Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2018/00067/И |
Дугаар | 001/ХТ2018/01490 |
Огноо | 2018-10-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/01490
Д.Угийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00810 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1261 дүгээр магадлалтай
Д.Угийн нэхэмжлэлтэй
“Т” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 141 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 465 442 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын цалин болох 393 559 төгрөгийг олголгүй хугацаа хэтрүүлсэн 57 хоногийн 0,3 хувийн алданги 67 299 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 314 936 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанид би 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Захиргааны зүгээс надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тухай тушаал гаргаагүй. Сүүлд нь нөхөж гаргасан гэж Д.Одонтуяа захирал хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд би ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Захиргааны зүгээс хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн гэж сахилгын арга хэмжээ авч байгаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрийн оффисын өрөөнд гүйцэтгэх захирал Д.Одонтуяа, бүтээгдэхүүн хариуцсан менежер Т.Эрдэнэцэцэг, гоо сайханч С.Сүлдчимэг нар болон намайг оролцуулан Г.Баттүшиг захирал хурал хийсэн. Уг хурал дээр би өгч байгаа үүрэг даалгаврыг тэмдэглээд сууж байтал гэнэт Г.Баттүшиг захирал над руу хандаж чанга дуугаар чи нүүрэндээ ямар тос түрхдэг вэ, чийгшүүлэгчтэй тос түрхдэг үү гэхэд нь би сандраад үгүй гэж хэлснээ, тийм чийгшүүлэгчтэйг нь түрхдэг юм байна гэж хэлтэл тэр маш их уурлан чи 40 хүрлээ, тэнэг юм уу, хаашаа юм гэж хашгирч хэл амаар доромжилсон. Энэ үед Д.Одонтуяа захирал над руу хандан чамайг ажлаас халлаа, чи одоо яв гэсэн учир би явсан. Хагас, бүтэн сайн өдөр би халуураад нэг дэх өдөр нь арай ч намайг ажлаас халаагүй байх, уурандаа захирлууд намайг халсан гэж хэлсэн байх гэж бодоод эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авъя, эмнэлэгт үзүүлье гээд Д.Одонтуяа захирлын 9906-1202 утас руу залгатал ...чи ирж тойрохоо зуруулж, ажлаа хүлээлгэн өг. Ажлаа хүлээлгэн өгсний чинь дараа чиний бичиг баримт, ажлаас халсан тушаалыг чинь өгнө гэсэн. Намайг ажлаа хүлээлгэн өг, тойрох хуудас зуруул, чамайг халсан гэж хэлээд ажил хийх ямар ч боломжгүй болгосон. Анх тус компанид ажилд орсны дараа ажилчид нь манайд удаан хугацаагаар ажиллаж байгаа хүн их цөөн, ихэвчлэн 1-3 сар ажиллаад ажлаасаа халагддаг гэж ярьж байсан. Иймд “Т” ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байгаа 141 хоногт урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5 465 442 төгрөг, 2017 оны 9 сарын цалин болох 393 559 төгрөгийг олголгүй хугацаа хэтрүүлсэн 57 хоногийн 0,3 хувийн алданги 67 299 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 314 936 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.У нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №Б/49 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд томилогдсон улмаар туршилтын хугацаа дуусахтай зэрэгцээд 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны хүртэл хугацаанд цалингүй чөлөө авсан. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1-т заасан туршилтын хугацааны ажлын үр дүнг дүгнэх, цаашид хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх эсэх тухай шийдвэрлэхэд ажилтны өөрийнх нь хүсэлтийг үндэслэн удирдах албан тушаалтнуудын хурлаар шийдвэрлэх гэсэн боловч ажилтан өөрөө байгаагүй ажиллах тухай хүсэлгүй тул шийдвэрлэх боломжгүй байдал бүрдсэн. Д.У нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орсон бөгөөд энэ хугацаанд компанийн ажлын ачаалал, ажилтны өөрийн хүсэлт зэргээс шалтгаалж хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл боломж бүрдээгүй. Өнөөдрийн байдлаар компанийн зүгээс Д.Угийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн аливаа тушаал, дарамт шахалт, нэхэмжлэлд дурдсан зүй бус бүдүүлгээр доромжилсон үйл явдал болоогүй.
