээр хэсэгт байх дүгнэлтийн тухайд. С.Г нь нэхэмжлэгчээс түрүүлж газар эзэмшихээр хүсэлт гаргасан, нэхэмжлэгч хоцорч хүсэлт гаргасан асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхтэй яаж холбогдож байгаа нь мөн ойлгомжгүй, Хариуцагчийн шүүхийн шийдвэрийн дагуу түрүүлж гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэх тайлбарыг буруутгах боломжгүй гэж шүүх ойлгомжгүй байдлаар дүгнэсэн;

10 дугаар хэсэгт байх дүгнэлтийн тухайд. Энэ асуудлаар Нэхэмжлэгч маргаагүй, Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу миний хүсэлтийг шийдвэрлээгүй хэмээн хариуцагчийг буруутгаж байхад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх агуулгагүй хэмээн анхан шатны шүүх буруу дүгнэсэн;

12, 12.1 дүгээр хэсэгт байх дүгнэлтийн тухайд. Нэхэмжлэгч нь газар эзэмшихээр гуравдагч этгээдээс түрүүлж хүсэлт гаргасан, бодитоор тухайн газарт оршин сууж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэжээ. Нэхэмжлэгч нь тухайн газраа өөрийн гэрээ барьж 2017 оноос хойш оршин суусан нь газрын сансрын зураг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн бусад оролцогчдын тайлбараар нотлогддог бөгөөд харин ч түүний газар эзэмшихээр газрын албанд хандан гаргасан хүсэлт болон хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэрэг нь хэрэгт авагдаж, нотлох баримтаар шинжлэн судлагдсан болно.

14 дүгээр хэсэгт байх дүгнэлтийн тухайд. Нэхэмжлэгч нь Гуравдагч этгээдээс өмнө газар эзэмших хүсэлт гаргаж байсан боловч газрын алба тухайн үед шинээр газар эзэмшүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй гээд хүсэлтийг хүлээн аваагүй, бүртгэж авахгүй буцааж байсан талаараа тайлбар гаргадаг. Ингээд тухайн үеийн газар зохион байгуулагч Нэхэмжлэгчид ... урьд талын Х.Зочин-Эрдэнийн эзэмшиж буй газрын кадастрын зургийг өөрийнхөө авахаар хүсэлт гаргаж буй газартай нийлүүлсэн байдлаар томруулж кадастрын зураг хийлгээд, хүсэлт гаргаад ир, шийдвэрлээд өгье хэмээн зөвлөж байсан. Үүний дагуу 2018 онд Х.Зочин-Эрдэнийн нэрээр газрын албан хүсэлт гаргаж байсан талаараа тайлбарласан. Өөрөөр хэлбэл энэ асуудал нь нэхэмжлэлд хамааралгүй бус харин ч нэхэмжлэлд хамааралтай, гуравдагч этгээдээс өмнө газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргаж байсан үйл баримтыг нотлох баримт байсан юм.

2.2.Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/196 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн иргэн С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, 10-****тоот газрыг эзэмших эрхийг өөрт олгуулахаар даалгах эсхүл өөрт нь зөвхөн эзэмшүүлэх ёстой газар мэтээр нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа тодорхойлж маргаагүй. Харин захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой тул нэгэнт гарсан захиргааны актыг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар буюу энэ ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

2.3.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6-д заасан тусгай зарчмыг баримтлаагүй, 28, 27 дугаар зүйлд заасан эрх ашиг нь зөрчигдөж болох этгээдийг тодорхойлох, түүнийг сонсох ажиллагааг явуулаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааг анхан шатны шүүх зөвтгөн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Н.Аээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/196 дугаар захирамжийн иргэн С.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий А/196[1] дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн  21 дүгээр хороо, Бага Дарь Эх 10-****тоот хаягт байршилтай 460 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг гуравдагч этгээд С.Гд олгожээ.

3.Гуравдагч этгээд С.Г нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр газрыг эзэмших хүсэлтийг[2] хариуцагч захиргаанд гаргаж байсан, мөн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлт[3] дахин гаргасны дагуу хариуцагчаас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий 460 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан[4] гэдэг нь тогтоогдов.

4.Харин нэхэмжлэгч Н.А нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий газрыг 350 м.кв хэмжээгээр эзэмших хүсэлтийг[5] хариуцагч захиргаанд хандаж гаргажээ.

Нэхэмжлэгчээс дээрх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг даалгуулах агуулга бүхий нэхэмжлэлийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны шүүхэд гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр[6] нэхэмжлэгч Н.Аийн газар эзэмших эрх олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан агуулгаар шүүхээс шийдвэрлэжээ.

5.Эдгээр хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч  Н.Аээс гаргасан цаг хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2 сар гаруйн өмнө тус газарт газар эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд С.Ггаас хариуцагч захиргаанд хандан гаргасан байсан гэдэг нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Н.А нь маргаан бүхий газарт С.Ггаас түрүүлж газар эзэмших хүсэлтийг өгч байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж заасан.

Хариуцагч захиргаанаас өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээд С.Г нь нэхэмжлэгч Н.Аээс түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж гуравдагч этгээд С.Гд газар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгосон үйлдлийг Газрын тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэгч Н.Аийн газар эзэмших эрхийг шударгаар олж авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

6.Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 572 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг хариуцагч захиргаанаас судлан үзэж, холбогдох хариуг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13/223 албан бичгээр хүргүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас[7] нотлогдов.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

7.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”  гэж тус тус заасан.

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээдээс түрүүлж гаргаж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй гэдэг нь тогтоогдсон бөгөөд маргаан бүхий газарт бодитоор оршин сууж байснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй тодруулбал, хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт болон газар эзэмших гэрчилгээ авалгүйгээр газрыг эзэмшсэн тохиолдолд үүнийг хууль бус эзэмшил гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч талын “Х.З-н нэрээр газрын албанд хүсэлт гаргаж байсан” гэх тайлбар нь нэхэмжлэгч Н.Аийг маргаан бүхий газарт гуравдагч этгээд С.Ггаас түрүүлж газар эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргасан гэдгийг нотлох баримт гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн “... Х.З-н газрын кадастрын зургийг ... хийлгэж 2018 онд өгч байсан”...нэхэмжлэлд хамааралгүй,... газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулах нөхцөл нь газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий, эсхүл тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх явдал бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хүсэлтээ түрүүлж гаргасан... нөхцөл байдал тогтоогдохгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “нэхэмжлэгч нь тухайн газраа өөрийн гэрээ барьж 2017 оноос хойш оршин суусан нь газрын сансрын зураг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн бусад оролцогчдын тайлбараар нотлогддог...,  2018 онд Х.З-н нэрээр газрын албанд хүсэлт гаргаж байсан талаараа тайлбарласан. Өөрөөр хэлбэл энэ асуудал нь нэхэмжлэлд хамааралгүй бус харин ч нэхэмжлэлд хамааралтай, гуравдагч этгээдээс өмнө газар эзэмших эрх авахаар хүсэлт гаргаж байсан үйл баримтыг нотлох баримт байсан,... Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6-д заасан тусгай зарчмыг баримтлаагүй, 28, 27 дугаар зүйлд заасан эрх ашиг нь зөрчигдөж болох этгээдийг тодорхойлох, түүнийг сонсох ажиллагааг явуулаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 127, 155 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас, 38 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 34, 110-118 дахь та

[4] Хэргийн 1-р хавтас 181-202 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас, 63-64 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 213-219 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 10 дахь тал