Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2018/0506/З |
Дугаар | 834 |
Огноо | 2018-12-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 834
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э ” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба
Гуравдагч этгээд: Б.Н , Д.П
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Газрын кадастрын мэдээллийн санд тус компанийн эзэмших 4417 м2 талбайн хэмжээг бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 4417 м2 талбайн хэмжээгээр бүртгэхийг дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Аг, Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Н.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э өмгөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь 2002 оны хавар одоо өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны замын 54 тоот “Өгөөмөр” захын зүүн
урд байрлах газарт үйл ажиллагаагаа явуулж анх 1 вагончиг, 40тн-ийн контейнер тавин
тойруулан том хашаа барьж сэлбэг хэрэгслээ борлуулан машины засвар үйлчилгээ хийж эхэлсэн.
2004 онд манай компани байгуулагдаж оффис, дэлгүүр, цайны газрын зориулалттай 2 давхар 240,5 м2 барилгыг барьж автомашины сэлбэгийн дэлгүүр, оффисын зориулалтаар ашиглаж эхэлсэн. Үүнийгээ 2009 онд дахин засвар шинэчлэлт хийж хөрөнгийн үнэлгээ хийлгэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204030303 дугаартай гэрчилгээ авсан. Мөн 2009 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Нарны замын 54, 54-1 гэсэн 2 дугаарыг компанийн хашаандаа авч байсан.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр захирамжаар 4000 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан, эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу улирал бүр хугацаанд нь төлж барагдуулж байсан. 2010 онд компанийн газар эзэмших газрын кадастрын зурагт хашаан доторх нийт талбай бүрэн багтаагүйг мэдээд 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын албанд тус тус хүсэлт гаргаж илүү ашиглаж байгаа 1147 м2 газрыг (2005 оноос актаар уг газрын төлбөрийг төлж байсан тул) нэмж эзэмших хүсэлтийг тавьсан.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дүгээр захирамжаар 6007/0137 дугаар бүхий 5150 м2 талбай газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ, кадастрын зургийг шинэчлэн гаргуулж авч эзэмшиж эхэлсэн. Тухайн үед гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг шинэчлэн авахад давхардсан газрын асуудал байгаагүй болно.
Одоо манай компанийн баруун хажуу хашаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа Д.Б гэдэг залуу Б.М надтай 2006 оноос хамтран засвар болон авто сэлбэгийн худалдаа эрхэлж байсан. Ингээд Д.Б-т 733 м2 газрыг шилжүүлэн өгөх хүсэлт дүүргийн Газрын албанд гарган шийдвэрлүүлсэн. Энэ үед 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газрын 1 удаагийн төлбөр буюу дуудлага худалдааны анхны үнэ ДХАҮ-13,860,000 төгрөг төлж байсан баримт нь байгаа болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар захирамжаар 4417 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрыг шинэчлэн эзэмшсэн. 2015 онд Нийслэлийн Засаг даргад хандан эзэмшиж буй газраа Нийслэлийн захирамжтай болгох өргөдөл өгч байсан. Хариуд нь 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр дуудлага худалдааны анхны үнийг төлөөд Нийслэлийн захирамж авах зөвшөөрлийг өгсөн.
Ингээд 2016 оны 02 дугаар сараас газрын гэрчилгээгээ хугацаа нь дуусаж байгаа учраас сунгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуудлага худалдааны анхны үнэ буюу нэг удаагийн төлбөрөөс 9,000,000 төгрөгийг төлсөн мөн оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,304,400
төгрөг төлсөн. Мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр ДХАҮ нэг удаагийн төлбөрт 3,600,000 төгрөг бас төлсөн.
Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/150 дүгээр захирамжаар 4417 м2 газрыг 10 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг шинэчлэн эзэмшиж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 оны 04 дүгээр сард “ХААН” банкнаас компанийн үйл ажиллагаа эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 130,000,000 төгрөгийн шугамын зээл хүсэж зээлээ шийдвэрлүүлээд барьцаанд компанийн эзэмшлийн 2 үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалбар болгон 04 дүгээр сарын 19-ний өдөр бүртгүүлэхээр өгөхөд Баянзүрх дүүргийн Газрын албанаас танай газрын кадастрын зураг 3265 м2 байна. Гэрчилгээ болон гэрээн дээр байгаагаас өөр мөн танай газар дээр давхардсан захирамж гарсан байна гэж хэлсэн.
Түүнээс өмнө бид газрын кадастрын зургийг мэдээллийн санд 3265 м2 байгааг мэдээгүй байсан. Урд өмнө нь “ХААН” банк болон өөр санхүүгийн байгууллагаас хэд хэдэн удаа зээл авч газрыг барьцаанд бүртгүүлж байхад ямар ч асуудал гарч байгаагүй.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь манай байгууллагын эзэмшил болох 4417 м2 талбай бүхий газраас давхардуулан иргэн Б.Н д эзэмшүүлж байгаа нь Газрын тухай хуулийг ноцтой буюу манай байгууллагын шударгаар эзэмшиж захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээтэй газартай давхцуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн байна.
Д.У-ын гэх 2001 оны газар нь маргаан бүхий газрын баруун талд буюу Нарантуул худалдааны төвийн урд талд байгаа гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгийн 22 дугаар хавсралтаар ирсэн. Тийм учраас энэ нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Газрын кадастрын мэдээллийн санд тус компанийн эзэмших 4417 м2 талбайн хэмжээг бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 4417 м2 талбайн хэмжээгээр бүртгэхийг дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ашүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 487 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.У-т газар ашиглах эрх олгож,
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн А/95 дугаар захирамжаар иргэн Д.П д худалдаа үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн.
Уг газар эзэмших эрхийг иргэн Б.Н д шилжүүлэх хүсэлт, Б.Н , Д.П нарын газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус үндэслэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн эзэмшүүлсэн.
Нэхэмжлэгч “Э ” ХХК-д анх газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 54 дүгээр захирамжаар 4500 м2 газрыг Авто сэлбэгийн хүдалдаа, засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2010 оны 354 дүгээр захирамжаар талбайн хэмжээг 5150 м2 болгон нэмэгдүүлж, 2011 оны 47 дугаар захирамжаар иргэн Д.Б-т эзэмшил газраас 733 м2 газрыг шилжүүлсний улмаас 4417 м.кв талбайтайгаар, 2016 оны А/150 дугаар захирамжаар мөн 4417 м2 талбайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.
Нэхэмжлэгчийн тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчин эзэмшил газраас хэтрүүлэн хашсан байна. Эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан байх боловч шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэрэв шийдвэрлээгүй бол дээд шатны Засаг даргад хандаагүй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 47 дугаар захирамжаар 4417 м2 газар эзэмшүүлсэн шийдвэрийн дагуу гэрээ, гэрчилгээг хүлээн авснаар энэ асуудлаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн газар эзэмшүүлэх эрхээсээ хэсэгчлэн шилжүүлэх үедээ тус асуудлыг мэдэх боломжтой байсан. Гэтэл энэ асуудлаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байгаа учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаар “Газар ашиглах эрх олгох тухай” захирамжаар тус дүүргийн хороодын нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байгаа иргэдэд газар ашиглах эрхийн үнэмлэх олгосон ба тус захирамжаар Д.У-т тус дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 18-443а тоот газрыг ашиглах эрх олгосон. Улмаар иргэн Д.У- нь
өөрийн эзэмшлийн газрыг иргэн Д.П д шилжүүлэхээр дүүргийн Газрын албанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөдөл гаргасан.
Иргэний гаргасан өргөдөл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжаар Д.П д тус дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 18-443г тоот 1600 м2 талбай бүхий газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрх шилжүүлсэн.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн.
Дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дүгээр захирамжаар “Э ” ХХК-д 5150 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч тухайн аж ахуйн нэгжийн кадастрын зурагт өөрчлөлт ороогүй буюу мэдээллийн санд 18646310417017 нэгж талбарын дугаар бүхий 3265 м2 талбай бүхий газрын эзэмшигчээр бүртгэлтэй байна.
Нэхэмжлэгч “Э ” ХХК болон гуравдагч этгээд Б.Н нарын кадастрын зургийг харьцуулбал нэхэмжлэгч нь 3265 м2 талбай бүхий газрыг бодит байдал дээр эзэмшдэг мөн Б.Н гийн 18646210484012 нэгж талбарын дугаар бүхий 1485 м2 талбай нь дүүргийн Газрын албаны газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
Анх 2010 онд нэхэмжлэгч “Э ” ХХК нь өөрийн эзэмшлийн газрын кадастрын зурагт хашаан доторх нийт талбай бүрэн багтаагүй болохыг мэдсэн ба тухайн үед иргэн Д.Уламбаярт тус дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 18-443а тоот 1600 м2 талбай бүхий газрын ашиглах эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаар “Газар ашиглах эрх олгох тухай" захирамжаар олгосныг мэдэх бүрэн боломжтой байсан.
Мөн нэхэмжлэгч нь өөрийн аж ахуйн нэгжийн эзэмшлийн газрын кадастрын зурагт өөрчлөлт ороогүй буюу 3265 м2 талбай бүхий газар эзэмшиж байгаа болохыг 2016 оны 02 дугаар сард дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргахдаа мэдэх боломжтой байсан. Мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжаар Д.П д тус дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 18-443г тоот 1600 м2 талбай бүхий газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн талаар мөн тухайн үед мэдэх боломжтой байжээ.
Тухайн үед дүүргийн Засаг даргын 2016 оны А/95 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд хандах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч нь 2016 оноос одоог хүртэл буюу 2 жилийн хугацаанд маргаан бүхий захиргааны актын талаар мэдээгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхэд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.
Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Б-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 54 дүгээр захирамжаар “Э ” ХХК-д газар эзэмших эрхийг 4000 м2 талбай бүхий газрыг худалдаа, засвар үйлчилгээний зориулалтаар олгосон байна.
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “... дутуу кадастрын зурагт тэмдэглэгдсэн 1147 м2 талбай бүхий газрыг “Э ” ХХК-д эзэмшүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дүгээр захирамжаар 5150 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. “Э ” ХХК болон иргэн Д Б нарын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар захирамжаар 733 м2 талбайг иргэн Д.Б-т шилжүүлэн өгсөн байна.
Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн хугацаа сунгуулах хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/150 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан байна.
Нийслэлийн Газрын албаны кадастрын мэдээллийн санд иргэн Д.Б нь 1000000 нэгж талбарын дугаар бүхий 733 м2 талбай, “Э " ХХК нь 00000000нэгж талбарын дугаар бүхий 3265 м2 талбай, иргэн Б.Н нь 10000000 нэгж талбарын дугаар бүхий 1485 м2 талбайтайгаар тус тус бүртгэлтэй байна.
Гуравдагч этгээд болох иргэн Д.П нь 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон иргэн Д.У-аас газар эзэмших эрх шилжүүлэн авч хүсэлтээ тус албанд гаргасан бөгөөд тус хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр А/95 дугаар захирамжаар эзэмших эрх шилжүүлсэн байна.
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмших эрх олгосон огноог харахад гуравдагч болох иргэн Д.Уламбаярт түрүүлж гарсан. Иймд маргаан бүхий газарт талбай өөрчилсөн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн тул 2010 оны А/354 тоот захирамжаар талбай өөрчилсөн хүсэлтийг Газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгээгүй байх үндэслэлтэй байна.
Мөн “Э ” ХХК нь 2010 онд талбай өөрчлүүлэх хүсэлтээ өгснөөс хойш газраа шилжүүлэх болон хугацаа сунгах, барьцаанд бүртгүүлэх хүсэлтийг тус албанд гаргаж байхдаа Газрын кадастрын мэдээллийн санд кадастр нь 3265 м2 талбайтайгаар байгааг мэдэх бүрэн боломжтой байсан.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу давхцалгүй байх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гувавдагч этгээд Б.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Б.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг газар эзэмших эрх нь анх Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 487 дугаар захирамжаар иргэн Д.У-т газар ашиглах эрхтэйгээр олгогдсон. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжаар иргэн Д.Уламбаяраас иргэн Д.П д худалдаа үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Иргэн Б.Н , Д.П нар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлтүүдийг хуулийн дагуу гаргасаныг Нийслэлийн Засаг даргын холбогдох алба, нэгжүүд судалж үзээд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, журмын дагуу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаараа Б.Н д шилжүүлэн эзэмшүүлэх болжээ.
Дээрх нөхцөл байдлаас харахад иргэн Б.Н нь нэхэмжлэгчийн маргаж буй газрын эрхийг иргэн, хуулийн этгээдээс газар эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулж буй аливаа хууль тогтоомжуудыг зөрчилгүйгээр хуулийн дагуу шилжүүлэн авсан байна. 2001-2018 оныг хүртэл уг газрыг эзэмших эрх нь өөр өөр иргэнд байснаас гадна, нэг иргэнээс нөгөө иргэнд эзэмших эрх нь хуулийн дагуу шилжиж байсан ба энэ талаар төрийн эрх бүхий байгууллага болон шүүхэд ямар нэгэн маргаан гарч байгаагүй.
Н.Н-д олгогдсон газар нь бусдын эзэмшил газартай давхцаад бусдын хууль ёсны эрх, ашиг, сонирхол зөрчигдсөн эсэх асуудал яригдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад тус газар нь ямар нэгэн давхцал байгаагүй харин нэхэмжлэгч нь бусдын эзэмшил газар дээр олон жилийн хугацаанд давхцуулаад газрыг
эзэмшиж байсан гэж харагдаж байна.
Газрын эзэмшлийн асуудал нь гэрчилгээнээс гадна Газрын тухай хууль түүнийг дагалдан гарсан бусад дүрэм, журмын дагуу газрын мэдээллийн сан дахь мэдээллээр баталгаажих ёстой. Газрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэр дээр 3265 м2 талбай газар орсон байгаа учраас Н.Н-йн газар нь бусдын газартай ямар нэгэн давхцалгүй. Газрын тухай хуульд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн учраас Нийслэлийн Засаг даргын А/256 дугаар захирамж гарч газрыг эзэмшсэн нь хууль ёсны юм. Мөн ийм нөхцөлд дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжуудаар бусдын эзэмшилтэй давхцаж байх тул Газрын албаны зүгээс тэдгээрийг зөрчин бүртгэлийн аливаа үйлдэл хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн иргэн Б.Н д холбогдох хэсгийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл алга байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.П миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд ямар нэгэн газар эзэмшдэггүй. Мөн Д.У, Б.Н гэдэг хүмүүсийг танихгүй. Хавтас хэрэгт авагдсан өргөдөл, хүсэлт, гэрээ зэргийг би бичээгүй, миний гарын үсэг биш. Харин иргэний үнэмлэхийн хуулбар минийх мөн байна.
Уг газрын маргаан надад хамаагүй. Гуравдагч этгээдээр оролцох шаардлага надад байхгүй. Намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э ” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Газрын кадастрын мэдээллийн санд тус компанийн эзэмших 4417 м2 талбайн хэмжээг бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 4417 м2 талбайн хэмжээгээр бүртгэхийг дүүргийн Газрын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн тодорхойлсон.
Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр захирамжаар “Э ” ХХК-д 14 дүгээр хороо, Өгөөмөр захын замын зүүн урд Авто сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний зориулалтаар 4500 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, тус компанитай 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Газар эзэмших эрхийн 0060925 дугаар гэрчилгээ олгосноор хуулийн дагуу газар эзэмших эрх үүссэн байна.
“Э ” ХХК-ийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “эзэмшил газрын хэмжээг 1147 м2 нэмэгдүүлэх тухай” хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг дүүргийн Газрын алба нягтлан шалгаж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дүгээр захирамжаар тус компанийн эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлж 5150 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай нийцсэн байна. Улмаар Баянзүрх дүүргийн Газрын алба 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших гэрээ” байгуулж, 10 дугаар сарын 14-ний өдөр Газар эзэмших эрхийн 0228045 дугаар гэрчилгээ олгосон байна.
2011 онд “Э ” ХХК-иас өөрийн эзэмшил газраас 733 м2 газрыг Д.Б-т шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар захирамжаар (5150м2-733м2=4417м2) 733 м2 газрыг Д.Б-т, 4417 м2 газрыг “Э ” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулж, 0228082 дугаартай эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Харин дүүргийн Газрын алба нь тухайн үед нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд 4417м2 талбайн өөрчлөлтийг хийгээгүй байдаг.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн 4417м2 газар эзэмших эрх тухай бүр хуулийн дагуу сунгагдан явжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/150 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн эзэмшиж буй 4417м2 газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгаж, Баянзүрх дүүргийн Газрын алба 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших гэрээ” байгуулж, 05 дугаар сарын 13-ны өдөр Газар эзэмших эрхийн 000317052 дугаар гэрчилгээ олгожээ.
Нийслэлийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А/256 дугаар захирамжаар Б.Н д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1485 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулсан байна. Уг захирамжид Б.Н д уг газар баталгаажигдах үндэслэл нь дүүргийн Засаг даргын 2016 оны А/95 дугаар захирамж (иргэн Д.П ) гэж дурдсан байна.
Энэхүү захирамжаар Б.Н гийн эзэмших 1485 м2 газар нь “Э ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй 4417м2 газартай давхацсан гэж нэхэмжлэгч маргаж байгаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.Н нараас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 487 дугаар захирамжийн дагуу Д.У-рын эзэмших 1600 м2 газрыг 2016 оны А/95 дугаар захирамжаар Д.П д шилжүүлсэн, харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар Д.П гийн эзэмших газрыг Б.Н д (Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 1485 м2) шилжүүлсэн” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаар захирамжаар Д.Уламбаярт 14 дүгээр хороо, Консулын 18-433а тоот газрыг ашиглах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэсний дагуу 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Т.Уламбаярт 1600 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших 10-2187 дугаартай Газар эзэмших гэрчилгээ олгожээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжаар Д.П д тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарны зам 18-433г тоотод байрших 1600 м2 газрыг 10 жилийн хугацаатай нэр шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг захирамжид эрх шилжих үндэслэл Д.Уламбаярын 2001 оны 10-2187 дугаар гэрчилгээ гэж дурдсан байна.
Шүүхээс энэхүү нөхцөл байдлыг тодруулахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.
- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 487 дугаар захирамжийг үндэслэн Д.У-т 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1600 м2 газрыг (байршил тодорхойгүй) 15 жилийн хугацаатай эзэмших 10-2187 (эсхүл 487) дугаартай Газар эзэмших гэрчилгээ олгож, дүүргийн Газрын алба 2005 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.У-ын эзэмшиж байгаа Газрын байршлын кадастрын зураг үйлдсэн баримтууд байна.
Харин нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2018 оны зурган мэдээлэлд Д.У-ын нэрээр кадастрын зураг бүртгэгдээгүй, Баянзүрх дүүргийн Газрын албаны архивд Д.У-ын Газрын хувийн хэрэг болон газрын төлбөр төлсөн баримт байхгүй, түүнтэй газар эзэмших гэрээ байгуулж байгаагүй болох нь дүүргийн Газрын албаны 2018 оны 08 дугаар сарын 03-ны 13/987 дугаар, 09 дүгээр сарын 10-ны 13/1191 дүгээр албан бичгүүд , Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны 2/2132 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн дүүргийн Газрын албаны 2005 оны Д.У-ын Газрын байршлын кадастрын зураг дахь солбицолын утгаар байршил тодорхойлон зураглахад нэхэмжлэгч “Э ” ХХК болон гуравдагч этгээд Б.Н нарын газруудтай байршлын хувьд давхцалгүй, өөр байршилд байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 2/2132 дугаар албан бичгийн 11, 22 дугаар хавсралтаар нотлогдож байна.
- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийг үндэслэн Д.П д мөн оны 03 дугаар сарын 23-ны өдөр 14 дүгээр хороо, Нарны зам 18-433г тоотод 000619303 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын хувийн хэрэгт авагдсан байна.
Харин Д.П д Газрын байршлын кадастрын зураг байхгүй, бодитоор тухайн газраа эзэмшиж байгаагүй, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2018 оны зурган мэдээлэлд түүний нэрээр кадастрын зураг бүртгэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...цэг тавьсан акт гэдэг нь газар дээр үзлэг хийсэн гэсэн үг...гэхдээ хувийн хэрэгт тийм баримт, кадастрын зураг авагдаагүй байна” гэх тайлбар , Д.П гийн шүүхэд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байна.
- Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А/256 дугаар захирамжийн дагуу дүүргийн Газрын албанаас Б.Н д Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй байна. Харин нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18646310484012 дугаартай газар нь 1485 м2 талбайтайгаар Б.Н гийн нэрээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн болох хэрэгт авагдсан нийслэлийн Газрын албаны 2018 оны 08 дугаар сарын 23-ны 02-04/3709 дүгээр албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 2/2132 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулан Д.Уламбаяраас гэрчийн мэдүүлэг авахад “...Д.П , Б.Н нарыг огт танихгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 18-433а тоотод газар эзэмшиж байгаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, өргөдөлд зурагдсан гарын үсэг минийх биш. Харин 2012 онд авсан миний иргэний үнэмлэхийн хуулбар мөн байна. Энэ газрын талаар огт мэдэхгүй ” гэх мэдүүлэг өгсөн.
Харин гуравдагч этгээд Д.П шүүхэд “...14 хороонд ямар нэгэн газар эзэмшдэггүй, Д.Уламбаяр, Б.Н нарыг танихгүй. Хэрэгт байгаа гэрээ, өргөдөл зэргийг би бичээгүй, миний гарын үсэг биш. Харин иргэний үнэмлэхийн хуулбар минийх мөн байна. Уг газрын маргаан надад хамаагүй ” гэх тайлбарыг бичгээр гаргаж, уг газрын асуудлаар ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэхүү нөхцөл байдлуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг дарга 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн эзэмших 4417 м2 газар, Б.Н гийн нэгж талбарын 18646310484012 дугаар бүхий 1485 м2 газрууд нь хоорондоо 1154 м2 талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 2/2132 дугаар албан бичгийн 22 дугаар хавсралтаар тогтоогдож байна.
Иймээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжийн Б.Н д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж, бусдын эзэмших эрх үүссэн газартай давхцуулан газар олгосны улмаас нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
Гэтэл эрх бүхий этгээдээс гуравдагч этгээд Б.Н д Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй үйл баримт тогтоогдож байх тул түүнд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар 2001 онд Д.Уламбаярт 10-2187 дугаар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон газар, Б.Н гийн нэгж талбарын 18646310484012 дугаар бүхий газрууд нь байршлын хувьд давхцалгүй, өөр байршилд байгаа нь тогтоогдсон.
Харин Д.У-ын (Консулын 18-433а тоот) эзэмших газрыг Д.П д (Нарны зам 18-433г тоот) шилжүүлсэн, Д.П гийн эзэмших газрыг (байршил тодорхойгүй) Нийслэлийн Засаг дарга 2018 оны А/256 дугаар захирамжаар Б.Н д шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд Б.Н нараас энэ талаар баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгч “Э ” ХХК-д хууль ёсны дагуу эзэмших эрх үүссэн газартай давхцуулан гуравдагч этгээд Б.Н д газар олгосон бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А/256 дугаар захирамжийн Б.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх”, 37 дугаар зүйлийн 37.2-т “...дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Гэтэл “Э ” ХХК-ийн эзэмшил газар дүүргийн Засаг даргын 2010 оны 354 дүгээр захирамжийн дагуу 5150 м2, мөн 2011 оны 47 дугаар захирамжийн дагуу 4417 м2 болж өөрчлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Газрын алба нь тухай бүр нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд зохих өөрчлөлтүүдийг оруулаагүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байгаа ба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.4, 37 дугаар зүйлийн 37.2-т заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байна.
Тухайлбал, нэхэмжлэгчийн Газар баталгаажилтын хувийн хэрэгт “Г” ХХК-ийн 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн “Э ” ХХК-ийн нэмж эзэмшихийг хүссэн 1149,7 м2 газрын, мөн нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4000 м2 газрын, “Ланд Сурвэй” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн тус компанийн эзэмшиж байгаа 5150м2 газрын, “Полигонометр” ХХК-ийн 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 4417 м2 газрын кадастрын зураглалууд тус тус авагдсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр захирамжаар “Э ” ХХК-д 4500 м2 газар эзэмших эрх олгосон байхад дүүргийн Газрын алба нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд анх талбайн хэмжээг 4000 м2 гэж оруулсны улмаас 2011 онд тус компанийн эзэмшил газраас Д.Б-т шилжүүлсэн 733 м2 талбайн хэмжээ хасагдаж, одоо Газрын кадастрын мэдээллийн санд “Э ” ХХК нь 3265 м2 талбай бүхий газар эзэмшиж байгаагаар бүртгэлтэй байна.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой болно.
Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй 4417 м2 газрын мэдээллийг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд тухай бүр зохих өөрчлөлтийг бүртгээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь “Э ” ХХК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 4417 м2 талбайн хэмжээгээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах нь зүйтэй байна.
Нэгэнт гуравдагч этгээд Д.П нь шүүхэд “...14 дүгээр хороонд газар эзэмшдэггүй, Д.У-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, уг газрын маргаан надад хамааралгүй” гэх ба тэрээр захиргааны байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд түүний хүсэл зоригийн дагуу уг захиргааны акт гараагүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П д холбогдох хэсгийг хүчингүй болгов.
Дээрх 2016 оны А/95 дугаар захирамж нь Д.П д газар эзэмших эрх олгосон бөгөөд захиргааны байгууллагаас А/95 дугаар захирамж гарсан талаар “Э ” ХХК-д мэдэгдээгүй, мөн Д.П нь уг газрыг бодитоор огт эзэмшиж байгаагүй тул нэхэмжлэгч нь А/95 дугаар захирамж гарсаныг тухайн үед мэдэх боломжгүй учир энэ асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул тэрээр хууль ёсны эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, төрийн захиргааны байгууллагын буруутай, хууль бус үйл ажиллагаа байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь “Э ” ХХК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 4417 м2 талбайн хэмжээгээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн сан дахь “Э ” ХХК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 4417 м2 талбайн хэмжээгээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус бүр 23400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА