Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2017/00018

 

******* нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 6-ний өдрийн 131/ШШ2017/00637 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч  Бгийн  Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* холбогдох

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин *******д оногдох 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******йн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 2-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч  Бгийн  Цас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б. Ц би Р.Бтэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин *******г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Р.Б нь охин Сундуйсүрэнг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болсон. Одоо Р.Бийн өмч хөрөнгөнөөс миний охинд оногдох өмчинд 8.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******ас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Р.Бтэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин *******г 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан. Хамт амьдрах хугацаандаа энэ хүнийг 2 удаа ажилд оруулж цалинтай, орлоготой болгож байсан. Энэ хүн эд хөрөнгөгүй хүн биш. Тэгээд 7-8 хоногийн өмнө Р.Бийг Цагдаагийн байгууллага олж ирэхэд хүүхдээ хулгайгаар авч явсан байсан. Энэ хүн өөр хүнтэй хамтын амьдралтай байж хүүхэд авч явсан, мөн хүүхдээ алуулна гэж орон гэр рүү дайраад байдаг. Р.Б нь надтай хамтран амьдрах хугацаандаа зээл авч зээлийг би төлдөг байсан. Түүнийг нотлох баримтыг хэрэгт өгсөн. Элентра суудлын автомашинг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад ирэхэд нь гэрээ банкны барьцаанд тавьж зээлээр худалдаж авч байсан. Тухайн зээлийг миний аав ээж тэтгэврийн зээлээрээ төлж барагдуулсан. Р.Бтэй танилцах үед цагаан өнгийн пургон автомашинтай байсан. Ээж, аав нь хамт амьдрахад 156 толгой мал Р.Бт өгч байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн гэжээ.

Хариуцагч Ргийн Бөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Б. Цтай 2009 онд шинэ гэр бүлийг дэмжиж төрөөс олгож байсан 500.000 төгрөг авах зорилгоор хөөцөлдөж гэр бүл батлуулсан. Хөдөө гэр байдаг болохоор Д. Б гэдэг айлд ирж, очин 2 жил хамт байхдаа 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний охин төрсөн. Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр гэр бүл цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, мал, эд хөрөнгө байхгүй байсан учир эд хөрөнгийн маргаангүй гэж аль аль тал нь хэлж шүүх шийдвэр гаргасан. Одоо болохоор ор үндэсгүй мал, эд хөрөнгө бий болгож, 8.000.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ргийн Бөөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй эд хөрөнгө бий болгож түүнийгээ үнэлж, 8.000.000 төгрөг нэхэмжлээд зөвхөн охиныхоо өмчийг авна гэж байгаа. Хамтран амьдарч байх хугацаанд дундын эд хөрөнгөтэй байсан бол энэ хүн өнөөдөр надад юу ч үлдээхгүйгээр авах байсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ Пургон автомашин 5.000.000 төгрөг үнэлсэн байна. 2001 онд миний аав ээж хоёр моторгүй хуучин машиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Энэ машиныг 2007 онд хамаатны нэг дүүдээ 2.000.0000 төгрөгөөр зарсан. Хавар би Дарханаас очиж Элентра суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Банк бус санхүүгийн байгууллагад, хамтран амьдарч байгаа хүний хувьд зээлийн гэрээний барьцаанд тавьж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ******* нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үүдэнд уулзаж надад 250.000 төгрөг өгөөд, өөрөө 250.000 төгрөгийг нь авч явсан. Бид албан ёсоор ёс төр болж гэр бүл болоогүй, энэ айлын хүргэн болж аавынх нь гэрт ирж очин байдаг байсан. Хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг нь ч би мэддэггүй байсан. Энэ автомашинууд бол миний өөрийн хөрөнгө, би малгүй байсан, бидэнд дундын эд хөрөнгө гэх зүйл байгаагүй. Хүүхэдтэйгээ уулзах цаг ирээсэй гэж хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******йн Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин *******д ногдох 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  Бгийн  Цас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Манайх 2008 оны 12 сарын мал тооллогоор малын тооллогын бүртгэлээр 156 толгой малтай болсон байсан. Тухайн баримтыг би шүүхэд өгсөн. Гэтэл шүүх шийдвэртээ мал тооллогын бүртгэл дээр өрхийн тэргүүний нэр харагдахгүй, хэн бүртгэсэн гарын үсэг нь харагдахгүй байна гэж бичсэн байна. Шүүх нотлох баримтыг гаргаж өгсөн этгээдүүдээс нь эх хувийг нь шаардан авч, шалгах үүрэг эрх шүүхэд байх ёстой боловч энэ үүргээ шүүх биелүүлээгүй нь харамсалтай байна. Би энэ баримтыг шүүхэд өгөхдөө өөрийн хувьд ногдох малаа авах гэсэн болохоор заавал байх баримт гэж бодож байсан юм.

Миний хувь нийлсэн бас нэг хөрөнгө болох элентра маркын автомашин юм. Энэ машин анх авахад Капмон ББСБ-аас 1.500.000 төгрөгийн зээл авч, энэ зээлийг би өөрийн цалин болон миний эцэг эхийн тэтгэврийн зээлээр төлж дуусгасан юм. Ийм болохоор энэ машины хагас үнэ 1.500.000 төгрөгийг би болон миний эцэг, эх хувь нийлүүлсэн байгаа юм. Би энэ нэхэмжлэлийг гарсанаас хойш 9 сар хүлээж шүүх хурал болтол хэргийн материалтай намайг танилцуулаагүйд маш ихээр чирэгдүүлсэнд гомдолтой байна.

2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагт шүүх хурал зарлагдсан байсан. Би шүүх хуралдаа орохоор энэ өдрийн 14 цаг 30 минутанд ирсэн. Тэгэхэд шүүгчийн туслах Н.Гантулга нь Р.Бт чөлөө өгч Р.Бийг дагуулаад гарсан ба ажил тарж байхад шүүх хурал орсон. Шүүх хурал 18 цагаас хойш тарсан. Шүүх хурал эхэлсэн хойно Р.Б, Н.Гантулга нар шүүх хуралд хожигдож орж ирж шүүх хурал ажил тарсан хойно дууссан. Хэргийг шүүгчийн туслах Н.Гантулга нь Р.Бтэй хувийн харилцаа үүсгэж, Р.Бийн талд үйлчилж, энэ хэргийн эсрэг байж шийдвэрийг Р.Бийн талд гарсанд үнэхээр гомдож байна. Би 9 сар хүлээж, намайг залхаан чирэгдүүлж, энэ тухайгаа надад тайлбарлаж өгөөгүй болохоор үнэхээр гайхаж байна. Шүүхийн нотлох баримтыг тал бүрээс нь харж чадаагүй зөвхөн Р.Бийн талд үйлчилсэн нь надад их харагдаж байсан болохоор үнэн зөв шийдвэр гаргаагүй нь ойлгомжтой. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ас хариуцагч Р.Бт холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин *******д оногдох 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Охин ******* нь 2010 оны 7 дугаар сарын 5-нд төрсөн, одоо 7 настай, 1 дүгээр ангид сурдаг болох нь /хх-ийн 106-107 дугаар тал/ түүний төрсөний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 382 дугаар шийдвэрээр охин *******д хүүхдийн тэтгэлэг тогтоогджээ.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа гэрлэгчид болон гэр бүлийн насанд хүрсэн гишүүнд оногдох хэсгийг тэдний шаардлагаар хуваах тусгай зохицуулалтай учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин *******д оногдох хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч *******ас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “..анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, ажил тарсан хойно 18 цагаас хойш шүүх хуралдааныг эхэлсэн..” гэж гомдол гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон ******* гарын үсэг зурж хэргийн материалтай танилцуулсан баримт /хх-159 дүгээр тал/ зэргээр тогтоогдохгүй байна.

Өмнө нь *******ас давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэдэг үндэслэлээр гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 00067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож /хх-ийн 89-92 дугаар тал/ анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан бөгөөд анхан шатны шүүх зөрчлүүдийг зассан байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******йн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгч *******ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.050 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ний өдрийн 131/ШШ2017/00637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******йн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн1 62.4-д зааснаар нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.050 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                 Г.УЛАМБАЯР