Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 067

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар           

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-12-01 тоотод оршин суух, ВН75050408 регистрийн дугаартай, Өвөөнийнхөн овогт Баатарсүрэнгийн Цэрэнсангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багт оршин суух, ВН78032315 регистрийн дугаартай Жаа овогт Равжаагийн Баттөмөрт холбогдох “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин Б.Сундуйсүрэнд ноогдох 8000000 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэнсанги, хариуцагч Р.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнсанги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Цэрэнсанги би Р.Баттөмөртэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин Б.Сундуйсүрэнг 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар Сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Р.Баттөмөр нь шүүхийн шийдвэрээр охин Сундуйсүрэнг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болсон.Энэ хүнтэй хамтран амьдарч байхад нийт 156 малтай Жинст сумын өрхийн бүртгэлийн 03-05-04 бүртгэлийн дугаартай малын А

данстай. Мөн БНА12-35, БНА 89-17 гэсэн улсын дугаартай 2 автомшин болон хүрэн өнгийн хятад мотоцикльтой байсан бөгөөд бид 2 гэр бүл цуцлуулахад бүх хөрөнгөө өөрөө авсан тул насаараа амьдралаараа хохирч аав, ээжэйгээ өсөх амьдралаар дутмаг, өөрийн гэсэн орон, өмч хөрөнгөгүй солих хувцасгүй энэ хүний төрсөн үр болж, төрөөд хаягдан амьдралаараа хохирсон тул миний охинд Р.Баттөмөрийн өөрийн өмч болох 30 сая төгрөгийн өмч хөрөнгөнөөс 8000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүн 30000000 төгрөгийн хөрөнгөтэй байсан. 1.Пургон автомашин 5000000 төгрөг, 2.Элентра суудлын автомашин 3500000 төгрөг, 3. Мотоцикль 1000000 төгрөг, 4. 156 толтгой мал зах зээлийн ханшаар 1 мал 130 000 төгрөг ба 1кг ноолуур 750000 төгрөгөөр үнэлэгдэж байхад гэрлэлтээ цуцлуулсан.Одоо тэр хүний мал 250 толгойд хүрч өөр хүний нэр дээр тоолуулж, хүүхдийн тэтгэлгээс зайлсхийж өмч хөрөнгөгүй хүний дүрд тоглож төрсөн үрийнхээ эрхийг зөрчиж 18 нас хүртэл тогтоолгосон мөнгөө төлөхгүй байгаа бөгөөд төрсөн үрээ хамтран амьдаргчтайгаа нийлж ... чи надаас юу олж идэх юм гэж заналхийлж , удаа дараа орон гэр шатаана ална гэж төрсөн дүүгээрээ доромжлуулж цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байж гайгүй болсон... Иймд миний охинд ногдох өмч 8000 000 төгрөгийн Р.Баттөмөрөөс гаргуулж өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэнсанги шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ Р.Баттөмөртэй 2009 онд гэр бүл болж 2010 оны 07 сарын 05-ны өдөр охин Б.Сундуйсүрэнг төрүүлж, 2012 онд 07 сарын 23-ны өдөр гэр бүлээ шүүхээр цуцлуулсан. Энэ хүн надтай гэр бүл болохдоо пургон машинтай байсан. Тэгээд пургоноо 5 саяар зараад 3 сая төгрөгийг манай аавд хадгалуулсан байгаад өөрийн биеэр дараа нь авч явсан. Дараа нь элентра гэж машин өөрөө аваад мөнгө дутаад байна гээд Капитрон банкнаас бид хоёр хамт нийт 3 сая төгрөгийн зээл авч байсан. Тэгээд дараа нь машинаа зарж, тэр мөнгөнөөс хүүхэд бид хоёрт огт өгөөгүй. Охин бид хоёрт зарцуулах шаардлага байхгүй гэдэг байсан. Одоо энэ хүн гэр бүл цуцалснаас хойш мөнгөгүй, хөрөнгөгүй хүн болоод охиндоо мөнгө төлөхөөс зайлсхийж байна. Энэ хүнд байсан 156 мал одоо өсөж үржээд 200 болсон байгаа, 8 сая төгрөг энэ хүнд бол байгаа, өгөх боломжтой. Энэ хүн өөр хүүхэнтэй явалдаж байгаад энэ хүнээс болж гэр бүл цуцалсан. Энэ хүнээс би хүүхэддээ мөнгө авахын тулд яваагүй газар, хандаагүй байгууллага байхгүй. Р.Баттөмөр нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж, өмч хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлж төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Шүүхээр 2012 онд гэрлэлт цуцлуулах үедээ энэ хүнээс л салах зорилготой байсан. Түүнээс биш эд хөрөнгө авах санаа бодол байгаагүй. Одоо хүүхдээ тэжээн тэтгэхийн тулд охинд ногдох хөрөнгийг шаардаж байна. Бид анх гэр бүл болох үед Р.Баттөмөр нь 156 толгой малтай, энэ хүний өмч байсан. Түүнээс хойш хэд болсныг мэдэхгүй 200 орчим болсон байгаа. Энэ малыг өсгөж үржүүлээд хариулж маллаад байсан зүйл бидэнд байхгүй. Хаа нэг мал идэх болохоор л ганц нэг мал авч ирдэг байсан. Мал нь эцэг эх дээр нь байдаг байсан. Пургон зарсан 2 сая төгрөгөөр мал авсан гэсэн ямар мал авсныг мэдэхгүй. Би энэ хүнтэй гэрлэх үедээ нэг гэртай байсан. Гэр нь манай аав, ээжийн гэр байсан. Гэрлэлт цуцлаад гэрээ аав ээждээ буцааж өгсөн. Би малгүй байсан. Р.Баттөмөртэй гэр бүл болох үед энэ хүн Гоц халдвартад жолооч байсан авсан цалингаа бидэнд зарцуулдаггүй байсан. Би гол нь гэр бүлийн дундын өмч бус охиндоо зохих хэмжээний өмч хөрөнгө өгөх ёстой л гэж нэхэмжлэл гаргасан. Хүрэн өнгийн мотоциклийн хувьд гэрлэх үед байсан, одоо улсын дугааргүй унаад л явж байгаа.8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Р.Баттөмөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Цэрэнсангитай 2009 онд шинэ гэр бүлийг дэмжиж төрөөс олгож байсан 500.000 төгрөг авах зорилгоор Цэрэнсанги хөөцөлдөж гэр бүл батлуулсан. Хөдөө гэр байдаг болохоор Д.Баатарсүрэн гэдэг айлд ирж, очин 2 жил хамт байхдаа 2010 оны 07 сарын 05-ны өдөр миний охин төрсөн. Хурим найр хийж ёс болж нэг гэрт орж дундын мал хөрөнгө байгаагүй. 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр гэр бүл цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, мал, эд хөрөнгө байхгүй байсан учир эд хөрөнгийн маргаангүй гэж аль аль тал нь хэлж шүүх шийдвэр гаргасан. Одоо болохоор ор үндэсгүй мал, эд хөрөнгө бий болгож 8 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. 12-35 БНА улсын дугаартай пургон машиныг 2002 онд моторгүй хуучин машиныг аав, ээж 1.3 саяар авч өгч байсан. 10 гаруй жил болсон хуучин машиныг 2007 онд 02 саяар Цэрэнсангитай танилцахаас өмнө зарчихсан байсан. 87-16 БНА улсын дугаартай элентра машиныг 12-35 БНА дугаартай машинаа зарж мөнгөөр нь 2 сая төгрөгөө оролцуулан 2.5 саяар авч унаж байгаад 2011 оны 12 сард 1.5 саяар зарсан. Элентра машинаа зарсан мөнгөө Цэрэнсангитай хамт амьдарч байхдаа Баатарсүрэнгийн нэг гэр болох гэрт шинэ жил, цагаан сар хийж зарцуулан дуусгасан. Энэ машинуудыг авсан мөнгө төгрөгийг Цэрэнсангиас нэг ч төгрөг гаргаагүй. Энэ хүн амар хялбар аргаар мөнгө олох шуналаараа төрийн хуулийг үл тоомсорлож , төр шүүхийн ажилтнуудын цаг завыг үрж байгаад харамсаж байна. Цэрэнсанги нь намайг төрсөн үрээ ална гэж заналхийлсэн, төрсөн дүү нь гэр орон шатаана гэсэн гэж нэхэмжлэлдээ гүтгэж бичсэн байна. Би төрсөн үрээ тэгж хэлэх хүн биш. Яагаад гэвэл миний охин надад ганцхан байгаа үр удам, би эхийн цагаан сүүгээр амлаж хүмүүжилтэй гэр бүлд өссөн хүн. Ингэж гүтгэж байгаа хүн яаж ч юу ч гэж хэлж мэднэ..нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Р.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би үр хүүхдээ бодож харж хандах нь миний үүрэг гэтэл энэ хүн хүүхэдтэй минь ч уулзуулдаггүй юм. Гурван жил уулзуулаагүй, би 2016 оны 12 сар хүртэл тэтгэлгээ төлчихсөн байгаа. Нэхэмжлэлд бичсэн зүйл бол бүгд худлаа, тэр пургон машиныг 2001 онд аав ээж маань надад авч өгсөн юм.Энэ хүнд хамаач байхгүй юм. Элентра гэж машиныг би мэдэхгүй тийм машин байхгүй. Миний нэр дээр бүртгэлтэй машин байхгүй. 2010 онд Капмон ББСБ-аас зээл авсан ингэхдээ хүний машин барьцаалж байсан байх. Тэр 156 малын тухайд манай аавынх миний нэр дээр тоолуулж байсан юм. Одоо надад мал хөрөнгө байхгүй. Энэ хүн надтай гэр бүл болохдоо мал гэх юм байгаагүй. 2009 онд төрөөс шинэ гэр бүлд 500.000 төгрөг өгч байсан. Үүнийг авах гэж л гэрлэлтээ батлуулсан юм. 2009-2011 он хүртэл Цэрэнсангийн аавын гэрт амьдарч байсан. Албан ёсоор хадаг тавьж найр хурим хийж эд хөрөнгөө нийлүүлсэн зүйл байхгүй. Гэрлэх үед надад ямар ч өмч хөрөнгө байгаагүй. Хэрэгт байгаа малын тооллогын баримт бол аав маань миний нэр дээр мал тоолуулж байсан баримт гэж бодож байна. Гэрлэснээс хойш бидний дунд шинээр бий болсон эд хөрөнгө гэх юм байхгүй. Би Гоц халдвартад хэдхэн сар л ажилласан. Цалин мөнгөө сар сард нь зарцуулаад дуусгаж байсан..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнсанги нь хариуцагч Р.Баттөмөрт холбогдуулан “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин Б.Сундуйсүрэнд ногдох 8000000 төгрөг гаргуулах”ыг хүссэн шаарджээ.

Б.Цэрэнсанги, Р.Баттөмөр нар нь 2009 оны 10 сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж нэг гэрт амьдрах хугацаандаа 2010 оны 07 сарын 10-ны өдөр охин Б.Сундуйсүрэнг төрүүлж өсгөсөн байна.

Гэрлэгчид нь 2012 оны 07 сарын 23-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 382 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2012 онд гэрлэлт цуцлуулах үедээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлээгүй, хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь автомашин, мал зэрэг 30.000.000 төгрөгийн эд хөрөнгөтэй байсан тул дээрх хөрөнгөөс гэр бүлийн 1 гишүүнд ногдох 8.000.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах үндэслэлтэй гэсэн бол хариуцагч нь автомашин, тээврийн хэрэгсэлүүд нь өөрийн хуваарьт хөрөнгө бөгөөд олон тооны мал байгаагүй хэмээн мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  Учир нь:

1. Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн харилцаагаар зохицуулагдахаар байна.

Үйл баримтаас үзвэл зохигчид 2009-2012 он хүртэл нэг гэрт хамтран амьдрах хугацаандаа хуульд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгоогүй буюу мөн хугацаанд хамтын хөдөлмөр аж ахуйн үйл ажиллагаанаас мөнгөн хуримтлал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шинээр бий болгоогүй байна.

Харин нэхэмжлэлд дурдсан нэр бүхий эд хөрөнгө болох 156 тооны мал, 12-35 БНА улсын дугаартай автомашин, хүрэн өнгийн мотоцикль зэрэг нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө буюу хариуцагчид гэрлэхийн өмнө байсан хөрөнгө болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Мөн БНА 89-17 улсын дугаартай элентра маркийн автомашин нь хариуцагч Р.Баттөмөрийн өмчлөлд байсан эсэх, энэ хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран амьдарснаас хойш бий болсон эсэх нь нотлогдож тогтоогдоогүй байна. Тухайлбал Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 04 дугаартай албан бичигт 89-17 БНА улсын дугаартай автомашин нь  Р.Баттөмөрийн  нэр дээр бүртгэлгүй, Жинст сумын 5-р багийн иргэн Х.Оргилын нэр дээр бүртгэлтэй тухай лавлагаа ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”.. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”..гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Цэрэнсанги нь нэхэмжлэлийн шаардлага болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 30.000.000 төгрөг байсан эсэх, үүнээс 8.000.000 төгрөгийг охин Б.Сундуйсүрэн авах хууль зүйн үндэслэлтэй болохыг нотолж чадаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ  нь:

1.  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Цэрэнсангийн “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин Б.Сундуйсүрэнд ногдох 8000000 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