Д.Уг ажлаас халаагүй, тушаал гаргаагүй, 9 дүгээр сарын 15-ны хурал дээр ажлаас халсан үйл ажиллагаа болоогүй, өөрөө ажилдаа ирээгүй атлаа бусдыг буруутган сүүлдээ ажлаас халсан мэтээр зохиомол үйл явдал бий болгож байна. Д.Угийн эрхэлдэг гадаад харилцааны мэргэжилтний ажлын байр нь өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдаж байгаа болно. Ажлаас халаагүй учир ажилгүй байсан хугацааны олговор олгох үндэслэлгүй. 9 дүгээр сарын цалинг байгууллага шилжүүлж олгосон, дутуу олгогдсон цалингийн маргааныг хөдөлмөрийн хуульд зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх ёстой, гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэгч өөрийн сарын цалинг Ц.Мөнгөнтуяагийн гаргасан тодорхойлолтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ц.Мөнгөнтуяа байгууллагыг төлөөлж тодорхойлолт гаргах эрхгүй этгээд учир энэ тодорхойлолт цалингийн хэмжээг тогтоосон тодорхойлолт биш. Манай гаргаж өгсөн цалингийн тайлангуудаар Д.Угийн цагийн цалингийн хэмжээг 4 400 төгрөг гэж тооцсон. Д.У нь 9 сараас хойш одоо хүртэл ажилдаа ирэхгүй байгаа, ажлын байр нь хэвээрээ байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагууд нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00810 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 141 дүгээр 141.4.-т заасныг үндэслэн Д.Уг “Т” ХХК-ийн гадаад харилцааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт “Т” ХХК-иас 5 139 200 төгрөгийг гаргуулж Д.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагын цалин хугацаанд нь олгоогүй алданги 67 299 төгрөг, дутуу олгосон цалин 314 936 төгрөг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Угийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “Т” ХХК-иас 97 177 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1261 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 141 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 465 442 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын цалин болох 393 559 төгрөгийг олголгүй хугацаа хэтрүүлсэн 57 хоногийн 0,3 хувийн алданги 67 299 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 314 936 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ажилгүй байсан хугацаанд нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Д.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 1261 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1. Давж заалдах шатны шүүх маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацаанд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэх зэргээр хууль хэрэглээний алдаа гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл байна.
Тус шүүхийн магадлалд “...нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул Д.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана”гэжээ.
Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газарт болон анхан, давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах гомдолдоо Д.Уг ажлаас халаагүй, ажлаас халсан тушаал гаргаагүй гэж мэдүүлж байсныг тус шүүх анхаарсангүй.
Мөн нэхэмжлэгч “надад хариуцагч ажлаас халсан тушаалыг гардуулж өгснөө шүүхэд нотлоогүй. Чамайг ажлаас халлаа, халсан гэж гүйцэтгэх захирал Д.Одонтуяа, ерөнхий захирал Г.Баттүшиг нар надад удаа дараа амаар хэлж байсан болохоос бичгээр үйлдсэн тушаал надад өгч байгаагүй. Би өвчтэй байгаагаа хэлэхээр 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө Д.Одонтуяа захиралтай утсаар ярихад “Чи халагдсан, ирж ажлаа хүлээлгэж өг, тойрох хуудас бөглүүл” гэж шаардсан.
Би яалаа гэж намайг ажлаас халж байгаа юм бэ? Би буруугүй биз дээ. Тэгвэл халагдсан тушаалаа авъя шүүхэд хандана гэхэд тэрээр чи эхлээд ажлаа өг, тойрох хуудас зуруул тэгсний чинь дараа тушаал, цалин, бичиг баримтыг чинь өгнө. Манайх ийм дотоод журамтай гээд утсаа тасалсан. Д.Одонтуяа захирлын надад намайг ажлаа хүлээлгэн өгсний дараа өгнө гэсэн тушаалыг би үзэж танилцаагүй. Надад энэ тушаал өгөгдөөгүй учир албан ёсоор намайг ажлаас халсан тушаал гарсан эсэхийг би мэдэхгүй байна.
Болсон үйл явдал ийм байхад давж заалдах шатны шүүх асуудалд бодитой хандаж, хэргийн материалыг бүрэн судалж, дүгнэлтээ гаргалгүй, хариуцагч шүүхэд Д.Уг ажлаас халсан тушаал гаргаагүй, түүнд гардуулж өгөөгүй гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч намайг албан ёсоор бичгээр үйлдэгдэж гараагүй тушаалыг гардаж авсан болгож хийсвэрээр төсөөлөн дүгнэлт хийн, хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүйгээр хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийн агуулга, зорилгыг буруу ойлгож хэрэглэсэн.
Иймд би ажлаас гэнэт үндэслэлгүйгээр халсан тушаалыг гардаж аваагүй, хариуцагч надад гардуулж өгсөн талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй Д.Уг ажлаас халсан тушаал огт гаргаагүй гэж тайлбарлаж байгаа тул нэхэмжлэгч намайг хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг ажлаас халсан тушаал гараагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь буруу. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.
Магадлалд, нэхэмжлэгч Д.У нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасны дагуу шалгаж ... “Т ” ХХК-д холбогдох 1709000665 дугаартай хэргийг Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хх 92 тал) гэжээ.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа дээрх зүйлийг бичиж оруулсны учрыг би ойлгохгүй байна. Миний гомдлоор Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь үнэн. Энэ хэрэгсэхгүй болгосон хэргийг миний гомдлоор тус дүүргийн прокурор хянаад хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин шалгуулж “Т ” ХХК-ийг буруутай гэж үзэн торгох арга хэмжээ авсан байхад эдгээр баримтыг магадлалд дурдахгүйгээр урьд нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсанг дурдсан нь шүүх төвийг сахих, шударга байх зарчимд нийцсэнгүй. (хх 111, 125, 170 тал)
3. Хариуцагч намайг юу ч болоогүй байхад ажлаа хаясан, зохиомол үйл явдал бий болгон мөнгө нэхэж байна гэдэг. Мөн намайг ажил тасалсан учир 2017 оны 09 дүгээр сарын эхний 15 хоногийн цалинг нь олгоогүй гэж Д.Одонтуяа захирал Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст байцаагдахдаа хэлсэн. 2017 оны 09 дүгээр сарын цалинг цаад талын хугацаа гэхэд мөн сарынхаа 20-ны дотор олгогдох ёстой. Д.Одонтуяа захирлын ярьж байгаагаар би 9 дүгээр сарын 20-ноос өмнө ажил тасалсан болж байна. Энэ хугацаанд би ажил таслаагүй, эмнэлгийн магадлагаатай байсан. (хх 76 тал)
Намайг Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэн Д.Одонтуяа захирлыг холбогдогчоор байцаагаад эхлэхээр миний цалинг олгохгүй 57 хоног саатуулж байгаад Худалдаа хөгжлийн банк дахь миний цалингийн дансанд 320 632 төгрөг шилжүүлсэн. (хх 8, 9 тал) баримт байгаа.
Хариуцагч надад ажлаас халсан гэж хэлээд, эрхэлж байгаа ажлаа хүлээлгэн өг, тойрох хуудас зуруул тэгсний дараа халагдсан тушаал, цалин, бичиг баримтыг чинь өгнө. Манайх ийм дотоод журамтай гэж 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шахаад ажил хийлгэхгүй байсан.
Энэ тухай Д.Одонтуяа захирал Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэхдээ: “... манай компанийн хувьд албан ёсоор ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гараагүй, шалтгаангүйгээр ажил тасалж явсан, ... тухайн ажилтан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ...шалтгаангүйгээр ажил тасалж явснаас үүдэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийн цалинг олгоогүй байсан. Шалтгаан нь тухайн ажилтан хариуцсан ажлаа хүлээлгэн өгч, тойрох хуудас зурагдаж дууссаны дараа цалинг олгохоор журамласан байгаа. Гэхдээ ... 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цалин дээр ... гарт нь олгох 320 632 төгрөгийг бэлэн бусаар данс руу нь шилжүүлсэн. Одоо тухайн ажилтны ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулахыг хүлээж байна” гэжээ. (хх 76 тал)
Мөн ээж Ж.Солонго миний эрүүл мэндийн даатгалын дэвтрийг авахаар Д.Одонтуяа захиралтай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр утсаар ярьтал өөдөөс нь У халагдсан, ирж ажлаа өг гэж хэл тэгсний дараа эрүүл мэндийн даатгалыг нь өгнө гэсэн байсан. Энэ тухай ээж шүүхэд гэрчээр байцаагдахдаа хэлсэн. (хх 151 тал)
Д.Одонтуяа захирал ээжийн энэ мэдүүлгийг үгүйсгээгүй. Мөн хариуцагч тал намайг хөдөлмөрийн сахилга бат ноцтой зөрчсөн гэж нотлох баримтгүй гүтгэсэн. Өнгөрсөн хугацаанд намайг ажилд ор гэж хэн ч хэлээгүй. Иймээс би Сүхбаатар дүүргийн прокурор, мэргэжлийн хяналтын газар, шүүхэд хандаж байсан.
Хариуцагч болсон үйл явдлыг болоогүй болгох гэж гэрчид үг зааж өгч, хүссэн хариулт авах, зарим тушаалыг нөхөж гаргах, намайг туршилтын хугацаагаар ажилд авсан болгож тушаал нөхөн гаргаж байсан. Дээрх нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хайхраагүй.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1261 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00810 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг шүүгчид та нараас хүсч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс дараах хууль хэрэглээний алдааг гаргажээ.
Нэхэмжлэгч Д.У нь “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, хугацаанд нь цалингаа олгоогүйн алданги, дутуу олгогдсон цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтныг ажлаас халаагүй, түүний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа, өөрөө ажлаа орхиж явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2.-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж зохицуулсан.
Ажил олгогч ажилтныг ажлаас нь халаагүй тул ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргаагүй гэж маргаж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.
Хэдийгээр ажил олгогч ажилтныг ажлаас нь чөлөөлөөгүй гэх боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан тул ажилтан ажлаас халсантай адилтгаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу биш бөгөөд ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.У нь “Т” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 шийдвэрээр Гадаад харилцааны мэргэжилтэн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай ажиллахаар томилогдсон бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дуусах үед талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т зааснаар уг гэрээний хугацаа сунгагдсанд тооцно.
Гэрээний үргэлжлэх хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил олгогч ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан тул ажилтан ажлаас халсантай адилтгаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг зөрчөөгүй, ажил олгогч ажлаас халаагүй гэж тайлбарлах тул шүүх үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж дүгнэж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1261 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Д.У улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД